
“Одоогийн байдал энэ оны тав, зургадугаар сарынхаас тэс ондоо байна” хэмээн Нью Йорк дахь “HSBC” байгууллагын үнэт металлын зах зээлийн шинжээч Жэймс Стийл хэлэв. Хэдийгээр хоёр Солонгосын асуудлын дараа зах зээл дэх алтны ханшид өөрчлөлт ороогүй ч ОХУ-ын зүгээс энэ явдлыг “асар том аюул” гэж мэдэгдэнгүүт арилжаа эрчимжсэн байна.
Европ дахь алтан зоос, гулдмай арилжаалагчдын мэдэгдсэнээр эрэлт огцом өссөн байгаа аж. “CoinInvestDirect” компанийн захирал Соня Хеллвиг арваннэгдүгээр сард алт, мөнгөн зоосны эрэлт ойролцоогоор 30 хувиар өссөн гэж хэлжээ.
Суурь металлын хувьд зэс 8265 ам.доллар болж, бага зэрэг өссөн бол хөнгөн цагаан дахин 2300 ам.доллараас буурч, тонн нь 2290 ам.доллар болов. Мөн цайрын үнэ 2100 ам.доллар болжээ.
Түүнчлэн хөрөнгийн биржүүд дээр хамгийн хөдөлгөөнтэй байсан хөвөнгийн арилжаа буурсан байна. Арваннэгдүгээр сарын эхээр 1.50 ам.доллар хүрч байсан хөвөнгийн ханш огцом буурч, паунд нь 1.11 ам.доллар болсон аж.