АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “Ford Motor” компани шөнийн цагаар компьютеруудаа унтрааж, мөнгөө хэмнэж, цахилгааны хэрэглээгээ багасгахаар шийджээ. Компани энэхүү шинэ хөтөлбөрөө “Компьютерийн эрчим хүчний зохицуулалт” хэмээн нэрлэсэн бөгөөд шөнийн цагаар болон амралтын өдрүүдэд ашигладаггүй бүх компьютерийг унтрааж байх гэнэ. Гэхдээ “Ford”-ын дотоод сүлжээнд холбогдсон компьютер унтраастай байгаа үед шаардлагатай программ хангамжийг татаж авах зэрэг онцгой үед өөрөө автоматаар асах тохируулга хийх юм байна. Энэхүү системийг суурилуулж, “Компьютерийн эрчим хүчний зохицуулалт” хөтөлбөр бүрэн хэрэгжиж эхэлвэл зөвхөн цахилгааны хэрэглээнээс жилд 1.2 сая ам.долларыг хэмнэх боломжтой ажээ. Тус компанийн IT төслийн удирдагч Кейт Фортегийн хэлснээр өнгөрсөн хугацаанд “Ford”-ын ажилчдын 60 хувь ажлын өдрүүдэд ажил тарсны дараа компьютераа унтраадаггүй байсан гэнэ. Компьютераа ашиглаагүй үед унтрааж, шаардлагатай үед асааж байхаар “Ford” компани “1E” гэх компанийн бүтээсэн программ хангамжийг ашиглах ажээ.
С.Цэлмэг