
Сэм Уолтон 1945 онд Арканзас мужийн Ньюпорт хотод 25 мянган ам.доллараар дэлгүүр түрээслэн ажиллуулснаар худалдааны менежментэд эргэлт буцалтгүй орсон гэдэг. Тэрбээр гэрэлт ирээдүйгээ санхүүжүүлэх эх сурвалжийг холоос хайгаагүй аж. Хелены аав хүргэндээ бизнес эхлэхэд нь зориулж 20 мянган ам.доллар өгчээ. Харин хадам аав нь энэ шийдвэртээ хэзээ ч харамсаагүй нь амьдрал бэлхнээ харуулж чаджээ.
1962 онд Арканзас мужийн Рожерс хотноо анхны “Wal-Mart” мэндэлж, 1979 он гэхэд Уолтоны дэлгүүрийн тоо 230-д хүрч, жилийн орлого нь тэрбум ам.доллар болжээ. 1985-1988 онд Форбес сэтгүүлийн санал асуулгаар АНУ-ын хамгийн баян хүнээр тодорч байсан Уолтон Роб, Жон, Жим, Элис хэмээх дөрвөн хүүхэдтэй. Тэрбээр ашиг орлого төвийн гудамжинд бус, харин хотын төвд хүн ам ихээр суурьшсан хэсэгт илүү байдгийг бусдаас түрүүлж мэдэрснээр тэрбумтан болсон юм. Уолтоны супермаркет өргөжих тусам хэл ам таталсаар. Ямар ч баян хүнд дайсан олон байдаг хойно доо. Америкийн тогтсон жаягийг үгүй хийсэн хэмээн түүнийг буруутгадаг. 1990-ээд оны эхээр Уол Март сүлжээний жил бүрийн худалдааны орлого 50 тэрбум ам.долларт хүрэх үед шүүмжлэл дээд цэгтээ хүрчээ.
Энэ үед Уолтон дурсамж номоо бичихээс аргагүйд хүрчээ. Номондоо дэлхийн хамгийн том жижиглэнгийн худалдааны сүлжээ хэрхэн үүсэн бий болсон тухай өгүүлжээ. Өөрийн дэлгүүрүүдээ хотын захаар байрлуулж байхдаа америк ёсыг нураана гэж бодоогүй аж. Худалдан авагчид өргөн сонголт, хямд үнэд татагдахаасаа илүү худалдааны танхим дахь найрсаг орчин тэднийг соронздож байжээ. Энэ бол Уолтоны хоёр дахь нээлт юм. Тэрбээр ажилчдадаа “Ганцхан л хаан байдаг. Тэр нь худалдан авагчид” хэмээн байнга хэлдэг байжээ. “Америкт үйлдвэрлэв. Миний түүх” номондоо Уолтон өмнө нь мэдээлээгүй буяны олон төслийнхээ талаар өгүүлжээ. Тэрбээр эхнэр Хелен Уолтоны хамт олон нийтийн байгууллагуудад хандив өргөж, амьтны хүрээлэн, номын сан, спортын цогцолбор байгуулах ажлыг санхүүжүүлж байжээ. Тэр уламжлал болсон өсөн дэвжихийн жорыг ч орхиогүй юм. Номондоо амжилтад хүрэхэд шаардлагатай түгээмэл 10 зарчмыг дурджээ.
Дэлхийн толгой баяны суудлыг хэдэн жил дараалан эзэгнэсэн Сэм Уолтон 1992 онд 74 насандаа өөд
болохдоо 58,6 тэрбум долларын хөрөнгөтэй байв. Компани болон хөрөнгөө Уолтон эхнэр, дөрвөн хүүхдэдээ өвлүүлжээ. Ингээд тэрбумтан Сэм Уолтоны бизнесийн 10 зарчмыг хамтдаа сонирхъё.
1. Бизнестээ үнэнч бай. Та ажилдаа сонирхолтой, хичээнгүй ажиллавал таны эргэн тойрон дахь
хүн бүр ашиг орлогын төлөө ижил сонирхолтой болно. Тиймээс өөрийн бизнесийг өөрөө л хий. Өөрийн
дутагдалтай талыг ялан дийлж сур.
2. Ашгаа дэлгүүрийнхээ ажилчидтай хуваалц. Таны ашиг орлого нэмэгдэн, амжилттай байх тусам
бусад компанитай хамтрагчийн ёсоор ханд. Хамтдаа бүтээсэн бүхэн гүйцэтгэл сайтай, сонирхолтой
болдог.
3. Өөрийн өрсөлдөгчдөдөө нуугдмал байж гэнэтийн алхам хий. Ширүүн, шударга өрсөлдөөний
үр дүн үргэлж сайн байдаг. Таны хамтрагч эд хөрөнгөөр дутмаг байж болно. Хамгийн гол нь өөрсдийнхөө бизнест уриалан дуудаж, үргэлж шинийг зааж өгч бай.
4. Асуудлаа ажилчидтайгаа зөвлөлдөж бай. Зөв шийдвэр ярианы дундаас гарч ирдэг юм. Та хамтрагч түншдээ өөрийн боломжоороо мэдээлэл өгч бай. Мэдээлэл бол өрсөлдөөний дунд таны хүч, эрх мэдэл, ашиг орлого, нөхөр, түнш байхаас гадна аз туршсан зүйлээс хохиролгүй авч гарч чадна.
5. Ажилтнуудынхаа хийж буй зүйлийг үнэлж бай. Түншийнхээ бүх зүйлийг үнэлж, хүндэтгэ. Аливаа
зүйлийг хийж дууссаныхаа дараа түүгээрээ бахархаж сурах хэрэгтэй. Энэ нь шинэ бүхний эхлэлд урам болж өгдөг.
6. Амжилтаа үргэлж тэмдэглэж бай. Өөрийгөө болон таны бизнесийн төлөө хүчин зүтгэдэг бүх л хүнийг амраа. Урам зориг хайрладаг зүйлийн нэг нь амралт зугаалга юм шүү. Ажилчидтайгаа хамт баяр хөөрөөр дүүрэн бай. Ажлын тухай нэг ч үг бүү дурс. Хожим нь хамгийн сайхан, хичнээн чухал зүйл болсныг та мэдэрнэ.
7. Ажилчдынхаа үгийг сонс. Тэд таны бизнесийн нүүр царай шүү дээ. Бүх зүйлд төлбөр төлдөг худалдан авагчидтай ч бас нөхөрсөгөөр ярилцаж байгаарай. Энэ нь цаашдын бизнест тань том
хөшүүрэг болно.
8. Үйлчлүүлэгчдийнхээ хүссэнээс илүүг санал болго. Тэднээс уучлалт гуйж чаддаг байх ёстой.
Ингэх нь таны нэр хүнд унахгүй, харин ч тэд танд итгэдэг болно. Үйлчлүүлэгчийнхээ итгэлийг хүлээнэ
гэдэг бизнес эрхлэгчдэд хамгийн том “шагнал” юм.
9. Зардлаа хянаж бай. Амжилтандаа бялуурч болохгүй. Өрсөлдөөн дунд худалдан авагчид юуг хүсэж
буйг мэдэрч, тэдэнд хяналт тавьж сур. Тэд ямагт илүү сайныг хаанаас олж авах талаар эрэлхийлж, танаас урваж хэн нэгнийг сонгоход бэлэн байдаг.
10. Бизнест ер бусын замыг сонго. Хувь тавилан нэг янзаараа байдаггүй, үргэлж хэлбэлздэг. Тий мээс
та урсгал сөрөн сэл. Зүрх сэтгэлээ мэдэрч сур. Хэн ч, юу ч хэлж байсан хамаагүй зорилгынхоо төлөө алхам алхмаар урагшлах ёстой. Би ийм л байж чадсан учраас амжилтад хүрсэн хэмээн Сэм Уолтон ярьсан байна.