Европын холбооны ”Хууч өвчин” сэдэрлээ | News.MN

Европын холбооны ”Хууч өвчин” сэдэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Европын холбооны ”Хууч өвчин” сэдэрлээ

Ирландын Засгийн газар зээл авахаас өөр аргагүйд хүрэв. Хэ­дийгээр тус улсын бодлого боловсруулагчид төсвийн хөрөнгөө өөрсдийн хүчээр босгохыг хүсч байсан ч Европын холбооны Засгийн газраас ирсэн элдэв хүсэлт, шаардлагад хариулж чадаагүй юм. Хэдийгээр санхүүгийн тусламжийг албан ёсоор батлаж амжаагүй байгаа ч нэгэнт авах нь тодорхой болсон учраас үүнтэй холбоотойгоор евро­гийн ханш тогтворжиж эхэл­сэн билээ. Гэтэл хамтрагч, бүр тодруулбал Сангийн сайдынхаа дээрх алхамд шүүмжлэлтэй хандаж буйгаа Ирландын эвслийн Засгийн газрын гишүүн намын төлөөлөгчид илэрхийлсэн байна. Тус улсын Ногоон намын тэргүүн Жон Гормли нарын хүмүүс ирэх оны нэгдүгээр сард бүх нийтийн сонгууль зохион байгуулж, эрх баригчдын шийдвэрийн хэрэгжилтийг хойш­луулах хэрэгтэй хэмээн үзжээ. Ирландын улс төрийн нөхцөл байдал ийн тогтворгүй болсноор еврогийн ханш дахиад унав. Европын холбооны Засгийн газрын бүс нутгийн эдийн засгаа тогтворжуулах санаа нь мөрөөдөл болох янзтай. Ямартай ч дээрх мэдэгдэл гарс­ны дараа еврогийн ам.доллартай харь­цах ханш 1.5 хувиар унажээ. Ойрол­цоогоор нэг евро 1.36 ам.доллартай тэнцлээ. Евро бүсийн банкуудын хувьцаа унах зэргээр хөрөнгийн зах зээл ч мөн адил тогтворгүй болж эхэлсэн байна. “Lloyds”, “Royal Bank of Scotland”, “Santander” нарын хувьцааны ханш дөрвөн хувиар буурчээ. “Bank of Ireland”-ын хувьцаа өнгөрсөн баасан гарагийнхаас 19 хувиар унасан бол “Irish Bank”-ынх 3.9 хувиар багасчээ. Евро бүсийн тогтворгүй байдалтай зэрэгцээд АНУ-ын “Dow Jones” индекс 1.1 хувиар буурсан байна. Хөрөнгийн зах зээлийн гол тоглогчдын нэг “Голдман Сакс”-ын хувьцааны ханш дөрөв гаруй хувиар багаслаа.

Өнгөрсөн ням гарагт Ирландын Сангийн сайд Европын холбоо, Олон улсын валютын сан болон Их Британиас 90 тэрбум евро буюу 124 тэрбум ам.долларын зээл авахыг зөвшөөрсөн билээ. Үүнийгээ удахгүй батлах дөрвөн жилийн хугацаат төсөвтөө оруулах юм. Европын холбоо, Олон улсын валютын сангаас гадна Их Британий Засгийн газар Ирландад долоон тэрбум еврогийн зээл олгохоор болсон. Тус улсын Канцлер Жорж Осборн “BBC”-д өгсөн ярилцлагадаа энэ талаар онцолжээ. “Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Ирландын нөхцөл байдал одоо тун хүнд байна. Манай хоёр орны банк санхүү, эдийн засгийн тогтолцоо нэг нь нөгөөгөөсөө хамааралтай. Тиймээс тэдэнд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл өгөх нь зүйн хэрэг” гэжээ.

Ирландад олгох зээлийн ачаар тус улсын төсвийн алдагдал, дотоо­дын нийт бүтээгдэхүүний харьцаа 2014 он гэхэд гурван  хувь болж буур­на хэмээн найдаж буйгаа Ирлан­дын Сангийн сайд Брайн Ленихан мэдэгдсэн байна. Өнөөдөр тус улсын Засгийн газар дөрвөн жилийн хугацаатай төсвийн төслөө хэлэлцэнэ. Энэ үеэр төсвийн зардлаа 15 тэрбум еврогоор тооцох бололтой. Төсвийнхөө нэлээд хувийг банк, санхүүгийн тогтолцоог сэргээхэд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм. “Moody” хөрөнгө оруу­лал­тын газрын шинжээчдийн он­цолж байгаагаар тус улсын төв банк бодлогын хүү­гээ бууруулах ханд­­лагатай бай­гаа. Энэ нь Европын хол­­бооны зээл тусламжаас үл ха­маарах аж.

Ирландад сан­хүү­гийн тусламж үзүү­лэх болсонтой зэ­рэг­цээд Пор­ту­га­лийн бондын хүү өсчээ. Евро ам.дол­ларын эсрэг суларсан. Энэ та­лаар шин­жээчид он­цолж, “Хөрөнгө оруулагчид Ир­лан­дад өгөх гэж буй санхүүгийн тусламжийн найд­вартай байдалд эргэлзэж байна” гэсэн байна.

Евро бүсэд үүсээд буй тогтворгүй байдал нь үндсэндээ хоёр хэсэгтэй байна гэхэд буруудахгүй. Энэ оны эхээр Европ тивийг сандаргаад авсан Грекийн хувьд одоо банкны тогтолцоо нь нэлээд тогтворгүйжиж, ерөнхийдөө зах зээлээс гарах ханд­лагатай болсон. Ирландад мөн л банкны хямрал нүүрлэх гээд байна. Харин Португалийн “зовлон” тэд­нийхээс ялгаатай. Брюсселийн тө­лөөлөгчид энэ талаар уржигдар он­цол­жээ. Харин евро бүсийнхнийг сандаргаад байгаа бас нэг орон болох Испанийн хувьд Ирландын хямралтай тун төстэй юм. Нью-Йоркийн банкны ахлах шинжээч Саймон Деррик “Ерөнхийдөө бол хямрал нэгээс нөгөөд халдварлаж байна гэж дүгнэж болно. Европын эрх баригчид үүнд л хамгийн их санаа зовж байгаа. Тийм ч учраас ойрын хугацаанд учирч болох том эрсдэлээс сэргийлж, Ирландад сан­хүүгийн тусламж үзүүлэхээр яа­равчлаад байгаа хэрэг” гэжээ.

Португалийн хувьд тус улсын дотоод өр нь дотоодын нийт бү­тээгдэхүүнийх нь 240 хувьтай тэн­цэж байна. Төсвийн алдагдал 9.3 хувьд хүрсэн нь бүс нутагтаа тэр­гүүлэх үзүүлэлт болсон. Энэ бүх­нээс болж гадаад өр нь нэмэгдэх магадлалтай байна. Олон улсын хөрөнгө оруулагчид Португалийн эдийн засгийн тогтвортой байдалд итгэхээ больчихвол бондын хүү өсөх нь дамжиггүй. Европын “Citi”-ийн эдийн засагч Жаяда Жаяни “Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Португалийн банкуудыг олон улсын зах зээлээс гаргахаар оролдох  боллоо” гэжээ. Португалийн хувьд ийм байна. Харин Испанийн санхүүгийн тогтолцоонд үүсээд байгаа асуудал нь Ирландынхтай төстэй.

Португалийн Засгийн газраас гаргасан 10 жилийн хугацаатай бондын өгөөж долоон хувьтай байна. Ирландынх найм, Грекийнх 11 хувьтай байгаа юм. Евро бүсийн гол тоглогчид болох Их Британий бондын өгөөж 3.4, Германых 2.7 хувьтай байна. Португалийн Сангийн сайд Фернандо Тейксера до Сантос “Португалийн нөхцөл байдал Ирландын хямралаас шууд хамаарч байна. Ирландын санхүүгийн тогтолцоо, эдийн засаг тогтворжиж байж Португалийн бондын хүү буурна. Ирланд зээл авахаа боливол энэ нь Португальд шууд нөлөөлнө” хэмээн дүгнэжээ.  “TSB Corporate Bank”-ийн ахлах шинжээч Чарлез Дайбеьл “Хэдхэн долоо хоногийн дараа Евро бүсийн зах зээл хаашаа эргэх нь тодорхой болно. Европын холбооны хувьд Ирландад туслахаар болсон болохоор дараагийн ээлжинд Португалийн хямралтай тооцоо бодохоос өөр аргагүй” гэсэн байна. Португалийн Засгийн газар төсвөө танаж байгаа. Төсвийн ажилчдын цалинг таван хувиар бууруулж, НӨАТ-ыг 21-23 хувиар нэмэхээр болжээ. Тус улсын эдийн засгийн өсөлт энэ оны гуравдугаар улиралд ердөө 0.4 хувьтай гарсан байна. Ирэх онд өсөлт нь улам буурна гэх хүлээлт байгаа.

Ирландын дотоодын банкуудын мэдэлд тус улсын зах зээлд эргэлдэх мөнгөнөөс тав дахин их хөрөнгө төвлөрч байгаа. Харин Испани  улсын банкуудынх зах зээлийнхээсээ гурав дахин их юм. Энэ хоёр орны хувьд хоёулаа үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл хэт их газар авч байгаагаас гэнэт уналтад орох магадлалтай болжээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж