О.Гүндэгмаа: Х.Цагаанбаатар маань намайг үргэлж хурцалж, урам өгч байдаг

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа: Х.Цагаанбаатар маань намайг үргэлж хурцалж, урам өгч байдаг

Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, Монгол улсын анхны мөнгөн медальт эмэгтэй тамирчнаар тодорсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа энэхүү ярилцлагыг Бээжингийн олимпийг зорихоосоо өмнө “Uptown” сэтгүүлд өгч байсан юм. Ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 -Олимп дөхсөн энэ өдрүүдэд та мэдээж зав чөлөөгүй өдрүүдийг үдэж байгаа байх.  Бэлтгэл сургуулилт хэр байгаа вэ?

-Олимп эхлэхэд сар гаруйн хугацаа үлдсэн байна. Хугацаа маш бага гэсэн үг. Монголын маань бүх тамирчид болоод дасгалжуулагчид олимлод амжилттай оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Орчин үед спорт маань бараг шинжлэх ухаан болж байна. Энэ хүнийг хурдан гүйлгэхийн тулд ямар пүүз өмсгөх вэ, бөхчүүдийг хэрхэн ядраахгүй барилдуулах вэ гэх мэтээр. Миний хувьд дөрөв дэхь олимпдоо оролцох гэж байна. Тийм болохоор бодож санасан зорилго маань өндөр хэмжээнд байж, түүндээ хүрэхийн төлөө бэлтгэлээ хотоос зайдуу газар долоо хоногийн долоон өдөр хийж байна.

-Монголчууд үнэндээ 2008 оны зуны олимпоос буудлагын төрөлд их зүйл хүлээж байгаа. Монгол тамирчдыг чадалтай, чансаатай ч жижиг буурай орон, нөгөө талаас бэлтгэл сургуулилт, материаллаг бааз тааруу байдаг зэрэг нь амжилтад нь нөлөөлдөг гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?   

-2000 оны Сиднейн олимптой 2008 оны Бээжингийн олимпийг харьцуулах юм бол материаллаг бааз, эдийн засгийн хувьд хангамж сайтай болсон. Засгийн газрын комисс байгуулагдан, үндэсний шигшээ багийг бүрдүүлж, төрөөс тодорхой хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Буудлагаас гэхэд гурван тамирчин оролцохоор эрхээ хангасан байгаа. Урьд өмнө нь тамирчид гадаадад тэмцээн уралдаанд оролцохын тулд аль нэг компанийн үүдийг сахиж, мөнгө төгрөг гуйдаг байсан бол одоо шигшээ багийн тамирчдын  бэлтгэл, тэмцээн уралдаанд оролцох зардлыг Биеийн тамир спортын улсын хороо гаргаж өгч байна. Өөрөөр хэлбэл 2000 онтой харьцуулбал тамирчид эдийн засаг, санхүүгийн тал дээрээ дутагдаж гачигдах юмгүй болсон. Үүний үндсэн дээр ч тамирчдын амжилт ахиж, оролцсон тэмцээн уралдаан болгоноосоо медаль авчирч байна. Буурай хөгжилтэй орон гэдэг нь тамирчдын амжилтад тийм ч их нөлөөлөөд байх зүйл байхаа больсон. Буурай гэх  улс байсан ч чадалтай тамирчид  гарч ирж  байна.

-Та бол буудлагын төрөлдөө олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чансаатай тамирчин. Дэлхийн эхний тавд бичигдэх амжилтаа та олон улсын чанартай олон тэмцээн уралдаануудад баталж харуулж байсан. Гэтэл олимпод чансаатай тань харьцуулахад амжилт үзүүлж чаддаггүй. Тийм ч учраас зарим нь олимпийн одгүй тамирчин гэх нь ч бий. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?

-2004 оны олимпийн би наадамд оролцохын өмнө оролцсон тэмцээн болгоноосоо  алтан медаль авч байсан нь  хүн болгонд л олимпод энэ хэмжээний амжилт үзүүлж, алтан медаль авчих байх гэсэн бодол төрж байсан байх. Харамсалтай нь шагналт байранд орсноор энэ олимпийг дуусгасан л даа. Спорт сонирхдог хүмүүсийн сайн мэдэх Оросын тулгууртай өндрийн харайгч Сергей Бубка гээд мундаг тамирчин байдаг. Тэр хүний хувьд дэлхийн аварга, тивийн аварга болон бусад тэмцээнүүдэд маш өндөр амжилт үзүүлж, дэлхийн дээд амжилт рекордыг байнга шинэчлэн тогтоодог байсан. Харамсалтай нь олимпоос медаль авч чадаагүй. Өөрийгөө учиргүй одгүй гэх нь хаашаа юм, Тиймээс юу гэмээр юм бэ дээ боломжийг ч  адилхан тэгш өгдөггүй юм шигээ.

-Заримдаа танд ард түмний зүгээс, хөндлөнгөөс хэтэрхий хүнд ачаа, хэтийдсэн их найдвар хүлээлгэдэг нь тээртэй санагддаг уу? Магадгүй энэ олимпоос заавал медаль авна гэж бодоод түүндээ сүрдээд амжилт гаргадаггүй юм биш байгаа?  

-Хүн болгон өөрийн сонгосон ажил мэргэжил, зорьсон зорилготой байдаг. Миний хувь спорт гэдэг энэ агуу ертөнцөд хөл тавьж, спортоор хичээллэж амжилт гаргасны хувьд тэр хэрээр олны танил болсон байх. Намайг дэмждэг, надад итгэл хүлээлгэдэг хүмүүс тэмцээн уралдаанд амжилттай оролцоосой, медаль аваасай гэж боддог нь жирийн л сайн сайхныг хүссэн зүйл л дээ. Спортыг бусад ажил мэргэжил, жишээлбэл, сэтгүүлч, эсвэл урлагийнхантай харьцуулаад үзье л дээ. Сэтгүүлч хүний хувьд ажлаа сайн хийж, олон олон сэтгүүлчид дундаас ялгарч гарах, зорьсон зорилгодоо хүрэх гэж цаг зав, хүч хөдөлмөрөө зориулдаг. Үүнтэй л адил намайг амжилт гаргаасай гэж, шахаж шаардсан нь миний амжилтад нөлөөлөөгүй л дээ. Би тэмцээнд орохдоо намайг заавал медаль аваарай гэсэн шүү дээ гэж бодоод байхгүй шүү дээ. Тиймээс айхтар ачаалал, дарамт мэт санагддаггүй.  

-Манай буудлагын чадалтай тамирчин Д.Мөнхбаяр Германы иргэн харьяат болчихсон. Үүнтэй адил таньд гадаадын иргэн харьяат болох санал ирж байв уу? Ирсэн тохиолдолд та ямар шийдвэр гаргах бол?

-Санал ирэхийн хувьд ирж байсан. Энэ бол иргэншил солих асуудал. Монгол улсын хуулинд хоёр иргнэшилтэй байх заалт байдаггүй. Тиймээс тэр даруйд нь хариу өгөх боломжгүй байсан. Бодож үзээд хэсэг хугацааны дараа хариу өгье гэсэн хариулт өгсөн байсан. Нууцгүй ярихад яг энэ санал ирэх үе миний хувьд хүнд хэцүү байсан үе. Өт хүртэл биед нь хүрэхэд атирдаг. Янз бүрийн мэдээлэл, худал хуурмаг зүйл хэвлэлээр ч их гардаг байлаа. Дээрээс нь асуудал маш их гарч байсан. Тиймээс гарчихъя гэх санаа байсан. Тэгэхэд ойр дотны хүмүүс маань явах цаг чинь болоогүй гэж зөвлөсөн нь нөлөөлсөн. Тэгээд ч миний хувьд Монгол эх оронд төрж, өсчихөөд эх орныхоо нэрийг дэлхийд тодорой хэмжээнд гаргасан байсан ч гэсэн  зорьсон зорилгондоо гүйцэд хүрч чадаагүй байсан учраас тэгж хөнгөн хандах боломжгүй байсан. Цаг нь болоогүй байсан гэх үү дээ. Тэгээд түдгэлзсэн.

-Цаашид тэгвэл яах вэ?

-Яг одоохондоо гарчихъя гэсэн бодол ч алга. Бүх бодол санаа, зорилго маань олимпод төвлөрч байна. Бас бүр ор тас орхичихоогүй ч байна. Өөрийнхөө ч, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон ч эргэж бодох асуудал. Тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ л ярилцаж, эцсийн шийдвэрээ гаргах байх.

-Эргээд бодож байхад гавьяат тамирчин Мөнхбаяр эх орондоо гоморхож тунисан ч юм уу, сэтгэл хангалуун биш байсан учраас шуудхан ярихад эдийн засгийн хүчин зүйлийн улмаас Германы иргэн болчихсон. Танд ч гэсэн тийм гоморхол байдаг юм биш байгаа?

-Тэгж л мэдрэгдээд байна..

-Мөнхбаяр эгчийн хувьд  буудлагын спортоор Монголын нүүр царай болж явсан тамирчин. Тийм ч учраас гадагшаа гарахад хүмүүс олон янзаар хүлээж авсан байх л даа.  Тэр хүн гарсанаар Монголын спортын тодорхой орон зай эзгүйрч үлдсэн.. .  Дэлхийн аваргад Мөнхбаяр эгч бид нар багаараа оролцсон бол түрүүлэх л байж дээ гэдэг ч юм уу бид нарын хувьд ч гэсэн харамсах үе бишгүй байсан.

-Мэдэгдэхгүй  л  байгаа болохоос гадаадын иргэн болж байгаа зөндөө олон хүмүүс  байгаа ш дээ, тэд бүгд л нэгийг бодоцгоосны үндсэн дээр тийм шийдвэр гаргаж байгаа. Гэтэл Монголд эмх замбараагүй байдал улам ихсэж  тайван амьдрах нөхцөл улам л багасаад. Шударга юм гэж байхгүй, мөнгөтэй , танилтай , заргач хүмүүс л амьдрах нийгэм болж байх шиг.

-Тамирчин хүний амжилт гэдэг их баяр баясгалан, хэмжээлшгүй аз жаргал байдаг бол нөгөө талдаа ялагдал гэдэг хүсээд байх зүйл биш. Амжилт гаргана гэж бодчихоод ялагдаж, түүндээ харамсаж, сэтгэлээр унах эсвэл их амжилт гаргачихаад баярлах амьдралын дурсамж дүүрэн агшин таны амьдралд бишгүй л тохиолдож байсан байх. Тэдгээрээс сэтгэлд тодоос нь хуваалцаач?

-Тэмцээнд оролцоод ялалт байгуулаад Төрийн дууллаа эгшиглүүлж байх тэр мөч болгон сайхан. Сэтгэлд тод нэг тэмцээн байдаг юм. 2005 он л доо Афины олимпийн дараах жил. Эхний хоёр тэмцээндээ оролцчихоод, гурав, дөрөв дэхь тэмцээнд оролцох төлөвлөгөөгүй байсан. Солонгос улсад  болсон эхний тэмцээнээс мөнгөн медаль авсан. Үзүүлсэн оноо маань Азийн рекорд болсон. Түрүүлсэн тамирчин надаас 0.2-аар илүү оноо авч, тэр нь  дэлхийн рекорд болж байсан. Мэдээж хэрэг олимпийн дараах жил байсан учраас өөртөө Эхний тэмцээнээс ямар ч байсан олимпийн эрхээ авч, Монголын тамирчдаас хамгийн түрүүнд 2008 оны олимпийн эрхийг  авна гэсэн зорилго тавьчихсан байсан. Харамсалтай нь мөнгөн медаль авсан. Тэгээд  дөрөв дэхь тэмцээнд оролцохоор шийдээд,  Италид болсон тэр Дэлхийн цомын төлөөх тэмцээнээс алтан медаль авсан. Буцахдаа  автобус дүүрэн Оросын баг тамирчидтай хамт нисэх буудал явсан. Би дасгалжуулагчтайгаа хоёулхнаа хамгийн арын суудалд суучихсан явж байсан юм. Тэгтэл Оросын олимпийн аварга Альфренко гэдэг тамирчин “Та нар хар даа, Монголоос ганцхан тамирчин ирээд алтан медаль авчихлаа. Тэгтэл өөрсдийгөө хар” гэж байсан санаанаас гардаггүй юм.. Тэр үед  өөрөөрөө бахархсан шүү. Бас  Олимпийн өмнө болсон 2004 оны Афины дэлхийн цомын тэмцээнд хийн бууны төрөлд түрүүлсэн юм. Тэгэхэд нэгдүгээрт Монгол, хоёрт Хятад, гуравт Орос орсон юм. Тэгээд медалиа аваад төрийн дуулал эгшиглүүлээд зогсож байхдаа далбаагаа харсан чинь Хятад Монгол, Орос гээд хил залгаа гурван орны далбаа. Хүн болгон тийм сайхан мэдрэмжийг хүртэх нь ховор шүү дээ. Ялагдлын хувьд санасан амжилтандаа хүрч чадахгүй тохиолдол байлгүй яахав. Тамирчин хүн чинь ялж, ялагдаж явдаг. Тийм үед  харимааргүй, дараагийн тэмцээн хурдан болоосой гээд л алдсан алдаандаа дүгнэлт хийх боломж гардаг.

-Ингэхэд буудлагын тамирчны амжилтад нөлөөлдөг гол хүчин зүйл юу вэ?

-Буудлагын спорт бол сагс, волейбол гэх мэтийн багийн спорттой харьцуулахад харьцангуй нам гүм, чимээгүй орчинд явагддаг. Халз тулааны сдорт хүнтэй хүч үздэг бол. Буудлага спорт маань Зөвхөн өөрөө өөртэйгээ ажилладаг. Тэгэхээр цэвэр сэтгэлзүйтэй холбоотой. Мэдээж хэрэг тодорхой хэмжээний техникийн бэлтгэл байлгүй яахав. Төвлөрөл, анхаарал маш ихээр шаарддаг.

-Ингэхэд та хэдийд анх буу гэдэгтэй ертөнцтэй танилцав? Спортод хөл тавьсан нь хэдийнээс вэ?

-Буутай танилцсан үе гэвэл бүр бага наснаас. Бараг гурав, дөрөвдүгээр ангиас. Аав маань цэргийн хүн байсан. Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн гэж болдог. Тэр тэмцээнд аав маань байнга намайг дагуулж явна. Цэргийн макаров гэдэг гар буугаар буудуулдаг. Тэгж анх буутай танилцсан. Тэрнээс хойш гэртээ нугалдаг хийн буугаар байнга буудуулж зааж өгдөг байсан. Спортод хөл тавьсан үе гэвэл 15 нас. 1992 оны Барселоны олимпоос Мөнхбаяр эгчийг медаль авч эх орондоо ирэхэд нь аав бичлэг хийсэн юм. Тэрнийг үзчихээд  учрыг нь сайн ойлгоогүй ч ямар гоё юм бэ гэж бодогдож байсан. Бас эмэгтэй хүнд жолооч мэргэжил  гоё гэж ярина. Нэг өдөр буудлагаар хичээллэвэл гоё юм биш үү, миний охин ер нь  буудаад үзвэл яасан юм гэж яриад энэ спортод орох үүд хаалгыг нээж өгсөн. Тэр цагаас хойш өнөөг хүртэл буудлагын спортоор хичээллэж байна даа. Өөр спортоор ч бас хичээллэж байсан. Гимнастикаар хичээллэж, шүхрээр бууж байлаа. Ер нь л бага нас маань спортоор амьсгалж өнгөрсөн дөө.

-Аав тань таныг эрэгтэй хүүхэд шиг л эршүүд өсгөсөн юм байна. Ингэхэд та аав, ээжээсээ хэдүүлээ юм бэ?

-Бид нар аав, ээжээсээ гурвуулаа. Эгч маань надаас 7 насны зөрүүтэй. Дүү бид хоёр 14 насны зөрөөтэй. Энэ бол ерөнхийдөө спортод амьдралаа зориулчихсан хүмүүсийн л амьдралын хэв маяг л даа. Үргэлж  тэмцээн уралдаан гээд явж байдаг Би айлын бага, их эрх өссөн. Аравдугаар анги хүртлээ аавынхаа өвөрт унтдаг байлаа. Аав хаа явна тэнд би явж байдаг байсан. Заримдаа хүмүүс бага Отряд явж байна гэдэг байж билээ. Багаасаа аавыг дагаж явсан болохоор эршүүд талдаа. Аав спортод хүч үзэхийг хэзээд дэмжиж байсан. Наадмаар шүхрийн үзүүлэх тоглолт болоход ч аав, ээж бид хоёрыг айхгүйгээр оролцуулдаг байж билээ. Онгоцноос 50 метрийн тросс унжуулж үзүүлэх тоглолт хийдэг. Түүнд би арван настайдаа оролцож байлаа. Тэгэхэд аавын маань найзууд “Энэ Отряд галзуурсан байх аа. Охиноо ийм юмнаас дүүжилчихээд яаж тайван явдаг байна аа” гэдэг байлаа. Агаарын үзүүлэх тоглолт эрсдэлтэй л дээ. Аав маань ер нь их зоримог, спортын төлөө юу ч хийхээс буцдаггүй хүн байсан. Өдий зэрэгтэй спортод амжилт гаргаж яваад аавын маань нөлөө маш их.

-Таны аав агаарын тэр дундаа шүхрийн спортын төрөлдөө манайдаа урдаа барих чадалтай тамирчин байсан. Аавынхаа талаар сэтгэлд ойр, гэгээн дурсамжаас хуваалцаач?   

-Миний хувьд бахархаж ярих нэг том зүйл маань гэр бүл. Аав, ээж хоёр маань хоёулаа спортын хүмүүс, насаараа цэргийн байгууллагад ажилласан. Аав Ээж маань  хоёулаа  уулын спорт, агаарын бүх төрлийн спортод сэтгэл зүрхээ зориулж явсан. Агаарын бөмбөлөг, уулнаас буудаг шүхэр, онгоцноос буудаг шүхэр, өндөр ууланд авирах  гэх мэт аль болох өндөр лүү тэмүүлж, амь насаараа дэнчин тавьдаг спортод амьдралаа зориулсан. ямар нэг эрсдэлийг үл хайхран, түүнээсээ таашаал авч, насаараа энэ спортоор амьсгалсан хүмүүс. Аавынхаа хиийж бүтээж зорьж тэмүүлж байсан зүйлүүдээс цухас дурдахад Аав маань 1993 онд мөнх цаст Цамбагарав уулын оргил дээр шүхрээр бууж байсан. Энэ нь Азидаа анхных, дэлхийд хоёр дахь дээд амжилт гэж бүртгэгдэж байсан. Тухайн үед Оросны сонин хэвлэлүүдээр ч энэ талаар маш их бичигдэж байсан. Францад  уулын  шүхрээр бууж. Японд  ээжтэй хамт  халуун хийн агаарын бөмбөлөгийн тэмцээнд очоод бөмбөлөгнөөс шүхрээр бууя гэхэд Японы талаас үхсэн ч гомдолгүй гэж гарын үсэг зуруулж байж шүхрээр буухыг зөвшөөрч байсан гэдэг. 1994 онд Гималайн ууланд авирах багийн ахлагчаар авирч байсан. Бас халуун хийн агаарын бөмбөлөгийг Монголд анх удаа оруулж ирж, хөгжүүлж байсан  1995 онд Сүхбаатарын талбай дээр нээлтээ хийж, олон орны тамирчдыг авчирч нисгэж байсан. Бөмбөлөг  их эрсдэлтэй спорт. Яагаад гэвэл “газ”-аар гал гаргаж бөмбөлөгөө халуун агаараар дүүргэж нисдэг. 1999 онд билүү дээ, Солонгост нэг тэмцээнд оролцохоор яваад тэмцээн нь болоогүй буцаад ирсэн. Тэнд нисч байсан нэг улсын тамирчны бөмбөлөг нь шатаад, газар дээрээ амиа алдаж, тэмцээнийг зогсоож байсан гэдэг.. Бас нэг санаанаас гардаггүй зүйл гэвэл аав маань өндөр уулын орой дээр гарчихсан “Миний охин тэмцээн уралдаандаа амжилт гаргаарай” гээд гэрийнхээ хийморийн дарцагийг хийсгэж байсан бичлэгийг нь сүүлд үзсэн.. Ийм байсан болохоор миний амжилт тэр бүхэнтэй холбоотой байх аа. Өндөр лүү тэмүүлсэн, эрсдэлтэй спортоор хичээллэж, түүнд сэтгэл зүрхээ зориулж явсан гэр бүл бараг байгүй байх гээд хэлчихвэл хилсдэхгүй байх. Ер нь өөрийнх нь бодож төлөвлөж байсан зүйлүүд маш их байдаг. Гималайн ууланд шүхрээр буух, Монголд маш том агаарын бөмбөлөгийн аялал зохиох гэх мэтээр ажлаа төлөвлөчихсөн байсан. Харамсалтай нь тэр бүгдээ гүйцээж амжаагүй.

-Аав тань сэтгэл зүрх, амь амьдралаа зориулсан тэр спортоороо хичээллэж яваад амиа алдсан. Тэр үед ойр дотных нь хүмүүс, жишээлбэл та энэ спортоор хичээллээгүй байсан бол амьд байх байсан гэх бодол, харамсал төрж байсан болов уу?

-Мэдээж хэрэг найз, нөхөд ч юм уу, эцэг эх нь амьд байж элэг бүтэн  хүмүүсийг харахаар сайхан /уйлав/. Тэмцээн уралдаанд яваад амжилт гаргаад ирсэн үед аавын маань орон зай их үгүйлэгддэг. Заримдаа ч шүхрээр буудаггүй байсан бол өдийд амьд байх байсан ч юм билүү гэж бодогдох үе байдаг.Тэр спорт аавын маань хувьд аз жаргал нь байсан. Би хүртэл хэсэгхээн хугацаанд ч гэсэн агаарын спортын аз жаргалыг мэдэрсэн. 1997 онд уулнаас буудаг шүхрээр бууж үзсэн юм. Өндөрт гарах тусам улам гоё болж, дотор онгойгоод, чанга орилмоор ч юм уу их сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Тэр чинь миний хувьд ганц, хоёрхон удаагийн мэдрэмж ш дээ. Тэгэхэд тэр гайхалтай мэдрэмжийг мэдрээд, амтанд нь орчихсон хүний хувьд аз жаргал нь тэр байсан. .  Аавын маань хэлсэн нэг үг байдаг юм, “Бүргэд тэнгэртээ жаргалтай” гэж . Хожим нь бодохоор яг л өөрийнхөө зорьж байсан, хичээллэж байсан спортынхоо бүхий л сайн сайхныг мэдэрч чадсан.. Усч хүн усандаа гэдэг шиг… Амьдралынхаа сүүлийн мөчийг өөрийнхөө хамгийн дуртай зүйлдээ зориулсан. Тэглээ харамсаад байх ч юу байхав, хувь төөрөг байсан юм билүү гэж зөөллөж боддог юм. Онгоцны шүхрээр эрэгтэйчүүдээс аав маань 3700 гаруй удаа, эмэгтэйчүүдээс ээжийн маань шүхрийн буулт 2000 орчим байдаг. Өдий болтол  онгоцноос шүхрээр буусан рекорд нь аав ээж хоёрынх Тэр рекорд нь одоо хүртэл эвдэгдээгүй байгаа. Одоо аав маань байхгүй ч гэсэн хийж байсан үйл хэрэг, тэр гайхалтай дурсамж нь үлдсэн. Тэнгэрээс аав минь харж байгаа гэж боддог юм.  

-Тэгвэл таны анхны амжилт юу байсан бэ?

-Яг анхны амжилт юу байсныг үнэндээ санадаггүй юм аа. Ямар ч байсан буудлагын спортоор хичээллэж эхлээд зургаан сарын дараа спортын мастер болж байсан. Их баярлаж байлаа. Харьцангуй богино хугацаанд ийм зэрэг цол авсан нь том завшаан л даа.

-Спорт бол эр зоригийн талбар. Хувь хүнээс өндөр тэвчээр, хатуужил шаарддаг. Ялангуяа буудлагын спортоор хичээллэдэг таны хувьд эмэгтэйлэг, уян зөөлөн ертөнцдөө үлдмээр үе байх уу? Өөрөөр хэлбэл буудлагын спорт таны мөн чанарыг илүү эршүүд тал руу хөтөлдөг үү?

-Ямар ч спорт эр зориг, тэвчээр хатуужил шаарддаг. Зоригтой байж тэмцээн уралдаанд оролцоно. Мэдээж хэрэг спортоор хичээллэдэг эмэгтэй хүн жирийн эмэгтэйчүүдийг бодвол харьцангуй эршүүд байдаг. Хувцаслалтаас авахуулаад зан араншингийн хувьд ч тэр. Миний хувьд буудлагын спорт эршүүд тал руу хөтөлдөг гэхээс илүү спортын мөн чанараараа илүү тэвчээртэй болгосон байх. Эршүүд гэхийн хувьд спортын талбар дээрээ л эр зоригоо харуулна уу гэхээс өдөр тутам, амьдрал дээр би спортоор хичээллэдэг гээд байхгүй л дээ. Тэмцээн уралдаанаас бусад үе мөн баяр ёслол, ялангуяа шинэ жилээр эмэгтэйлэг чанараа илүү их мэдэрч, эмэгтэй хүн болж төрсөнөөрөө бахархдаг. Эмэгтэй хүн гэдэг чинь ямар гоё юм бэ, бас эмэгтэй хүн ямар их юм хэрэглэдэг юм бэ гэж дуу алддаг ш дээ (инээв).  

-Нээрэн, шинэ жилийн баярт дуртай гэснээс одоогоос хоёр жилийн өмнө спортныхны шинэ жил “Бөртэ Чоно” ёслолын ажиллагаанд гавьяат тамирчин Х.Цагаанбаатар та хоёр үндэсний загварын дээлээр ижилсэж ирж байсан нь олны харааг булааж байсан. Тэгж та хоёр анх удаа олны өмнө ил гарч ирж байсан санагдана. Тэр хувцасны түүхээс сонирхуулж болох уу?           

-Тэр хувцсыг хийлгэх нь миний санаа байсан л даа. Тэртэй тэргүй бид хоёрын тухай сонин хэвлэлээр гараад эхэлчихсэн үе. Тэр шинэ жилээр тийм зоригтойгоор адилхан хувцас хийлгэсний шалтгаан нь нэгэнт хамт байгаа болохоор түүнийгээ мэдрүүлэх байсан гэх юм уу даа. Тэр жилийн шинэ жилийн баярт бид хоёр их яаруу ирсэн. Цагаанаа маань Оюутны дэлхийн аваргад оролцож алтан медаль авсан байсан. Хоёулаа онгоцны буудал дээр оройн зургаан цаг өнгөрч байхад буугаад гэрээрээ хальт дайрч ороод бараг машин дотроо хувцсаа өмсөөд шинэ жилдээ орж байсан юмдаг.

-Х.Цагаанбаатар бол Монголын энэ үеийн шилдэг тамирчдын нэг, Монголчуудын олимпийн найдвар гэгддэг тамирчин. Нэгэн үеийн шилдэг хоёр тамирчин маань нэг гэр бүлийнх байгаа нь олны анхаарлыг татаж, зарим нэгнийх нь атаархлыг багагүй төрүүлдэг юм шиг ээ. Та хоёрыг холбосон зүйл юу вэ?

-Мэдээж бид хоёрыг холбосон зүйл бол спорт. Цагаанбаатарыг анх 2004 онд Хөвсгөлд анзаарч харж байсан.   

-Уучлаарай, ний нуугүй шулуухан асуучихад сүүлийн үед Цагаанбаатар та хоёрыг хоёр тийшээ болж байгаа талаар шуугих болж. Та үүнд хариулт өгөх үү?

-Бид хоёр сууж байнаа гэж олон нийтэд зарлаагүй. Салж байнаа гэж бас зарлаагүй шүү дээ. Миний хувьд сүүлийн хоёр жилд ямар нэгэн сонин хэвлэлд ярилцлага өгөөгүй. Бид хоёрын талаар сонин хэвлэлүүд үргэлж л янз бүрээр бичсэн байна гэж сонсогддог. Би үүнийг бодохдоо зарим сэтгүүлчид таамагласанаа эсвэл зүүдэлсэнээ биччихдэг байх. Энэ хоёр нэлээн удчихлаа, одоо муудалцаа байлгүй гээд. Эсвэл нэлээн удчихлаа, одоо жирэмсэн болоо байлгүй гээд тэр бодсоноо биччихдэг байх. Энэ яриа ч гэсэн магадгүй хэн нэгэн сэтгүүлчийн зүүдэлсэн зүүд байх. Өөрөөр надад хэлэх үг, тайлбар алга.

-Залуухан хосууд маань нижгэр хурим хийхээр төлөвлөж байгаа байх. Харин хүүхэд ойрын төлөвлөгөөнд бий юу?

-Тамирчин гэдэг үүднээс танай сэтгүүлд ярилцлага өгч байгаа учраас хувийн амьдралын талаараа дэлгээд яриад баймааргүй байна. Мэдээж бодож төлөвлөсөн юм бий. Миний хувийн амьдрал  надад үлдэг.  

-Та бол аль ч талаараа амжилтад хүрсэн хүчирхэг эмэгтэй. Таны бодлоор эмэгтэй хүний хүч юунд оршдог юм бол?

-Салбар салбартаа хүн өөрийнхөө чадах юманд өөрийгөө зуун хувь зориулаад түүнийхээ төлөө тууштай явж, юунаас ч шантралгүй, алдаа гаргасан ч түүндээ урам хугаралгүй, дараа нь алдаагаа засаж чаддаг сэтгэлийн тэнхээ, ухаантай байх юм бол зорьсон салбартаа амжилтад хүрнэ шүү дээ. Амжилтад хүний хүч оршдог юм болов уу. Миний хүчирхэг байгаад гэр бүлийнхэн маань их нөлөөлсөн. Сонирхсон зүйлээрээ оролдох нь амжилтын бас нэг үндэс. Магадгүй би оффисын ажилтан эсвэл сэтгүүлч болсон бол амжилт үзүүлэхгүй ч байсан байж болох. Нөгөө талаар бурханы зурсан зураг, төөрөг тавилан гэж байдаг юм болов уу.

-Ингэхэд гэр бүлдээ хэр их цаг зарцуулж чадаж байна? Хэр сайн эзэгтэй гэж өөрийгөө дүгнэх вэ?

-Яг одоогоор онц гэсэн үнэлгээ авахаар хэмжээнд биш байгаа. Тэр бүр цаг гаргаж чадахгүй байна. Бид бүгдээрээ адилхан зорилготой учраас чи ингэсэнгүй, тэгсэнгүй гээд байдаггүй. Гэрийнхэн маань ч гэсэн бүгдээрээ спортыг ойлгодог хүмүүс. Ээж маань миний охин бэлтгэлээ л хий гэдэг. Дүү бас охин маань ч маш сайн ойлгодог. Бүгд надад санаа тавьцаадагт нь баярладаг. Цагаанаа бид хоёрын хувьд адилхан зорилготой учраас бие биенээ маш сайн ойлгож, дэмжиж тусалдаг. Миний хувьд Цагаанаа маш их урам зориг бэлэглэж, намайг хурцалж өгдөг. Дандаа л тамирчин байгаад байна гэж байхгүй шүү дээ. Заримдаа тэмцээн уралдааны зав зайгаар аль болох гэртээ байж, гэрийнхээ бүхий л юманд оролцохыг хүсдэг. Өөрөө ч их дуртай. Жишээлбэл, намар жимс ногоо түүгээд, түүнийгээ даршилж, янз бүрийн хоол, зууш хийх дуртай. Заримдаа өөрийнхөө биеийг долоо, найм хуваачихмаар санагддаг ш дээ/инээв/. Сурах юм маш их байна. Оюутан болчихсон хэрнээ сургуульдаа хараахан явж амжихгүй байна. Өмнө нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Одоо амьдралд хэрэг болох үүднээс эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа. Биеэ долоо, найм хуваахын шалтаг тэр л дээ. Сургуульдаа сурмаар байдаг, дээрээс нь эмэгтэй хүн, хэсэг хугацааны дараа айл гэрийн эзэгтэйн үүрэгтээ илүү анхаарах хэрэгтэй болно. Гэрийн эзэгтэй хүний хувьд хийж сурах зүйл их байна. Юм оёх, хоол ундаа хийх, мөнгө төгрөгөө зөв зохистой зарцуулах гэх мэтээр. Мэдээж энэ бүхнийг тодорхой хэмжээнд хийдэг, чаддаг. Гэхдээ илүү сайн түвшинд төгс эзэмшмээр байна. Яагаад ч юм, заримдаа гэртээ байгаа эмэгтэйчүүдийг харахаар гоё байдаг. Хүүхдээ асраад, хоол ундыг н, хийж өгөөд, хувцас хунарыг нь оёж өгдөг эзэгтэй нар гоё ш дээ. Намайг бага байхад ээж маань трико нэхэж, бэлтгэлийн өмд цамц хийж өгдөг байсан. Наян хэдэн онд хоёр тийшээ хардаг бэлтгэлийн хувцас байдаггүй байхад ээж маань тийм хувцас оёж өгдөг байж билээ. Тийм байсан болоод ч тэр үү, сайхан юм оёчихдог, сайхан хоол хийчихдэг болчих юмсан гэж хичээдэг. Спорт гэсээр явтал нэг мэдэхэд амьдрал жирийгээд өнгөрчхөж .     

-Алдаагүй амьдрал, алддаггүй хүн гэж үгүй. Эргээд бодоход таны амьдралдаа гаргасан алдаанууд таны зан чанараас болсон байдаг уу эсвэл хувь төөргийнх байсан уу?  

-Алддаггүй хүн гэж байдаггүй. Ажилдаа алдаа гаргах, амьдралдаа алдаа гаргах гэх мэтээр алдаа янз бүр. Миний хувьд амьдралдаа яг өөрийнхөө зүгээс алдаа бараг хийгээгүй гэж хэлж болно. Зарим зүйл дээр гэхдээ их зөрүүд, өөрийнхөөрөө. Зөв л гэж бодсон бол тэр чиг шугамаа барьдаг. Тийм болохоор амьдралдаа алдаагүй гэж болно. Гэхдээ амалж болдоггүй гэдэг. Хүн алдаа хийж болно. Харин түүнийгээ дахин давтахгүй байх хэрэгтэй. Засдаг байх хэрэгтэй. Би урагшаа харж амьдардаг. Өнгөсрөн зүйлийг эргэж бодохыг хүсдэггүй.. Ямар нэг асуудалд шийдвэр гаргахдаа олон талаас нь бодохыг хичээдэг.

-Ханиа зөв сонгохын ач холбогдлыг та юу гэж үздэг вэ? Юуг шалгуур болгох нь хамгийн чухал бол?

-Хүний амьдралын хамгийн том алхам бол гэр бүлийн амьдрал зохиох. Би тоглоом, шоглоомоор хүнтэй сууж, гэрлэлтээ батлуулна гэдэг бол хүний амьдралын хамгийн том алдаа гэж ярьдаг юм /инээв/. Нэг талаар тоглоом наргиа ч нөгөө талаар бас үнэнийн ортой л доо. Яагаад гэвэл гэр бүлтэй болно гэдэг маш том үүрэг хариуцлаг. Өмнө нь зөвхөн өөрийгөө боддог, өөрийнхөө төлөө амьдардаг байсан бол хүнтэй сууснаар нөхөр, үр хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээнэ. Тэдний төлөө амьдарна.  Тэгэхээр яалт ч үгүй алдаа байгаа биз. Тэгж жишдэг юм. Хамгийн гол зүйл бол байшин барихад суурийг нь бат бөх барь гэдэгтэй адил ханиа зөв сонгох нь сайхан амьдралын үндэс нь. Хэрвээ буруу сонголт хийх юм бол жинхэнэ хүнд ачаа, алдаа. Сүүлийн үед залуучууд хамтран амьдрах хэв маягийг эрхэмлэх нь элбэг болж. Нэг талаар их зөв шийдэл. Тодорхой хэмжээгээр хамт амьдарч, бие биеэ таньж мэдэж, цаашид амьдрах эсэхээ шийднэ. Тэгж хийсэн сонголт гэр бүл салаад байх сөрөг үр дагаварт хүргээд байхгүй. Юу юуны туханд хүрэлгүй батлуулж, суухын оронд бие биеэ таньж мэдсэн нь дээр гэсэн зарчмыг баримталдаг хүн.   

-Гэр бүл дэх гуравдагч хүн, нууц амрагийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Хүн төрөлхтний мөнхийн сэдэв гэгддэг нууц амраг амьдралд орж ирэх шалтаг, шалтгаан нь юу юм бол?  

-Миний бодлоор эхнэрээ эсвэл нөхрөө хайрлах хайр дундарснаас юм уу даа. Хүнээр хайрлуулъя гэвэл бусдыг хайрла гэдэг байх аа. Гэр бүл маань Миний хувьд хамгийн нандин зүйл. Гэрээсээ хол явахаар гэр орноо , гэрийнхнээ их санадаг. Гэртээ ирээд  идэх дуртай  зүйлээ цуглуулаад хоёр хүүхэдтэйгээ бүгдээрээ хамт хоолоо хийчихээд,  тойрч суугаад хоолоо идэх хамгийн аз жаргалтай байдаг.

-Хоёр хүүхэд ий…

-Хоёр хүүхэд гээд байгаагийн учир нь миний дүү, охин хоёр маань хоорондоо гурван насны зөрөөтэй л дээ. Бага байхад аав ээж хоёр маань спортын улс учраас гэр орондоо барагтай тогтохгүй. Дүү маань 14 насаар дүү болохоор би дүүгээ хараад үлддэг. Хоёулхнаа үлддэг болохоор би дүүгийнхээ бараг ээжийн үүргийг биелүүлнэ. Нэг удаа аав, ээжийгээ санасан юм уу, “Аниа, би таныг ээж ээ гэж байя, тэгэх үү?” гэдэг юм байна. Тэгэхэд дөнгөж арван тав, зургаатай байсан юм чинь ичээд, ээж нь байгаа юм чинь тэгж болохгүй гээд. Том болсон хойн  нь дүүдээ тэгж хэлж байснаа санадаг уу гэж асуусан чинь санаж байна гэсэн. Миний охиноос гуравхан насны зөрөөтэй юм чинь ялгаа юу байхав. Миний хоёр хүүхэд л гэж ярьдаг ш дээ /инээв/.  Угаасаа гэдсэнд байхад нь аав, бид хоёр ээжид “Хэрвээ охин гарах юм бол энэ байрандаа охинтойгоо хамт үлдээрэй, харин хүү гарвал аав, бид хоёр таныг гар хүргэхгүй өсгөнө” /тэгэхэд нэг өрөө байрнаас хоёр өрөө байр луу нүүх гэж байсан юм/ гэж ярьж байсан юм. Тэр үгэндээ ч аав бид хоёр хүрсэн. Эрэгтэй хүүхэд  илүү хүсэж байсан хэрэг л дээ.

-Таны охин одоо нэг үеэ бодвол том болсон байх. Бас ээж, эмээ, өвөөтэйгээ адилхан нэг спортсмен бэлтгэгдэж байгаа юм биш биз?

-Охин маань том болсон. Ээждээ их тустай, үеийнх юм шиг зөвлөгөө өгдөг охин бий. Өндөр намын хувьд ч найз шиг ойролцоо. Бараг өндөр ч байж магадгүй. Өөрөө юманд их сонирхолтой. Түүнийхээ төлөө тууштай явдаг. Шатрын спортоор хичээллэдэг. Бага ангид байхдаа хичээл ном гээд ачаалал ихтэй байдаг байсан бол одоо том болоод, бэлтгэл хийх цаг зав нь харьцангуй их байна. Яаж ийгээд хичээлийнхээ зав зайгаар бэлтгэлээ алддаггүй. Миний хувьд бие бялдарыг нь хөгжүүлэх талын спортоор хичээллүүлэх санаатай. Эрүүл мэндэд нь сайн гэсэн үүднээс тэр л дээ. Тамирчин болох үгүйг нь би мэдэхгүй. Өөрөө шийдэх асуудал.     

-Хүн бүр л өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг ч тэр бүр чаддаггүй. Таны хувьд чадаж байна уу?

-Өмнө нь бэлтгэлээ хийгээд л, өөр юманд санаа зовохгүй, сатаарахгүй амьдардаг байсан. Охиныг маань эмээ, өвөө нар нь өсгөчихсөн. Амьдралаас хол, тасархайдуу амьдардаг байсан гэх үү дээ. Гэхдээ би амьдралын зовлон, жаргал, бэрхшээлийг сайн мэднэ. Амьдралаас тасархай гэдэг нь жилийн дөрвөн улиралд зөвхөн бэлтгэл сургуулилт, спортоор амьсгалж амьдардаг, аав ээж бүхнийг зохицуулдаг байсан. Өмнө нь зөвхөн тамирчны хувиар амьдарч байсан бол одоо тамирчин, эх хүн, айлын эхнэр хүн болж байгаа гэдэг утгаар энэ бүхнийг зохицуулж амьдрах шаардлагатай болж байна. Зорилго, хариуцлага маань ч өөр болж байна.   

-Хүний хэтэвч рүү өнгийх нь тийм ч соёлтой хэрэг биш хэрэв та зөвшөөрвөл сонирхмоор санагдлаа. Та жишээлбэл өндөр чансаатай тамирчныхаа хэмжээнд хангалуун амьдарч чадаж байна уу?

-Хэзээ билээ нэгэнтээ “Таван цагариг” сонин дээр тамирчдын хөрөнгө мөнгөний тухай нэг материал гарчихсан байсан юм. Тэр жагсаалтын тавд намайг жагсаагаад, бас тэрүүхэнд нь тодотгоод хамгийн баян эмэгтэй тамирчин гээд биччихсэн байсан. Нэг бодлын их сайхан байлаа. Сонин дээр биднийг тэмцээн уралдаанд яваад медальтай ирэхээр 20 саяыг авлаа гээд бичдэг. Хүмүүс их баян, тэдэн сая төгрөг авсан гээд буруу ташаа ойлголттой байдаг л даа Гэтэл  янз бүрийн татвараа төлсөөр гар дээрээ тал хувийг нь  авдаг. Гэхдээ өмнөх үеийн тамирчдыг бодвол өөр л дөө. Та нарын үе сайхан байна, бид нарын үед ингэж амжилтаа үнэлүүлж чаддаггүй байсан гэж ярьдаг юм. Үнэн л дээ.     



Uptown долдугаар сард

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж