“Тэнцвэрт өөрчлөлтийн онол” худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

“Тэнцвэрт өөрчлөлтийн онол” худалдаанд гарлаа

Бидний оршин буй ертөнцийн бүхий л юмс үзэгдлүүд нь тодорхой зүй тогтлын дагуу оршдог нь улам бүр илэрхий болсоор байна. Юмс үзэгдлийн мөн чанар нь хүн (оюун ухаант амьтан)-ий мэдлэгийн түвшингээс хамаараад санамсаргүй, магадлалт, зайлшгүй шинжүүдийг агуулж байдаг. Өнөөгийн шинжлэх ухааны хөгжил нь оршихуйн зүй тогтлыг бүрэн энгийнчлэн илэрхийлэх түвшинд хүрээгүй ч өнөө үед тодорхой болчихсон суурь шинжтэй, хөдөлшгүй хууль зүй тогтлууд олон байна. Мөн шинжлэх ухаан нь нарийвчлагдан, салбарлан философи, математик, физик, менежмент, системийн ухаан зэргээр хөгжиж буй юм.

Харин өчүүхэн жижиг байгалийн юмс, үзэгдлээс  эхлээд аварга том байгаль, нийгэм, оюун санааны  нийлмэл бүтцүүд бүгдээрээ дээрх шинжлэх ухаануудын нэгдэл, үйлчлэлийн хүрээнд оршдог. Гэтэл аливаа юмс үзэгдэл нь мөн чанарын хувьд нэгдмэл шинжтэй юм бол эдгээрт  хамаарлын зүй тогтол байх ёстой. Энэхүү зүй тогтол нь нийлмэлээр  болон тухайн тохиолдол хэлбэрээр системүүдэд орших нь мөн л зүй тогтол юм.

Салбарлан, нарийвчлагдаж маш сайн хөгжиж буй шинжлэх ухаануудын гол үр дүнгүүдийг нэгтгэх замаар (фрактал чанарыг ашиглах) оршихуйн мөн чанарын талаар нэгдмэл дүгнэлт гаргахыг зорьж зарим үр дүнд хүрсэн юм. Энэхүү дүгнэлт нь дараах суурь санаанууд дээр тулгуурласан юм. Үүнд:

1.    Оршихуйн үндэс бол хөдөлгөөн юм.
2.    Аливаа тогтолцоо (систем) нь тэнцвэрт оршдог.
3.    Ертөнцийн аливаа юмс үзэгдлийн эхлэл нь хоёроос бүтдэг гэсэн дүгнэлтүүд юм.

Оршихуйн үндэс бол хөдөлгөөн юм гэдгийг батлах шаардлагагүй үнэн юм. Харин хөдөлгөөн нь зүй тогтолтой болон зүй тогтолтой нь тодорхой болоогүй  өөрчлөлт, эерэг өөрчлөлт болох хөгжил, эерэг хөгжил болох дэвшлийн мөн чанараар нарийвчлагдаад хөгжиж байна.

Аливаа систем нь тэнцвэрт оршдог тухай дүгнэлт нь ертөнцийн таталцлын хүч, цахилгаан соронзон үйлчлэлийн хүч, цөмийн дотоод харилцан үйлчлэлийн хүч мөн оюуны хүчнээс улбаатай. Хүчний үйлчлэлийн улмаас хөдөлгөөн бий болдог. Хөдөлж байгаа нь тэнцвэрээ алдсаны шинж юм гэж өнгөцхөн дүгнэж болох боловч физикийн болон оюун санааны хүчнүүдийн харилцан үйлчлэлийн үрээр хөдөлгөөн нь үргэлж тэнцвэрт шинжтэй байдаг.

Хэрвээ ертөнцийн мөн чанарын талаар дүгнэлт хийхийг хүсч байвал философийн ахуй, ухамсарын харилцаанд тайлбар өгсөн байх шаардлагатай, бүх асуудлын мөн чанарын эхлэл эндээс хамаардаг.  Аль нь анхдагч эсэх талаар гол маргаан өнөөг хүртэл явагдаж ирсэн бөгөөд  зохиогчийн хувьд ертөнц 2 эх үүсвэртэй гэж үзэж буй юм. Аливаа юмс үзэгдэл нь матери, оюун санаа хоёроос зэрэг  бүрддэг бөгөөд эдгээр нь салшгүй, үүсэшгүй, усташгүй, харин өөрчлөгдөгч шинжтэй гэж үзсэнд оршино.

Иймд хөдөлгөөн, тэнцвэр, хосмол, фрактал гэсэн тус тусдаа батлагдсан үнэнүүдийг нэгтгэвэл ертөнц маань Тэнцвэрт өөрчлөлт гэх логикт захирагддаг байх боломжтой гэж үзсэнээр судалгааны ажлынхаа үр дүнг “Тэнцвэрт өөрчлөлтийн онол”  нэрээр танилцуулж байна.     

Аливаа бүтцүүд тэнцвэрт, хосолмол, фракталаар хөдөлгөөнд оршдог тухай санаа нь өрнийн философийн эсрэг тэсрэгийн нэгдэл, учир шалтгаан үр дагаварын хамаарал, дорнын сэтгэлгээний арга билгийн тэнцвэр, эдийн засгийн эрэлт нийлүүлэлт, хууль зүйн эрх үүрэг, биологийн эр эм, шинжлэх ухааны онол практик, гадаад дотоод орчин, менежментийн бүтээмж чанар, гүйцэтгэл үр дүн, нягтлан бодох бүргтгэлийн давхар бичилт зэрэг маш олон ойлголтонд цэгцтэйгээр ашиглагдаж ирсэн.  

Хэрвээ тэнцвэрт өөрчлөлт нь хууль зүй тогтол юм бол энэ нь ертөнцийн бүхий л юмс үзэгдэл дээр тохирч биелж байх учиртай. Байгаль нийгмийн бүхий л системүүд болох улс орон, байгууллага, хувь хүн, байгаль, эдийн засаг, хууль зүй зэрэгт бүгдэд тохирох шаардлагатай.

Эндээс гол дүгнэлт маань Бодит байдал=Боломж тэнцэтгэл юм. Энэ нь ертөнцийн аливаа юмс үзэгдэл боломж болохуйц бодит байдал болон бодит байдал болохуйц боломж дээр оршдог гэсэн санаа юм. Ахуй, ухамсар бодит байдал байдал, боломжийн тухай ойлголтууд нь философид оршихуй түүний мөн чанарын хамаарлаар илэрхийлэгддэг.

Дээрх тэнцэтгэл нь философийн үнэн хэмээх ойлголттой дүйцэх бөгөөд аливаа системийн хувьд энэ тэнцэтгэлийг томъёолсноор:
·    Мөн чанар буюу оршихуйн зорилгыг томъёолох бололцоо бүрдэнэ.
·    Системийн бүрэлдэхүүн элементүүдийг хэмжих бололцоо бүрдэнэ.
·    Тэнцэтгэлд уялдаатай харснаар системийн элементүүдийг удирдахдаа бүгдийг бус чухлыг сонгох бололцоо бий болно.
·    Хөгжлийн түвшин, үр дүн зэрэг нийлмэл хэмжигдхүүнийг дүгнэх боломж бий болно.
Онолыг төгс утгаар нь хэрэглэх бололцоо өнөөгийн шинжлэх ухааны тодорхой хөгжил, тодорхойжилтоос хамаараад бололцоо багатай байгаа юм. Хэрвээ ТӨО-нь хууль зүй тогтлын хувьд зөвшөөрөгдвөл төгс хэрэглээний тал нь цаг хугацааны асуудал болж хувирах юм.
ТӨО-нь дээрх үнэн гэж үзсэн суурь ойлголтуудаас гадна дараах зөрчилтэй онол хуулиуд дээр тулгуурлаж,  тэдгээрт хариулах шаардлага бий болсон юм. Эдгээр нь:
·    Аливаа системийн энтропи буюу тодорхойгүй байдал нь хамгийн их магадлалт төлөв рүүгээ тэмүүлж, ихсэж байдаг гэх “Термодинамикийн 2-р хууль”
·    Аливаа систем мөн чанарын хувьд цэгцэт төлөв рүүгээ тэмүүлж байдгийг илэрхийлсэн “Аяндаа цэгцрэх тогтолцооны онол”  юм. 

Ямарваа үзэл, онол төвөгтэй ч гэсэн энгийн илэрхийлэлтэй, нийтэд хүртээлтэй байх ёстой. Энэ үүднээс дээрх бүх санаа, зарчим, дүгнэлтүүдийг нэгтгээд ТӨО-ын үндсэн хялбаршуулсан дүгнэлт нь “Чөлөөтэй сэтгэж, цэгцтэй үйлдэе” юм.  Чөлөөт сэтгэлгээ боломжийг бий болгодог, цэгцтэй үйлдэл бодит байдлыг бий болгодог. Чөлөөтэй сэтгэлгээ гарахуйц цэгцтэй үйлдэл, цэгцтэй үйлдэж болохуйц чөлөөт сэтгэлгээ нь  аливаа системийн оршин тогтнохын үндэс, мөн чанар нь юм гэж ойлгож болно.

Мөн энэхүү онолын загварыг ертөнцийг үзэх шашны хандлага дээр өөрчлөн загварчилж болох бөгөөд түүнд бүрнээ нийцэж буй учир ТӨО-нь ерөнхий онол гэж үзэж буй юм. Онцлог нь шинжлэх ухаан нь аз жаргалыг хүний гаднаас эрэлхийлдэг бол шашин нь хүний дотоодоос эрэлхийлдэг юм гэсэн ялгаатай хандлагыг суурь болгосон байна.

Өнөөгийн шинжлэх ухаан нь философи, математик, менежмент, системийн гэх суурь ухаануудаар салбарлан гүнзгий хөгжсөн бөгөөд  энэ онолоор эдгээр шинжлэх ухаануудыг нэгтгэсэн мэдлэг бий  болгох, хамаарал зүй тогтлыг илрүүлэхийг зорьсон  бөгөөд өнөө үед практикт тодорхойчлон шууд ашиглах нь  боломж багатай юм. Энэ нь бидний мэдлэгийн түвшнээс гадна хөгжлийн бодит байдлаас мөн хамаарна. Гэхдээ бид бүгдээрээ өдөр тутмын үйл ажиллагаандаа энэ зүй тогтлыг ахуйжсан ухамсрын хэлбэрээр энгийнчлэн хэрэглэдэг гэж үзэж буй юм. 

Зохиогчийн хувьд ТӨО-ыг нийтлэг зарчим гэж үзэж буй учир энэ номонд өнөөгийн цаг үеийн асуудлуудыг бага оруулж ерөнхий зарчмын тухай илэрхийлэхийг илүү зорьжээ.
Эцэст нь хэлэхэд “Тэнцвэрт өөрчлөлтийн онол” (ТӨО) номоос та
·    Хүн яах гэж амьдардаг вэ? Амьдралын зорилго нь юу вэ? Хэрхэн хэмжих вэ?
·    Хөгжил гэж юу вэ? Үндсэн хүчин зүйлүүд нь юу вэ? Мэдээлэл, мэдлэг нь хөгжилд хүрэхэд ямар хамааралтай вэ?
·    Нийгмийн байгууллын хувьд бид хаана явна вэ? Ирээдүйд биднийг нийгмийн ямар байгуулал хүлээж байгаа вэ? Глобалчлал нь капитализмын дээд эрэмбэ бөгөөд глобализм хэмээх изм үүсэх тухай, социализм нь бидний өнгөрсөнд бус ирээдүйд байгаа тухай, “Сүүлчийн хүн” ямар шинжтэй байх уу? Хэдийд “Соёл иргэншлийн мөргөлдөөн” гарах тухай
·    Ардчилал нь нийгмийн байгууллын үе шат бөгөөд хүнд суурилсан төвийн үзэл болох тухай (барууны биш)
·    Засаглалын хамгийн оновчтой загвар ямар байх тухай
·    Төлөвлөлтийн үндсэн зарчим юу болох тухай
·    Шинжлэх ухаан шашны үндсэн ялгаа нь юу вэ? гээд олон асуултуудад зохиогч тухайн онолын үүднээс хэрхэн хандсаныг сонирхох боломжтой.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж