
-“Ардын эрх “сониноос холбогдож байна. Таны амьдарч байгаа тосгонд нөхцөл байдал ямар байна вэ?
-Гал дүрэлзсэн, утаа униар болсон газар л байна даа. Энд өмнөд Ёнпёнг хойд Ёнпёнг гэж хоёр арал байдаг юм. Миний амьдарч буй арлаас нэг км зайд буудалцаан болсон. Одоогоор утас сүлжээ барихгүй байна. Ямар ч байсан гэрт маань тог тасраагүй байгаа болохоор интэрнэтээр та бүхэнтэй холбогдож байна.
-Ар гэрийнхэн рүү гээ холбогдсон уу?
-Үгүй. Санаа зовох байх гэж бодоод холбоо бариагүй байгаа.
-Яг буудалцаан болсон тосгонд хэд орчим монгол хүн амьдардгийг та мэдэх үү?
-Хоёр хүн амьдардаг. Хэдэн филиппинчүүд загасны аж ахуйд ажилладаг гэсэн. Өөр гадныхан байхгүй байх аа.
-Хойд Солонгос гал нээж эхэлснийг хэрхэн мэдэв ээ?
-Намайг цайны цагаар гадаа зогсож байтал буун дуу гарч эхэлсэн. Эхэндээ бид хээрийн цэргийн сургуулилалт гэж ойлгосон. Гэтэл манай эзэд хоорондоо ярихыг нь сонсоод хэрэг бишидсэнийг мэдсэн. Тэр үед би яг усан онгоцонд суух гэж байсан юм. Тухайн үед маш их сандарсан. Шууд амьдардаг байрандаа очиж хувцсаа зузаалж өмсөөд, бичиг баримтаа авч, хорогдох байр руу явсан. Тэнд нэлээд хэдэн цаг суусан. Хорогдох байр их хүйтэн байсан. Сая л нэг тайвширч, одоо гэртээ ирчихээд байж байна. Монголчуудыгаа тайван байгаарай гэж хэлье. Байдал намжих байх.
-Өөрөө Солонгос улсад очоод хэр удаж байна вэ?
-Гурван жил болж байна.
-Таньтай хамт байсан монгол залуу одоо хаана байгаа вэ?
-Бид хоёр хамт амьдардаг юм. Одоо хажууд байна.
-Та хувьдаа цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол гэж бодож байна. Та нарыг дахин хоргодох байр руу аваачих болов уу?
-Мэдэхгүй. Хэрэв нүүлгэн шилжүүлэх бол эндээс явах байх. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломж алга. Битгий сүр дуулиан болгоорой. Ар гэрийнхэн санаа зовно. Мөн нэр ус дурдахгүй байвал сайн байна. Ер нь энд бид хоёроос өөр монгол байхгүй дээ.