Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Зохицуулагч

“Анод”,
“Зоос” банкийг дам­пуурахад “хувь нэмэр” оруулсан хүмүүсийг шалгах
ажиллагаа ой­рын үед хүчтэй явагдаж байна. Хэрэгт татагдсан хүмүүсийн
нэг нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан. Тэрбээр
сан­хүүгийн салбарт асуудал үүсээд байхад зохицуулах бус, зориудаар
үймүүлсэн хэмээн буруутгагдаж байгаа аж. Уг нь Д.Баярсайхан даргыг
зоригтой, зарчимч хүн гэж үнэлэх хүн олон. Дарга нь бусдын гарт амиа
алдсан Санхүүгийн зохицуулах хороо хэмээх эгзэгтэй байгууллагаас хүн бүр
эмээж байхад энэ залуу зориглон “барьж авсан”-ыг бүгд мэдэж байгаа.
Монгол ардын намын залуусаас гайгүй мэдлэгтэйд тооцогддог учраас тэр энэ
албыг авсан гэдэг. Өнгөрсөн хугацаанд хэл аманд их өртөж байсан ч
санхүүгийн томоохон хэрэгт яллагдагчаар татагдахдаа тулж байгаагүй
билээ. Гэсэн ч тэр “Анод” банк хуурамч IPO гаргах гэж байхад хяналт
тавиагүй гэдэг үндэслэлээр буруутгагдаж байна. Үнэхээр ч “Анод”-д
бол­сон үйл явцыг эргэн харахад Санхүүгийн зо­хицуулах хороо сайн
ажилласан бол дампуурахгүй байх боломж байсан юм шиг санагддаг. Ямартай ч
Д.Баярсайхан дарга зарим үед үүргээ умартдаг нэгэн бололтой. Яагаад
гэвэл тэрбээр арилжааны банкууд эрсдэлтэй байдалд орж, зориудаар
дампууруулах ажиллагааг тодорхой хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулж
байхад зохицуулах, хяналт тавих үүргээ умартжээ. Гэхдээ тэр огт зүгээр
суугаагүй юм шигээ. Үүсээд байгаа асуудлыг харахад ямар нэгэн юм
“зохицуулсан” байж таарах гээд байна. Гэхдээ түүнийг банкуудын
удирдлагатай хуйвалдаж, хуурамч баримт бичигт гарын үсэг зурсан уу, үгүй
юү гэдгийг зөвхөн хуулийнхан л тогтооно.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж