
Энэ япончууд нийгмийн хөгжлөөрөө манай оронтой харьцуулвал талийж өгсөн улс. Харин улс төрийн соёлоороо бол манайхаас үнэхээр хоцрогдсон гэдэг нь харагдаж байна. Өчигдөрхөн Японы хууль зүйн сайд Минору Янагида “Хууль зүйн сайдын ажил их амархан. Ердөө хоёр дүрэм цээжлээд л болоо.” гэж хошигносныхоо төлөө ажлаа өгч танхимаа орхив. Зургаан сарын өмнө тус улсын Ерөнхий сайд Ю.Хатояма эрх барих найман сарынхаа хугацаанд амласан амлалтаа хэрэгжүүлж чадаагүй гээд үүрэгт ажлаа өгч байлаа. Энэ япончууд шударга зангаасаа болж онигоо болж байна аа, үнэндээ. Амласан амлалт, хэлсэн үгээсээ болоод огцроод байх юм. Тэгээд тэр нь сүртэй том зүйл бол хамаа алга. Гэтэл жижиг асуудлаас болоод л хийж байгаа ажлаа орхиод байх юм. Зүгээр л гүрийх хэрэгтэй шүү дээ. Манай улсын төрийн өндөр албан тушаалтнуудаас санаа авах хэрэгтэй. Хариуцлага алдах байтугай хэчнээн хүний амь амьдралыг үгүй хийсэн хүн УИХ-ын гишүүн гээд хадаатай байж л байна. Амласан амлалтаа хэрэгжүүлж чадаагүй хэрнээ ирэх сонгуульдаа бэлтгээд эхэлчихсэн эрхмүүд ч манай парламентаар дүүрэн байна. Гэтэл тэд нар яав. “Мулгуу” юм шиг огцроод байх юм. Яасан шударга улс вэ. Жаахан өөр байж болдоггүй юм байх даа. Манай томчууд амь зуулгаа боддог болохоос ард түмнээ боддоггүй юм. Гэтэл та нар үр хүүхэд, гэр бүл, хамаатан саднаа бодохгүй ард түмнээ бодоод байх юм. Яасан сонин хүмүүжил вэ. Гүрийж, гүрдийж, улайж, хар хүрэнтсэн ч суудалдаа сууж байх ухааныг эцэг эх нь зааж өгөөгүй л юм байх даа. Аягүй бол цэцэрлэгт байхдаа сандал, суудалдаа хэрхэн сайн сууж сурахыг заалгаагүй байх аа. Гудамжаар явахдаа ард түмний амьдрал руу биш хөх тэнгэрлүү ширтээстэй чигээрээ алхаж сурах шаардлагатай. Дараа нь өндөр албан тушаалд сууж сурна. Монголын улс төрчдөөс суралц. Япончууд аа.
Б.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин