Дэлхийн хамгийн өндөр цалинтай багуудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр цалинтай багуудыг нэрлэв

Спорт мэдээллийн www.sportingintelligence.com сайтаас дэлхийн спорт клубуудээс тоглогчдодоо хамгийн өндөр цалин олгодог багуудыг жагсаажээ. Жагсаалтыг Хойд Америкийн бейсболын “Нью-Йорк Янкис” баг тэргүүлсэн байна. Өнгөрсөн жил 27 дахь удаагаа дэлхийн цувралд түрүүлсэн “Янкис”-ын удирдлага нэг тоглогчид долоо хоног бүрт дунджаар 135 мянган ам.долларын цалин олгодог байна. Гэхдээ энэ цалингийн дүн нь зөвхөн нэгдүгээр багийн тоглогчдод харьяалагдах бөгөөд спортоос гадуурх зар сурталчилгааны гэрээ зэргийг оролцуулаагүй, долоо хоногийн цалингийн дүн юм. Харин жагсаалтын хоёрдугаарт Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб бичигджээ. “Оддын цуглуулга”-д багтсан хөлбөмбөгч долоо хоногт 122,816 ам.долларын цалин авдаг бол жагсаалтын гуравт бичигдсэн хөлбөмбөгийн “Барселона” клубын нэг тоглогч дунджаар 117,976 ам.долларын цалинтай ажээ. Түүнчлэн Премьер лигийн “Челси” клубын тоглогчид долоо хоногт 104,041 ам.долларын цалинтай гэх дүнгээр жагсаалтыг удаалсан байна. 2003 онд ОХУ-ын тэрбумтан Роман Абрамовичийн гарт орсон “Челси” клуб “Дэлхийн спортын цалингийн лиг”-ийн жагсаалтын топ 10-т багтсан цорын ганц Премьер лигийн клуб болов. Харин тэдний дараа бичигдсэн Премьер лигийн клуб нь “Манчестер Юнайтед” ажээ. Тэд гэхдээ дөнгөж л топ 30-т багтсан байна. Сонирхолтой нь, жагсаалтын топ 30-д Энэтхэгийн Премьер лигийн гурван баг багтсан нь сүүлийн үед крикетийн спортынхон хөлжиж байгаагийн тод илрэл хэмээн уг жагсаалтыг эрхлэн гаргасан Ник Харрис ярьжээ. Түүнчлэн тэрбээр жагсаалтын эхний 10-т эрэмбэлэгдсэн багуудын зургаа нь NBA-ын багууд гэдгийг онцлоод, Европын хөлбөмбөгийн тамирчид хамгийн их хэмжээний цалин авдаг гэсэн ойлголт ердөө өнгөц төдий, үнэн хэрэгтээ АНУ-д спортын мөнгөний лиг жинхэнэ буцалж байгаа талаар дурдсан байна.

Хамгийн өндөр цалинтай топ 10 баг:

1. “Нью-Йорк Янкис” /бейсбол/ – 89,897 фунт стерлинг
2. “Реал Мадрид” /хөлбөмбөг/ – 81,444 фунт стерлинг
3. “Барселона” /хөлбөмбөг/ – 78,231 фунт стерлинг
4. “Челси” /хөлбөмбөг/ – 68,946 фунт стерлинг
5. “Даллас Маверикс” /сагсан бөмбөг/ – 68,343 фунт стерлинг
6. “ЛА Лейкерс” /сагсан бөмбөг/ – 65,563 фунт стерлинг
7. “Детройт Пистонс” /сагсан бөмбөг/ – 64,234 фунт стерлинг
8. “Кливлэнд Кавалиэрс” /сагсан бөмбөг/ – 63,529 фунт стерлинг
9. “Бостон Селтикс” /сагсан бөмбөг/ – 62,813 фунт стерлинг
10. “Нью-Йорк Никс” /сагсан бөмбөг/ – 62,769 фунт стерлинг

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж