
Одоогоос ердөө тавхан сарын өмнө Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгч Пармешвар Рамлоган Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нарт бараалхсан. Энэ үеэр ганцхан зүйлийг улс төрийн хоёр том хүчний нөлөө бүхий улстөрч, парламент дахь намын бүлгүүдийн удирдагчаас хүссэн. Энэ нь төсвийн зарлагаа ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байх, төсвийн зарлагыг заавал нэмэх гээд байгаа бол 150 тэрбум төгрөгөөс бүү хэтрүүлээрэй гэх гуйлт байлаа. Энэ хэний төлөө гуйлт вэ гэвэл Монголын л төлөө юм. Хэрэв хэтрүүлбэл ОУВС болон донор орнууд танайд итгэхгүй учраас тусламж хандиваа үргэлжлүүлэх боломжгүй шүү дээ гэсэн болохоос ямар нэг сүрдүүлгийн өнгө аяс тэнд байгаагүй.
Гэтэл манай улсын парламентын эдүгээ хэлэлцэж байгаа төсвийн төсөлд төсвийн зарлага 703 тэрбум, нийт алдагдал 476 тэрбум төгрөгөөр хэтэрчихээд байгаа. Одоо ОУВС-аас лав алгаа тосох нүүргүй боллоо. Ингэхээр эрхэм улстөрчид Засгийн газрын бонд гаргаад, ирээдүйгээсээ зээлээд алдагдлаа хаачихна даа гэж ханхалзаж байгаа.
Гэвч үүнд учир бий. Азийн орнууд 1989 оноос буюу “перестройка”-тай зэрэгцээд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж эхэлсэн. Харин манай орон Азийн орнууд дотроо сүүл мушгин одооноос л хөрөнгийн зах зээлд хөл тавьж байна. “Ситигрупп”-ийн Лондон дахь салбарын орлогч дарга Филипп Беннетийн ярьснаар “Монгол Улсын Засгийн газрын бондыг олон улсын зах зээл дээр арилжихаас айх хэрэггүй” гэнэ. Учир нь Засгийн газар мөнгөтэй болж, улс орны эдийн засаг түргэснэ. Хувийн компаниуд хөрөнгө босгох боломжтой болно. Гэхдээ энэ бол хоёр үзүүртэй сэлэмтэй адил. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлаа бууруулахгүй бол буруу тийшээ хазайна” хэмээн энэ эрхэм анхааруулжээ.
Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид өнөөдөр хямралын дараа улам “хүчирхэгжсэн” Монголын санхүү, эдийн засгийг сонирхон харж байна. Улс төр, эдийн засгийн амьдралд нь ямар үйл явдал өрнөж байна, санхүүгийн сахилга бат нь сайжирч байгаа эсэх л тэдэнд хамгийн чухал. Хариуцлага сайжрахын хэрээр эрсдэл багасдаг учраас тэр шүү дээ. Гэтэл бодит байдал дээр банкуудын байдал муудахад нуун дарагдуулдаг, улстөрчид нь үүнд оролцдог, сонгууль дөхөхөөр банкныхаа сан хөмрөгийг тэмтэрдэг, эцэст нь төрийн албан хаагчдаа буруутнаар тодруулдаг нь тун хачирхалтай санагдаж байгаа болов уу. Мөн анхааруулсаар байтал төсвийн алдагдлаа тэлсээр байдаг. Шалтгаан нь сонгогчдыг өөртөө татахын тулд амласан амлалтаа хэрэгжүүлэх явдал байсан шүү дээ. Ийм оронтой хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах бус улам дайждаг.
ОУВС “Эдийн засгийн хямралын үед нүүр буруулдаг” гэж гоочлуулах нь цөөнгүй. Үүний цаана бас шалтгаан бий. Засгийн газрын хэрэглээг багасгахын тулд бодлогын хүүг нэмэгдүүлж, валютын ханшийг унагах эрсдэл хийсэн жишээ Өмнөд Солонгост гарч байсан. Хэдийгээр ядуурлын түвшин өсч, иргэдийн дундаж цалин буурдаг ч үүний үр дүнд улстөрчдийн дийлдэшгүй хүч өөрийн эрхгүй мөхөстөж, Засгийн газрын зардал буурдаг байна. Манайд ч гэсэн хүссэн хүсээгүй ийм арга хэмжээ авах өдөр ойрхон ирсэн байж мэдэх юм.
Өнөөдөр манай улсын гадаад өрийн хэмжээ гурван тэрбум 273 сая ам.долларт хүрээд байна. Үүний талаас илүү буюу 55.6 хувийг Засгийн газрын гадаад өр эзэлдэг. Өр ихтэй, өндөр инфляцитай оронд хөрөнгөө оруулах тэнэг бизнесмэн, бизнесийн байгууллага олдохгүй. Манай өмнөд хөрш Хятадын төв банк хурдтай өсч байгаа инфляциа тогтоон барихын тулд хадгаламжийн хүүгээ 0.5 хувиар өсгөх шийдвэр гаргажээ. Ердөө 4.4 хувь болсных нь төлөө тэр шүү дээ. Харин Монголд инфляци 11.3 хувьд хүрчихээд байхад “Бодлогын хүүгээ хэвээр хадгална” хэмээн мэдэгдсээр байна. Ерөөсөө мөнгөний бодлогын хүүг нэмбэл Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулдаг юм байна гэж ойлгосон бололтой. Үнэн хэрэгтээ гол буруутан нь улсын төсвийг баталж буй парламентчид юм. Төсвийн зарлагаа мэдсээр байж хэтрүүлчихээд жам ёсоо дагаж өсөх инфляцийг огт тооцоолохгүй байна. Инфляцийг бууруулахын тулд мөнгөний бодлогыг нь өсгөх гэхээр эдийн засгийн өсөлтийг боомиллоо гэж популизм хийдэг. Гадны хөрөнгө оруулагчдад тэдний шоу биш инфляци хэр аюултай байгаа нь л сонин байгаа.
Монголчууд ОУВС-гийн зөвлөмжийг дагахгүй, ирээдүйгээсээ таван жилийн хугацаатай, 5-6 хувийн хүүтэй мөнгө зээллээ гэж бодъё. Олон улсын туршлагаас харахад голдуу 500-700 сая ам.долларын бонд гаргадаг. Үүнээс их хэмжээний бонд гаргавал тухайн улсын эдийн засгийн шингээх чадвар нь асуудал үүсгэдэг ажээ. Юуны өмнө манай макро эдийн засгийн бодлого, дотоодын банкуудын чадавхи, дархлаа ямар байгаа вэ гэдэг нь хамгийн чухал. Манай арилжааны банкууд өөрийн хөрөнгийн дутагдалтай. Эдийн засгийн мөчлөгөө дагаад зээлээ хэт нэмэгдүүлж, эсвэл хэт багасгачихаад байдаг. Иймээс банкны салбарын зохистой байдлын шалгуур үзүүлэлтийг шинэчлэн тогтоож эрсдлийг давах чадвартай болгох хэрэгтэй. Эс тэгвэл их хэмжээний валютын урсгал чадал муутай банкуудыг залгиж, хөрөнгийн зохистой удирдлагыг нь алдагдуулчихаж мэдэх юм.
Өнгөрсөн хавар, зунжин яриад, гадны зөвлөх урьж өндөр зардалтайгаар боловсруулсан банкны салбарын бүтцийн өөрчлөлт зөвхөн яриа хэлэлцээний түвшинд байна. Сураг сонсвол ирэх оноос хэрэгжүүлэх учиртай аж. Гэхдээ одоогоор “хагас боловсруулаад” байгаа тэр төлөвлөгөөний дүнд зарим банк хаалгаа барьж мэдэхээр байгаа нь Засгийн газрыг түгшээгээд байгаа юм. Нэгэнт Засгийн газрын бонд гаргахаар шийдсэн л бол бүтцийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй. Бүтцийн өөрчлөлт хийхийн тулд улс төрийн зоригтой шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд өндөр алдагдалтай төсөв боловсруулсан Засгийн газар, түүнийг батлах гэж буй УИХ хоёр шахаанд орчихоод байна.
Нөгөөтэйгүүр Засгийн газрын бондыг гадаад зах зээлд гаргах “шинэ арга” Монголбанкнаас томоохон шалгалт авах нь. Бонд гаргасны эерэг, сөрөг үр дүн валютын ханшаар дамжин арилжааны банкуудад нөлөөлнө. Валютаар олгосон зээлийн эргэн төлөлтөд санхүүгийн хяналт тавих, инфляцийг хэт өндөр түвшинд хүргэх, эдийн засгийн халалт үүсэх зэрэг нь Монголбанкны л хариуцлагын асуудал. Түүнээс биш улстөрчид “Бид сонгуулийн амлалтаа биелүүлэх гээд улс орныхоо эдийн засагт халаалт үүсэх төсөв баталсан юм”хэмээн буруугаа хүлээх нь юу бол. Чухам ийм учраас Засгийн газар, УИХ, улстөрчдөөс хараат бус байх Банкны тухай хуулийг хөөцөлдөж батлуулсан билээ. Харамсалтай нь уг хууль зөвхөн цаасан дээр үлдэж, Засгийн газар, УИХ Монголбанктай хүйтэн дайнаа үргэлжлүүлэх нь нэгэнт тодорхой болоод байна.
У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин