Бангкогийн сүмээс 2000 амьгүй ураг олджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Бангкогийн сүмээс 2000 амьгүй ураг олджээ

Тайландын Бангког хотын шарил чандарладаг сүмээс өнгөрсөн долоо хоногт  үр хөндөлтийн золиос болсон  хоёр мянга гаруй  ураг олджээ. Тайландын цагдаа нар үр хөндөлт хийдэг нэгэн эмчийг  баривчилж, хэд хэдэн эмнэлгийн үйл ажиллагааг шалгаж байгаа аж.  Харин Тайландын хүний эрхийн хөдөлгөөнийхөн үр хөндөлтийг хуулиар хоригловол ядуу эмэгтэйчүүд аюултай, хориотой нөхцөлд үр хөндүүлэх нь нэмэгдэнэ гэж үзэж байна. 

Өнгөрсөн мягмар гаригт Бангкогийн Phai Ngern Chotanaram хэмээх буддын сүм орчмоос өмхий үнэр гараад байна гэсэн мэдээллээр цагдаа нар очиж шалгахад хуванцар  уутанд хийсэн 348  ураг олдсон байна.  Энэ хэргийг үйлдсэн этгээдийг баривчилж,  байцаалт явуулсны дараа 1500 орчим амьгүй ураг олжээ. Гэмт этгээд байцаалтын  үед шарил чандарлах сүм сарын өмнө хаагдсан учраас тэдгээрийг шатааж чадаагүй гэжээ. Олныг цочирдуулсан энэ явдлын дараа  хууль бус үр хөндөлт хийдэг эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоож, үр хөндөлт хийж, амьгүй ургуудыг  сүмд авчирсан  нэгэн эмэгтэйг баривчлан шалгаж эхэлсэн байна. Тэрбээр хуванцар уутанд хийсэн дээрх амьгүй ургуудыг хэд хэдэн эмнэлгээс авчирсан гэжээ.  Бүсгүй мөн байцаалтын явцад түүний үйлчлүүлэгчдийн дунд загвар өмсөгчид, нэртэй кино жүжигчид байсан тухай мэдэгдсэн байна.

Хэдийгээр Тайланд үр хөндөлтийг хуулиар хориглодог ч хүчингийн хэрэг, цусан төрөлтэйгээ бэлгийн харьцаанд орсон болон эхийн амь насанд халтай зэрэг тохиолдолд үр хөндөлтийг зөвшөөрдөг аж.  67 сая хүн амтай Тайландад жил бүр 300 – 400 мянган үр хөндөлт хийдэг гэсэн тооцоо гарчээ.

Гэвч Тайландын эрүүл мэндийн мэргэжилтнүүд  дээрх хатуу арга хэмжээ нь үр хөндөлтийн  тоог бууруулж чадахгүй гэж үзэж байна.  “Ийм арга хэмжээний дараа зөвхөн үр хөндүүлэх ажилбарын үнэ л нэмэгдэх бөгөөд эхийн эндэгдэл, эрүүл мэндтэй холбоотой  олон бэрхшээл шинээр  урган гарах болно” гэж Тайландын  эрүүл мэнд, нөхөн үржихүйн төвийн мэргэжилтнүүд  ярьж байна.  Хамгийн их хохирох хүмүүс нь ядуу эмэгтэйчүүд аж.  Өнгөрсөн долоо хоногт болсон дээрх үйл явдал Тайландад үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөх асуудлыг дахин хэлэлцэхэд хүргэсэн юм.  Үр хөндөлтийг хуулиар хориглосон нь эрх баригчид “ Хүүхдийн алуурчид” гэсэн нэр зүүхийг хүсдэггүйтэй холбоотой гэж үзэх хүмүүс ч байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж