Төвийн нутгаар болон нийслэлд өчигдөр 14 цагаас эхлэн цас орж, 17 цагаас цасан шуурга шуурч эхэлсэн. Ялангуяа нийслэлээс баруун тийш цас их орж, хүчтэй шуурах магадлалтай байсан учир Онцгой байдлын ерөнхий газар болон Замын цагдаагийн газрын удирдлага ярилцаад алс замд явах иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 22-ын товчооны замын хөдөлгөөнийг өчигдөр 19 цагаас эхлэн хаасан билээ. Түр хаасан хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй гэж 22-ын товчооны хөдөлгөөн зохицуулагч мэдэгдлээ. Шөнийн 02.00 цагаас шуурга намдсан бөгөөд зарим зам даваа хаагдсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн шуурхай ажиллаж замын цасыг цэвэрлэжээ. Нийслэл болон төвийн нутгаар цасан шуурга намдсан учир өнөөдөр өглөөний 08.00 цагт 22-ын товчооны хөдөлгөөнийг нээлээ.
Х.Хангал