Аваргуудын лиг: Найман тоглолт, 22 гоол

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Аваргуудын лиг: Найман тоглолт, 22 гоол

Европын хөлбөмбөгийн ногоон талбайд өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн А-D хэсгийн нийт найман тоглолт боллоо. Хэсгийн тав дахь тоглолт байсан учраас багууд хэсгээс шалгарах сүүлийн тулаанаа хийсэн гэхэд болно.

А хэсэгт Италийн аварга “Интер Милан” Сан Сиро цэнгэлдэхдээ Нидерландын аварга “Твенте” багийг хүлээн авч, 55 дахь минутад Эстебан Камбьяссогийн оруулсан гоолын ачаар 1:0-ээр хожлоо. Ингэснээр “Хар хөхүүд” хэсэгтээ 10 оноотой болж, хасагдах шатанд шалгарах нь тодорхой боллоо. Хэсгээс шалгарах нөгөө баг Лондон хотын Уайт Харт Лэйн цэнгэлдэхэд тодорсон. Талбайн эзэн “Тоттенхэм”, Германы “Вердер Бремен” багийг Кабул, Модрич, Крауч нарын гоолуудаар 3:0 харьцаатай бут ниргэсэн байна. Энэ улиралд гайхалтай тоглож, Европын хамгийн эрэлттэй тоглогч болоод байгаа Гарет Бейл 54 дэх минутанд 11-ийн шугамаас цохисон ч Германы багийн хаалгач Тим Визе хаажээ. Ингэснээр А хэсгийг “Тоттенхэм” 10 оноотой, гоолын зөрүүгээр тэргүүлж, “Интер” -3 бөмбөг дутуу ард нь бичигдэж байна.

B хэсэгт тэргүүлэгч хоёр баг хоорондоо таарсан. Германы “Шальке 04” өөрийн талбайдаа “Лион” багийг хүлээн авч, Фарфан болон Хюнтелаарын дублийн ачаар 3:0-ээр хожиж хэсгийн тэргүүнд гарч ирлээ. Нөгөө талд Израйлийн “Хапоэль”, Португалийн “Бенфика”-г мөн 3:0-ээр хожиж, анхны ялалтаа байгууллаа. Хэсгийг “Шальке” 10 оноотой тэргүүлж, “Лион” 9 оноотой удаалж байна.

С хэсгээс нэгээр “Манчестер Юнайтед” шалгарах нь тодорхой болов. Өнгөрсөн шөнө Шотландад зочилсон “Улаан чөтгөрүүд” Рүүнигийн 87 дахь минутад 11-ээс оруулсан гоолын дүнд 1:0-ээр хожлоо. “Рейнжерс”-тэй тэнцсэнээс хойш дөрөв дараалан ялсан “МанЮ” 13 оноотой болоод байна. Тэдний ард Испанийн “Валенсия” бичигдэх эрхтэй боллоо. “Сарьсан багваахайнууд”  Туркийн “Бурсаспор”-ыг талбайдаа хүлээн авч, 6:1-ийн харьцаатай илт давуу ялалт байгуулжээ. Испанийн баг ирэх сарын 7-нд Олд Траффордод ялж чадвал хэсгээ тэргүүлэх боломжтой.

Харин D хэсгээс дараагийн шатанд шалгарах эрхээ “Барселона” л аваад байна. Испанийн аваргууд өнгөрсөн шөнө Грект зочилж, “Панатинайкос” багийг 3:0-ээр хожсоноор 11 оноотой болжээ. Каталончуудын хамгийн ойрын өрсөлдөгч “Копенгаген” урьд шөнө манай хойд хөршид зочилж, “Рубин”-д 1:0-ээр хожигдсоноор боломжоо хугасалсан байна. Ингэснээр хэсгээс хоёроор шалгарах эрхийн төлөө Казанийн “Рубин”, Данийн “Копенгаген” багууд сүүлийн тойрогт өрсөлдөх болж байна. Гэхдээ “Рубин”-ий хувьд сүүлийн тойрогт “Барса”-гийн талбайд зочлох хүнд хуваарьтай бол Данийн баг талбайдаа “Панатинайкос”-ыг хүлээн авах юм.
 
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж