Уур амьсгалын өөрчлөлтийн талаар зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар зөвлөлдөж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ) ийн “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл” хөтөлбөр хамтран “Уур амьсгалын өөрчлөлт-Монгол оронд дасан зохицох арга замыг тодорхойлох нь” сэдэвт бага хурал үргэлжилж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд тулгарч буй гол бэрхшээлүүдийг тодорхойлж, даван туулах үйл ажиллагаа, дасан зохицох арга замын талаар хэлэлцэн зөвлөмж боловсруулах аж. Монгол орны экосистем, ард түмний ахуй амьдрал, эдийн засгийн бараг бүх салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий байдаг. Тухайлбал, гол горхины ус татрах, нуур цөөрөм, булаг шандны ус дундарч ширгэх, хөрс, бэлчээрийн доройтол цөлжилт идэвхжих, ургамал амьтны зүйлийн бүрдэл цөөрөх, зэрлэг амьтдын тархалтын бүс хумигдах, ой, хээрийн түймрийн давтагдал нэмэгдэх гэх мэтчилэн байгаль орчин доройтох байдлаар уур амьсгалын өөрчлөлт манай оронд илэрч байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар төр захиргаа, эрдэм шинжилгээ, төрийн бус болон олон улсын байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн  төлөөлөл тус хурлын үеэр хэлэлцэх аж. Мөн уур амьсгалын өөрчлөлттй холбоотой дэлхийн ба бүс нутгийн загварчлалын судалгаа, ойн экосистем ба биологийн олон янз байдал, хөдөө аж ахуй, ус, бэлчээрийн менежментийн чиглэлээр хэрхэн дасан зохицох талаар илтгэлүүд тавигдах юм.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж