Эверестийн Өсөхөө. Г.Өсөхбаярыг ихэнх хүмүүс ингэж дууддаг. Гурван жилийн өмнөх зун бол Өсөхөө Монголд жинхэнэ “од” болж байлаа. Эргээд бодоход эх орныхоо өмнө тийм том гавьяа байгуулсан баатрыгаа бид жаахан мартагнах янзтай. Үнэндээ бол Монгол хүн сансарт ниссэн 1981 оны түүхэн үйл явдлаас хойш буюу монголчууд олимпийн алтан медаль хүртсэн дуулиант өдрүүдийг хүртэлх хугацаанд тохиосон үгээр илэрхийлэхэд хэцүү, үнэ цэнэтэй ялалт бол Г.Өсөхбаярынх байсан. Дэлхийн зургаан тэрбум хүний хүсэл мөрөөдөл болсон Эверестийн ертөнцөд түүнтэй хамт эргэн аялахыг уншигчдаасаа хүсье.
-Миний өмнө уулзахыг хүсч байсан баатар маань сууж байна. Таны найзуудыг сайн таньдаг ч өөртэй чинь уулзаж, ярилцаж амжихгүй тойроод л яваад байлаа. Товчхондоо бол дэлхийн зулайд мөрөө үлдээж чадсан эр зоригийн дууль болсон хүнтэй ярилцах гэж байгаадаа баяртай байна?
-Арай л аймаар хэлж байх шиг байна /инээв/. Надтай уулзах тийм хэцүү байгаагүй биз дээ. Би ойрдоо суурин байгаа.
-Үгүй л дээ. Харин ч амархан байлаа. Гэхдээ ярих сэдэв маань жаахан хэцүү санагдаад. Таны адал явдалтай аялал, авиралтын зах зухаас сонсоод айсан гэх үү дээ?
-Уулнаас уу?
-Уулнаас… Мөсөн хучлага, цасан шуурга, шуудхан хэлэхэд амь насаараа дэнчин тавиад явсан тэр өдрүүдээс?
-Эверест… Аймаар, гэхдээ айж болохгүй. Эверестээс ирснийхээ дараа би энэ тухай зөндөө л ярьсан. Бас цуврал нэвтрүүлэг хийсэн.
-Уншсан. Нэвтрүүлгийг ч бас үзсэн. Гэхдээ та дотны хүмүүстээ ярьсан тэр аймаар үзэгдэл, камерын хальсанд буугаагүй хүнд мөчүүдийн тухай нийтэд бол яриагүй?
-Тэр ч бас үнэний ортой байх аа. Мэдээж камераар зураг авахад цаг агаар хамгийн сайхан байгаа, хамгийн осол, авааргүй байж болох газруудыг сонгож авна л даа. Эгц хадны өөдөө өөрийгөө яая гэж зүтгэж байж зураг авна гэж байхгүй. Ууланд авирахаас гадна зураг авах, бичлэг хийх маш их сонирхолтой болсон. Эверестээс ирээд зургаан цуврал нэвтрүүлэг хийж байсан даа. Яг тэрэн шиг Маккенлигийн авиралтаараа хоёр цуврал нэвтрүүлэг хийж байгаа. Монтажлаад бараг дуусч байна.
-Та энэ жил Маккенлид гарсан. Хойд Америкийн ноён оргил. Бас л та энэ оргилд гарсан анхны Монгол хүн болсон. Одоо гэтэл Дэлхийн хойд туйл руу явах гэж байгаа гэж сонслоо. Энэ үнэн үү?
-Эверестээс ирснийхээ дараа найзуудтайгаа нийлж, “Уулын хөтөчдийн холбоо” гэж байгуулсан даа. Тэр холбоог яах гэж байгуулсан бэ гэхээр ерөөсөө л Монгол хүн хүрээгүй, Монголын төрийн далбаа мандаагүй газар очьё гэж бодсон юм. Түүхэнд үлдэх авиралт, аялал хийе гэсэн том санаатай л даа. Эхнээсээ бидний ажил явж л байна. Маккенлид гарлаа. Заавал Г.Өсөхбаяр биш, тийм ээ. Мэдээж өөр хүн тэр түүхэн авиралтуудын эзэн байж болно. Тэр ажилд маань Арктик явах төлөвлөгөө байгаа юм. Ер нь бол багаа бүрдүүлчихсэн.
-Арктикт очих нь таны мөрөөдөл үү?
-Хүн бүхний мөрөөдөл байдаг байлгүй дээ. Мөрөөдөл гэхээсээ илүү нэг юм байна.
-Юу?
-Улсын л нэг хэмжүүр юм уу даа. Нэгдүгээрт, тэр улсаас сансарт хүн ниссэн байх ёстой. Дараа нь, Эверест, Өмнөд, Хойд туйлд тэр улсын иргэн очсон байх ёстой гэсэн хэдэн шаардлага байна л даа. Манайд л даруухан ярьдаг болохоос массыг хамарсан их том мөрөөдөл. Манай монголчууд сансарт ниссэн үү, ниссэн. Антарктидад очсон уу, очсон. Эверестэд гарсан уу, гарсан. Одоо хойд туйлд очих дутуу байна аа даа. Тэгэхээр тэнд Монгол Улсын далбааг аваачих ёстой биз дээ.
-Монголын далбааг мандуулах нь л таны хамгийн чухал зорилго уу?
-Мэдээж. Тэрний төлөө л явна. Эндээс нэг хөдөлчихсөн байхад Монголын далбаа тэнд мандах байлгүй дээ.
-Дахиад л амь өрссөн нэг ёсны тулаан. Та Эверестэд, бас Маккенлид Монголын далбааг мандуулсан. Одоо боллоо, амьдрал ахуйгаа төвхнүүлье, суурин байя гэж боддоггүй гэж үү?
-Залуу байгаа дээрээ явж л байя гэж бодох юм байна шүү дээ. Хэд хүртлээ ч гэмээр юм бэ дээ, ямар ч байсан хэсэгтээ л явна. Энэ удаагийнх авиралт биш аялал. Гэхдээ дэлхийн хамгийн хүнд аяллын нэг. Мэдээж аюултай. Тэр том мөсөн хучлаганы дор асар өндөр даралттай ус байгаа. Тэрэн дээгүүр явна. Байнгын хөдөлгөөнтэй байдаг тэр ус хэзээ мөсөө хагалаад гараад ирэхийг би мэдэхгүй шүү дээ. Мөс хагарна, цуурна. Өнөө даралттай ус руу унаад өгөхийг хэн ч байг гэхгүй.
-Эверестийн оройд гарчихсан хүний санаанд юм юм л багтах уу, үгүй юу?
-Уул бол уул. Эрсдэл бол эрсдэл шүү дээ.
-Тэгээд та яагаад заавал эрсдэлтэй, амь насаа байгалийн хүчин зүйлд даатгачихдаг энэ спортод дурладаг юм бэ?
-Миний туйлын зорилго, сонирхол. Юу гэмээр юм бэ дээ, хар тамхи татсан хүн тэрийг татахаа болиход хэцүү гэдэг биз дээ. Тэрэн шиг, уулын спортод нэг орсон хүн гарахад хэцүү. Улам л дээшээ авирах гээд, илүү амь өрссөн дайралт хийх гээд байдаг болчихдог. Ер нь нэг ийм зүйл анзаарагддаг. Ууланд авирсан хүнд бусад зүйл амархан санагддаг. Бусад спортыг муу хэлж байгаа юм биш л дээ. Энгийнээр ойлгуулахад зарим спорт амтгүй хоол шиг санагддаг. Спорт бол өрсөлдөөн, тулаан биз дээ.
-Уулчдыг өрсөлдөгчгүй гэж ярьдаг?
-Муугаар хэлэхэд үхэлтэй өрсөлдөнө. Зорилгодоо хүрэхийн тулд, үхэхгүйн төлөө үхэн үхтлээ тэмцэнэ.
-Ер нь бол уулын спорт гэж ярих ёстой ч юм уу, бүү мэд. Спорт гэхэд дэндүү их эрсдэлтэй?
-Хөгжлийнхөө хувьд бол спорт л доо. Гэхдээ үнэндээ бол хүн, байгаль хоёрын тэмцэл.
-Та тэр тэмцэлтэй байнга нүүр тулдаг?
-Тийм л дээ. Гэхдээ уулын спорт хэцүү, хэцүү л гээд байдаг. Сайхан зүйл зөндөө байдаг. Би энэ тухай хүмүүст бүр хэлье гэж бодоод байдаг юм. Мэдээж ууланд авирах хүнд, эргэж амьд мэнд ирэх баталгаа байхгүй, амь дүйсэн хэцүү. Гэхдээ байна аа, уул бол аймшиг биш. Далайн төвшнөөс 3-5 мянган метрийн өндөрт хэн ч осолгүй авирч болно. Та ч болно. Ямар гоё мэдрэмж авна гээч. Та хоёр хөлөөрөө үүлнээс дээш гарна. Өөрийгөө ялж байгаагаа мэдэрнэ. Тэр дор, таны хөл дор үүл харагдана. Аймаар гоё зорилготой болно.
-Би нэг удаа Асралт хайрханд гарч үзсэн. Тэр мэдрэмжийг жаахан ч гэсэн авч үзсэн юм байна?
-Сайн байна. Үүлнээс дээр гараад явчихаж байгаа биз дээ. Ер нь, нэг үеэ бодвол уулын спортыг манайхан маш их сонирхдог болсон. Эверестэд гарснаас хойш. Одоо надад маш олон хүн “Өсөхөө ууланд авирах гэсэн юм, хамт яваад өгөөч. Уулын спортоор хичээллэх гэсэн юм, заагаад өгөөч” гэж ханддаг. Санхүүгийн асуудал дээр ч тэр. Анх бол гайхдаг байлаа шүү дээ, авиралт хийх гээд мөнгө, төгрөг, зардал сураглахаар?
-Эверестэд явахаас өмнө үү?
-Тийм. Чи ийм их мөнгийг тэр ууланд очих гэж үрдэг тэнэг юм уу гэдэг байлаа. Монголын уулын спортод үнэхээр үнэтэй хувь нэмэр оруулсан нэг байгууллагад би чин сэтгэлээсээ баярлаж явдаг юм. Үнэхээр тэр хүмүүст мөргөж явдаг. Биднийг Эверестэд гарах гэсэн юм гээд баргийн хүн итгэхээргүй юм яриад очиход эрсдэл гарган байж, хамгийн түрүүн дэмжсэн газар бол “Чингис хаан” банкныхан. Ээ дээ, анх явах гэж байсан үеэ бодохоор ч одоо юм юм л бодогддог шүү.
-Гэнэт л нэг өдөр найзуудын яриан дундаас гараад ирэх шийдвэр байдаг. Эсвэл эртнээс төлөвлөсөн зүйл ажил хэрэг болдог. Эверест явах санаа яаж төрсөн юм бэ?
-Ер нь бол багын мөрөөдөл. 1998 он гэхээр чинь одоогоос 10 жилийн өмнө манайд нэг хүн Эверестийн зурагтай плакат авчирч өгсөн юм. Тэгээд би хаанаас ч билээ нэг төрийн далбаа олоод тэрийгээ яг орой дээр нь наачихгүй юу. Яг орой дээр нь. Орж, гарсан хүн “Энэ юун зураг вэ, Монголын далбаа байгаа юм уу” энэ тэр гээд гайхна. Аав болохоор “Манай хүү гарах юм гэсэн” гэж намайг явуулдаг байлаа. Үнэхээр тэр үеэс л би заавал тэр зурган дээр харагдаж байгаа оройд гарч, төрийнхөө далбааг мандуулна л гэж боддог байсан. Зургаа хараад л суугаад байдаг байлаа. Тэгж байтал, 2000 оны эхээр интернет хөгжөөд юм сайхан болж эхэлсэн. Судалж эхэлсэн дээ, тэр үеэс. Эверестэд аялуулдаг компаниудтай интернетээр харьцаж үзлээ. Тэд орчим төгрөг хэрэгтэй юм байна гэсэн баримжаатай боллоо. Кинонуудыг нь татаж авч, үзлээ. Бааз лагерь нь хаана, хэдэн метрт байдаг гээд ер нь бүх мэдээллээ авчихлаа шүү. Тэгээд л нөгөө хоёртойгоо уулзаад, “Чингис хаан”-ынхантай уулзаад явахаар яг таг шийдсэн. Явтлаа их юм болсоон. Бэлтгэл ажил гэж. Үнэндээ нарийн ширийн зүйл юу ч мэдэхгүй байгаа юм чинь. Тухайн үед Монголд 8000 метрээс дээш гарсан уулчин байхгүй байлаа. Зөвлөгөө өгчих хүн ховор. Бид гурав зөвхөн ном, зураг хоёроос л бүх мэдээллээ авч, үндсэн төлөвлөгөөгөө гаргаж байсан. 8000 метрийн өндөрт ямар хувцас өмсөхөө ч мэдэхгүй. Хүчилтөрөгчийн баллон гэж юу байдгийг ч хараагүй. Тэрийг хэрэглэж үзсэн хүн байхгүй. Ямар ч юм байдаг юм, чөтгөр бүү мэд. Очиж байгаад л амьсгалж үзнэ дээ гээд л явсан. Ер нь муухай зоригтой явсан даа.
-Монголоос гараад явахад ч янз бүрийн л юм бодогдоно биз?
-Эхлээд гайгүй байгаа юм аа, бас. Зуучилж байгаа компани дээрээ явсаар байгаад очлоо. Тэнд төлбөрөө төлчихөөд л цаашаа Эверестийн бараа харагдтал догь явна л даа. Төлбөр гэснээс, нөгөө Непалийн компанийнхантайгаа уулзахад төлбөрөөс 500 ам.доллар дутуу байсан юм аа. Тэр чинь харин жинхэнэ асуудал шүү дээ. Амралтын өдөр таараад Монголоос шилжүүлэх байсан мөнгө ирдэггүй. Нөгөө компани чинь мөнгө дутуу гээд зөвшөөрлөө өгдөггүй. Эртхэн газар дөхөж агаар, орчиндоо дасмаар байдаг. Тэгсэн ёстой нэг доллар ч дутуу байсан цааш нь алхуулахгүй дээ. Бид нар бараг дөрөв, тав хоносон. 73 мянган ам.доллар өгөх байсны 72500-г нь тушаачихаад байгаа байхгүй юу. Яаж ч гуйгаад нэмэргүй шүү дээ. Тэгээд дараа нь учрыг нь олсон л доо. Дээшээ гарч байгаа хүмүүс эргэж ирэх, үгүй нь тодорхойгүй учир уулын компаниуд заавал эцсийн байдлаар тооцоогоо хийж байж явуулдгийг бид гурав сайн мэдэхгүй, эргэж ирээд өгчихөж болохгүй юу гэх маягийн юм ярьж байсан юм билээ /инээв/. Нээрэн л эргэж ирэхгүй бол хэн тэр мөнгийг төлөх вэ.
Мөнгөө төлж дуусчихаад цаашаа учир зүггүй л яарлаа. Эверест харагдаж эхэлнэ. Энэ зүрх, сэтгэл дотор чинь юу болно гэж санана. Хамаг юм оргилж, гарчих гээд хачин аймаар, хачин сайхан сэтгэгдэл төрнө. Анх Эверестийг хараад бүр хэлэх үг олдохгүй дээ. Дүнхийсэн л хар юм…Ээ бурхан минь, ямар юм нь энэ том уулыг энд авчираад тавьчихдаг байна аа гэж өөрийн эрхгүй уулга алдана.
-Эверест рүү дөхөх тусам сайхан л байсан байх, гэхдээ л аймаар үзэгдлүүд зэрэгцэнэ. Таны ярьсан эргэж амьд ирж чадаагүй уулчдын цогцсыг нүдээр харна?
-Хамгийн доод талын бааз руу дөхөөд ирсэн чинь цаашаа Эверест рүү явах ямар ч зам байхгүй болчихлоо. Тукад хэллээ, “Тука энэ зураг чинь шал худлаа юм байна ш дээ” гээд л асуудал эхнээсээ босч байгаа юм даа. Ямар ч байсан Эверест төсөөлж байснаас огт өөр ертөнц байсныг зах зухаас нь мэдэж эхэлсэн. Замаа олоод цаашаа явсаар бааз дээрээ дөнгөж очсон өдөр “Зургаан хүн хажуугийн уулнаас нисээд өнгөрчихлөө” гэж хүмүүс ярьж байна. Эвгүйцэж л байгаа юм чинь. Бид гурав “Ум мани бадми хум” гээд сүү энэ тэр өргөөд л, монгол хүн болсон юм хойно жаахан ёс үйлдлээ. Уг нь бол нам, лам хоёртоо тааруу улсууд ш дээ, дандаа. Тэрнээс цааш харин тоохоо байж эхэлсэн дээ. Хүмүүс нас барсан байна л гэнэ, уулнаас нислээ л гэнэ…Энгийнээр хэлэхэд бараг дөжирчихөж байгаа юм уу даа.
-Аймаар юм. Тийм харамсмаар зүйлийг нүдээр харчихаад цаашаа хөл, гар хөдөлж алхана гэдэг бол төсөөлөхөд ч бэрх юм?
-Зориглоод явахаас өөр аргагүй. Анх бааз лагерьт очоогүй байхад гадаадынхан том том чарга, тэргээр дүүрэн ачаатай явж байгааг хараад атаархдаг байлаа. Аймаар баян юм аа, дотор нь гоё гоё багаж, хувцас, хоол, хүнс байгаа байх даа гэж боддог байсан. Тэгсэн сүүлд мэдсэн чинь, бурхан минь өөд болсон хүмүүсийг уулын хөнжилд нь ороогоод тэр чаргануудад ачаад явдаг байсан юм билээ. Онгоцоор нутаг руу нь явуулдаг.
-Та 8000 метрээс цаашаа ганцаараа явсан. Тэр хүртэл ачаагаа зөөж, хэд хоног явсан бэ?
-Дөчин хэд билээ дээ…Гол нь агаарт дасахын хажуугаар ачаагаа зөөж, дээш, доошоо хэдэн ч километр явсан юм, бүү мэд. 8000 метрээс эцсийн дайралт хийхийн тулд тэнд эцсийн байдлаар бүх ачаа, бараагаа хүргэсэн байх ёстой.
-Уучлаарай, надад энэ үг эвгүй сонсогдсон. 7500 метрээс дээшхийг “Үхлийн бүс” гэж нэрлэдэг нь?
-Тэгдэг л дээ. Жинхэнэ шалгана шүү дээ.
-Шувуу байх уу?
-Байхгүй ээ, тэр чинь бүр дор, 5000 дээрх амьдрал /инээв/. 7500 гэдэг бол хүн амьдрах орчин биш л дээ. Манай нэг уулчин найз ярьж байсан юм. Хэрвээ Эверест дахиад хоёр метр л өндөр байсан бол хүн төрөлхтөн очиж чадахгүй байсан байх. Хүн төрөлхтөнд хүч чадал, тэсвэр тэвчээрийн ямар л хэмжээ байдаг юм тэр нь Эверестийн оройд гарахад дуусдаг гэж. Хүнээс гарах хүчний дээд хязгаар гэх юм уу даа. Өсөхөөгөөс гэж ойлгож болохгүй шүү дээ. Хэн ч бай хамаагүй хүнээс л гарах тэвчээр, хүчний туйл. Үнэхээр би тэрэнд итгэсэн. Эверест жаахан л өндөр байсан бол нэг ч хүн тэнд хүрэхгүй байх аа.
-Тэр хоёр /Түүнтэй хамт Эверестийг зорьсон Д.Баярням, Р.Тулга нарыг хэлэв/ 8000 метрийн өндөрт үлдэж, та цаашаа явах шийдвэр гаргасан үеийг эргээд ярьж болох уу. Хэн хэн нь эргэж уулзахгүй ч байж болох, тийм гэж үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжтэйгээр, асар өндөр уулын орой дээр гар бариад хоёр тийшээ салсан үеийн бодлоо?
-Тэр үе үү…Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Ямар ч байсан эргээд уулзана л гэж бодож байсан. Хүн бүр л дотроо нэг юм бодсон байх. Бид гурав яг тэр үед юу бодсоноо одоо ч нэг нэгэндээ хэлээгүй ш дээ. Тэр хоёрыг хэлсний дараа л хэлнэ дээ. Аймаар хэцүү байсныг л санаж байна. За, би ч яахав. Өөрийнхөө алхаж, гишгэж байгааг мэдээд явж байна. Гэтэл нөгөө хоёрынхоо яаж явааг харахгүй байна гэдэг хэцүү санагдаж байсан /санаа алдав/.
-Орой дээр хэдэн минут болсон бэ?
-30-аад минут. Би өндрийн хөтчөө орхиод явчихгүй юу. Бас л туршлагагүйтэж байгаа юм л даа. Тэгээд өндөр дээр гарсан зургаа авахуулж, бичлэг хийлгэхийн тулд нөгөөдхөө нэлээд удаан хүлээсэн. Гай нь таарсан бол тэр 30 минутын хугацаанд хөлдөөд үхчихэж болно гэдгийг тооцоолоогүй л байсан.
-Тэнд хамт шахуу гарсан гадаадын уулчид байсан шүү дээ. Тэд нараар зургаа авхуулах боломж байхгүй юу?
-Юу, тэд нар чинь өөрсдийгөө яая гэж байгаа хүмүүс тэгж хүний зураг аваад зогсч байна гэж байхгүй л дээ. Амь, амиа л бодно. Ёстой тийм юм байхгүй юм байна лээ. Арга ч үгүй байх даа. Таны хамар, амыг битүү бөглөөд, ачаа үүрүүлээд гүйлгэчихвэл, яах вэ?
-Чадахгүй ээ, тэгж. Ёстой гүрийлээ гэхэд хэд л алхах байлгүй?
-Орой дээр яг л тийм байна. Тийм байдалтай л оргил рүү зүтгэдэг. Алхаж ч чадахгүй шүү дээ. Хөлөө нэг хэдхэн сантиметр л зөөнө. Хөлөө дөнгөж өргөөд л тавьж байвал их юм. Тэгээд оргил ойртох тусам хөл явахгүй дээ. Харагдаад л байдаг, харагдаад л байдаг. Ёстой махийлгана.
-Буухдаа гайгүй байсан уу?
-Бид нарыг буусны дараа оргил дээр аймаар цас шуурсан. Бууж явахад зөрөөд нэг уулчин дээшээ явсан юм. Харамсалтай нь, эргэж ирээгүй. Салхинд хийсчихсэн байсан. Ер нь тиймэрхүү, хөлдсөн, салхинд хийссэн шарил зөндөө таарна. Хөлдөөд цэвдэг болчихсон. Зун нээрээ Маккенлид хамт явж байсан нэг уулчин маань ёстой зэрэгцэж сууж байгаад бурхан болсон доо, хөөрхий. Эвгүй юм билээ. Бид нар яг оргил дээр гарчихаад /6194 м/ тойроод сууж байхгүй юу. Жаахан шоколад байсныгаа тойруулж идээд, амрах маягтай. Тэгсэн би шоколадаа хазчихаад хажуудаа байсан өнөө найздаа өглөө. Хэсэг байж байгаад эргээд харсан чинь тэр шоколадаа барьсан чигтээ өнгөрчихсөн байсан. Зүрх нь ачаалал даахгүй зогсчихсон юм байна лээ. Харамсалтай…
-Эверестээс ирэхдээ нэлээд турчихсан байсан?
-Шөвийсөн юм ирсэн /инээв/. 17 кг лав турсан байсан. Нүүр гэж авах юм байхгүй. Одоо тэр зурган дээр байгааг хар даа /Эверестийн оройд авахуулсан зургаа үзүүлэв/. Дээшээ л гарна гэж зүтгээд байхаас хувцас хунар, нүүр ам яах бол гэж бодохгүй дайрсан. Уг нь тос энэ тэр байдаг л даа. Сүүлд л тэрийг нь түрхдэг байж гэж бодож байгаа юм чинь. Монголд ирэхдээ бас долоо хоног Бээжинд байж байгаад ирсэн болохоор арай л гайгүй болчихсон байсан.
-Хоол унд юу иддэг байсан бэ?
-Одоо бодоход дөчин хэд хоноход энгийн үед 2-3 хоногт идэх хоол л идсэн шиг байгаа юм. Голцуу жаахан шингэн юм ууна. Манай найзууд явахад “Өсөхөө чи сайхан ааруул хүлхээд л явж байхад алзахгүй” гээд л гоё, гоё юм ярина л даа. Борц зулгаагаад гэдэг ч юм уу. Юун ааруул манатай байгаа юм чинь. Эрүү, ам хөдлөхгүй. Хүчилтөрөгчгүй орчинд ааруул идэх тэнхэл ч байхгүй болно. Ам хөдөлгөх төдий л шингэн юм уудаг байсан. Нам дор газар байхдаа бага зэргийн будаа, тал өндөг иддэг байсан. Нэг өндгийг бүтнээр нь идэж барахгүй.
-Борцтой явсан уу?
-Борц байсан. Дээр очоод борцоо буцалгаж, чанана гэж байх биш усанд хийж жаахан байлгаж байгаад шөлийг нь уудаг байсан. Шөл ч гэж дээ, усыг нь.
-Эверестийн дараа Маккенли. Эверестэд гарсан ч Маккенлид гараагүй бол маш сайн уулчин гэж хэлэгдэх хэцүү юу?
-Эверестээс ирсний дараа гадны уулчид асуудаг байсан л даа. Чи Маккенлид гарсан уу гэж. Маккенли бол мэргэжлийн уулчдын шалгуур. Юу гэмээр юм бэ дээ, энгийнээр ойлгуулахад хүнд өөрийгөө сайн уулчин гэж танилцуулмаар байгаа бол, өөрийгөө ямар хэмжээний уулчин бэ гэдгийг мэдмээр байгаа бол Маккенлид гарах хэрэгтэй гэж ярьдаг. Өнгөрсөн зуны авиралт амжилттай болсон. Миний нэг бодол байдаг юм. Монгол хүн, монгол эрчүүд уул, хайрханыхаа оройд гарч, хийморийн дарцаг хийсгэдэг. Тэгэхдээ сайн, сайхан зөндөө л юм боддог. Үнэхээр л хийморийн дарцаг хийсгээд хүний хийморь сэргэдэг бол Монголчуудын хийморь төрийн далбаандаа байдаг гэж боддог гэх үү дээ. Тэр далбаа хэчнээн өндөрт очно хийморь сайхан сэргэнэ.
-Маккенлигийн авиралтын үеэр алхаа алдсан гэсэн. Алхгүй цааш явна гэдэг чинь хэцүү биз дээ?
-Нээрэн тэгсэн. Бараг 60 градусын налуутай мөсөн хаданд авирч байгаад алхаа доошоо алдчихсан. Мөсний алх. Тэгээд юм юм л бодогдоно доо. Өглөө авиралт эхлэх гэж байхад хэдэн хүн бууж ирээд манай нэг хүн дээр өнгөрчихлөө гэж ярьж байсан нь санаанд ороод. За, тэр хүний байгаа газрыг л олж, алхыг нь авъя гэж бодож байгаа юм чинь. Өөр ямар ч арга байхгүй. Гэхдээ олоогүй л дээ. Маккенлид авирах үед хоёр хүн өөд болсон. Уулын сезон ерөнхийдөө дуусч байна л даа, одоо. Саяхан уулын судалгаа гарсан байна. Энэ жил хамгийн их хүн эрсэдсэн уул К2 гэж уул, дараа нь Маккенли орсон байсан. Хоёулаа ч дандаа л нэг аймаар юм яриад байх шиг байна аа даа. Үхэл, осол гээд л. Гэхдээ энэ бол уулчны л туулдаг амьдрал нь үнэн юм даа. Уул гаргая гэсэн хүнээ гаргадаг л байх. Сайн уулчид дандаа ууландаа л амь алдсан байдаг.
-Харин тийм болохоор л та нарыг ойлгоход хэцүү?
-Мөнгө төлж үхэл рүүгээ явдаг гэж үү /инээв/.
-Тэгж хэлэхэд эвгүй л юм?
-Үнэн л дээ. Гашуун боловч үнэн. Би хоосон хоноод ч хамаагүй мөнгөө цуглуулж байгаад ууландаа явахыг л боддог. Тэгэхээр хүмүүс тэнэг хүн бэ гэж бодох байх даа /инээв/.
-Уулын зардал өндөр. Маш их зардал гардаг. Та жишээ нь одоогоор ууланд авирахын тулд хэчнээн төгрөг үрсэн бэ?
-Арай ч тэрбум хүрээгүй байх аа. Ер нь дөхнө шүү. Эверестэд нэг удаа авирахад 100 мянган ам.долларын зардал гарна.
-Таны хэлдгээр зээлийн авиралт гэж байхгүй?
-Ёстой байхгүй /инээв/. Зун Америк явахад ч гэсэн “Г.Өсөхбаяраа та эцсийн тооцоогоо хий” л гэж байгаа юм чинь. Бүхнийг бэлнээр /инээв/.
-Та найзууддаа онгирдог уу?
-Яаж…
-Би сонссон л доо, бурханд хамгийн ойртсон хүн гээд л тоглоом, шоглоомоор та нарын ярьж байсныг?
-Аан тэрүү /инээв/. Тэр бол тоглоом ш дээ, зөвөөр ойлгоорой.
-Харин тийм л дээ, гэхдээ үнэн бас гоё л үг байна лээ ш дээ?
-Хэ хэ. Тэнгэрт бурхан гэж байдаг бол тэрэнд хоёр хөлөөрөө хамгийн ойрхон очсон хүний хувьд…гэж тоглоом болгож хэлсэн юм. Хоёр удаа ойртсон хүний хувьд гээд л. Гэхдээ найзуудынхаа л дунд тэгж наргиа болгож ярина уу гэхээс хамаагүй юу гэж томрох вэ.
-Эверестийн хоёр дахь авиралтаа та эмэгтэйчүүдтэй хийсэн. Тэгэхэд хамаагүй туршлагатай болчихсон байсан нь мэдээж?
-Шал өөр. Гэхдээ нөгөө талаас нь гарсныг мэдэж байгаа, тийм ээ. Манай хүүхнүүд ч зоригтой, тэвчээртэй юм билээ. Үнэхээр эмэгтэй хүнээс тийм хэмжээний тэсвэр гарна гэдэг агуу. Манай Өмнөговийн Эрдэнэтогтох бид хоёр дээшээ яваад Эрдэнэтогтохын нүд харахаа болиод үлдсэн дээ. Тэгэхэд хүнд байсан шүү. Эрдэнэтогтох 8700-д хүрээд буцсан. Хүмүүс бодохдоо цаана нь зуун хэдхэн метр үлдчихээд байхад орой дээр нь гарчихаад ирэхгүй гэдэг. Тэр зуун хэд чинь л хамгийн аюултай нь. Тэр хүн нүдгүй болчихвол насаараа зовно биз дээ. Гэхдээ Эрдэнэтогтох Эверестийн оройд хамгийн ойрхон очсон анхны эмэгтэй юм шүү. Энэ чинь бахархал биз дээ. Анх Жуков ах 7500 хүрсэн байдаг юм.
-Та дахиж Эверестэд гарахыг хүсдэг үү. Гурав дахиа?
-Явна. Болдог бол дахиад гармаар л байна. Ядаж хормойд нь очмоор байна. Нээрэн шүү, дахиад явмаар л санагддаг.
-Эверестийн өндрийг 8848 гэж байсан. Сүүлд 8850 болсон. Тэр ямар учир байна?
-Байнгын цас шуурч байдаг болохоор өндрийн хэмжээ өөрчлөгдөж байх шиг байна. 2006 онд намайг хоёр дахиа очиход өмнөх жилийнхээс шал өөр болчихсон байсан. Жил бүр бага, багаар өөрчлөгдөөд байдаг болохоор хятадууд өндрийг нь тогтоохоор сансраас зураг авсан байна л даа. Тэгэхдээ ерөөсөө л дэлхий дээр байгаа хамгийн өндөр чулуу хэдэн метрт байна гэдгээр нь зураг авч, 8844 метр өндөр юм байна гэж тогтоосон байна лээ. Тэгэхээр 4-5 метр цас, мөс нэг нураад, нэг нэмэгдээд л байдаг гэж ойлгох байх.
-Та шүтлэгтэй юу?
-Уул усаа шүтнэ. Энэ агуу өндөр алсарсан уулсын сайхныг мэдрэх тэр мэдрэмж хүнд асар их зүйл өгдөг. Маш ихийг сурдаг. Хэцүү талаас нь ярилаа гэхэд туулсан хэцүүгээсээ 10 хувийг нь ч ярьж, үгээр илэрхийлж чадахгүй. Бас сайхан, агуу бүхнийг нь ярья гэхэд таван хувийг нь ч хүнд ойлгуулж чадахгүй, тийм л аймшигтай сүрлэг, агуу ертөнц. Агуу л гэдэг үг санаанд орж байна. Хүн ер нь зорилготой амьдрах, амьдралын аль нэг хэсгээс сэтгэлийн таашаал авч байх ёстой байх. Утга учиртай амьдрал эндээс л эхэлдэг. Би шантарч байсан. Ер нь, энэ тугийг бариад, өмнө минь байгаа амьдралаа үгүйсгээд ч байгаа юм шиг ингэж явах ёстой юм уу гэж. Эверест рүү анх явахад туулсан саад бэрхшээл надад тийм бодол төрүүлж байсан. Эцэст нь надад нэг зорилго байсан болохоор би зүтгэхээс өөр арга байгаагүй. Г.Өсөхбаяр гэрээсээ Эверестийн оройд хүрнэ л гэж гарсан учраас. Олон хүнд тэрийгээ амласан, улс орныхоо өмнө энэ тугийг Эверестийн оройд хүргэнэ гэж үүрэг хүлээсэн болохоор шүд зуугаад зүтгэсэн.
-Гэрийнхэнд тань тэр өдрүүд хамгийн удаан өнгөрсөн байх?
-Аав, ээж минь тэр үед юу бодож үлдсэн бол гэж заримдаа өрөвддөг л юм. Одоо бодоод. Манай аав өөрөө уулчин ч гэсэн хүүдээ санаа зовж л байгаа. Хүүгээ тийшээ явуулж байгаа эхийн сэтгэлд юу бодогдох билээ. Тэгж бодохоор үнэндээ сэтгэл урагддаг.
-Гэрээсээ хол явахад ээжүүд сүү өргөөд үлддэг. Нулимсаа нуугаад л…?
-Тэр цагаан сүүний ид шид их шүү дээ. Би ууланд явахдаа ээжийнхээ хийсэн боорцгийг дандаа авч явдаг юм. Тэрэн шиг амттай, тэр боорцог шиг тэжээл болох хоол ховор ч байж магадгүй.
-Ууланд авирч байхад таныг хараад хөгжөөн дэмжих нэг ч хүн байхгүй. Ингэхэд амь өрссөн экстрим спортоор хичээллэх сонирхолтой хүн хэр олон байдаг юм бол?
-Хөгжилтэй орнуудад бол зөндөө л дөө. Манайд гэхдээ хөгжиж байна. Ойлгодог хүмүүс олширч байна. 1996 онд дэлхийн тэрбумтнууд Эверестэд авирсан даа. Арван хэдүүлээ явсан гэдэг. Тал нь эргэж ирээгүй. Тэр олон тэмбумтнууд яагаад ууланд авирсан бэ гэхээр ерөөсөө мөнгөөр худалдаж авч болохгүй ганцхан зүйлийг бодож олсон нь өөрсдийн хүчээр ууланд авирах байсан. Бусдыг нь бүгдийг мөнгөөр худалдаад авчихаж болох байж л дээ. Тэгээд Эверестэд авираад тал нь буцаж ирээгүй. 2000 онд тэр авиралтын талаар ном гаргасан, бас кино ч хийсэн байдаг. Уулын оргилыг мөнгөөр худалдаж авах ямар ч боломжгүй гэдгийг харуулсан, бас бодит явдлаас сэдэвлэсэн сайн кино л доо.
-Та ном бичих үү. Эверестийн авиралтаар ч юм уу?
-Одоо залуу, чадалтай байгаа дээрээ хэдэн авиралт хийх тухай л бодож байна. Гоё ном бичнэ ээ. Ном бичье гэж боддог. Ямар ч байсан эхлээд мөрөөдлийн уулнууддаа авиръя, дараа нь цаасанд авирч болох байлгүй /инээв/.
-Уулчдын олимп Эверест гэж харьцуулж болох уу?
-Манайхан ярьдаг л даа. Эверестийн оргилд хүрнэ гэдэг олимпийн аварга, 8000-тай ууланд хүрнэ гэдэг дэлхийн аварга юм аа гэж. Зүгээр харьцуулж ойлгоход шүү дээ. Уулчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж байхгүй учир дүйцүүлж байгаа нь тэр юм.
-Тэр харьцуулалтаар бол та олимп, дэлхийн аварга уулчин байх нь?
-/инээв/. Шууд тэгж ойлгож бас болохгүй байх аа. Өсөхөө олимпийн аварга болох гэж санаархлаа гэж бодох юм биш байгаа. Энэ бол зүгээр уулчдын л яриа. Зүгээр бид нар л хоорондоо тэгж ярьдаг.
-Та Эверестээс ирснийхээ дараа гавьяат тамирчин болсон. Тэр бол төрийн олгосон шагнал. Харин дараагийн авиралтдаа зориулаарай гээд хэн нэг нь танд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан уу?
-Намайг явахад их олон газар дэмжсэн. Би түрүүнд “Чингис хаан” банк гэж хэлсэн дээ. Анхдагч гэдэг утгаар нь тэднийг онцолж хэлсэн болохоос маш олон хувь хүн, байгууллага Монголын төрийн далбаа Эверестийн оргилд мандахад хувь нэмрээ оруулсан юм шүү. Бүгдийг нь нэрийг хэлэхээр магадгүй та залхах байх. Тэр бүх хүмүүст би баярлаж явдаг.
-Тэр ч явахын өмнөх асуудал. Дэлхийн зургаан тэмбум хүний хэдхэн мянга нь Эверестийн оргилд гарсан байдаг. Тэр гавьяаны төлөө танд хэн нэгэн бизнесмэн ч юм уу, одоогийн олимпийн медальтнуудад амлаж байгаа шиг их мөнгө, алт, байр, машин амлаагүй юу?
-Үгүй юм байна аа. Тэгээд ч би шагнал, мөнгө авах гэж Эверест яваагүй шүү дээ.
-Олимпийн аваргуудад бол зуу, зуун саяын амлалт өгсөн?
-Зөв байлгүй яахав. Манайд харин спорт нэг үеэ бодвол сайхан хөгжиж байна. Дараагийн олимпод оролцох тамирчид сая маш их урам авлаа шүү дээ. Манай уулын спорт гэхэд үндсэндээ бол гэр бүлийн, найз нөхдийн хүрээнд л яригддаг байлаа. Сонирхдог, ярьдаг хүрээ нь өөрсдөө. Нөхөр нь уулчин, эсвэл эхнэр нь уулчин, аав, ээж нь уулын спортынхон бол тэр гэр бүл уулын спорт ярьдаг, сонирхдог байсан. Би ч гэсэн аавыгаа дагаж яваад л уулчин болсон. Харин одоо бол өөр. Уулын тухай, уулчдын тухай олон хүн сонирхдог болчихож. Гэр бүлийн хүрээнээс халиад. Ямар сайндаа би жаахан байхдаа “Гималай” гэдэг хочтой байлаа ш дээ. Том болоод Гималай явна гэхээр хүүхдүүд бараг ойлгохгүй, дандаа тэгж ярьдаг болохоор нь “Гималай Өсөхөө” гээд хочилчихсон. Одоо бол хүүхэд “Би Гималайн ууланд гарна, Эверестэд авирна” гэхэд тэгж хочлохгүй байлгүй дээ.
-Ингэхэд та гэрлэх талаар бодож байна уу. Дандаа л уул, ус гэж явсаар байтал хувийн амьдрал хоёрт тавигдаад байдаг бололтой?
-Эхнэр үү. Ингээд гэртээ байх нь ховор хүнд эхнэр олдоход жаахан хэцүү байж мэднэ шүү, тийм ээ /инээв/. Гэхдээ эхнэртэй бололгүй яахав. Хүн энэ хорвоод хосоороо л амьдрах ёстой. Сайхан амьдрах ёстой.
-Таныг эхнэртэй байсан тухай сонингуудаар нэг хэсэг бичээд л байсан?
-Харин тэгсэн л дээ. Уг нь би чинь амьдралдаа гэрлэж үзээгүй, эхнэр авч амжаагүй л яваа хүн шүү дээ. Одоо хүртэл аав, ээж, дүү нартайгаа хамт амьдарч байна. Харж байгаа биз дээ.
-Ямар эмэгтэй таалагддаг вэ?
-Тийм ийм гэж заавал зураг зурах хэрэг байдаг юм уу. Заяа төөргөөрөө л болох байлгүй дээ. Хүн бүхэнд л өөр өөрийн гэсэн үнэт, нандин чанар байдаг. Хувь заяа л мэдэх байх даа.
-Ерөнхийлөгч Н.Энхбаяртай та хэд хэдэн удаа авиралт хийсэн. Хүмүүс Ерөнхийлөгчийг ууланд авирсныг янз бүрээр л ярьдаг?
-Болохгүй ямар шалтгаан байдаг юм бол. Ер нь аливаа зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаа хүн тэрийг өөрөө хийж үзсэн байж шүүмжлэх хэрэгтэй байх. Би бол хувь хүнийх нь хувьд Ерөнхийлөгчийг маш их хүндэлсэн. Мөнххайрханы авиралт их хүнд авиралт болсон шүү дээ. 24 цагийн турш бараг амралтгүй явсан. Надад бол сайхан л санагддаг. Ерөнхийлөгч хүн бүрийн ойлгоод байдаггүй энэ спортод цаг зав, сэтгэл гаргасанд. Ерөнхийлөгчийн таван оргилд мандуулсан далбааг манай тамирчид сая Бээжингийн олимпод авч явсан даа. Тэгээд олимпийн тэнгэрт мандлаа шүү дээ. Сайхан л санагдаж байсан.
-Таны Эверестэд мандуулсан далбаа одоо хаана байдаг вэ?
-Ерөнхийлөгчид байгаа.
-Эверестэд өмсч явсан гутал, хувцас чинь?
-Гутал нь гэрт байна. Алхаа бас гэртээ хадгалж байгаа. Харин төв музейн захирал гээд нэг эгчид зарим нэг зүйлээ өгсөн. Музейд тавина гээд авсан. Монгол хүн сансарт анх ниссэн үеийн, Монгол хүн Антарктидад очсон, Эверестэд гарсан үеийн хувцас, хэрэглэл, баримт гэдэг утгаар нь хадгалдаг юм билээ. Ер нь тэр эгчтэйгээ дахиж нэг уулзаад, өөрт байгаа үлдсэн юмнуудаа Төв музейд өгчихсөн нь дээр байх гэж бодож байгаа. Одоо би дахиж 8000-тай ууланд авирахгүй байх. Тийм болохоор Эверестэд гарахдаа хэрэглэсэн, 8000-тай уулын багаж, хувцсаа өгчихсөн нь дээр байх.
-Дахиж ашиглах боломжгүй гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Эверестэд хэрэглэдэг багажийг Маккенлид хэрэглэхгүй. Уул ууланд зориулсан дэлгүүр тусдаа байдаг. Зөвхөн Эверестийн зориулалттай юм уу, зөвхөн Маккенлид авирахад зориулсан дэлгүүр байна. Эверестэд салхины хамгаалалттай хувцас өмсч байсан бол одоо Арктик явахдаа усны хамгаалалттай хувцас өмсөнө. Өөр багаж хэрэглэнэ. Тэгэхээр ахиад л бүгдийг нь шинээр авна даа. Миний гутлыг нээрэн сонирхох уу?
-Тэгье.
-/Эверестэд авирахдаа өмссөн гутлаа авчрав/. Хөнгөхөн. 3 килограмм орчим л байх. Дотроо хөөсөнцөртэй, дулаан алдахгүй.
-Ямар үнэтэй байх вэ?
-3000 ам.доллар хавьцаа авсан.
-Нээрэн, таныг Эверестээс ирэхэд мотоцикль унасан рокерууд олноороо тоссон. “Харанга”-ын Лхагваа ах дуулаад л. Их өвөрмөц угтсан. Та рок хөгжим сонсох дуртай юу?
-Яг таачихлаа. Амьд хөгжим сонсох дуртай. “Харанга”-ыг, гадаадаас бол “Металлика”-г сонсох дуртай. Бас мотоциклийн хоббитой.
-Одоо ханан хадны спортоороо хичээллэж байгаа хэвээрээ юу?
-Маш гоё спорт. “Ажнай” компанитай хамтраад Өндөр Довын тэнд ханан хадны спортоор хичээллэх сонирхолтой залуучуудад зориулж, Азийн аварга шалгаруулах тэмцээн хийчих хэмжээний хана босгох бодолтой байгаа. Тэгэхээр энэ спортоо орхиогүй л гэсэн үг биз дээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд таны Арктик явах аялалд амжилт хүсье дээ. Он гаргаад явах байх аа?
-Он гаргаад явна. Аль болох олуулаа явбал гоё байна, тийм ээ. Өнөөдөр би интернетээс жаахан юм харах гээд орлоо. Саяхан хойд туйлд Хятадын далбааг мандуулсан байна. Шар хөдөлдөг юм байгаа биз дээ. Тэд нар хэзээ анх хүнээ сансарт нисгэлээ. Монгол хүн хэзээ ниссэн билээ. Тэгэхэд эд нар оччихоод байхад яагаад монгол хүн тэнд очиж болохгүй гэж бодогдоод шарандаа баахан төмөр өргөлөө. /инээв/. Ер нь их үндсэрхэг хүн юм шиг байгаа юм. Эх орондоо хайртай, төрийн далбаандаа хайртай. Тэр далбааг аль болох олон сайхан газар мандуулах хэрэгтэй байна. Санаанд бол хэд хэдэн том юм байна. Болох байлгүй дээ.
Б.БАДАМГАРАВ /2008.11.11/