
Шүүх хуралд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Тусгай үүрэг гүйцэтгэгч Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөвлөх Н.Батаа нар Монголын талыг төлөөлж оролцсон талаар өмнө мэдээлсэн. Уг шүүх хуралд Их Британийн Өмгөөлөгчийн холбооны гишүүн Мак Доналтс өмгөөлөл явуулах тухай мэдээллийг өмнө нь Гадаад харилцааны яамнаас өгч байв.Харин Б.Хурцад холбогдох дөрөв дахь шүүх хурлын үеэр Мак Доналтсын төлөөлөгч Алан Жонс оролцсон байна. Манай улсаас дипломат халдашгүй эрхтэй ажилтнаа суллахад анхаарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Уг ажлын хэсгийг ахалж буй ГХЯ-ны дэд сайд Б.Болортой уулзаж ярилцлаа.
-Энэ сард манай ажлын хэсгийнхэн Лондонд очихдоо Б.Хурцтай нүүр тулж уулзсан уу. Биеийн байдал нь ямар байна вэ?
-Энэ сарын15-ны өдөр Лондонд болсон шүүх хурлын үеэр манай ажлын хэсгийн гишүүн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Б.Хурцтай уулзсан. Биеийн байдал нь хэвийн байгаа гэсэн.Нөхцөл байдал нь гайгүй.
-Өнгөрсөн шүүх хуралд гэр бүлийнхэн нь оролцсон уу?
-Гэр бүлийнхэн нь оролцож амжсангүй. Дараагийн шүүх хурлаас өмнө эхнэр, хүүхдийг нь явуулах талаар анхаарч байна. Одоогоор Английн Элчин сайдын яаманд урт хугацааны виз хүссэн. Виз олгох ажил удааширч байна.
– Түүнийг батлан даалтад гаргах боломж бий юу?
-Хэрэв эхнэр хүүхэд нь Англи Улсад түр хугацаагаар оршин суухаар очвол батлан даалтад гаргах талтай гэж үзэж байгаа юм билээ.
-Шүүх хурал хойшлох болсон үндэслэлийн талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Дипломат халдашгүй эрхтэй Б.Хурцыг Германы талд шилжүүлэн өгөхгүй байх олон улсын эрх зүйн тодорхой үндэслэлээр тайлбар гаргасан бөгөөд хурал даргалагч шүүгч тэдгээр үндэслэлийг нарийвчлан авч үзэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарч хойшилсон.
-Ажлын хэсэг байгуулагдаж багагүй хугацаа өнгөрсөн. Та бүхний ажлын үр дүн?
-Их Британийн тал Монгол Улсын дипломат халдашгүй эрхтэй албан тушаалтныг баривчилсан үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байгаа. Тийм учраас иргэнээ Монголд авчрах тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Тухайлбал, манай улсын иргэнтэй холбоотой асуудлыг Английн хуулиар 21 хоногийн дотор шийдэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Германы талд шилжүүлээгүй нь ажлын хэсэг байгуулагдаж ажилласнаар тодорхой үр дүн гарч байна гэж ойлгож болно. Манайхан Б.Хурц гэдэг хувь хүний нэрийг гаргахаас илүү Монгол Улсын иргэнийнх нь хувьд авч үзэх хэрэгтэй байна.Тэр хүн тодорхой албан тушаал хашиж явсан, дипломат халдашгүй эрхтэй албан тушаалтан. Тиймээс бид иргэнээ эх орондоо буцаан авчрах асуудалд анхаарах хэрэгтэй.
-Ажлын хэсэгт ямар хүмүүс орсон бэ?
– Хуульзүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яамнаас төлөөлөл оролцсон.
-Ирэх онд болох шүүх хуралд ямар хүмүүс оролцох вэ?
-Одоогоор тодорхойгүй байна.
– Б.Хурцын бэлтгэл шүүх хурал удахгүй болно гэсэн мэдээлэл байна л даа. Энэ ямар учиртай юм бэ?
-Бэлтгэл шүүх хурал гэдэг нь баримтуудаа цуглуулж урьдчилан харилцан ярилцдаг юм байна лээ. Яллагч талаас “Танай асуудал зөв байна” гэж үзвэл хэргийг татах нөхцөл бас байж болох юм билээ. Гэхдээ үүнийг урьдчилж ярих боломжгүй.
– Их Британи Улс саяхан Элчин сайдаа татсан. Энэ үйлдлийг Б.Хурцтай холбосон тайлбар нэлээд гарсан л даа?
-Монгол Улсаас албан ёсоор Элчин сайдаа татах болсон ноот бичигт дотоод ажлын шалтгаантай гэж дурдсан. Харин тус улсаас Б.Хурцын асуудалтай холбогдуулж Элчин сайдаа татсан гэсэн албан ёсоор мэдэгдсэн зүйлгүй. Ойрын хугацаанд Элчин сайдаа томилох тухай мэдээлэл ирсэн гэсэн. Ер нь Их Британи Элчин сайдаа татсан нь манай улстай сөргөлдөж байна гэж ойлгож болохгүй л дээ.