-Солонгосын хойгт 1950-1953 онд болсон хүйтэн дайны “шарх” үе, үе сэдэрдэг ч өчигдөр /уржигдар/ маш ноцтой байдалд хүрлээ. Өмнөд Солонгосын гол холбоотон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосыг буруутгасан мэдэгдэл хийсэн. Харин Солонгосын дайны үед БНАСАУ-д цэрэг, зэвсгийн дэмжлэг үзүүлж байсан Орос, Хятад улс “Бүс нутагт тогтвортой байдлыг бүрдүүлэхэд Өмнөд, Хойд Солонгос чухал үүрэгтэй. Гэхдээ хэн эхэлж гал нээсэн нь хариуцлага хүлээх учиртай” хэмээн дипломат байр суурь илэрхийллээ. Манай улс Ёнпён арал дээр болсон хэрэг явдлын талаар ямар мэдэгдэл хийсэн бэ?
-Монгол Улсын 30 гаруй мянган иргэн Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байна. Тус улстай шууд нислэгтэй учраас нааш, цааш зорчигчдын тоо ч олон байдаг. Тэгэхээр монголчуудын сэтгэлийг түгшээсэн ноцтой үйл явдал хоёр Солонгосын хооронд боллоо. Тиймээс энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар байр сууриа албан ёсоор илэрхийлэх байх. Миний хувьд, үүнээс илүү тайлбар хийх боломжгүй. Учир нь Гадаад харилцааны яамны Консулын газрын үүрэг бол гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашигт анхаарах юм.
-Ёнпён арлаас гадна 38 дугаар өргөрөг орчимд монголчууд цөөнгүй байхыг үгүйсгэхгүй. Хоёр Солонгос одоогоос 60 орчим жилийн өмнө байгуулсан гал зогсоох гэрээгээ дахин хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй байгаа энэ цагт БНСУ дахь Монголын Элчин сайдын яам Хойд Солонгосын хил орчимд амьдардаг иргэдтэйгээ холбоо барьсан болов уу?
-Монгол иргэд маань зөвхөн Сөүлд биш, бүх хот, тосгон, манайхаар бол сум, багуудад ажиллаж, амьдарч байна.
Тийм учраас Элчин сайдын яамныхан бүх иргэнтэйгээ нэгэн зэрэг холбогдоход хэцүү. БНСУ-д суугаа Элчин сайд Д.Гэрэл өчигдөр /уржигдар/ орой монгол иргэддээ хандаж, мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдлийн гол санаа нь Элчин сайдын яамныхантайгаа байнга холбоотой байж, шаардлагатай мэдээллээ авах, хамгийн гол нь Монголын Элчин сайдын яам БНСУ-ын Засгийн газрын албан ёсны байр суурийг монголчууддаа хүргэх, ямар нэгэн асуудал гарвал иргэдээсээ мэдээлэл авахад чиглэлээ. Өмнөд Солонгост байгаа монгол иргэд ч гэсэн Элчин сайдын яамныхантай холбогдож, мэдээлэл авах нь эрс нэмэгдлээ гэсэн мэдээлэл сая ирсэн л дээ. Сөүл дэх Монголын Элчин сайдын яамныхан нэлээд туршлагатай, Консулын хэлтэстэй, маш нарийн зохион байгуулалттай ажилладаг.
-Хойд Солонгос дахь Монголын Элчин сайдын яамныхантай холбоо барив уу. Пхеньянд байдал ямар байгаа бол?
-Хойд Солонгост Монголын хэчнээн иргэн байгаа тухай тодорхой мэдээлэл алга. Гэхдээ нэг их олон байдаггүй нь тодорхой. Монгол иргэд БНАСАУ-д аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар очдог. Тэнд манай улсын Элчин сайдын яам бий. Бидэнд ирүүлсэн мэдээллээр бол, нийслэл Пхеньян хотноо байдал тайван, юу ч болоогүй мэт байгаа гэсэн.
-Пхеньян дахь манай улсын Элчин сайдын яаманд хэчнээн хүн ажилладаг вэ?
-Гадаад улс дахь Монголын Элчин сайдын яамд тийм ч том биш шүү дээ. Ерөнхийдөө 4-5 ажилтантай. Хойд Солонгос дахь Элчин сайдын яам ч мөн ялгаагүй.
-Солонгосын хойгийн талаарх мэдээллийг бид барууны болон Япон, Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагуудаас хүлээн авдаг. Зургаан талт хэлэлцээрийн үеэр зуучлагч, талуудын хоорондох харилцааг зөөлрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг Хятад улс энэ талаар юу гэж мэдээлж байна вэ?
-Үйл явдал болсны дараа Хятад улс хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн. Орос тэргүүтэй бусад улс ч мэдэгдэл хийж байна. Монгол Улс энэ бүс нутгийн орон. Солонгосын хойгт болж буй үйл явдал манай улсын эрх ашигтай шууд холбоотой тул байдлыг анхааралтай ажиглах учиртай. Өөр нэгэн онцлог нь хоёр Солонгост хоёуланд нь Монголын Элчин сайдын яам ажилладаг. Өмнөд, Хойд Солонгосын Элчин сайдын яамд ч Улаанбаатарт бий. Манай улс 1950-аад оноос хойш Хойд Солонгостой найрамдалт харилцаа тогтоосон бол Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоосноос хойш 20 жил өнгөрлөө. Тэгэхээр түүхэн болон орчин үеийн нөхцөл, одоо болж буй үйл явдал гэх мэт бодож үзүүштэй, харгалзах хүчин зүйлс маш их байна.
-Өмнөд Солонгост бичиг баримтын шалгалт улам хатуу болж байгаа сурагтай. Тиймээс тус улсад албан бусаар хөдөлмөр эрхэлдэг иргэдийн маань хувьд байдал хүндэрлээ гэсэн үг. Энэ байдалд хэрхэн анхаарч байна вэ?
-Бидний, бас БНСУ-ын талынхны тооцоолсноор, тус улсад ажиллаж, амьдардаг иргэдийн 30 гаруй хувь нь визний хугацаагаа хэтрүүлсэн хүмүүс. Манай газрын зүгээс “Энэ иргэн “хар”-ласан. Тэр нь хуулийн дагуу амьдарч байна” гэх мэтээр ялгавартай ханддаггүй. Хэн нэгнийх нь эрх зөрчигдлөө гэхэд бид тэдэнд адил тэгш хандана. Гадаад орнууд дахь Элчин сайдын яамныхан ч мөн адил эрхийг нь хамгаалахын төлөө л явна шүү дээ. БНСУ-ын тал гадаадын иргэдийг албан ёсоор нутаг буцаах тухай мэдэгдлээ албан ёсоор гаргаагүй байна. Тиймээс бид тэнд байгаа иргэд маань ажил, амьдралаа урьдын адил хэвийн нөхцөлд үргэлжлүүлж болно гэсэн ойлголттой байгаа.
-Монгол Улс Тавантолгой, Оюутолгойн ордод түшиглэж, Зүүн хойд Азид томоохон байр суурь эзлэх төлөвлөгөөтэй байгаа. Зүүн хойд Азийн орнууд ч гэсэн Монголыг геополитикийн гол хамтрагчаараа сонгож байна. Төмөр замын сүлжээ өргөжвөл манай улс Солонгосын хойгоор дамжиж, далайд гарцтай болох хувилбар бий. Хоёр Солонгосын харилцаа бүр хурцадвал өмнийн говиос олох орлогод сөргөөр нөлөөлөх үү?
-Монгол Улсын Засгийн газраас үйлдвэржилтийг нэмэгдүүлж, төмөр замын томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх, Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барих зэрэг төсөл тун удахгүй хэрэгжүүлж эхэлнэ. Эдгээр ажил голдиролдоо орвол гадаадад ажиллаж, амьдарч буй 150 мянган иргэн маань эх орондоо ирж, өндөр цалинтай ажил хийх болов уу. Монгол иргэд 1990 оноос эхлэн гадаадад гарч эхэлсэн. Үүний гол шалтгаан нь эдийн засгийн шинж чанартай, өөрөөр хэлбэл, орлогоо өсгөх шүү дээ. Монголд амьдрал сайжирвал тэд буцаж ирнэ гэсэн төсөөлөл бий. Тэгээд ч эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоно гэдэг маш чухал зүйл. Хоёр Солонгосын асуудлаас болж, өмнийн говиос олох орлого ихсэх, багасахыг тааж хэлэхэд хэцүү. Монголын нүүрсийг Япон, Өмнөд Солонгос, Европын орнууд сонирхож байгаа.
-Танаас дээрх асуултыг асуусны учир нь Солонгосын хойгийн асуудлаас болж, Азийн биржүүд дэх хувьцаа, индексүүдийн ханш унаж, вон, иений ханш хэлбэлзсэн шүү дээ?
-Солонгосын хойгт хурцадмал байдал намжиж, Япон, Хятад, мөн Япон, Солонгосын хоорондох газар нутгийн маргаан нэг тийш болбол бүс нутагт энхтайван байдал тогтох бүрэн боломжтой. Зүүн хойд Азийн орнууд нөхцөл байдлыг энхийн замаар шийдүүлж чадвал Монгол төдийгүй бусад улсад ч ашигтай.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лиссабонд болсон НАТО-ийн уулзалтад оролцоод ирлээ. Уулзалтын үеэр манай орон НАТО-д харилцагч улсын статустай болсон. Тэгэхээр ямар үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг вэ?
-Консулын газрынхны хариулах зүйл энэ биш л дээ. Энэ тухай нарийн мэдээллийг манай яамны Бодлогын газар, Европын газрынхнаас асуусан нь дээр байх.
-“Английн Элчин сайдаар ажиллаж байсан Уильям Диксоныг нутаг буцаасан. Лондонд саатуулагдсан Б.Хурцын эхнэр, хүүхдүүдэд Монгол дахь Английн Элчин сайдын яам виз олгохгүй байгаа. Б.Хурцыг шүүх хурал ирэх оны эхээр болно” гэх мэт мэдээлэл хэвлэлүүдэд гарсан. Ер нь Английн тал асуудлыг нааштайгаар шийдэх найдвар байна уу?
-Төрийн өндөр албан тушаалтан тус улсад баривчлагдсан учраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Тийм учраас Б.Хурцын талаарх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор өгч байгаа. Миний хувьд, энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Английн шүүх түүнийг Германы талд шилжүүлчих болов уу, яах бол гэсэн болгоомжлол холбогдох албаныханд байна л даа. Харин та юу гэж бодож байна вэ?
-Би хувийн бодлоо хэлье. Нэг үг, өгүүлбэрээс болж, нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх вий. Тийм учраас дэд сайд маань дээрх сэдвээр цаашид мэдээлэл өгч байх болно. Ер нь зөвхөн Б.Хурц гэлтгүй гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа эрх ашгийн төлөө анхаарахаас өөр аргагүй.
-Та бүхний ажлыг хүндэтгэж байна. Гэхдээ Ерөнхий сайдын Англи улсад хийх айлчлалыг гэнэт яагаад цуцлав. Б.Хурцтай холбоотой асуудлаас болоогүй гэж үү?
-Албан ёсны мэдээлэл гараагүй байна. Өөрт тань зөвлөхөд, Б.Хурцын талаар дэд сайдаас асуу.
-Хар тамхины хэрэгт холбогдож, Хятадын шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Х.Дамдины амийг хэлтрүүлэх тухай хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын дарга Ху Жинтаод илгээсэн. Хариу нь ирсэн болов уу?
-Монголын иргэн Х.Дамдин хоёр жилийн өмнө Хятадын хилээр хоёр килограмм гаруй хар тамхи зөөвөрлөх гэж байгаад баригдсан. Түүнийг шүүх хоёр шатны хурал боллоо. Анхан шатны шүүх хурлаас түүнд цаазаар авах ял оноож, хоёр дахь шатны шүүх хурлаар ялыг хэвээр баталсан юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч “Х.Дамдины амийг хэлтрүүлж өгөөч” гэсэн хүсэлт гаргалаа. Тэрбээр цаазаар авах ялын эсрэг байдаг хүн. Төрийн тэргүүн маань гадаад улсад амьдарч буй иргэнийхээ эрх ашгийг хамгаалж, санаа тавьсан нь маш чухал алхам. Хятадын даргад хүсэлт тавьснаас хойш хоёр долоо хоног өнгөрч байна. Тэгэхээр хариу ирүүлэх хараахан болоогүй байх. Тэд хүсэлтийг хүлээн авч, холбогдох байгууллагууд нь судална. Мөн орон нутгийн байгууллагуудын саналыг харгалзсаны эцэст шийдэх асуудал л даа. Түүнээс биш бид Хятадын талаас “Хариугаа өгөөч” гэж шаардах боломжгүй.
-Монголын иргэн Л.Байгальмаа мөн л хар тамхины хэрэгт холбогдон өмнөд хөршид хоригдож байгаа. Хуулийнхан “Хоёр улсын хооронд ялтан солилцох гэрээ байхгүй учраас түүнийг нутагт нь авчрах эрх зүйн үндэслэл үгүй” гэдэг. Монгол, Хятад улс ирэх онд энэхүү гэрээг байгуулахаар тохиролцсон гэлүү?
-Хятадын төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сарын эцсээр Монголд ирсэн. Хоёр орны хооронд ялтан солилцох гэрээ хийх ажлын хэсэг ажиллаж байгаа. Талууд хэлэлцээр хийх эсэхээр үндсэндээ тохиролцчихсон. Гэхдээ хоёр улсын төр энэхүү гэрээг баталсны дараа талууд жуух бичиг солилцож хүчин төгөлдөр болгох учиртай. Гэрээний төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамныхан УИХ-д өргөн барьж байгаа. Иргэн Л.Байгальмаагийн хувьд, тэнсэн харгалзах хоёр жилийн ял сонссон. Энэ хугацаанд сахилга батаар хэвийн бус байх юм бол бүх насаар нь хорих ялтай болгоно гэсэн үг. Хятад улс хар тамхины асуудалд хатуу ханддаг. Хар тамхины хэрэгт холбогдсон хэн нэгнийг нутагт нь шилжүүлэх зэрэгт их хатуу байр суурьтай байдаг юм.
-Монголчууд хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдлээ. Танай яамныхан хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Интерполтой хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Энэ бол монголчуудын анхаарлыг татсан асуудал болж байна. Хуулийн байгууллагууд хар тамхины эсрэг тусгай тасаг байгуулан ажиллах болсон. Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаатай тэмцэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрынхан Хятадын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад санаачилга гарган ажиллаж байгаа. Макао улстай хүний наймаатай тэмцэх талаар хамтарч ажиллах хэлэлцээрийг саяхан хийлээ. Үүнийг Засгийн газар хэлэлцэн баталсны дараа хүчин төгөлдөр болно. Хонконгод яваандаа Ерөнхий консулын газар нээвэл иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан хүний наймааны золиос болсон, хар тамхины хэрэгт холбогдсон иргэдтэйгээ ойр ажиллах үүд хаалга нээгдэнэ. Хонконгод Ерөнхий консултай болчихвол Макаог давхар хариуцуулна. Албан бус тооцоогоор, эдгээр улсад нэлээд олон монгол эмэгтэй байгаа. Тиймээс анхаарахаас өөр аргагүй сэдэв.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
С.БАТТУЛГА
"Улс төрийн тойм" сонин