
Төсвийг тэлэх бодлого баримталж, экспортоос олохоор тооцож буй орлогыг ард иргэдэд бэлэн мөнгөөр буцааж олгох нь эдийн засаг дахь цалин хөлс, үнийн дарамтыг өсгөж, төгрөгийн бодит ханш чангарна хэмээн таамаглаж байна. Үүнээс болж ирэх оны эцэст инфляци одоогийн түвшнээс дор хаяж 15 хувь нэмэгдэх аж. Харин төгрөгийн бодит ханшийн чангаралт нь уул уурхайн салбараас бусад олон улсын худалдаанд гарах боломжтой салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх тооцоо гарчээ. Тухайлбал хөдөө аж ахуй болон боловсруулах үйлдвэрүүд, тэдний бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд борлуулдаг бусад салбарууд эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд нэрвэгдэх дүр зураг гарчээ. Эдгээр салбар нь дотоодын түүхий эдийн үнэ өртөг нэмэгдэхэд эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх боломжгүй учир үйл ажиллагаа нь хумигдан тэр үед дэлхийд гарах гарцгүй болохыг мөн сануулж байна.
Үүнээс гадна Монгол Улсыг өмнө гаргасан хуулийнхаа эсрэг үйлдэл хийдэг нь энэ удаагийн Төсвийн тухай хуулийн төслийг хэрхэн боловсруулснаас харагдаж байгааг энэ үеэр онцолж байсан. Үүнийгээ ирэх жилийн төсвийн төсөл нь өнгөрсөн хавар батлагдсан Төсвийн Тогтвортой Байдлын тухай хуульд заасан макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг тогтоон барих зэрэг зарчмуудтай зөрчилдөж байгаагаар тайлбарлаж байлаа. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тодорхой бодлого, удирдлагын зарчмууд хангагдаж байх ёстой аж. Ирэх жилийн төсөв нь өнгөрсөн зун УИХ-аас баталсан Төсвийн дунд хугацааны мэдэгдэлтэй /ТДХМ / нийцсэн байх учиртай. Гэтэл 2011 оны төсвийн төсөл нь ТДХМ-д тусгасан удирдамжаас зөрсөн үзүүлэлттэй гарсныг хоёр шалтгаанаар тайлбарлав.
Нэгдүгээрт, 2011 онд төсвийн нийт алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьтай тэнцүү байхаар төлөвлөсөн нь ТДХМ-д төсвийн алдагдлын дээд хязгаар таван хувь байна гэж заасантай зөрчилдсөн. Энэ нь ОУВС-гийн төсвийн нийт тэнцэл 2010 онд 2.2 хувийн алдагдалтай гарна гэсэн урьдчилсан тооцооноос огцом муудсан үзүүлэлт болжээ. Мөн ирэх онд төсвийн алдагдал ийм өндөр түвшинд гарсан нь 2013 онд төсвийг хоёр хувийн алдагдалтай болгохын тулд 2012 онд огцом буулгах шаардлагыг бий болгох талтай. Гэсэн ч сонгуулийн жилд төсвийн зарлагыг огцом багасгана гэдэг худлаа учир ямар ч баримжаагүй төсөл болсон гэж шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Хоёрдугаарт, төсвийн төсөлд тусгасан орлого, зарлагын аль аль нь ТДХМ-ийн суурь хувилбарт заасан үзүүлэлтүүдээс хамаагүй өндөр гарчээ. Төсвийн төсөлд зарлагыг ДНБ-ий 50.5 хувьд хүргэсэн нь ТДХМ-ийн 40.4 хувиас үлэмж өндөр үзүүлэлт болсон бол орлогыг тооцохдоо нэмүү өртгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, онцгой албан татвар, нөөц ашигласны төлбөр зэрэг татварын орлогыг өндрөөр төсөвлөсөн нь орлогыг хиймлээр өсгөсөн гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин
galzuu 2010-11-24 202.170.82.45
наад хэдэн улс төрч чинь өөрсөддөө мөнгө унагаах гэж л төсвийг ийм ихээр нь төсөвлөж оруулж ирж байгаан
www.terguun.net 2010-11-24 203.169.52.35
Шинээр секс сайт мэндэллээ