
Ганц бие хүмүүс янз бүрийн өвчин зовлонд нэрвэгдэх нь их гэдгийг харуулсан судалгаа, шинжилгээ өнөөдөр ихээхэн үзэгдэх болжээ. Орхус хотын 138 000 хүний дунд ажиглалт хийсэн Данийн эрдэмтэд ганц бие хүмүүс гэр бүлтэй хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчнөөр хоёр дахин их өвчлөх магадлалтайг тогтоосон байна. Түүгээр ч барахгүй өвчлөл нь тэдний хувьд хүндээр тусч, цус харвалтад өртөх хүндрэл тэдэнд их байгаа аж.
Английн эрдэмтдийн 10 мянган хүний дунд хийсэн олон жилийн ажиглалт нь гэр бүлгүй эрчүүд найман жилийн дотор нас барах эрсдлээр гэр бүлтэй хүмүүсээс 10 хувиар их гэж тогтоолоо. Ганц бие эмэгтэйчүүдэд энэ ялгаа нь 4,8 хувиар бага байна. Гэхдээ эрсдлийн төвшин сэтгэгдэл төрүүлэхээр байгаа юм. Учир нь эдгээр хүмүүс судалгаа эхлэхэд 30 настай байсан ба төгсгөлд нь 40-тэй байсан гэнэ.
Эрх чөлөө гэх амттай бус үг
Ер нь бол ганцаардалд бүх насныхан нэрвэгдэж байна. Ная хүрсэн ганц бие өвгөд гэр бүлтэй үе тэнгийнхнээсээ Альцгеймерийн өвчнөөр (зөнөглөлт) хоёр дахин илүү өвчилж байна. Чикаго хотод эрдэмтдийн бас нэг судалгаа нь ганц бие 50-70 настнуудын дунд цусны даралт өндөр буйг харууллаа. Өөр нэг судалгаа нь эцэг эхтэйгээ хөндий харьцдаг том ангийн сурагчид ирээдүйд даралт ихсэх мөн зүрх судасны өвчинд нэрвэгдэх эрсдэлтэйг тогтоожээ. Эрдэмтдийн дүгнэлт адилхан үр дүнтэй байна. Ганцаардал нь эр, эм, хар, цагаан арьстнууд, менежер ба цэрэг, янз бүрийн цаг агаарын бүс болон тивийнхний эрүүл мэндэд ялгаагүй сөрөг нөлөөтэй ажээ. Тийм хүмүүст тулгарч буй гол аюулын дундаас зүрх, судасны өвчин мөн халдварт өвчинд нэрвэгдэх, тархи, мэдрэлийн болон ходоодны хавдар, хорт хавдар тэргүүлж байна.
Гэвч ямар янзаар судсанд холестерины товчнууд ургаж, хорт хаврын эс үржихэд гэр бүлийн байдал нөлөөлнө вэ? Бараг бүх судлаачид ганцаардлын аюулын талаар ойлголттой болоод эхний ээлжинд түүнийг амьдралын хэм хэмжээний ялгаанд хамаарууллаа. Гэр бүл бол юуны түрүүнд халамж ба хяналт юм. Тэр нь гэр бүлгүй хүмүүс, нэн ялангуяа эрэгтэйчүүдэд муу зуршилд амархан автаж, зөв хооллолтыг үгүй болгож байна. Ганц бие хүмүүс элдэв асуудлаа ярьж зөвлөх хүнгүй учир ихэнх тохиолдолд өөрийн өвчний аюулыг дутуу үнэлдэг гэнэ. Эцэст нь тэднийг өвчний улмаас ухаан алдлаа гэхэд “түргэн” дуудах эсвэл яаралтай эм аваад өгчих хүн ойр хавьд нь байхгүй. Тэгэхлээр тэднийг үхлээ гэхэд гайхах зүйлгүй нь ойлгомжтой.
Дээр дурьдагдсан бүгд ганц бие хүмүүсийн өвчлөх эрсдэлд нэмрээ өгч байгаа ч энэ бүгдийг шалтаг болгон тайлбарлах нь бас утгагүй. Зарим судалгаа ч үүнийг тогтоосон билээ. Жишээлбэл, ганцаардал ба Альцгеймерийн өвчний хоорондын холбоог судлахдаа эрдэмтэд “нийгмийн тусгаарлалт” болсон гэр бүлгүй байх, бусад хүмүүстэй тогтмол харилцаатай байх “сэтгэл санааны тусгаарлалт” гэгдэх хоёр хүчин зүйлийг онцолсон байна. Хөгшин хүний зөнөглөлт нь тэр хүн гэр бүлийн хүрээнд байсан ч орчных нь хүмүүсийн анхаарал дутсан бол өндөр эрсдлийн төвшинд байдаг гэнэ. Ганцаардал хүнийг эрүүл бус амьдралын хэв загвараар хөнөөдөг гэдгийг дээр хэлсэн Данийн судалгаа харуулж буй. Тэд судалгааныхаа дүнг гаргахдаа ганцаардуулан хашсан бичнүүдийн үзүүлэлттэй харьцуулан авч үзсэн байна. Бичнүүдийг сүргийн хэлбэрээр амьдарч байгаа амьтдынх нь адил хооллож байсан ба элдэв муу зуршилд оруулаагүй гэнэ. Гэтэл хэсэг хугацааны дараа тэдэнд судасны хатууралт, мартамхай байдал илэрсэн байлаа.
Америкийн анагаахын ном зохиолд “Пенсильванийн парадокс” буюу “Розетогийн феномен” гэсэн тохиолдлын тухай бичсэн байдаг. Пенсильвани мужийн Розето гэх жижиг хот 1960-аад оны эхээр дөнгөж 1600 хүнтэй байсан ба хэдэн ийм жижиг сууринд үйлчилж байсан нэгэн эмнэлгийн ажилтнууд розетынхан хөрш Бангор хотынхноо бодвол зүрх судасны өвчнөөр хандах нь хоёр дахин бага байгааг анзаарчээ. Мэргэжилтнүүд тэдний хоорондын амьдралын хэв загвар ба хоол хүнсний хоорондын ялгааг олж харсангүй. Розетогийн оршин суугчид Бангорынхантай адилхан архи тамхи, кофе, амьтны тос хэрэглэж нэг л эх булгийн ус уудаг байв. Адилхан нь түлштэйгээр барахгүй, цусан дахь холестерины хэмжээ нь ижил байлаа. Тэдний хоорондын ганц ялгаа нь оршин суугчдынх нь хоорондын харилцаа байв. Розето хотод өмнөд Италийн нэгэн мужаас ирсэн цагаачид, тэдний үр сад амьдардаг байв. Тэд шинэ эх орондоо өмнөд Италийнхаа амьдралын ёс горимыг хадгалан үлдсэн байна. Хотын эдийн засаг нь жижиг кафе, мухлаг, урлангуудаас бүрэлдэх бөгөөд тэнд хүүхэд нь хүртэл оролцож, гэр бүлээрээ ажилладаг байсан гэнэ. Розетогийн хүн ганцаараа хэзээ ч үлддэггүй, танихгүй хүмүүс тэдний дунд байхгүй байлаа. Амьдрал нь дандаа өөрсдийн хүмүүсийн дунд өрнөнө. Гэтэл Бангор хотынхон бол тусгаар амьдралд сурчихсан янз бүрийн үндэстэн ястнууд байв. Гэхдээ хэрэг явдал онцгой гени эсвэл итали гал тогооны анагаах чадварт байв уу? Энэ асуудалд амьдрал өөрөө хариу өгсөн юм. Хорин жилийн дараа хүн амын бүтэц, хоол унд нь хэвээр байсан ч хотод том үйлдвэр, жижиг квартирууд, коттеж гарч ирснээср “Розетогийн ер бусын үзэгдлээс” ул мөр үлдсэнгүй. Жил өнгөрөх тусам л тэдний өвчлөлтийн цар хүрээ нь хөршүүдтэйгээ улам адилхан болж байлаа.
Энэ болон бусад баримтууд ганцаардал муу зуршлын адил хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг баталж байгаа юм. Судлаачид яагаад гэсэн шалтгааныг нь бас л тодорхой тайлбарлаж амжаагүй л байна.
Тэсрэх бөмбөг
Шинжлэх ухааны ойлгомж муутай үзэгдлийг ямар нэгэн санаандгүй эх бичигт оруулахаар улам ойлгомжтой болох ёс бий. 1970-аад онд нээгдсэн эсийн төлөвлөгдсөн амиа егүүтгэх ер бусын үзэгдэл болох апоптозийн тухай энд дурьдахад хангалттай. Эс бие махбодид хэрэггүй болох эсвэл аюултай болоод ирэхээрээ өөрийгөө егүүтгэдэг бөгөөд тэр нь маш ээдрээтэй төлөвлөгдсөн арга юм. Эрдэмтэд хэн гээч нь эсэд өөрийгөө хөнөөх тушаал өгөөд байгааг тайлбарлахаар оролдох үеэр зэрэгцээд тэр нь бараг хэрэггүй золиос гэдгийг олж тогтоосон байна. Химийн дохионы зарим бодисууд цитокин нь эсийг сэргээх ба хуваагдах үндсэн үүргээсээ гадна апоптозагийн хаагч болдог бөгөөд тушаал авахад үргэлж бэлэн байдаг аж. Хэрэв тушаал ирээгүй бол эс өөрийгөө хөнөөх ажилдаа ордог байна.
Эс бол жинхэнэ гуниглагч ба түүнийг цаг үргэлж л цитокин, өсөлтийн нөхцөл, махбодийн онцгой нөхцөл зэргээр амьдарч бай гэж “ятгаж байх хэрэгтэй” гэж эмч нар хэлж байна. Энэ хэлэгдсэн үг нь олон эст организмын эсэд хамаатай. Түүнд нэгдмэл амьд үүр хэрэггүй ч эс нь өөрөө түүнд хамаагүй мах бодид орохгүй байх нь чухал байдаг. Нэг үгээр, өөрийн байрандаа л байх ёстой болж байна. Хэрэв организм ганц эстээс бүрэлддэг бол ном ёсоор тэр нь эцсээ хүртэл амьдрахаар тэмцэх болж байна. Гэсэн ч ийм төстэй үзэгдлийг Америкийн эрдэмтэд зарим нян тухайлбал гэдэсний савханцраас олж харжээ. Нян нь бактериофага буюу энгийнээр фаг гэж нэрлэх вирусаас ихээхэн хэлмэгддэг. Фаг нь нянгийн дотор талд үржих ба эсийн хана нь урагдан цуурахад нян үхэх ба фагийн “сүрэг” дахиад л нэг хохирогч олох авдаа морддог гэнэ. Гэхдээ халдвар авсан нян автолизин гэх эсээ идэвхжүүлээд “өөрийгөө тэслэх системийг” ажиллуулж, эсийн ханаа таслан “дэлбэлж” фагийн тоо нь эрсдлийн хэмжээнд очихоос өмнө амиа хөнөөж чаддаг аж.
Ингэж амиа хөнөөх халдвартай нянгийн санаа нь ойлгомжтой. Фагийн хөгжлийг эхэн шатанд нь зогсоосноор тэр хөрш эсүүдийн аюулын хэмжээг багасгаж байгаа хэрэг. Үүгээр тэд өөрсдийн генээ авч үлдэхээр тэмцэж байгаа юм.
“Апоптоз”-той төстэй “Митоптоз” гэх энэ үзэгдлүүдийн харьцуулалт нь Оросын академич Скулачевт өөрийгөө хөнөөх механизм нь ямар ч бай биологийн бүтэн системийн заавал байх шинж гэсэн санааг төрүүлжээ. Үүнээс үүдэн ийм механизм нь хөгжлийн өндөр төвшинд ч ажиллаж байх ёстой болж байна. Тэр нь ч үнэн гэнэ. Тухайлбал, дифтерийн токсины үйлчилгээ яг тийм. Энэ уураг хоёр хэсгээс бүрэлдэнэ. Хүний эсийн мембраны сэрлийн цэгүүд нь түүний нэг хэсэгтэй холбогдоод нөгөөг нь эсийн дотор оруулан тусгай дифтамид гэх бодистой холбож өгнө. Хүлээн авсан цогцолбор нь уургийн синтезийг бүрэн хааж, эс нь мөхдөг. Токсины молекултай холбосон сэрлийн цэгүүд, дифтамид хоёрт эсэнд гүйцэтгэх өөр үүрэг байдаггүй байна. Тэдний ганцхан зориулалт нь эс ба дифтерийн токсин хоёр нийлэхэд эсийг хурдан хөнөөх үүрэг юм. Гэхдээ микроб өөрөө эсийг даруй устгах ба бүх организмыг хөнөөхийн төлөө байдаггүй ажээ. Энэ бүгдээс харвал фагийн эсрэг хэрэглэх өөрийгөө хөнөөх арга нь хамгаалалтын тактик гэмээр. Халдвар авсан организм халдварын үүр уурхай болохгүйн тулд өөрийгөө хөнөөх ёстой болж байна. Цусанд халдвар орохоор үүсдэг септикийн хүнд шоок тийм санааны илрэл ч байж болох юм. Цусны халдварын гол өдөөгч нь нянгийн эсийн ханын бүтцийн идэвх муутай эндотоксин болдог байна. Гэвч тэдэнтэй тусгай таних зориулалтын уураг холбогдон цусны цагаан бөөмийн мембраны цэгүүдэд суугаад тэднийг янз бүрийн эд эсийн апоптозийг дуудах бодис ялгаруулахаар ажиллуулдаг байна. Эцсийн дүнд нь нян их бол организмын бүхий л системийг зогсоон түүнд мөхөл авчирдаг ажээ. Энд нянгуудын үйл ажиллагааны оролцоо бараг байхгүй. Заавал гайтай нян биш, ер нь нян ихээр цусанд орж ирэх нь эмгэнэлт төсгөлд хүргэх аюултай ажээ.
В.П.Скулачевын хэлснээр энэ механизм нь халдварт биш өвчний хөгжлийг өдөөж болох гэнэ. Мөн хөгшрөлтийн үйл явцын механизм ч одоо тодорхой биш хэвээр байгаа юм. Энэ сэдэв тусгай яриаг гаргах ёстой ба бид ганцаардмал хүмүүсийн эрсдлийн төвшний яриандаа дахин орцгоое.
Хэрэггүй зүйлийг юугаар эмчлэх ёстой болж байна вэ?
Ганцаардал ба өвчний хоорондын холбооны судалгаанд бодит үзүүлэлтээс гадна субьектив мэдрэмж ч чухалд орж байна. Хүн өөрийн байрандаа амьдраад хайр халамж мэдэрч, харилцаа холбоотой байж, зочид хүлээн авч болно. Нөгөө нэг хэсэг нь өнөр өтгөн гэр бүлд амьдарч байгаа мөртлөө өөрийгөө илүүдэж буйг мэдэрдэг. Тийм “илүү” хүний үгийг чихнийхээ хажуугаар гаргаж, хэн нь ч түүний хүсэл сэтгэлийг ойлгохыг хүсдэггүй. Ийм нөхцөлд ганцаардмал хүнд ирэх бүх эрсдэл түүнд нэгэн адил хэмжээтэйгээр тусдаг. Хэрэв түүнийг хэн ч үл тоож байна гэсэн бодол санаа эзэмдвэл байдал улам мууддаг. “Манай хөгшний бие тааруухан” гэсэн байдал нэлээд газар авсан байгааг мэдэхгүй хүн байхгүй биз. Эрүүл мэндээр тааруухан тэр хүн үргэлж анхаарал шаардан ямар нэг онцгой эрх шаардаад байх шиг. Эмч нар түүнийг үзээд бодит шалтгааныг төдийлөн тогтоож чадахгүй. Тийм шахалтад орсон гэрийнхэн нь манай хүн зөнөглөж, янгуучилж байна гэж хэлэх гээд байдаг. Зарим тохиолдолд тэр нь санаатай биш дахин өөрийн чухлыг үзүүлэх гэсэн оролдлого байж болох.
Гэхдээ бидний өмнө нөгөө эсийн апоптоз иржээ гэх санаанаас салах хэцүүхэн бодол тулгараад байгаа биш үү? Түүнийг амьдарч бай гэж үргэлж гуйх хэрэгтэй гээд мэргэжилтэн яриад байгаагүй бил үү? Хүнд бас л тийм дохио, тушаал хэрэгтэй. Ганцаардмал хөгшний эс амиа егүүтгэгч нарын жагсаалтад ихээр ороод байна уу гэх хардлага ч байгааг нуух юун. Сэтгэлийн тавгүй байдал, дарамт, нойр хулжих гэх мэт нь ганцаардлын харагдахуйц шалтгаан мөн. Дараа нь биеийн бусад өвчнүүд орно. Энэ бүгд нь дархлааг сулруулдаг. Нарны цохилт, томуугийн хүндрэлээс өөд болсон хүмүүс дунд ганцаардмал амьдралтай хүний тоо харьцангүй их байна.
Америкийн Лос–Анжелес хотын Калифорнийн их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны дүнг 2007 онд хэвлэсэн байлаа. Тэнд нийгмийн тусгаарлалтыг сайн мэдэрсэн хөгшчүүд ба хүмүүстэй харилцаагаа идэвхтэй байлгаж буй настнууд гэсэн хоёр бүлэг хүмүүс оролцсон байна. Тэднээс зохих шинжилгээнүүдийг авч, дархлалын эс цусны цагаан бөөмийг ялган авч үзээд дархлалын системтэй холбоотой генийн идэвхийг тодорхойлсон байна. 209 гений ажиллагааны ялгаа энэ үеэр ажиглагдав. Ганц бие хүмүүсийн дархлалын системийн вирусийн халдварын эсрэг бодис ялгаруулахыг хариуцсан генийн ажиллагаа суларсан байв. Гэхдээ дархлалын системийг идэвхжүүлэх мөн үрэвслийг өдөөх генийн үйл ажиллагаа нь тэдэнд идэвхтэй байжээ. Мэргэжилтнүүдийн дээр хэлснээр эдгээр механизм нь организм дахь өөрийгөө мөхөөх ажлыг хийдэг. Судлаачдын тогтоосноор үүний гол шалтгаан нь субьектив мэдрэмж болсон байна. Иймэрхүү судалгааны дүнд хүний сэтгэл санаа ба нарийн молекулын ажиллагааны механизмын холбоо тогтоогдож эхлээд байна. Дархлалын эс ба эрхтнүүдийн ажиллагааг мэдрэлийн систем шууд хянадаггүй. Тэгэхээр тэдний хоорондын зуучлагч нь гормонууд ба химийн дохионууд гэмээр байна. Тэд хаана боловсрогдож, хэрхэн ажилладаг вэ? Үүнийг зөвхөн л таамаглаж болно. Бидний организмд өөрийгөө устгах систем зоогдсон байгаа гэх нь ч таамаг юм. За яахав, тэр тийм л байг гэж үзлээ гэхэд тэр бөмбөгийг ажиллахад нь саад тавьж болох уу? Шинжлэх ухааны баримт баталгаа нь хөгжингүй ба хөгжиж буй орнуудын амьдралд гарч байгаа үйл явдлыг өөрчилж чадна гэж үү? Орчин үеийн хүн гэр бүлээсээ илүүтэй танихгүй хүмүүсийн дунд цагийг ихээхэн өнгөрөөх болсон. Түүгээр ч барахгүй төрөлт буурсны улмаас гэр бүл өөрөө жижгэрч байна. Үүнд тусдаа амьдрах хүсэлтэй залуус ч нөлөөлж байгаа. Үүнтэй зэрэгцээд ганц бие хүмүүсийн тоо өсч байна. Бэлэвсэрсэн, үр хүүхэд нь өөр хотод амьдардаг гээд л тэдний тоо нэмэгдэнэ. Ганцаардал нь эрүүл мэндийн гол аюул. Гэтэл ганцаардлаас вакцин тариагаар, шидэт эмээр ч хамгаалах боломжгүй. Ойрын үед энэ асуудал улам хурцдах нь ойлгомжтой. Ер нь бол ямар ч асуудлыг мэдэж байж л шийдэх болохоос өмнө нь урьдчилаад шийднэ гэж үгүй. Бид үүнийг одоо л анхаарч эхлээд байна.
Ш.МЯГМАРСАМБУУ