Г.Өсөхбаяр: Хүүгээ тий­шээ явуулж байгаа эхийн сэт­гэлд юу бодогдох билээ | News.MN

Г.Өсөхбаяр: Хүүгээ тий­шээ явуулж байгаа эхийн сэт­гэлд юу бодогдох билээ

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр: Хүүгээ тий­шээ явуулж байгаа эхийн сэт­гэлд юу бодогдох билээ

Эверестийн Өсөхөө. Г.Өсөхбаярыг ихэнх хүмүүс ингэж дууддаг. Гурван жилийн өмнөх зун бол Өсөхөө Монголд жинхэнэ “од” болж байлаа. Эргээд бодоход эх орныхоо өмнө тийм том гавьяа байгуулсан баатрыгаа бид жаахан мартагнах янзтай. Үнэндээ бол Монгол хүн сансарт ниссэн 1981 оны түүхэн үйл явдлаас хойш буюу монголчууд олимпийн алтан медаль хүртсэн дуулиант өдрүүдийг хүртэлх хугацаанд тохиосон үгээр илэрхийлэхэд хэцүү, үнэ цэнэтэй ялалт бол Г.Өсөхбаярынх байсан. Дэлхийн зургаан тэрбум хүний хүсэл мөрөөдөл болсон Эверестийн ертөнцөд түүнтэй хамт эргэн аялахыг уншигчдаасаа хүсье.       

-Миний өмнө уулзахыг хүсч байсан баатар маань сууж байна. Таны найзуудыг сайн таньдаг ч өөртэй чинь уулзаж, ярилцаж амжихгүй тойроод л яваад бай­лаа. Товчхондоо бол дэлхийн зулайд мөрөө үлдээж чадсан эр зоригийн дууль болсон хүнтэй ярилцах гэж байгаадаа баяртай байна?

-Арай л аймаар хэлж байх шиг байна /инээв/. Надтай уулзах тийм хэцүү байгаагүй биз дээ. Би ойрдоо суурин байгаа.

-Үгүй л дээ. Харин ч амархан байлаа. Гэхдээ ярих сэдэв маань жаахан хэцүү санагдаад. Таны адал явдалтай аялал, ави­ралтын зах зухаас сонсоод айсан гэх үү дээ?

-Уулнаас уу?

-Уулнаас… Мөсөн хучлага, цасан шуурга, шуудхан хэлэхэд амь насаараа дэнчин тавиад явсан тэр өдрүүдээс?

-Эверест… Аймаар, гэхдээ айж бо­лохгүй. Эверестээс ирснийхээ дараа би энэ тухай зөндөө л ярьсан. Бас цуврал нэвтрүүлэг хийсэн.

-Уншсан. Нэвтрүүлгийг ч бас үзсэн. Гэхдээ та дотны хүмүүс­тээ ярьсан тэр аймаар үзэгдэл, камерын хальсанд буугаагүй хүнд мөчүүдийн тухай нийтэд бол яриагүй?

-Тэр ч бас үнэний ортой байх аа. Мэдээж камераар зураг авахад цаг агаар хамгийн сайхан байгаа, хамгийн осол, авааргүй байж бо­лох газруудыг сонгож авна л даа. Эгц хадны өөдөө өөрийгөө яая гэж зүтгэж байж зураг авна гэж байхгүй. Ууланд авирахаас гадна зураг авах, бичлэг хийх маш их сонир­холтой болсон. Эверестээс ирээд зургаан цуврал нэвтрүүлэг хийж байсан даа. Яг тэрэн шиг Мак­кен­лигийн авиралтаараа хоёр цуврал нэвтрүүлэг хийж байгаа. Мон­таж­лаад бараг дуусч байна.

-Та энэ жил Маккенлид гар­сан. Хойд Америкийн ноён оргил. Бас л та энэ оргилд гарсан анх­ны Монгол хүн болсон. Одоо гэтэл Дэлхийн хойд туйл руу явах гэж байгаа гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Эверестээс ирснийхээ дараа найзуудтайгаа нийлж, “Уулын хө­төч­дийн холбоо” гэж байгуулсан даа. Тэр холбоог яах гэж байгуул­сан бэ гэхээр ерөөсөө л Монгол хүн хүрээгүй, Монголын төрийн дал­баа мандаагүй газар очьё гэж бодсон юм. Түүхэнд үлдэх авиралт, аялал хийе гэсэн том санаатай л даа. Эхнээсээ бидний ажил явж л байна. Маккенлид гарлаа. Заавал Г.Өсөх­баяр биш, тийм ээ. Мэдээж өөр хүн тэр түүхэн авиралтуудын эзэн байж болно. Тэр ажилд маань Арктик явах төлөвлөгөө байгаа юм. Ер нь бол багаа бүрдүүлчихсэн.

-Арктикт очих нь таны мө­рөөдөл үү?

-Хүн бүхний мөрөөдөл байдаг байлгүй дээ. Мөрөөдөл гэхээсээ илүү нэг юм байна.

-Юу?

-Улсын л нэг хэмжүүр юм уу даа. Нэгдүгээрт, тэр улсаас сан­сарт хүн ниссэн байх ёстой. Дараа нь, Эверест, Өмнөд, Хойд туйлд тэр улсын иргэн очсон байх ёстой гэсэн хэдэн шаардлага байна л даа. Манайд л даруухан ярьдаг боло­хоос массыг хамарсан их том мө­рөө­­дөл. Манай монголчууд сан­сарт ниссэн үү, ниссэн. Антарк­тидад очсон уу, очсон. Эверестэд гарсан уу, гарсан. Одоо хойд туйлд очих дутуу байна аа даа. Тэгэхээр тэнд Монгол Улсын далбааг аваа­чих ёстой биз дээ.

-Монголын далбааг ман­дуу­лах нь л таны хамгийн чухал зорилго уу?

-Мэдээж. Тэрний төлөө л явна. Эндээс нэг хөдөлчихсөн байхад Монголын далбаа тэнд мандах байлгүй дээ.

-Дахиад л амь өрссөн нэг ёсны тулаан. Та Эверестэд, бас Маккенлид Монголын далбааг мандуулсан. Одоо боллоо, амьд­рал ахуйгаа төвхнүүлье, суурин байя гэж боддоггүй гэж үү?

-Залуу байгаа дээрээ явж л байя гэж бодох юм байна шүү дээ. Хэд хүртлээ ч гэмээр юм бэ дээ, ямар ч байсан хэсэгтээ л явна. Энэ удаа­гийнх авиралт биш аялал. Гэхдээ дэлхийн хамгийн хүнд аяллын нэг. Мэдээж аюултай. Тэр том мөсөн хучлаганы дор асар өндөр даралттай ус байгаа. Тэрэн дээ­гүүр явна. Байнгын хөдөлгөөнтэй байдаг тэр ус хэзээ мөсөө хагалаад гараад ирэхийг би мэдэхгүй шүү дээ. Мөс хагарна, цуурна. Өнөө даралттай ус руу унаад өгөхийг хэн ч байг гэхгүй.

-Эверестийн оройд гарчихсан хүний санаанд юм юм л багтах уу, үгүй юу?

-Уул бол уул. Эрсдэл бол эрс­дэл шүү дээ.

-Тэгээд та яагаад заавал эрсдэлтэй, амь насаа байгалийн хүчин зүйлд даатгачихдаг энэ спортод дурладаг юм бэ?

-Миний туйлын зорилго, сонир­хол. Юу гэмээр юм бэ дээ, хар тамхи татсан хүн тэрийг татахаа болиход хэцүү гэдэг биз дээ. Тэрэн шиг, уулын спортод нэг орсон хүн гара­хад хэцүү. Улам л дээшээ авирах гээд, илүү амь өрссөн дайралт хийх гээд байдаг болчихдог. Ер нь нэг ийм зүйл анзаарагддаг. Ууланд авирсан хүнд бусад зүйл амархан санагддаг. Бусад спортыг муу хэлж байгаа юм биш л дээ. Энгийнээр ойлгуулахад зарим спорт амтгүй хоол шиг санагддаг. Спорт бол өрсөлдөөн, тулаан биз дээ.

-Уулчдыг өрсөлдөгчгүй гэж ярьдаг?

-Муугаар хэлэхэд үхэлтэй өр­сөл­дөнө. Зорилгодоо хүрэхийн тулд, үхэхгүйн төлөө үхэн үхтлээ тэмцэнэ.

-Ер нь бол уулын спорт гэж ярих ёстой ч юм уу, бүү мэд. Спорт гэхэд дэндүү их эрсдэл­тэй?

-Хөгжлийнхөө хувьд бол спорт л доо. Гэхдээ үнэндээ бол хүн, байгаль хоёрын тэмцэл.   

-Та тэр тэмцэлтэй байнга нүүр тулдаг?

-Тийм л дээ. Гэхдээ уулын спорт хэ­цүү, хэцүү л гээд байдаг. Сайхан зүйл зөндөө байдаг. Би энэ тухай хү­мүүст бүр хэлье гэж бодоод бай­даг юм. Мэдээж ууланд авирах хүнд, эргэж амьд мэнд ирэх батал­гаа байхгүй, амь дүйсэн хэцүү. Гэх­дээ байна аа, уул бол аймшиг биш. Далайн төвшнөөс 3-5 мянган мет­рийн өндөрт хэн ч осолгүй авирч болно. Та ч болно. Ямар гоё мэд­рэмж авна гээч. Та хоёр хө­лөөрөө үүлнээс дээш гар­на. Өөрий­­­гөө ялж байгаагаа мэ­дэр­­нэ. Тэр дор, таны хөл дор үүл хара­гдана. Аймаар гоё зорилготой болно.

-Би нэг удаа Асралт хайр­ханд гарч үзсэн. Тэр мэдрэм­жийг жаахан ч гэсэн авч үзсэн юм байна?

-Сайн байна. Үүлнээс дээр га­раад явчихаж байгаа биз дээ. Ер нь, нэг үеэ бодвол уулын спортыг ма­­найхан маш их сонирхдог бол­сон. Эверестэд гарснаас хойш. Одоо надад маш олон хүн “Өсөхөө ууланд авирах гэсэн юм, хамт яваад өгөөч. Уулын спортоор хи­чээл­­лэх гэсэн юм, заагаад өгөөч” гэж ханддаг. Санхүүгийн асуудал дээр ч тэр. Анх бол гайхдаг байлаа шүү дээ, авиралт хийх гээд мөнгө, төгрөг, зардал сураглахаар?

-Эверестэд явахаас өмнө үү?

-Тийм. Чи ийм их мөнгийг тэр ууланд очих гэж үрдэг тэнэг юм уу гэдэг байлаа. Монголын уулын спортод үнэхээр үнэтэй хувь нэмэр оруулсан нэг байгууллагад би чин сэтгэлээсээ баярлаж явдаг юм. Үнэхээр тэр хүмүүст мөргөж явдаг. Биднийг Эверестэд гарах гэсэн юм гээд баргийн хүн итгэхээргүй юм яриад очиход эрсдэл гарган байж, хамгийн түрүүн дэмжсэн газар бол “Чингис хаан” банкныхан. Ээ дээ, анх явах гэж байсан үеэ бодохоор ч одоо юм юм л бодогддог шүү.

-Гэнэт л нэг өдөр найзуудын яриан дундаас гараад ирэх шийд­вэр байдаг. Эсвэл эртнээс тө­лөвлөсөн зүйл ажил хэрэг бол­дог. Эверест явах санаа яаж төрсөн юм бэ?

-Ер нь бол багын мөрөөдөл. 1998 он гэхээр чинь одоогоос 10 жилийн өмнө манайд нэг хүн Эверестийн зурагтай плакат ав­чирч өгсөн юм. Тэгээд би хаанаас ч билээ нэг төрийн далбаа олоод тэрийгээ яг орой дээр нь наачихгүй юу. Яг орой дээр нь. Орж, гарсан хүн “Энэ юун зураг вэ, Монголын далбаа байгаа юм уу” энэ тэр гээд гайхна. Аав болохоор “Манай хүү гарах юм гэсэн” гэж намайг явуул­даг байлаа. Үнэхээр тэр үеэс л би заавал тэр зурган дээр харагдаж байгаа оройд гарч, төрийнхөө далбааг мандуулна л гэж боддог байсан. Зургаа хараад л суугаад байдаг байлаа. Тэгж байтал, 2000 оны эхээр интернет хөгжөөд юм сайхан болж эхэлсэн. Судалж эхэлсэн дээ, тэр үеэс. Эверестэд аялуулдаг компаниудтай интерне­тээр харьцаж үзлээ. Тэд орчим төгрөг хэрэгтэй юм байна гэсэн баримжаатай боллоо. Кинонуудыг нь татаж авч, үзлээ. Бааз лагерь нь хаана, хэдэн метрт байдаг гээд ер нь бүх мэдээллээ авчихлаа шүү. Тэгээд л нөгөө хоёртойгоо уулзаад, “Чингис хаан”-ынхантай уулзаад явахаар яг таг шийдсэн. Явтлаа их юм болсоон. Бэлтгэл ажил гэж. Үнэндээ нарийн ширийн зүйл юу ч мэдэхгүй байгаа юм чинь. Тухайн үед Монголд 8000 метрээс дээш гарсан уулчин байхгүй байлаа. Зөвлөгөө өгчих хүн ховор. Бид гурав зөвхөн ном, зураг хоёроос л бүх мэдээллээ авч, үндсэн төлөв­лө­гөөгөө гаргаж байсан. 8000 метрийн өндөрт ямар хувцас өм­сөхөө ч мэдэхгүй. Хүчилтөрөгчийн баллон гэж юу байдгийг ч хараагүй. Тэрийг хэрэглэж үзсэн хүн байхгүй. Ямар ч юм байдаг юм, чөтгөр бүү мэд. Очиж байгаад л амьсгалж үзнэ дээ гээд л явсан. Ер нь муухай зоригтой явсан даа.

-Монголоос гараад явахад ч янз бүрийн л юм бодогдоно биз?

-Эхлээд гайгүй байгаа юм аа, бас. Зуучилж байгаа компани дээ­рээ явсаар байгаад очлоо. Тэнд төлбөрөө төлчихөөд л цаашаа Эверестийн бараа харагдтал догь явна л даа. Төлбөр гэснээс, нөгөө Непалийн компанийнхантайгаа уулзахад төлбөрөөс 500 ам.дол­лар дутуу байсан юм аа. Тэр чинь харин жинхэнэ асуудал шүү дээ. Амралтын өдөр таараад Мон­голоос шилжүүлэх байсан мөнгө ирдэггүй. Нөгөө компани чинь мөнгө дутуу гээд зөвшөөрлөө өг­дөг­­гүй. Эртхэн газар дөхөж агаар, орчиндоо дасмаар байдаг. Тэгсэн ёстой нэг доллар ч дутуу байсан цааш нь алхуулахгүй дээ. Бид нар бараг дөрөв, тав хоносон. 73 мянган ам.доллар өгөх байсны 72500-г нь тушаачихаад байгаа байхгүй юу. Яаж ч гуйгаад нэмэргүй шүү дээ. Тэгээд дараа нь учрыг нь олсон л доо. Дээшээ гарч байгаа хүмүүс эргэж ирэх, үгүй нь тодор­хойгүй учир уулын компаниуд заавал эцсийн байдлаар тооцоо­гоо хийж байж явуулдгийг бид гурав сайн мэдэхгүй, эргэж ирээд өгчихөж болохгүй юу гэх маягийн юм ярьж байсан юм билээ /инээв/. Нээрэн л эргэж ирэхгүй бол хэн тэр мөнгийг төлөх вэ.

Мөнгөө төлж дуусчихаад цаа­шаа учир зүггүй л яарлаа. Эверест харагдаж эхэлнэ. Энэ зүрх, сэтгэл дотор чинь юу болно гэж санана. Хамаг юм оргилж, гарчих гээд хачин аймаар, хачин сайхан сэтгэг­дэл төрнө. Анх Эверестийг хараад бүр хэлэх үг олдохгүй дээ. Дүнхий­сэн л хар юм…Ээ бурхан минь, ямар юм нь энэ том уулыг энд авчираад тавьчихдаг байна аа гэж өөрийн эрхгүй уулга алдана.

-Эверест рүү дөхөх тусам сайхан л байсан байх, гэхдээ л аймаар үзэгдлүүд зэрэгцэнэ. Таны ярьсан эргэж амьд ирж чадаагүй уулчдын цогцсыг нү­дээр харна?

-Хамгийн доод талын бааз руу дө­хөөд ирсэн чинь цаашаа Эве­рест рүү явах ямар ч зам байхгүй бол­чихлоо. Тукад хэллээ, “Тука энэ зураг чинь шал худлаа юм байна ш дээ” гээд л асуудал эхнээсээ босч бай­гаа юм даа. Ямар ч байсан Эве­рест төсөөлж байснаас огт өөр ер­төнц байсныг зах зухаас нь мэ­дэж эхэлсэн. Замаа олоод цаа­шаа явсаар бааз дээрээ дөнгөж очсон өдөр “Зургаан хүн хажуугийн уул­наас нисээд өнгөрчихлөө” гэж хү­мүүс ярьж байна. Эвгүйцэж л бай­гаа юм чинь. Бид гурав “Ум мани бадми хум” гээд сүү энэ тэр өргөөд л, монгол хүн болсон юм хойно жаахан ёс үйлдлээ. Уг нь бол нам, лам хоёр­тоо тааруу улсууд ш дээ, дандаа. Тэрнээс цааш харин тоо­хоо байж эхэлсэн дээ. Хүмүүс нас бар­­сан байна л гэнэ, уулнаас нис­лээ л гэнэ…Энгийнээр хэлэхэд ба­раг дөжирчихөж байгаа юм уу даа.

-Аймаар юм. Тийм харамс­маар зүйлийг нүдээр харчихаад цаа­­шаа хөл, гар хөдөлж алхана гэ­дэг бол төсөөлөхөд ч бэрх юм?

-Зориглоод явахаас өөр арга­гүй. Анх бааз лагерьт очоогүй байхад гадаадынхан том том чарга, тэргээр дүүрэн ачаатай явж байгааг хараад атаархдаг байлаа. Аймаар баян юм аа, дотор нь гоё гоё багаж, хувцас, хоол, хүнс бай­гаа байх даа гэж боддог бай­сан. Тэг­сэн сүүлд мэдсэн чинь, бурхан минь өөд болсон хүмүүсийг уулын хөн­жилд нь ороогоод тэр чарга­нуу­дад ачаад явдаг байсан юм би­лээ. Онгоцоор нутаг руу нь явуул­даг.

-Та 8000 метрээс цаашаа ган­цаараа явсан. Тэр хүртэл ачаагаа зөөж, хэд хоног явсан бэ?

-Дөчин хэд билээ дээ…Гол нь агаарт дасахын хажуугаар ачаагаа зөөж, дээш, доошоо хэдэн ч кило­метр явсан юм, бүү мэд. 8000 мет­рээс эцсийн дайралт хийхийн тулд тэнд эцсийн байдлаар бүх ачаа, бараагаа хүргэсэн байх ёстой.

-Уучлаарай, надад энэ үг эв­гүй сонсогдсон. 7500 метрээс дээшхийг “Үхлийн бүс” гэж нэр­лэдэг нь?

-Тэгдэг л дээ. Жинхэнэ шалгана шүү дээ.

-Шувуу байх уу?

-Байхгүй ээ, тэр чинь бүр дор, 5000 дээрх амьдрал /инээв/. 7500 гэ­­дэг бол хүн амьдрах орчин биш л дээ. Манай нэг уулчин найз ярьж бай­­сан юм. Хэрвээ Эверест дахиад хоёр метр л өндөр байсан бол хүн тө­­рөлхтөн очиж чадахгүй байсан байх. Хүн төрөлхтөнд хүч чадал, тэс­­вэр тэвчээрийн ямар л хэмжээ бай­­даг юм тэр нь Эверестийн оройд гарахад дуусдаг гэж. Хүнээс га­­рах хүчний дээд хязгаар гэх юм уу даа. Өсөхөөгөөс гэж ойлгож бо­лох­­гүй шүү дээ. Хэн ч бай хамаа­гүй хүнээс л гарах тэвчээр, хүчний туйл. Үнэхээр би тэрэнд итгэсэн. Эве­­рест жаахан л өндөр байсан бол нэг ч хүн тэнд хүрэхгүй байх аа.

-Тэр хоёр /Түүнтэй хамт Эве­рестийг зорьсон Д.Баярням, Р.Тул­­­га нарыг хэлэв/ 8000 мет­рийн өндөрт үлдэж, та цаашаа явах шийдвэр гаргасан үеийг эргээд ярьж болох уу. Хэн хэн нь эргэж уулзахгүй ч байж болох, тийм гэж үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжтэйгээр, асар өндөр уулын орой дээр гар бариад хоёр тийшээ салсан үеийн бодлоо?

-Тэр үе үү…Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Ямар ч бай­сан эргээд уулзана л гэж бодож байсан. Хүн бүр л дотроо нэг юм бодсон байх. Бид гурав яг тэр үед юу бодсоноо одоо ч нэг нэгэндээ хэлээгүй ш дээ. Тэр хоёрыг хэлсний дараа л хэлнэ дээ. Аймаар хэцүү байсныг л санаж байна. За, би ч яахав. Өөрийнхөө алхаж, гишгэж байгааг мэдээд явж байна. Гэтэл нөгөө хоёрынхоо яаж явааг харах­гүй байна гэдэг хэцүү санагдаж байсан /санаа алдав/.

-Орой дээр хэдэн минут бол­сон бэ?

-30-аад минут. Би өндрийн хөтчөө орхиод явчихгүй юу. Бас л турш­лагагүйтэж байгаа юм л даа. Тэ­гээд өндөр дээр гарсан зургаа авахуулж, бичлэг хийлгэхийн тулд нөгөөдхөө нэлээд удаан хүлээсэн. Гай нь таарсан бол тэр 30 минутын хугацаанд хөлдөөд үхчихэж болно гэдгийг тооцоолоогүй л байсан.

-Тэнд хамт шахуу гарсан га­даа­дын уулчид байсан шүү дээ. Тэд нараар зургаа авхуулах боломж байхгүй юу?

-Юу, тэд нар чинь өөрсдийгөө яая гэж байгаа хүмүүс тэгж хүний зураг аваад зогсч байна гэж байх­гүй л дээ. Амь, амиа л бодно. Ёстой тийм юм байхгүй юм байна лээ. Арга ч үгүй байх даа. Таны хамар, амыг битүү бөглөөд, ачаа үүрүү­лээд гүйлгэчихвэл, яах вэ?

-Чадахгүй ээ, тэгж. Ёстой гүрийлээ гэхэд хэд л алхах байлгүй?

-Орой дээр яг л тийм байна. Тийм байдалтай л оргил рүү зүтгэ­дэг. Алхаж ч чадахгүй шүү дээ. Хө­лөө нэг хэдхэн сантиметр л зөөнө. Хө­лөө дөнгөж өргөөд л тавьж бай­вал их юм. Тэгээд оргил ойртох ту­сам хөл явахгүй дээ. Харагдаад л байдаг, харагдаад л байдаг. Ёстой махийлгана.

-Буухдаа гайгүй байсан уу?

-Бид нарыг буусны дараа оргил дээр аймаар цас шуурсан. Бууж явахад зөрөөд нэг уулчин дээшээ явсан юм. Харамсалтай нь, эргэж ирээгүй. Салхинд хийсчихсэн бай­сан. Ер нь тиймэрхүү, хөлдсөн, сал­хинд хийссэн шарил зөндөө таар­на. Хөлдөөд цэвдэг болчихсон. Зун нээ­рээ Маккенлид хамт явж байсан нэг уулчин маань ёстой зэрэгцэж сууж байгаад бурхан болсон доо, хөөрхий. Эвгүй юм билээ. Бид нар яг оргил дээр гарчихаад /6194 м/ той­роод сууж байхгүй юу. Жаахан шоколад байсныгаа тойруулж идээд, амрах маягтай. Тэгсэн би шоколадаа хазчихаад хажуудаа байсан өнөө найздаа өглөө. Хэсэг байж байгаад эргээд харсан чинь тэр шоколадаа барьсан чигтээ өнгөрчихсөн байсан. Зүрх нь ачаа­лал даахгүй зогсчихсон юм байна лээ. Харамсалтай…

-Эверестээс ирэхдээ нэлээд турчихсан байсан?

-Шөвийсөн юм ирсэн /инээв/. 17 кг лав турсан байсан. Нүүр гэж авах юм байхгүй. Одоо тэр зурган дээр байгааг хар даа /Эверестийн оройд авахуулсан зургаа үзүүлэв/. Дээшээ л гарна гэж зүтгээд байхаас хувцас ху­нар, нүүр ам яах бол гэж бодох­гүй дайрсан. Уг нь тос энэ тэр бай­даг л даа. Сүүлд л тэрийг нь түрхдэг байж гэж бодож байгаа юм чинь. Мон­голд ирэхдээ бас долоо хоног Бээ­жинд байж байгаад ирсэн боло­хоор арай л гайгүй болчихсон бай­сан.

-Хоол унд юу иддэг байсан бэ?     

-Одоо бодоход дөчин хэд хоно­ход энгийн үед 2-3 хоногт идэх хоол л идсэн шиг байгаа юм. Голцуу жаа­хан шингэн юм ууна. Манай най­­зууд явахад “Өсөхөө чи сайхан ааруул хүлхээд л явж байхад ал­захгүй” гээд л гоё, гоё юм ярина л даа. Борц зулгаагаад гэдэг ч юм уу. Юун ааруул манатай байгаа юм чинь. Эрүү, ам хөдлөхгүй. Хүчил­төрөгчгүй орчинд ааруул идэх тэнхэл ч байхгүй болно. Ам хөдөл­гөх төдий л шингэн юм уудаг бай­сан. Нам дор газар байхдаа бага зэргийн будаа, тал өндөг иддэг байсан. Нэг өндгийг бүтнээр нь идэж барахгүй.

-Борцтой явсан уу?

-Борц байсан. Дээр очоод бор­цоо буцалгаж, чанана гэж байх биш усанд хийж жаахан байлгаж бай­гаад шөлийг нь уудаг байсан. Шөл ч гэж дээ, усыг нь.

-Эверестийн дараа Маккенли. Эверестэд гарсан ч Маккенлид гараагүй бол маш сайн уулчин гэж хэлэгдэх хэцүү юу?

-Эверестээс ирсний дараа гад­ны уулчид асуудаг байсан л даа. Чи Маккенлид гарсан уу гэж. Мак­кен­ли бол мэргэжлийн уулчдын шал­­гуур. Юу гэмээр юм бэ дээ, энгийнээр ойлгуулахад хүнд өөрий­­гөө сайн уулчин гэж танил­цуулмаар байгаа бол, өөрийгөө ямар хэмжээний уулчин бэ гэдгийг мэд­­мээр байгаа бол Маккенлид га­рах хэрэгтэй гэж ярьдаг. Өнгөрсөн зуны авиралт амжилттай болсон. Миний нэг бодол байдаг юм. Мон­гол хүн, монгол эрчүүд уул, хайр­ха­ныхаа оройд гарч, хийморийн дар­цаг хийсгэдэг. Тэгэхдээ сайн, сай­хан зөндөө л юм боддог. Үнэ­хээр л хийморийн дарцаг хийсгээд хүний хийморь сэргэдэг бол Мон­голчуудын хийморь төрийн дал­баан­даа байдаг гэж боддог гэх үү дээ. Тэр далбаа хэчнээн өндөрт очно хийморь сайхан сэргэнэ.

-Маккенлигийн авиралтын үеэр алхаа алдсан гэсэн. Алхгүй цааш явна гэдэг чинь хэцүү биз дээ?

-Нээрэн тэгсэн. Бараг 60 гра­дусын налуутай мөсөн хаданд авирч байгаад алхаа доошоо алд­чихсан. Мөсний алх. Тэгээд юм юм л бодогдоно доо. Өглөө авиралт эхлэх гэж байхад хэдэн хүн бууж ирээд манай нэг хүн дээр өнгөр­чихлөө гэж ярьж байсан нь санаанд ороод. За, тэр хүний байгаа газрыг л олж, алхыг нь авъя гэж бодож байгаа юм чинь. Өөр ямар ч арга байх­гүй. Гэхдээ олоогүй л дээ. Маккенлид авирах үед хоёр хүн өөд болсон. Уулын сезон ерөн­хийдөө дуусч байна л даа, одоо. Саяхан уулын судалгаа гарсан байна. Энэ жил хамгийн их хүн эрсэдсэн уул К2 гэж уул, дараа нь Маккенли орсон байсан. Хоёулаа ч дандаа л нэг аймаар юм яриад байх шиг байна аа даа. Үхэл, осол гээд л. Гэхдээ энэ бол уулчны л туулдаг амьдрал нь үнэн юм даа. Уул гаргая гэсэн хүнээ гаргадаг л байх. Сайн уулчид дандаа уулан­даа л амь алдсан байдаг.

-Харин тийм болохоор л та нарыг ойлгоход хэцүү?

-Мөнгө төлж үхэл рүүгээ явдаг гэж үү /инээв/.

-Тэгж хэлэхэд эвгүй л юм?

-Үнэн л дээ. Гашуун боловч үнэн. Би хоосон хоноод ч хамаагүй мөнгөө цуглуулж байгаад уулан­даа явахыг л боддог. Тэгэхээр хүмүүс тэнэг хүн бэ гэж бодох байх даа /инээв/.

-Уулын зардал өндөр. Маш их зардал гардаг. Та жишээ нь одоогоор ууланд авирахын тулд хэчнээн төгрөг үрсэн бэ?

-Арай ч тэрбум хүрээгүй байх аа. Ер нь дөхнө шүү. Эверестэд нэг удаа авирахад 100 мянган ам.дол­ларын зардал гарна.

-Таны хэлдгээр зээлийн ави­ралт гэж байхгүй?

-Ёстой байхгүй /инээв/. Зун Аме­рик явахад ч гэсэн “Г.Өсөх­бая­раа та эцсийн тооцоогоо хий” л гэж бай­­гаа юм чинь. Бүхнийг бэл­нээр /инээв/.

-Та найзууддаа онгирдог уу?

-Яаж…

-Би сонссон л доо, бурханд хамгийн ойртсон хүн гээд л тог­лоом, шоглоомоор та нарын ярьж байсныг?

-Аан тэрүү /инээв/. Тэр бол тоглоом ш дээ, зөвөөр ойлгоорой.

-Харин тийм л дээ, гэхдээ үнэн бас гоё л үг байна лээ ш дээ?

-Хэ хэ. Тэнгэрт бурхан гэж бай­даг бол тэрэнд хоёр хөлөөрөө хамгийн ойрхон очсон хүний хувьд…гэж тоглоом болгож хэлсэн юм. Хоёр удаа ойртсон хүний хувьд гээд л. Гэхдээ найзуудынхаа л дунд тэгж наргиа болгож ярина уу гэхээс хамаагүй юу гэж томрох вэ.

-Эверестийн хоёр дахь ави­рал­таа та эмэгтэйчүүдтэй хий­сэн. Тэгэхэд хамаагүй туршла­гатай болчихсон байсан нь мэ­дээж?

-Шал өөр. Гэхдээ нөгөө талаас нь гарсныг мэдэж байгаа, тийм ээ. Манай хүүхнүүд ч зоригтой, тэв­чээртэй юм билээ. Үнэхээр эмэгтэй хү­нээс тийм хэмжээний тэсвэр гарна гэдэг агуу. Манай Өмнө­говийн Эрдэнэтогтох бид хоёр дээ­шээ яваад Эрдэнэтогтохын нүд ха­ра­хаа болиод үлдсэн дээ. Тэгэхэд хүнд байсан шүү. Эрдэнэтогтох 8700-д хүрээд буцсан. Хүмүүс бодохдоо цаана нь зуун хэдхэн метр үлдчихээд байхад орой дээр нь гарчихаад ирэхгүй гэдэг. Тэр зуун хэд чинь л хамгийн аюултай нь. Тэр хүн нүдгүй болчихвол на­саа­раа зовно биз дээ. Гэхдээ Эр­дэнэтогтох Эверестийн оройд хамгийн ойрхон очсон анхны эмэг­тэй юм шүү. Энэ чинь бахархал биз дээ. Анх Жуков ах 7500 хүрсэн байдаг юм.

-Та дахиж Эверестэд гарахыг хүсдэг үү. Гурав дахиа?

-Явна. Болдог бол дахиад гар­маар л байна. Ядаж хормойд нь очмоор байна. Нээрэн шүү, дахиад явмаар л санагддаг.

-Эверестийн өндрийг 8848 гэж байсан. Сүүлд 8850 болсон. Тэр ямар учир байна?

-Байнгын цас шуурч байдаг бо­лохоор өндрийн хэмжээ өөрч­лөг­дөж байх шиг байна. 2006 онд на­майг хоёр дахиа очиход өмнөх жи­лийнхээс шал өөр болчихсон бай­сан. Жил бүр бага, багаар өөрч­лөгдөөд байдаг болохоор хята­дууд өндрийг нь тогтоохоор санс­раас зураг авсан байна л даа. Тэ­­гэх­дээ ерөөсөө л дэлхий дээр бай­гаа хамгийн өндөр чулуу хэдэн метрт байна гэдгээр нь зураг авч, 8844 метр өндөр юм байна гэж тог­тоосон байна лээ. Тэгэхээр 4-5 метр цас, мөс нэг нураад, нэг нэмэг­дээд л байдаг гэж ойлгох байх.

-Та шүтлэгтэй юу?

-Уул усаа шүтнэ. Энэ агуу өн­дөр алсарсан уулсын сайхныг мэд­рэх тэр мэдрэмж хүнд асар их зүйл өгдөг. Маш ихийг сурдаг. Хэцүү талаас нь ярилаа гэхэд туул­сан хэцүүгээсээ 10 хувийг нь ч ярьж, үгээр илэрхийлж чадахгүй. Бас сайхан, агуу бүхнийг нь ярья гэхэд та­ван хувийг нь ч хүнд ойлгуулж чадахгүй, тийм л аймшигтай сүр­лэг, агуу ертөнц. Агуу л гэдэг үг са­наанд орж байна. Хүн ер нь зорил­готой амьдрах, амьдралын аль нэг хэс­гээс сэтгэлийн таашаал авч байх ёстой байх. Утга учиртай амьд­­рал эндээс л эхэлдэг. Би шан­тарч байсан. Ер нь, энэ тугийг ба­риад, өмнө минь байгаа амьдра­лаа үгүйсгээд ч байгаа юм шиг ингэж явах ёстой юм уу гэж. Эве­рест рүү анх явахад туулсан саад бэрх­шээл надад тийм бодол тө­рүүлж байсан. Эцэст нь надад нэг зорил­го байсан болохоор би зүт­гэ­хээс өөр арга байгаагүй. Г.Өсөх­баяр гэрээсээ Эверестийн оройд хүр­­нэ л гэж гарсан учраас. Олон хүнд тэрийгээ амласан, улс орны­хоо өмнө энэ тугийг Эверестийн оройд хүргэнэ гэж үүрэг хүлээсэн болохоор шүд зуугаад зүтгэсэн.

-Гэрийнхэнд тань тэр өдрүүд хамгийн удаан өнгөрсөн байх?

-Аав, ээж минь тэр үед юу бо­дож үлдсэн бол гэж заримдаа өрөвд­­дөг л юм. Одоо бодоод. Ма­най аав өөрөө уулчин ч гэсэн хүү­дээ санаа зовж л байгаа. Хүүгээ тий­шээ явуулж байгаа эхийн сэт­гэлд юу бодогдох билээ. Тэгж бодо­хоор үнэндээ сэтгэл урагддаг.

-Гэрээсээ хол явахад ээжүүд сүү өргөөд үлддэг. Нулимсаа нуугаад л…?

-Тэр цагаан сүүний ид шид их шүү дээ. Би ууланд явахдаа ээжийн­хээ хийсэн боорцгийг дан­даа авч явдаг юм. Тэрэн шиг амт­тай, тэр боорцог шиг тэжээл болох хоол ховор ч байж магадгүй.

-Ууланд авирч байхад таныг ха­раад хөгжөөн дэмжих нэг ч хүн байх­гүй. Ингэхэд амь өрссөн экст­рим спортоор хичээллэх сонир­холтой хүн хэр олон байдаг юм бол?

-Хөгжилтэй орнуудад бол зөн­дөө л дөө. Манайд гэхдээ хөгжиж бай­на. Ойлгодог хүмүүс олширч бай­­на. 1996 онд дэлхийн тэр­бумт­нууд Эверестэд авирсан даа. Ар­ван хэдүүлээ явсан гэдэг. Тал нь эр­­гэж ирээгүй. Тэр олон тэм­­бумт­нууд яагаад ууланд авирсан бэ гэ­хээр ерөөсөө мөнгөөр худалдаж авч болохгүй ганцхан зүйлийг бо­дож олсон нь өөрсдийн хүчээр ууланд авирах байсан. Бусдыг нь бүг­дийг мөнгөөр худалдаад авчи­хаж болох байж л дээ. Тэгээд Эве­рестэд авираад тал нь буцаж ирээ­гүй. 2000 онд тэр авиралтын та­лаар ном гаргасан, бас кино ч хий­сэн байдаг. Уулын оргилыг мөн­гөөр худалдаж авах ямар ч бо­ломж­гүй гэдгийг харуулсан, бас бо­дит явдлаас сэдэвлэсэн сайн кино л доо.

-Та ном бичих үү. Эверестийн авиралтаар ч юм уу?

-Одоо залуу, чадалтай байгаа дээрээ хэдэн авиралт хийх тухай л бодож байна. Гоё ном бичнэ ээ. Ном бичье гэж боддог. Ямар ч байсан эхлээд мөрөөдлийн уул­нууд­даа авиръя, дараа нь цаасанд авирч болох байлгүй /инээв/.

-Уулчдын олимп Эверест гэж харьцуулж болох уу?

-Манайхан ярьдаг л даа. Эве­рес­­тийн оргилд хүрнэ гэдэг олим­пийн аварга, 8000-тай ууланд хүр­нэ гэдэг дэлхийн аварга юм аа гэж. Зүгээр харьцуулж ойлгоход шүү дээ. Уулчдын дэлхийн аварга шал­га­руулах тэмцээн гэж байхгүй учир дүйцүүлж байгаа нь тэр юм.

-Тэр харьцуулалтаар бол та олимп, дэлхийн аварга уулчин байх нь?

-/инээв/. Шууд тэгж ойлгож бас болохгүй байх аа. Өсөхөө олим­пийн аварга болох гэж санаархлаа гэж бодох юм биш байгаа. Энэ бол зүгээр уулчдын л яриа. Зүгээр бид нар л хоорондоо тэгж ярьдаг.

-Та Эверестээс ирснийхээ дараа гавьяат тамирчин болсон. Тэр бол төрийн олгосон шагнал. Харин дараагийн авиралтдаа зориулаарай гээд хэн нэг нь танд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан уу?

-Намайг явахад их олон газар дэмжсэн. Би түрүүнд “Чингис хаан” банк гэж хэлсэн дээ. Анхдагч гэдэг утгаар нь тэднийг онцолж хэлсэн болохоос маш олон хувь хүн, байгууллага Монголын төрийн дал­баа Эверестийн оргилд ман­да­хад хувь нэмрээ оруулсан юм шүү. Бүгдийг нь нэрийг хэлэхээр магад­гүй та залхах байх. Тэр бүх хүмүүст би баярлаж явдаг.

-Тэр ч явахын өмнөх асуудал. Дэл­хийн зургаан тэмбум хүний хэд­хэн мянга нь Эверестийн ор­гилд гарсан байдаг. Тэр гавьяа­ны төлөө танд хэн нэгэн бизнес­мэн ч юм уу, одоогийн олимпийн медальтнуудад амлаж байгаа шиг их мөнгө, алт, байр, машин амлаагүй юу?

-Үгүй юм байна аа. Тэгээд ч би шагнал, мөнгө авах гэж Эверест яваагүй шүү дээ.

-Олимпийн аваргуудад бол зуу, зуун саяын амлалт өгсөн?

-Зөв байлгүй яахав. Манайд харин спорт нэг үеэ бодвол сайхан хөгжиж байна. Дараагийн олимпод оролцох тамирчид сая маш их урам авлаа шүү дээ. Манай уулын спорт гэхэд үндсэндээ бол гэр бүлийн, найз нөхдийн хүрээнд л яригддаг байлаа. Сонирхдог, ярьдаг хүрээ нь өөрсдөө. Нөхөр нь уул­чин, эсвэл эхнэр нь уулчин, аав, ээж нь уулын спортынхон бол тэр гэр бүл уулын спорт ярьдаг, со­нирх­дог байсан. Би ч гэсэн аавыгаа дагаж яваад л уулчин болсон. Харин одоо бол өөр. Уулын тухай, уулчдын тухай олон хүн сонирхдог болчихож. Гэр бүлийн хүрээнээс халиад. Ямар сайндаа би жаахан байхдаа “Гималай” гэдэг хочтой байлаа ш дээ. Том болоод Гималай явна гэхээр хүүхдүүд бараг ойл­гохгүй, дандаа тэгж ярьдаг боло­хоор нь “Гималай Өсөхөө” гээд хо­чилчихсон. Одоо бол хүүхэд “Би Гималайн ууланд гарна, Эверес­тэд авирна” гэхэд тэгж хочлохгүй байлгүй дээ.

-Ингэхэд та гэрлэх талаар бодож байна уу. Дандаа л уул, ус гэж явсаар байтал хувийн амьдрал хоёрт тавигдаад бай­даг бололтой?

-Эхнэр үү. Ингээд гэртээ байх нь ховор хүнд эхнэр олдоход жаа­хан хэцүү байж мэднэ шүү, тийм ээ /инээв/. Гэхдээ эхнэртэй бололгүй яа­хав. Хүн энэ хорвоод хосоороо л амьдрах ёстой. Сайхан амьдрах ёстой.

-Таныг эхнэртэй байсан ту­хай сонингуудаар нэг хэсэг бичээд л байсан?

-Харин тэгсэн л дээ. Уг нь би чинь амьдралдаа гэрлэж үзээгүй, эхнэр авч амжаагүй л яваа хүн шүү дээ. Одоо хүртэл аав, ээж, дүү нартайгаа хамт амьдарч байна. Харж байгаа биз дээ.

-Ямар эмэгтэй таалагддаг вэ?

-Тийм ийм гэж заавал зураг зурах хэрэг байдаг юм уу. Заяа төөргөөрөө л болох байлгүй дээ. Хүн бүхэнд л өөр өөрийн гэсэн үнэт, нандин чанар байдаг. Хувь заяа л мэдэх байх даа.

-Ерөнхийлөгч Н.Энхбаяртай та хэд хэдэн удаа авиралт хий­сэн. Хүмүүс Ерөнхийлөгчийг ууланд авирсныг янз бүрээр л ярьдаг?

-Болохгүй ямар шалтгаан бай­даг юм бол. Ер нь аливаа зүйлд шүүмж­лэлтэй хандаж байгаа хүн тэ­­рийг өөрөө хийж үзсэн байж шүүмж­лэх хэрэгтэй байх. Би бол хувь хүнийх нь хувьд Ерөн­хий­лөгчийг маш их хүндэлсэн. Мөнх­хайрханы авиралт их хүнд авиралт болсон шүү дээ. 24 цагийн турш ба­раг амралтгүй явсан. Надад бол сай­­хан л санагддаг. Ерөнхийлөгч хүн бүрийн ойлгоод байдаггүй энэ спор­тод цаг зав, сэтгэл гаргасанд. Ерөнхийлөгчийн таван оргилд мандуулсан далбааг манай тамир­чид сая Бээжингийн олимпод авч явсан даа. Тэгээд олимпийн тэнгэрт мандлаа шүү дээ. Сайхан л санаг­даж байсан.

-Таны Эверестэд мандуул­сан далбаа одоо хаана байдаг вэ?

-Ерөнхийлөгчид байгаа.

-Эверестэд өмсч явсан гутал, хувцас чинь?

-Гутал нь гэрт байна. Алхаа бас гэртээ хадгалж байгаа. Харин төв музейн захирал гээд нэг эгчид за­рим нэг зүйлээ өгсөн. Музейд та­вина гээд авсан. Монгол хүн сан­сарт анх ниссэн үеийн, Монгол хүн Ан­­тарктидад очсон, Эверестэд гар­­сан үеийн хувцас, хэрэглэл, ба­римт гэдэг утгаар нь хадгалдаг юм билээ. Ер нь тэр эгчтэйгээ дахиж нэг уулзаад, өөрт байгаа үлдсэн юм­нуудаа Төв музейд өгчихсөн нь дээр байх гэж бодож байгаа. Одоо би дахиж 8000-тай ууланд авирах­гүй байх. Тийм болохоор Эверес­тэд гарахдаа хэрэглэсэн, 8000-тай уулын багаж, хувцсаа өгчихсөн нь дээр байх.

-Дахиж ашиглах боломжгүй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Эверестэд хэрэглэдэг багажийг Маккенлид хэрэглэхгүй. Уул ууланд зориул­сан дэлгүүр тусдаа байдаг. Зөвхөн Эверестийн зориулалттай юм уу, зөвхөн Маккенлид авирахад зо­риул­­сан дэлгүүр байна. Эверестэд салхины хамгаалалттай хувцас өмсч байсан бол одоо Арктик явах­даа усны хамгаалалттай хувцас өмсөнө. Өөр багаж хэрэглэнэ. Тэгэхээр ахиад л бүгдийг нь ши­нээр авна даа. Миний гутлыг нээ­рэн сонирхох уу?

-Тэгье.

-/Эверестэд авирахдаа өмссөн гутлаа авчрав/. Хөнгөхөн. 3 килог­рамм орчим л байх. Дотроо хөөсөн­цөртэй, дулаан алдахгүй.

-Ямар үнэтэй байх вэ?

-3000 ам.доллар хавьцаа ав­сан.

-Нээрэн, таныг Эверестээс ирэхэд мотоцикль унасан роке­рууд олноороо тоссон. “Харан­га”-ын Лхагваа ах дуулаад л. Их өвөрмөц угтсан. Та рок хөгжим сонсох дуртай юу?

-Яг таачихлаа. Амьд хөгжим сон­сох дуртай. “Харанга”-ыг, га­даа­даас бол “Металлика”-г сонсох дуртай. Бас мотоциклийн хоб­битой.

-Одоо ханан хадны спор­тоо­роо хичээллэж байгаа хэвээрээ юу?

-Маш гоё спорт. “Ажнай” ком­панитай хамтраад Өндөр Довын тэнд ханан хадны спортоор хи­чээллэх сонирхолтой залуучуудад зориулж, Азийн аварга шалга­руу­лах тэмцээн хийчих хэмжээний ха­на босгох бодолтой байгаа. Тэгэ­хээр энэ спортоо орхиогүй л гэсэн үг биз дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны Арктик явах аялалд ам­жилт хүсье дээ. Он гаргаад явах байх аа?

-Он гаргаад явна. Аль болох олуулаа явбал гоё байна, тийм ээ. Өнөөдөр би интернетээс жаахан юм харах гээд орлоо. Саяхан хойд туйлд Хятадын далбааг мандуул­сан байна. Шар хөдөлдөг юм бай­гаа биз дээ. Тэд нар хэзээ анх хүнээ сансарт нисгэлээ. Монгол хүн хэзээ ниссэн билээ. Тэгэхэд эд нар оччихоод байхад яагаад мон­гол хүн тэнд очиж болохгүй гэж бодогдоод шарандаа баахан тө­мөр өргөлөө. /инээв/. Ер нь их үндсэрхэг хүн юм шиг байгаа юм. Эх орондоо хайртай, төрийн дал­баан­даа хайртай. Тэр далбааг аль болох олон сайхан газар мандуу­лах хэрэгтэй байна. Санаанд бол хэд хэдэн том юм байна. Болох байлгүй дээ.

Б.БАДАМГАРАВ /2008.11.11/

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-02-26 182.160.62.116

Эверестэд амиа алдсан хүний тоо 217 болж байна

Avatar

hodoonoos 2010-02-26 182.160.6.20

everistiin uuland tegeed ter almasuud ni baij baihiimuu ter l sonin baina

Avatar

nomad 2010-02-26 202.55.191.37

зарим хүмүүсийн зөвхөн яриж мөрөөддөг амидралаар амидрах гоё байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж