Цэцэрлэгийн хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмээр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмээр өрсөлдөв

Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасаг, Улаан загалмайн нийгэмлэг, Хүүхдийн төлөө хэлтэстэй хамтран Ногоон гэрэл, цагаан шугам тэмцээнийг зохион байгууллаа. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээн энэ жил цэцэрлэгийн бэлтгэл бүлгийхний дунд болж байгаагаараа онцлогтой болсон.

Тэмцээнд аймгийн төвийн долоон цэцэрлэгийн 70-аад хүүхэд оролцож авхаалжаа сорилоо. Мэндчилгээ, урлагийн тоглолт, дөрвөн замын уулзвараар зам нэвтрэх, буухиа, багийн ахлагч нарын машины марк нэрлэх, гэрийн даалгавар гэсэн төрлөөр явагдсан энэ тэмцээн  цэцэрлэгийн бэлтгэл бүлгийхний дунд анх удаа зохиогдож байна.  Хүүхдүүдийн хувцасны жигдрэлт, тэмцээний гүйцэтгэл, хөгжөөн дэмжигчдийг харахад энэ тэмцээн багагүй ач холбогдолтой болж байгаа нь мэдэгдэж байлаа.

 Өвлийн улирал эхэлж хальтиргаа гулгаа үүсэж, машин техник ихэссэн энэ үед иргэддээ замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, хүүхдүүдэд зам тээврийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, мөн замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоход нь мэдлэг олгох зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулдаг юм.

Тэмцээний I байрыг 26.46 оноогоор III цэцэрлэгийн “Бүжин” баг, II байранд 25.63 оноогоор II цэцэрлэгийн “Золбоо” баг, III  23.86 оноогоор IV цэцэрлэгийн “Жавхаа” баг, тусгай байранд 23.1 оноогоор VII цэцэрлэгийн “Зохицуулагч” баг шалгарч Ногоон гэрэл цагаан шугамтай хэрхэн зөв харьцдагаа харууллаа

Д.Ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж