
Өнгөрсөн ням гарагт Ирландын Сангийн сайд Европын холбоо, Олон улсын валютын сан болон Их Британиас 90 тэрбум евро буюу 124 тэрбум ам.долларын зээл авахыг зөвшөөрсөн билээ. Үүнийгээ удахгүй батлах дөрвөн жилийн хугацаат төсөвтөө оруулах юм. Европын холбоо, Олон улсын валютын сангаас гадна Их Британий Засгийн газар Ирландад долоон тэрбум еврогийн зээл олгохоор болсон. Тус улсын Канцлер Жорж Осборн “BBC”-д өгсөн ярилцлагадаа энэ талаар онцолжээ. “Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Ирландын нөхцөл байдал одоо тун хүнд байна. Манай хоёр орны банк санхүү, эдийн засгийн тогтолцоо нэг нь нөгөөгөөсөө хамааралтай. Тиймээс тэдэнд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл өгөх нь зүйн хэрэг” гэжээ.
Ирландад олгох зээлийн ачаар тус улсын төсвийн алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 2014 он гэхэд гурван хувь болж буурна хэмээн найдаж буйгаа Ирландын Сангийн сайд Брайн Ленихан мэдэгдсэн байна. Өнөөдөр тус улсын Засгийн газар дөрвөн жилийн хугацаатай төсвийн төслөө хэлэлцэнэ. Энэ үеэр төсвийн зардлаа 15 тэрбум еврогоор тооцох бололтой. Төсвийнхөө нэлээд хувийг банк, санхүүгийн тогтолцоог сэргээхэд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм. “Moody” хөрөнгө оруулалтын газрын шинжээчдийн онцолж байгаагаар тус улсын төв банк бодлогын хүүгээ бууруулах хандлагатай байгаа. Энэ нь Европын холбооны зээл тусламжаас үл хамаарах аж.
Ирландад санхүүгийн тусламж үзүүлэх болсонтой зэрэгцээд Португалийн бондын хүү өсчээ. Евро ам.долларын эсрэг суларсан. Энэ талаар шинжээчид онцолж, “Хөрөнгө оруулагчид Ирландад өгөх гэж буй санхүүгийн тусламжийн найдвартай байдалд эргэлзэж байна” гэсэн байна.
Евро бүсэд үүсээд буй тогтворгүй байдал нь үндсэндээ хоёр хэсэгтэй байна гэхэд буруудахгүй. Энэ оны эхээр Европ тивийг сандаргаад авсан Грекийн хувьд одоо банкны тогтолцоо нь нэлээд тогтворгүйжиж, ерөнхийдөө зах зээлээс гарах хандлагатай болсон. Ирландад мөн л банкны хямрал нүүрлэх гээд байна. Харин Португалийн “зовлон” тэднийхээс ялгаатай. Брюсселийн төлөөлөгчид энэ талаар уржигдар онцолжээ. Харин евро бүсийнхнийг сандаргаад байгаа бас нэг орон болох Испанийн хувьд Ирландын хямралтай тун төстэй юм. Нью-Йоркийн банкны ахлах шинжээч Саймон Деррик “Ерөнхийдөө бол хямрал нэгээс нөгөөд халдварлаж байна гэж дүгнэж болно. Европын эрх баригчид үүнд л хамгийн их санаа зовж байгаа. Тийм ч учраас ойрын хугацаанд учирч болох том эрсдэлээс сэргийлж, Ирландад санхүүгийн тусламж үзүүлэхээр яаравчлаад байгаа хэрэг” гэжээ.
Португалийн хувьд тус улсын дотоод өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 240 хувьтай тэнцэж байна. Төсвийн алдагдал 9.3 хувьд хүрсэн нь бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт болсон. Энэ бүхнээс болж гадаад өр нь нэмэгдэх магадлалтай байна. Олон улсын хөрөнгө оруулагчид Португалийн эдийн засгийн тогтвортой байдалд итгэхээ больчихвол бондын хүү өсөх нь дамжиггүй. Европын “Citi”-ийн эдийн засагч Жаяда Жаяни “Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Португалийн банкуудыг олон улсын зах зээлээс гаргахаар оролдох боллоо” гэжээ. Португалийн хувьд ийм байна. Харин Испанийн санхүүгийн тогтолцоонд үүсээд байгаа асуудал нь Ирландынхтай төстэй.
Португалийн Засгийн газраас гаргасан 10 жилийн хугацаатай бондын өгөөж долоон хувьтай байна. Ирландынх найм, Грекийнх 11 хувьтай байгаа юм. Евро бүсийн гол тоглогчид болох Их Британий бондын өгөөж 3.4, Германых 2.7 хувьтай байна. Португалийн Сангийн сайд Фернандо Тейксера до Сантос “Португалийн нөхцөл байдал Ирландын хямралаас шууд хамаарч байна. Ирландын санхүүгийн тогтолцоо, эдийн засаг тогтворжиж байж Португалийн бондын хүү буурна. Ирланд зээл авахаа боливол энэ нь Португальд шууд нөлөөлнө” хэмээн дүгнэжээ. “TSB Corporate Bank”-ийн ахлах шинжээч Чарлез Дайбеьл “Хэдхэн долоо хоногийн дараа Евро бүсийн зах зээл хаашаа эргэх нь тодорхой болно. Европын холбооны хувьд Ирландад туслахаар болсон болохоор дараагийн ээлжинд Португалийн хямралтай тооцоо бодохоос өөр аргагүй” гэсэн байна. Португалийн Засгийн газар төсвөө танаж байгаа. Төсвийн ажилчдын цалинг таван хувиар бууруулж, НӨАТ-ыг 21-23 хувиар нэмэхээр болжээ. Тус улсын эдийн засгийн өсөлт энэ оны гуравдугаар улиралд ердөө 0.4 хувьтай гарсан байна. Ирэх онд өсөлт нь улам буурна гэх хүлээлт байгаа.
Ирландын дотоодын банкуудын мэдэлд тус улсын зах зээлд эргэлдэх мөнгөнөөс тав дахин их хөрөнгө төвлөрч байгаа. Харин Испани улсын банкуудынх зах зээлийнхээсээ гурав дахин их юм. Энэ хоёр орны хувьд хоёулаа үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл хэт их газар авч байгаагаас гэнэт уналтад орох магадлалтай болжээ.
Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин