ШХАБ-ын хуралдаанд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

ШХАБ-ын хуралдаанд оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан Бүгд Найрамдах Тажикстан улсын нийслэл Душанбе хотод маргааш эхлэх ажээ. Тус хуралдаанд манай талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор өнөөдөр эх орноосоо мордсон байна. Хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээрт 1996 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан зэрэг таван улс Шанхай хотноо гарын үсэг зурснаар “Шанхайн тав” хэмээх үйл явц эхэлсэн. Харин 2001 оны зургадугаар сард Шанхайд болсон төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр эдгээр таван улс дээр Узбекистан нэмэгдэж, ШХАБ-ыг байгуулснаа албан ёсоор зарласан юм байна.

Монгол Улс 2004 онд Ташкент хотноо болсон ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалтаар ажиглагчийн статустай анхны орон болсон. ШХАБ-ын хүрээнд манай улс юуны өмнө эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхолтой байдаг бөгөөд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд илүү ач холбогдол өгч байна. ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2010 оны нэгдүгээр  сарын 22-нд анх удаа ажиглагч орны нийслэл Улаанбаатар хотод болсон юм хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж