Цөмийн дайн умард солонгосоос эхлэх үү

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Цөмийн дайн умард солонгосоос эхлэх үү

Умард Солонгос уран баяжуулах үйлдвэр байгуулж, ашиглаж байсан нууц дэлхий нийтийн сонорт хүрээд удаагүй байхад тус улс өмнөд хөрш рүүгээ халдан довтоллоо. Хоёр Солонгосын баруун хилийн бүсэд болсон мөргөлдөөн нь олон улсыг зэвсэг барихад хүргэж болзошгүй нөхцөлийг бий болгосонд дэлхий нийт санаа зовж, хоёр орон цаашид хэрхэхийг чих тавин хүлээж байна. Пхеньян Өмнөд Солонгостой хилийн маргаанаас болж түнжин хагараад зогсохгүй цөмийн туршилт хийж, олон улсыг сандаргасан нь ганц удаагийн  явдал биш. Зарим ажиглагч Умард Солонгосыг санаснаа гүйцэлдүүлэх цөмийн станцаа ашиглалтад оруулсан ч үүнийгээ нуун далдалдаг гэж үздэг. Тэд үнэхээр нуун далдлахдаа ч чадварлаг бололтой. Учир нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн байцаагч нар Ёнбён дахь цөмийн цогцолборт шалгалт хийсэн ч ноцтой зүйл илрүүлээгүй учир “Цөмийн станц нь ажиллагаанд ороход бэлэн бус” гэсэн дүгнэлт гаргаж байсан. Гэхдээ л Пхеньян удаа дараа алсын тусгалтай пуужин харваж, туршсан нь муур хулгана барихдаа ангаараа нааддаг шиг барууны орнуудыг өдөөд авсан юм.Тэд цөмийн зэвсгээ ил гаргахад тохиромжтой мөчийг хүлээж байгаа ч гэх таамгийг улс төрийн ажиглагчид дэвшүүлж байсан билээ. Магадгүй уран баяжуулах нууц үйлдвэрээ илчилж, өөрсдийн чадварыг гайхуулсны дараа өмнөд рүү халдсан нь олон улсыг өдөөн хатгаж, дайн дэгдээх явуулга байж болзошгүй. Учир нь Пхеньяны өдөөн хатгалгын эсрэг дэлхийн ихэнх орон босч зэвсэг барих бөгөөд энэ нь хойд солонгосчуудын хүлээж байсан хумсаа тохиромжтой мөч байж болно. Тиймээс олон улс Пхеньяны эсрэг зэвсэг чиглүүлбэл цөмийн зэвсэг хүн төрөлхтөний толгой дээр буух мөч тун ойрхон ирэх биз.

Умард Солонгосын эрх баригчид цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь 2002 онд анх ил болсноос хойш АНУ тэргүүтэй барууны орнууд болон НҮБ Пхеньяны эсрэг хатуу байр суурь баримталж маргалдсаар өнөөг хүрсэн. Вашингтон болон НҮБ тус улсыг цөмийн зэвсэг үйлдвэрлэж, дэлхий нийтэд заналхийллээ гэж удаа дараа буруутган хориг арга хэмжээ авч байсан удаатай. АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, тус улсын цөмийн турш­лагатай эр­дэмтэн Сигфрид Хекер энэ сарын дундуур Умардын Ёнбёны атомын цогцолбортой танилцсан. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт тус цогцолборт нууц бөгөөд шинэ уран баяжуулах үйлдвэр ажиллаж байгаа тухай мэдээлснээр Умардын цөмийн зэвсгийн асуудал дахин сөхөгдлөө.

С.Хекерийн тай­­ланд дурьд­санаар уг нууц бай­гуу­ламжид бага түвшний уран баяжуулдаг бөгөөд цөмийн реакторт нийлүүлдэг аж. Уг байгууламж нь хоёр мянга орчим хүрдэн эргүүлэг буюу уран боловсруулах эргүүлэгтэй байсан нь түүнийг алмайруулсан аж. Мөн тус байгууламжийн бүхий л тоног төхөөрөмж болон удирдлага хяналтын системүүд нь орчин үеийнх байсан нь С.Хекерийг алмайруулж орхижээ. Тэрбээр энэ тухай хэлэхдээ АНУ-д ч байхгүй дэвшилтэт технологитой цөмийн тоног төхөөрөмж коммунист улсад байсан хэмээв. Нууц бай­гууламжийг өнгөрсөн оны дө­рөвдүгээр сард барьж эхэлсэн тухайгаа Умардын албаны хүмүүс С.Хекерээс нуугаагүй байна. Бүхэл бүтэн уран баяжуулах үйлдвэрийг жил гаруй хугацаанд ашиглалтад оруулсан нь Пхеньян ямар хурдан ажилласныг харууллаа хэмээн тэрбээр тайландаа дурьджээ. Уг байгууламж нь байгалийн ураны изотопийг 0.7 хувь хүртэл өсгөдөг ба энэ нь 90 хувийн баяжуулалттай уран гарган авч байна гэсэн үг.

Харин Ираны цөмийн станц дахь уран баяжуулах үйлдвэр ердөө 20 хувийн баяжуулалттай уран гаргадаг нь үүнтэй харьцуулахад юу ч биш бололтой. Барууны орнууд Тегераныг цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэж буруутгадаг юм. Гэхдээ Ираны Засгийн газар цөмийн хөтөлбөр нь энхийн зориулалттай гэсэн хариуг удаа дараа өгөөд байгаа юм. Пхеньяны цөмийн асуудал хариуцсан албаныхан шинэ бай­гууламж нь зөвхөн цөмийн станцад түлш нийлүүлэх болон дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах энхийн зориулалттай хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ Ёнбёны уран баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа эсэхийг хэлэхэд эрт байгааг С.Хекер онцолжээ.

Нууц шинэ байгууламжийн  та­лаар дуулсан АНУ-ын засаг за­хиргаа Умардын Засгийн газар цө­мийн зэвсэгтэй болох атгаг санаагаа хэрэгжүүлэхийн тулд НҮБ болон олон улсын зүгээс авсан хориг арга хэмжээг уландаа гишгэлээ хэмээн буруутгав. Пхеньяны энэ үйлдэл нь НҮБ-ын олон улсыг цөмийн зэвсгээс ангижруулах гэрээний1718 болон 1874 дүгээр заалтыг зөрчсөн аж. Тус улсыг өнгөрсөн жил хоёр удаа цөмийн туршилт хийсний дараа НҮБ дээрх хоёр заалтыг баталсан юм.

Коммунист Солонгос цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж буй нь илэр­сэн найман жилийн тэртээгээс л Пентагон тус улсыг бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулж, хүн төрөлхтөнд заналхийллээ хэмээн буруутгасаар байгаа билээ. Харин олон улсын ажиглагчид Пхеньяны шинэ байгууламжийг цөмийн зэвс­гийн хэлэлцээрт ялалт байгуулах нэг арга эсвэл Ким Чин Ирийн залгамжлагчийг дэмжих оролдлого байж болох юм гэх таамгийг дэвшүүлж байна. Вашингтон Умар­дынхныг уран баяжуулах бай­гууламж нууцаар барьж, ашиглаж байгаа нь цэвэр өдөөн хатгалга бөгөөд дэлхий нийтийн урмыг хугалсан явдал боллоо хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. БНАСАУ дахь АНУ-ын онцгой эрхэт элч Стефен Босуорт уржигдар Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Сун-хуантай уулзаж Пхеньяны асуудлаар зөвлөлджээ. Пентагон ч Умардад сөрөг арга хэмжээ авах талаар бодоод эхэлчихсэн байна.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Тэ Ён “Сөүл Вашингтоны тактикийн цөмийн зэвсгийг хүлээн авч, Умардын эсрэг хариу барихаар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдсэн аж. АНУ-ын тактикийн цөмийн зэвсэг гэдэг нь аль нэг бүсэд заналхийлсэн гадны хүчнийхний эсрэг хүч далайлгаж, асуудлыг шийдвэрлэх үүднээс тус бүс дэх хамтрагчийнхаа газар нутагт цөмийн зэвсэг байрлуулдаг юм. Хэрэв нөхцөл байдал хурцадвал уг цөмийн зэвсгийг харвахад бэлэн аж. АНУ цэргийн стратегиа шинэчилж, Өмнөд Солонгост хамгийн сүүлд байрлуулж байсан тактикийн цөмийн зэвсгээ 1991 онд эргүүлэн татсан аж.

МӨРГӨЛДӨӨН ДАРИН ДЭЭР ДАВС НЭМЭВ

Уран баяжуулах байгууламжийн тухай шуугиан намжиж амжаагүй байхад өчигдөр Умард ба Өмнөдийн баруун хил дээр мөргөлдөөн гарав. Умард Солонгосын тэнгисийн цэргүүд тус бүс дэх Ёнпён арал руу их буугаар түрүүлж гал нээсэн гэж “Ёнхап” агентлаг дамжуулжээ. Үүний хариуд Өмнөдийн цэргүүд гал нээсэн ч Умардын талд хэр их хохирол учирсан нь тодорхойгүй байна. Орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 23-ны 14 цаг 34 минутад Умардын байлдааны усан онгоцнууд Ёнпён арлын нутагт цөмөрч 200 удаа гал нээжээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын хоёр цэрэг амиа алдаж, 17 хүн шархадсан байна. Гэхдээ шархадсан хүмүүсийн яг хэд нь цэрэг, хэд нь энгийн иргэн бэ гэдэг нь мэдээллийн агентлагуудын дамжуулснаар өөр хоорондоо зөрөөтэй байна. “CNN” агентлагийн мэдээлснээр хоёр энгийн иргэн шархдаж, 15 цэрэг дайралтад өртсөнөөс тавынх нь биеийн байдал тун тааруу байгаа аж. Хоёр Солонгосын баруун хилд буудалцаан гарсны дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Лий Мён Бак Умард Солонгосын нээсэн галаас үүдэлтэй мөргөлдөөнийг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад нь үүрэг болгосон байна. Тэрбээр “Бид нөхцөл байдалд хянамгай хандаж, мөргөлдөөнийг гаарахаас сэргийлэх хэрэгтэй” гэжээ. Мөн тэрбээр гэнэтийн явдлын дараа аюулгүй байдал хариуцсан албаныхан болон холбогдох яамны сайдуудаа цуглуулж, Сөүл дэх Ерөнхийлөгчийн ордны газар доорх хорогдох байранд яаралтай зөвлөлгөөн хийжээ. Тэд Умардын эсрэг арга хэмжээ авах талаар ярилцсан бололтой.

Шар тэнгист болсон үйл явдлын дараа Өмнөд Солонгосын тал энхийн цагийн хамгийн дээд түвшний Иргэний онц байдал зарласан байна. Мөн мөргөлдөөн болсон бүсэд үүрэг гүйцэтгэдэг тэнгисийн цэргүүдэд дайны бэлэн байдал зарлаж, Ёнпён арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлэв. Орон нутгийн телевизүүдийн дам­жуулснаар Умардын дайралтын дараа Ёнпён арал бүхэлдээ хар утаанд хучигдсан байдалтай байсан аж. Умардынхны гал эхэндээ арлын эрэгт тусч байсан бол нутгийн гүн рүү тусч уулархаг бүсэд оршин суудаг иргэдийн байр сууц галд шатжээ. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн ажлын алба Умардынхныг галаа зогсоохыг шаардсан мэдэгдлийг цахилгаан утсаар өгсөн гэж мэдээлэв. Тус албаны тэргүүн Хан Мин Күү болон тус улс дахь АНУ-ын 28.500 цэрэгтэй ангийн захирагч Генерал Уолтер Шарп нар утсаар ярилцаж, хоёр талын “Хамтарсан хямралын эсрэг ажиллагаа”-г эхлүүлжээ.
Даваа гарагт Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний гурван томоохон сургуулилтын нэг болох 70 мянган цэрэг оролцсон “Хогук сургуулилт” эхлээд байжээ. Харин үүнд дургүйцэж байгаагаа Умардын Засгийн газар илэрхийлж, бичгээр мэдэгдэл хүргүүлсэн аж. Гэхдээ Сөүл уг мэдэгдэлд яг юун тухай өгүүлснийг дэлгэрэнгүй мэдээлсэнгүй. БНСУ-ын Засгийн газар Умардын эсэргүүцлийн мэдэгдэл болон гал нээсэн явдал хоорондоо ямар нэгэн холбоотой хэмээн үзэж байна. Зарим албаны хүмүүс ч болж буй үйл явдлын учир шалтгаан болон түүний цаад учрыг мэдэж байгаа гэсэн ч олон нийтэд тодорхой зүйл ярьсангүй. Хоёр Солонгосын баруун хил буюу Ёнпён арлын бүсэд 1999, 2002 онд хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн гарч байжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сар болон энэ оны гуравдугаар сарын сүүлээр хоёр талын тэнгисийн цэргүүд хоорондоо гал нээсэн удаа бий аж.

Т.ОТГОНБАТБАЯР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж