Н.Түвшинбаяр: Амласан шагналуудын 10 хувийг нь л авсан даа | News.MN

Н.Түвшинбаяр: Амласан шагналуудын 10 хувийг нь л авсан даа

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр: Амласан шагналуудын 10 хувийг нь л авсан даа

Юуны өмнө танд хамт олныхоо өмнөөс баяр хүргэе. Олимпийн авар­га­тайгаа уулзах боломж олдох­гүй нэлээд удлаа. Та ч зав багатай байлаа. Гэхдээ та бид хоёрын хийж байгаа ярилц­лага манай сонины 1000 дахь дугаарт хэвлэгдэх боло­хоор билэгшээлтэй, сайхан л санаг­даж байна?

 -Баярлалаа. Тэгвэл өнөөдөр ярил­цаж байгаа нь ч бараг онож байгаа байж болох юм. Та бүхэнд баяр хүргэе. Ерөн­хийдөө зав зай бага л байлаа даа, олимпиос хойш.

-Сая хэд хоног хөдөө яваад ирлээ. Ямар ажлаар юм бол, сонирхож болох уу?

-Нутаг яваад ирлээ. Аав, ээж хоёртоо тус болж, жаахан өвлийн бэлтгэл хангах маягтай л…

-Ажилсаг, аав, ээждээ ту­сар­хаг аваргатай болсон юм шиг байна. Та дөнгөж олимпийн дараа хадлангаа хадахаар Бул­ган явсан байсан?

-Тэгсэн. Өвс хадланг нь бэлтгэл­цэж өгөөд ирсэн. Тэр тийм сонин байна гэж үү. Би чинь өмнө нь тиймэрхүү ажил хийдэг л байсан. Олимпийн аварга бол­чих­лоо гээд хөл, гар хөдлөхөө бол­ьчихсон биш хоёр хөгшиндөө туслалгүй яахав. Сая өвлийн бэлтгэлээ хийчихээд ирлээ. Хөр­зөн хуулна, энэ тэр гээд л ажил байдаг даа. Хөдөөний ажил ер нь сайхан шүү дээ. Нэг талаар амралт болдог /инээв/.

-Мэдээж, бидний ярилцлага олимпийн өдрүүдэд эргэж очи­хоос өөр аргагүй л дээ. Жүдоч­дын суга­лаа олимпийн нээл­тийн өдөр то­дор­­хой болчихон байлаа. Таны ба­рил­даан нэ­лээд хэдэн өдрийн да­раа бол­сон. Үнэндээ бол таныг аварга болох өдрийг хүртэл олон хүн манай тамирчид Бээжингийн олимпиос хоосон ирэх нь л гэж айж байсан?

-Эхний өдрүүд манайхны хувьд хүнд байсан. Гэхдээ адилхан барил­дах гэж байгаа болохоор өөр­төө илүү анхаарал хан­дуулж, сэтгэлзүйгээ аль болох тай­ван, зоригтой байлгах хэрэг­тэй байсан. Магадгүй, Н.Түвшин­баяр медаль авна гэж найдаж бай­сан хүн цөөхөн байсан байж болно.

-Тэр тусмаа Афины олим­пийн авар­га Кейжи Сузукитэй таарсан бо­лохоор танд 100 хувь итгэж үнэхээр чадахгүй байсан, уучлаарай?

-Афины олимпийн аварга, жүдо бөхийн дэлхийн шилдэг бөхтэй эхний тойрогтоо таарахад надад ч гэсэн хэцүү л санагдаж байсан. Гэхдээ яагаад ч юм эхний өдрүүдийн барил­даанд манай­хан ялагдаад, сэтгэл санаа тий­мэр­­хүү байсан ч гэсэн “Миний ачаа улам нэмэгдэж байна шүү” гэсэн бодол төрдөг юм билээ. Заавал ялах ёстой гэсэн. Их хүнд ачаа байсан. Энэ олимпиос медаль авах юмсан гэж монгол хүн бүр мөрөөдөж байлаа. Бүгд итгэж байлаа. Маш их хөрөнгө мөнгө зарцуулсан гээд ямар ч байсан ялагдаж болохгүй гэдгээ мэдэрч байсан.

-Сузукигийн хувьд…

-Домогт бөх шүү дээ. Гэхдээ монгол хүн юугаараа дутах вэ, ухаан­тай барилдахыг л хичээсэн. Бид хоёр өмнө нь таарч барил­даж байгаагүй л дээ.

-Азийн аварга, “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хүртэж байсан медаль, амжилтууд таныг дэлхийн шилдгүүдийн хараанаас гадна өнгөрөөгөөгүй нь лав байх. Гэхдээ танд ялагд­сан бөхчүүдийн зүгээс өөрийг чинь судалгаа, тооцоонд ороо­гүй байсан хүн гэдэг ч юм уу, монголчууд олимпийн аваргаа сайн нууж чадсан байна гэсэн утгатай ярилцлагууд өгсөн бай­сан. Гадаадын хэвлэлүүдэд?

-Мэдэх хүмүүс нь мэдэж л байсан байх. Судлагдсан, суд­лагдаагүй эсэхийг би сайн мэдэх­гүй байна. Ер нь бол сүүлийн нэг жил судлагдахгүй байх үүднээс томоохон тэмцээнүүдэд оролцоо­гүй. Оролцсон ч анхааралд өртөх­гүй байх сонирхол байсан.

-Аваргын төлөө барилддаг Кахахстаны бөх аймаар харц­тай хүн байсан шүү, тийм ээ?

-/инээв/. Өрсөлдөгч бүр л муу­хай харна шүү дээ. Тэр бөх ер нь жаахан  шазруун байрын хүн байсан.

-Яг ялсныхаа дараа та нэг л тайван байсан. Бүр санаанд баг­тамгүй тайван. Гэтэл энд чинь хүмүүс бараг л “галзуурах” дөхөж байлаа шүү дээ. Олим­пийн авар­гатай болдог орой бараг бүх хүн баяр тэмдэг­лэсэн байх аа?

-Миний байгаа нь л тэр байх. Уг нь бол дотроо тэсэрч, дэлбэрэх гэж байгаа хүн байгаад байдаг /инээв/. Сайхан байсан. Ганц миний биш Монголын ард түмний хүсэл биелсэн тэр үе мэдээж амьдралын минь хамгийн үнэ цэнэтэй мөч байсан. Хамгийн үнэ цэнэтэй, хамгийн аз жаргалтай. Яг тийм үед эх орон, ард түмэн минь л нүдэнд харагдаж байлаа. Нээ­рэн, ингээд Монгол Улс олимпийн аваргатай болчихлоо шүү гэж бодо­хоор сэтгэлээ уужиртал уйл­маар, орилмоор ч юм шиг санагдаад…

-Тэгээд багшийгаа тэвэрч баа­хан уйлаагүй юу?

-/инээв/. Дэвжээнээс буув уу, үгүй юу л нулимс асгарчихсан ш дээ.

-Энд бас хүн болгон уйлаад л?

-Монголчууд ийм л сайхан ард тү­мэн, тийм ээ. Хүний өмнөөс үнэн сэт­гэлээсээ баярлаж чаддаг, хүний зов­лонг хуваалцаж чаддаг. Тэр орой Сүх­баатарын талбайд цугласан олон мянган хүний тухай, тэр өдөр сэтгэл зүрхнээсээ баярласан ард түмнийхээ тухай би сонссон. Тухайн үед нь хүмүүс ард түмэн ингэж хүлээж авлаа гэдгийг хэлж байсан. Даанч надад баярлалаа гэж хэлэхээс өөр үг ол­дохгүй юм даа. Бүгдэд нь хяз­гаар­гүй их баярласан. Медаль авсны дараа эх орондоо ирэхийг л яарч байлаа.

-Тэгэхэд онгоцны буудал дээр их олон хүн очсон байлаа. Үлээвэр хөгжим хангинаад л, аав, ээж хоёр нь хөдөөнөөс ирчихсэн…?

-Өө сайхан байлгүй яахав. Ямар ч байсан аав, ээж хоёр маань хөдөөнөөс ирчихсэн бай­гаа байх гэж бодож байлаа. Ма­най гэр бүлийн хүн байсан. Ер нь тэгээд олон хүн байсан болохоор жаахан сандарсан /инээв/.

-Гэр бүлийн хүн гэснээс та хоёрыг энэ намар хуримаа хийнэ гэж сонинуудаар баахан бичжээ?

-Харин тэгсэн байна лээ. Гэх­дээ одоохондоо хурим, найрын тухай төлөвлөөгүй л байна.

-Хамт амьдарч байгаа биз дээ?

-Тийм ээ.

-Сайхан бүсгүй байна лээ. Ний нуугүй хэлэхэд, олимпийн дараа хүн бүхэн л Н.Түвшинбаяр эхнэр­тэй болов уу гэдгийг сонирхож эхэлсэн. Ялангуяа бүсгүйчүүд?

-Тийм үү /инээв/. Би тэрийг сайн мэдэхгүй шүү дээ.

-Та хоёр танилцаад удаж байгаа юу, бас дотно үерхэх болсноос хойш?

-Танилцаад хоёр, гурван жил өнгөрч байна. Бие биенээ танихад хангалттай хугацаа байх. Найз бүсгүй­гээ маш их хүндэлдэг. Ухаалаг, даруу зан чанар нь надад хамгийн их таа­лагд­даг.

-Хувийн амьдралаа хэр төвх­нүүлж байна, залуу хүмүүс сайхан амьдрахад аяндаа л мөрөөдөл, төлөвлөгөө урсаад байдаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Зөндөө л бодол бай­на. Бидний хамтын амьдрал одоо л эхэлж байгаа болохоор бүх зүйл өм­нө минь байна. Сайхан амьдрахын тулд сайн хүн явах хэрэгтэй байх гэж би боддог юм. Сайн санаж, сайн хө­дөлмөрлөж, зөв бодолтой явахад амьд­рал, хувь заяа аяндаа түшдэг байх.

-Олимпийн аваргад хүн бүхэн л баярлаж, талархаж, таныг магтан дуулж байгаа. Харин шүүмжлэл хэлсэн хүн байгаа болов уу?

-Байсан. Шүүмжлэх хүн байсан. Миний алдааг олж харсан хүмүүс шүүмжилсэн. Би тэр шүүмжлэлийг магтаалаас илүү анхаарч сонссон.

-Хэн шүүмжилснийг хэлж болох уу?

-Тэр яахав дээ, надад л үлдэг. Барилдаанд чинь ийм алдаа байсан, тэгж алдаж болох байлаа гэдэг ч юм уу, спортынхны л өгсөн үнэтэй зөв­лөгөө л дөө.

-Хүн бүхэн манай, танай гэж авч давхиад л, магтаал, сайшаалд бараг живэхээр болтол шумбуулаад л. Магадгүй танд нэг хэсэг өөрийн­хөөрөө байх боломж олдохгүй байгаа юм шиг харагдаж байсан?

-Яахав дээ. Хүний л сэтгэл шүү дээ. Би тэгж л хүлээж авч байгаа. Хүн бүхэн л өөрийнхөө хэмжээнд хүндэлж, үнэлж харьцаж байгаа нь надад тээр­тэй санагдаагүй ээ. Жаахан завгүй л байлаа. Хүмүүс яаж хандах нь тэдний л хэрэг. Аль болох хүний сайхан сэтгэлд юм хийчихгүй юм сан л гэж хамгийн их боддог болсон. Би чинь залуу хүн. Хэн нэгэнд алдаатай үг хэлчих вий, хэн нэгэн “Энэ манай олимпийн аварга шүү дээ” гэсэн харцаар харж байхад эвгүй сэтгэгдэл төрүүлчихгүй юмсан гээд л алхам тутамдаа л хариуцлага үүрч явна. Хүний хүндлэл гэдэг сэтгэлийн асар том философи шүү дээ. Би ч гэсэн бусдад хүндэтгэлтэй хандаж, ухаан­тай амьдрах юмсан л гэж боддог.

-Бага насны сайхан түүх, олим­пийн аваргын хүүхэд насны тухай гэ­гэлгэн дурсамжийг хүн бүхэн сөхөж харахыг хүсч байгаа. Лав л их ажилсаг хүү байсан байх аа, та?

-1984 онд төрсөн. Аав, ээж хоёр маань малчин хүмүүс. Хөдөөний амьдралыг монголчууд сайн мэднэ шүү дээ. Хурдан морь унадаг байлаа. Адуу, малдаа явна. Айлын бага хүүхэд болохоор жижиг, сажиг ажил ихтэй. Би их нутаг амьтай хүн юм шиг байна. Нутаг усаа, аав, ээжийгээ санамтгай. Одоо ч гэсэн тийм. Ер нь л зав гарвал нутаг явах гэнэ шүү.

-Аравдугаар ангиа төгсөөд Улаан­баатарт ирсэн үү?

-Тэгсэн. Хотод ирээд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болж байлаа. Тэндээс л миний тамирчин болох гараа эхэлсэн дээ. Гэхдээ багын л спортод сонирхолтой хүүхэд байсан. Миний анхны багш гэвэл Булганы Эрдэнэбат багш маань байна. Жүдо бөхөөр арван жилд байхдаа хичээллэж эхлээд өсвөрийн улсын аварга болж байлаа. “Аварга” БТДС-д ирээд их зүйл сурсан. Бүхнийг албан ёсоор нь гэх үү дээ.

-Оюутан цаг ч бас сайхан шүү. Заримдаа баян, заримдаа ядуу болчихдог?

-/Инээв/. Тэгэлгүй яахав. Булга­наас анх ирэхэд “Авзага трейд” компа­нийн захирал Мэндбаяр ах тосч аваад Б.Бат-Эрдэнэ аваргад шавь оруулж байлаа. Манай жүдогийн Б.Энхбат байна даа, аймгийн арслан. Бид хоёр оюутан байхдаа хамт амьдардаг байсан. Өлсөхдөө өлсч, ядрахдаа ядарч, баярлахдаа баярлаж л явлаа.

-Үндэсний бөх сонирхдог хү­мүүс бол өөрийг чинь өсвөр, залуу­чуудын аварга болж байсан үеэс сайн мэднэ. Бас олон жил улсын начин болчих байх гэж харж байсан хүмүүс ч байгаа. Цаашид үндэсний бөхөөр барилдах болов уу?

-Яг хэлж мэдэхгүй байна. Яалт ч байх­гүй, жүдогоор амжилт гаргахад үн­дэсний бөхийн бэлтгэл, сургуу­лилалт нө­л­өөлсөн гэж боддог. Одоо ч гэсэн үн­дэсний бөхийнхөө бэлтгэлийг хийж л байгаа. Үндсэн бэлтгэлийн 90 хувь нь жүдогийнх байлаа гэхэд 10 хувь нь үндэсний бөхийн бэлтгэл байдаг.

-Начны даваанд уг нь хүрч байсан байх аа?

-Нэг удаа тавын даваанд үлдээд, унасан.

-Ерөнхийлөгч Н.Энхбаяр танд Хөдөлмөрийн баатар цол гар­дуулах үедээ “Олимпийн аварга шиг амьдрах хэрэгтэй шүү” гэсэн утгатай үг хэлж байсан. Та энэ үгийг ямар утгаар нь хүлээж авсан бэ?

-Олон утга агуулсан, олон юм бодогдуулсан үг л дээ. Олимпийн аварга хүн ямар ёс зүйтэй, ухамсар­тай, амжилттай байх вэ гэж нэг талаас нь харж болно. Нөгөө талаас нь хүмүүсийн өгч байгаа шагнал, урам­шуулалтай ч холбоотой байх л даа.

-Шагнал гэснээс маш олон бай­гууллага, хүмүүс олимпийн ме­дальтнуудад амлалт өгсөн. Бэл­гийн морины шүдийг үздэггүй гэдэг ч үнэхээр тэр олон амлалт, бэлэг эзэндээ очсон эсэхийг сонир­хохгүй өнгөрч болохгүй нь?

-Ер нь ярьж, хэлж байсан шагна­луудын 10 хувийг нь л авсан байх. Дийлэнх нь худлаа ярьсан байдаг юм байна лээ. Магадгүй сэтгэлийн хөөр­лөөр хүмүүс тийм олон зүйл амласан байж болно л доо. Заавал бидэнд хүн бүхэн бэлэг, дурсгал барьж гүйгээд байх мэдээж албагүй. Гэхдээ бидний гэхээсээ илүү олимпийн медалийн нэр хүндийг барьж, хуурамч амлалт өгнө гэдэг жаахан эвгүй л санагдаж байгаа. Харин энэ дашрамд, олимпийн аварга цолыг маань мялааж, сэтгэл шингэсэн шагнал, бэлгээ гардуулсан олон хүнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.

-Засгийн газраас олгосон мөн­гөн шагналын 80 сая төгрөгийн хэдэн хувийг нь та дасгалжуу­лагчдаа өгсөн бэ?

-30 хувийг нь өгсөн. Тийм гэрээтэй л дээ.

-Гэхдээ тамирчин, дасгалжуу­лагч хоёр тусдаа мөнгөн шагнал авдаггүй нь энэ олимпийн дараа олон хүнийг гайхашруулж байх шиг байна. Магадгүй өмнө нь та бүхний дотоод асуудал гэмээр хувийн гэрээг хүмүүс сайн мэддэггүй байсан байх?

-Тусдаа байх нь зөв л дөө. Гадны ихэнх оронд багш, дасгалжуулагчийг шагнах журам тусдаа байдаг.  

-Бэлтгэлээ хийж байгаа юу?

-Бэлтгэлдээ орчихсон байгаа. Дажгүй, явж л байна.

-Таны оролцох дараагийн том тэмцээн хэдийгээр болох бол?

-Ирэх жилийн дэлхийн аварга л байна даа. Тэрнээс наана том тэмцээн байхгүй. Олимпийн өмнө би олон улсын тэмцээн, тивийн аварга, “Дэл­хийн цом” гээд оролцсон тэмцээ­нүүдээсээ ихэвчлэн мөнгө, хүрэл медаль авдаг байлаа. Анхны алтан медаль маань олимпийн медаль байсан. Тэгэхээр ирэх жилийн дэл­хийн аваргад амжилттай оролцох юм сан гэж зорьж байна.

-Та бизнест хөл тавих уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Харин нийгэмд хандсан, ирээдүйд хэрэгтэй сайхан юм хийчих юмсан гэсэн санаа байгаа. Олон л юм бодож байна. Өнчин ядуу хүүхдүүдэд тусла­хыг хүсч байна. Сая манай Булган аймгийнхан маань спортын төрөлжсөн сургалттай дунд сургууль бэлэглэсэн. Монголд ганц байдаг спортын сургууль ш дээ. Тэнд байгаа хүүхдүү­дийг яаж сургах вэ, ямар менежмент хийх вэ гээд эхнээс нь төлөвлөгөө гаргаад явж байна. Гэх мэтчилэн янз бүрийн л юм бодож байна. Ажил ер нь их байна шүү.

-Олон улсын жүдо бөхийн хол­бооноос ирэх жил Монголд том тэмцээн хийхээр болж байх шиг байна. “Дэлхийн цом”-ын тэмцээн гэж үнэн үү?

-Тийм. Дэлхийн супер цомын тэмцээн гээд цуврал байдаг даа. Тэр тэмцээнийг манайд хийхээр болсон. Эрэг­тэй, эмэгтэй долоон жинд. Ма­найд том тэмцээн хийе гэхээр заал, тал­­­байн асуудал жаахан хүндрэлтэй л дээ.

-Олимпийн дараа таныг сэр­гээш хэрэглэсэн гэж гадаадын хэвлэлд бичсэн талаар шуугиад өнгөрлөө?

-Тэгсэн. Мэдээж тийм зүйл байгаа­гүй болохоор нэг их тоогоогүй. Барил­дааны өмнө витамин уусныг харсан зарим нэг тамирчид тэгж ярьсан юм байна лээ. Арай ч сэргээш хэрэглэж, олимпод очих тийм сэтгэхүй Мон­голын тамирчдад яаж ч бодсон байх­гүй гэдэгт итгэдэг.

-Танд иргэншлийн талаар янз бүрийн улс орноос санал ирсэн тухай яриа бас л хэвлэлээр гарсан. Ямар журмаар ирсэн юм бол?

-Хэд хэдэн санал ирсэн. Холбооны шугамаар. Холбоо зохих хариуг нь өгөөд явуулсан.  

-Ер нь танд өөр улсын иргэн болох хамгийн дээд хэмжээний боломжийг тавьбал яаж шийдэх вэ, өнөөдөр биш ч гэсэн хэзээ нэгэн цагт?

-Зөвшөөрөхгүй ээ /инээв/.

-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Гэртээ л байх дуртай. Бичлэг их үзнэ, барилдааны бичлэг. Сагс тоглоно. Нэг тиймэрхүү л байдалтай байна даа. Ер нь л би өмнө нь яаж амьдарч байсан яг л тэр хэмнэлээрээ амьдарч байгаа. Олимпийн аварга боллоо гээд зан чанарын хувьд өөрчлөгдөөд, гэнэт их мундаг хүн болж, дээгүүр “нисээд” байгаа юм алга. Хүнээрээ, өөрөөрөө л байх болно. Магадгүй өнөөдөр олон хүн “Н.Түвшинбаяр гэж хүн яаж өөрчлөгдөх бол” гэж сонирхдог байж болох юм. Хувь хүн, амьдралд хандах хандлагынхаа хувьд би үргэлж өнөөдрөөрөө л байх болно.

Б.БАДАМГАРАВ /2008.10.24/

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж