Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Идэж буй талх, ууж буй ус, дэлгүүрийн лангуун дээрч байгаа жим­­сэн дээр гэдэсний халдварт өвч­ний нян байдаг хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд анхааруулах нь бий. Сүүлийн үед нийслэлд төдийгүй, хө­дөө орон нутагт халдварт шар өвч­нөөр өвчилсөн хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Уг өвчнөөр өвч­лөгс­дийн тоо одоогийн байдлаар өмнөх онуудынхаас илүү байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Гэтэл сүүлийн томуугийн А хүрээний Н3N2 вирусийн өвчлөл гарсан мэдээ ол­ныг сэрдхийлгэв. Өнгөрөгч онд манай улсад томуугийн цар тахал А хүрээний Н1N1 вирусийн өвчлөл гар­сан. Улмаар уг өвчнөөр 1200 гаруй хүн өвчилж, 30 орчим хүн амь насаа алдсан билээ. Тиймээс олон хүн H3N2 томуугийн вирус нь хэр хор хөнөөлтэй өвчин бэ гэдэг дээр санаа нь зовниж байгаа. ХӨСҮТ-ийн эмчээс мэргэжилтнүүдтэй уулзаж гэдэсний халдварт өвчний тархалт хэр байгаа, түүнээс хэрхэн сэргийлэх талаар тодруулсан юм. 

Томуугийн H3N2 вирус нь манай улсад илэрдэг улирлын томуугийн нэг хэлбэр бөгөөд өмнө нь илэрч байсан аж. ХӨСҮТ-өөс халдварт өвчний тандалт авдаг эмнэлгүүдээсээ томуугийн сорьц авсан бөгөөд нийт 159 сорьц шинжилснээс 19-өөс нь томуу­гийн H3N2 вирус илэрснийг саяхан танилцуулсан билээ. Уг вирус нь цар тахал буюу хүний амь нас авч одсон тэрхүү томуугийн вирусээс өөр, хор хөнөөл багатай тул санаа зовох зүйл байхгүй хэмээн тус төвийн эмч, мэргэжилтнүүд хэлсэн юм. Ма­най улсад өмнө нь томуу, томуу төст өвчний нарийн шинжилгээг нэг их хийдэг­гүй байжээ. Бүр шинжилгээ хийгээд ч H1N1 үү, H3N2  уу гэдгийг ялгаж чаддагүй байсан байна. Харин өнгөрсөн онд гарсан томуугийн өвч­лө­лөөс хойш энэ төрлийн өвчний сорьцыг тогтмол авах болсноос гадна тоног төхөөрөмжийг нэмэгдүүлсэн аж. ХӨСҮТ-ийн хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нь  “Томуу­гийн цар тахлын вирусийн өвчлөл тархсанаас хойш томуугийн ямар хэлбэрийнх вэ гэдгийг нарийн судалж, танилцуулдаг болсон нь иргэдийн дунд өмнө нь сонсоогүй нэр томъёо төдийгүй цар тахлын хэмжээнд хүлээн авах хандлага ажиглагдаж байна” хэмээв. Ханиад­ны төрлийн уг вирус туссан хүнд халуурах, хоолой өвдөх, ханиал­гах, толгой өвдөх, булчин өвдөх, ха­мар, ам улайх зэрэг нийтлэг гардаг шинж тэмдэг илэрдэг. Мөн зарим тохиолдолд гүйлгэдэг бөгөөд тийм ч их хүндэрч, амь насанд аюул учруулдаггүй юм байна. Хамгийн гол нь томуу тусвал тухайн хүн гэ­рээс гарахгүй, хэвтрийн дэглэм сахих хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.  Харин эхэн үед нь эмчлэхгүй бол уушгинд хатгаа үүсгэх, ужиг өвч­нийг сэдрээх зэргээр хүндрэх аюултай гэлээ. Өвчин хэвтрийн дэг­лэж сахиад, халуун аарц буцалгаж уун даарахгүй байвал хоёр хоногийн дотор эмгүйгээр эдгэрэх боломжтой ажээ.
Халдварт өвчин судлалын үндэс-   ­ний төвийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасангаас зарим асуултад хариулт авлаа.

-Одоогийн байдлаар энэ өвчнөөр хэдэн хүн өвчилсөн байна вэ?

-Энэ оны арваннэгдүгээр сарын 1-14-ний хооронд уг өвчнөөр 20 хүн өвчилсөн хэмээн бүртгэгдсэн байгаа. Дорноговь, Өвөрхангай аймгаас бо­лон Улаанбаатар хотоос өвчний тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ үү­нийг дэгдэлтийн хэмжээнд хүрсэн хэмээн үзэхэд учир дутагдалтай. Бид долоо хоног бүр аймаг, дүүргийн амбулаториудаас дээж авч, тандалтын шин­жил­гээ хийгээд мэдээг гаргадаг.  H3N2 бол улирлын томуу. Гэхдээ 2008 оноос хойш гарч байгаагүй болохоор хүмүүсийн дархлал бага зэрэг суларсан учраас олон хүн өвчилж болзошгүй. Өвчлөл нэмэг­дэх хандлагатай байгаа.

-Сэргийлэх арга хэмжээ авч байгаа юу?

-Вирусийн антигенийг агуулсан вакциныг захиалсан. Уг өвчнөөр өвчлөөд манай төвд хэвтэн эмч­лүүлж байгаа хүн одоогоор байхгүй. Дүүргүүдийн эрүүл мэн­дийн нэгдэл дээр хүмүүс хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээ ирүүлсэн. Уг өвчнөөр өвч­лөөд, хүндэрсэн тохиол­долд эмчийн зааврын дагуу эмчилгээ хийл­гэх хэрэгтэйг анхааруулъя. Одоо­хон­доо дэгдэлтийн хэмжээнд хүрээгүй байгаа ч эрүүл мэндийн байгуул­лагууд дор бүрнээ бэлтгэлээ хангаж ажиллах хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны тасгийн эрхлэгч Г.Цэрэндолгор:

-Халдварт шар өвчнөөр цэцэрлэг, сургуулийн бага насныхан их өв­чилж байгаа. Манай төвд өчигдөр /уржигдар/ 20 хүн хандсан. Улсын хэмжээнд нэг настай хүүхдүүдийг шар өвчний вакцинжуулалтад хам­руулж байна. Нийт 16 мянган 500 тун вакциныг хийнэ. Дэлхийн эрүүл мэн­дийн байгууллагаас ес хүртэл насны хүүхдүүдэд вакцин хийх асуудлыг ярьж байгаа. Өнгөрсөн онд шар өвч­нөөр өвчлөх нь харьцангуй гайгүй байсан. Энэ нь томуугийн H1N1 виру­сийн тархалт нэмэгдэж, хүмүүс түүнээс сэргийлж ариун, цэвэр сайн сахиж байсантай холбоотой.

Ундны, цэвэр усны хангамж, сургууль, цэцэрлэгийн бие засах өрөөний хүрэлцээ, гэр хорооллын ундны усны ариутгал, хог хаягдал, бохир ус зэрэг олон шалтгааны улмаас гэдэсний халдварт өвчин гарч байгаа. Ундны уснаас дээж аван шинжилгээ хийхэд талаас илүү хувьд нь гэдэсний ямар нэг эмгэг төрүүлэгч буюу хүний ялгадас илэрдэг хэмээн ХӨСҮТ-ийн эмч нар хэлсэн юм. Улсын хэмжээнд гарч байгаа халдварт өвчний 60 орчим хувь нь нийслэлээс илэрч байгаа ажээ. Одоогийн байдлаар Хан-Уулаас бусад дүүрэгт шар өвчин гарчээ. Улсын хэмжээнд гарч буй халдварт өвчний тохиолдлын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод илэрсэн юм байна. Харин аймагт гарч байгаа өвчний 80 орчим хувь нь аймгийн төвд гарсан гэсэн мэдээ бий. Нийт өвчлөгсдийн дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байгаа. Манай улсад сургууль, цэцэрлэг хүртээмжгүйн улмаас 20 хүүхэд сурах ёстой ангид 30 хүүхэд сурч, 25 хүүхэд орох ёстой бие засах газарт хэдэн зуун хүүхэд орж байгаа нь бидний хувьд дасал болсон. Тэгэхээр халдварт өвчнийг бууруулах нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны хийх зүйл биш гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. ХӨСҮТ-ийн эмч нар ч халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа шалтгааныг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс биш нийслэл, аймгийн удирдлагууд, бодлого боловруулагчдаас, яамдын сайд нараас асуух хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж