Төмөр замын асуудал чуулганы нээлтийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Төмөр замын асуудал чуулганы нээлтийг хүлээж байна

Нэг хэсэг олны анхаар­лыг татаж байсан төмөр замын асуудал сүүлийн үед нам жим болж, ямар нэгэн мэдээ­лэл гарахгүй байна. Гашуун сухайт руу нарийн төмөр зам татах уу, Сайншандад байгуулах аж үйлдвэрийн паркаар дамжуулан ерөнхий терминалтай холбох өргөн төмөр зам тавих уу гэсэн асуудал нэг хэсэг талцсан хэрүүл үүсгэж байв.
Эдүгээ хувийн хэвш­лийнхэнд төмөр зам байгуу­лахаар гурван зөвшөөрөл өгсний нэг нь “Энержи ресурс” компанид олгосон Тавантолгойн нүүрсний уур­хайгаас Гашуун сухай­таар дайруулан тавих на­рийн царигтай төмөр замын эрх юм. Үүнд тус компа­нийнхан 100 тэрбум төгрө­гийн хөрөнгө оруулалт хийж, энэ хавраас үндсэн ажлаа эхлүүлнэ гэж байсан ч стратегийн ач холбогдолтой ийм зөвшөөрлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэлгүйгээр Зас­гийн газар толгой мэдэн олгосон гэсэн шүүмлэл өрнөсөн. Ийнхүү “Энержи ресурс”-ийнхэнд ногоон гэрлээр нууцаар шахам зөвшөөрөл олгосон нь Мон­голын томоохон ком­паниу­дын эзэмшиж байсан Таван­­толгойн нүүрсний ордын 96 хувийг төр булаах шахам авсныхаа хариуг барьсан хэрэг ч гэдэг. Нө­гөө талаас ийн зөвшөөрөл олгосноор боловсруулаагүй шахам бүтээгдэхүүнээ ганц Хятад руу гаргаж тэднийг хараанд орж, цаагуураа үндэсний үйлдвэрлэл эдийн засгийн хөгжлийн боломжоо боомилж байгаа хэрэг гэдэг.  
Сайншандын аж үйлд­вэрийн паркийн ажлыг түр­гэвчлүүлэх, төмөр замын асуудлыг шийдэх талаар өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар асуу­дал оруулж ирсэн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чиглэл авах шаард­­­лагатай хэмээн хойш­­луулсан. Он гарсаар төмөр замын асуудлыг Зас­гийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюул­гүй байдлын зөвлөл, УИХ-ын байнгын хорооны хурал­даанд оруулна гэсэн ерөн­хий мэдээлэл гарч бай­сан юм. Чингэсээр Засгийн газрын хуралдаан болдог лхагва гариг бүрт төмөр замын асуудлыг хэлэлцэх гэнэ гэсэн яриа үүсч байсан ч, асуудал алхам ч урагш­лаагүй. Дуулиант асууд­лууд нэг хэсэг давал­гаалж байснаа элсэн доогуур шур­гах мэт хэсэг чимээгүй болчихдог “жам” ёсоор тө­мөр замын асуудал ч хэсэг анхаарлаас алдуурав.
Тэгвэл өдгөө ирэх долоо хоногоос төмөр замын асууд­­лыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэл­цэж магадгүй гэсэн яриа гарчээ. Гэхдээ энэ нь албан бус мэдээлэл. Ямар­таа ч ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар төмөр замын асуудлыг дахин гаргаж ирэх байх гэсэн хүлээлт хэдийнэ үүсээд байна. Чуулган эхлэхээс өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл асуудлыг яаравчлан хэлэл­цэнэ гэсэн яриа оргүй ч зүйл биш байж болох л юм.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж