Шүлхий цас зуднаас илүү хохирол учруулж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Шүлхий цас зуднаас илүү хохирол учруулж болзошгүй

Сүүлийн гурван сард зүүн бүсийн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин дэгдээд байна. Дорнод, Сүхбаатар аймагт голомтлоод байсан шүлхий өвчин газар авч Хэнтий, Дорноговь аймагт хаяагаа тэлээд байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Төв аймгийн Баянжаргалан, Баян сумдын нутаг дэвсгэрт дээрх өвчний шинж тэмдэг илэрч, дээж аван, төв лабораторид шинжлүүлэхэд шүлхий мөн болох нь тогтоогдоод байна. Хүйтний улиралд идэвхжил өндөртэй байдаг шүлхийн вирус цас зуд, ган гачгаас илүүтэйгээр хохирол учруулж болзошгүйг дээрх байдал харуулж байна. Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн 20 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 24 мянга 723 толгой мал өвчилснийг бүрэн устгалд оруулаад байгаа аж. Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Говь-Сүмбэр аймгуудын 50 сумдын 5.4 сая малыг вакцинжуулахаас 4.7 сая толгой малыг вакцинжуулсан нь 87.8 хувьтай байна. Шүлхий өвчний дэгдэлт, цагийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар орон нутгийн удирдлагуудаас тодрууллаа.

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох:

-Энэ сарын 7-ноос өнөөдрийг хүртэл нэмж мал өвчлөөгүй. Сумдын бүх малыг бүрэн вакцинжуулсан. Халдварын голомтот бүсийн хорио цээрийн дэглэмийг бууруулах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Сумд хооронд зорчих хөдөлгөөнийг нээсэн, харин Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнийг хориглосон хэвээр байгаа. Зорчих хөдөлгөөнийг нээсэн болохоор голомт бүхий сумдад хүнсний хомсдол байхгүй гэж хэлж болно. Нэг сумын 10 орчим вакцинжуулсан малаас түүвэрлэн дээж авч, төв лаборатори руу явуулах дархлаа тогтоох тандалтыг энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд хийх ажлыг зохион байгуулж байна. Хэрэв шинжилгээний хариу нааштай гарвал хорио цээрийн цуцлах арга хэмжээ авч болох юм.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:

-Ойрын өдрүүдэд нэмж өвчилсөн мал байхгүй. 10 сумын шүлхий өвчнөөр өвчилсөн 17230 толгой малыг бүрэн устгалд оруулж, орон нутгийн бүх малыг вакцинжуулалтанд 100 хувь хамруулаад байна. Хамгийн гол нь манай аймагт шүлхий өвчин гарснаас хойш 50 хоногийн дараа вакцин ирүүлсэн нь учир дутагдалтай. Вакциныг цаг алдалгүй хийсэн бол тархалт, дэгдэлт газар авахгүй байж болох л юм. Хорио цээрийн дэглэм хэвээр байгаа. Орон нутгийн иргэдийн хувьд хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор нүүдэл суудал, түлээ түлшээ бэлтгэх гээд хүндрэлтэй асуудал их байх шиг байна. Харин орон нутгийн удирдлагын хувьд хөл хорио тогтоон ажилласнаас хойш манай аймагт нийтдээ 700 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна. Гурван сар болоход энэ ажилд улсын төсвөөс 250 сая төгрөг хуваарилсан байдаг. Одоогоор энэ хугацаанд шүлхий өвчинтэй тэмцэх ажиласан хүмүүсийнхээ цалин хөлсийг олгож чадахгүй хүндрэлтэй асуудал байна.

Хэнтий аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Батзориг:

– Хорио цээрийн дэглэм хэвийн үргэлжилж байна. Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байгаа Дорноговь аймгийн Иххэт сумын малчин С.Баатарцогтын хүрэн халзан бух шүлхий өвчнөөр өвчилсөн болох нь малын эмчийн үзлэгээр тогтоогдож, энэ сарын 17-нд устгаж ариутгал халдваргүйтгэл хийснээс хойш нэмж мал өвчлөөгүй.  Өнөөдрийн байдлаар зээрийн тандалтанд 80 кг, постонд 540 кг, айл өрх, устгалын цэг, худаг, уст цэгийн ариутгалд нийт 1788 кг хлорын шохой зарцуулаад байна. Тусламжийн хүнсний бүтээгдэхүүнийг шүлхий өвчний голомт болон сэжигтэй бүсэд байгаа 46 айл өрхөд тараах маршрутын дагуу Баянмөнх сумын Засаг дарга, хүн эмнэлгийн их эмч, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг малчин айл өрхүүдээр очиж, цаг үеийн байдалтай танилцаж, үзлэг эмчилгээнд хамрууллаа.

Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах

-Аймгийн Их-Хэт, Өргөн сумдын нутагт 19 толгой үхэр өвчилснийг бүрэн устгалд оруулаад байна. Өнгөрсөн хоногт нэмж мал өвчлөөгүй. Вакцинжуулалтын хувьд Дэлгэрэх, Их-Хэт, Өргөн, Алтанширээ гэсэн дөрвөн сумын малыг бүрэн хамруулсан. Долоон сумдын мал огт вакцин хамрагдаагүй байна. Бусад сумдын малыг халдвараас сэргийлэх вакциныг хэзээ ирүүлэх талаар Хөдөө аж ахуйн яамнаас асуухад тодорхой мэдээлэл одоог хүртэл өгөөгүй байна. Аймгийн төсвөөс өндөржүүлсэн бэлэн байдал тогтоон ажиллахад нийтдээ 28 сая төгрөг зарцуулаад байна. Орон нутгийн удирдлагууд халдварыг цаашид нэмэхгүй байх зорилгоор байнгын болон хөдөлгөөнт пост, ариутгалын цэгүүдийг тогтмол хянан ажиллаж байна.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх

-Энэ сарын 18-нд Сүмбэр сумын V, VI багийн нутаг дэвсгэр шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч, Улсын мал эмнэлгийн төв лабораторид шинжлүүлэхэд дээрх өвчин мөн болох нь тогтоогдсон. Тухайн нутаг дэвсгэр Төв, Дундговь аймгаас отроор явж байсан айлын 20 гаруй хонь, 10 үхэр шүлхийгээр өвчилсөн тул шуурхай арга хэмжээ авч бүрэн устгалд орууллаа. Өнөөдөр /өчигдөр/ ХААИС-ын 30 оюутны хүчээр Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын 100 мянган малыг 24:00 цагийн дотор бүрэн вакцинжуулахаар ажиллана. Учир нь орон нутгийн мэргэжлийн ажилтнуудад найдахаар хайнга хандаж, хугацаа алдах явдал гардаг учраас шүлхийг энэ байгаа хэмжээнд хязгаарлах үүднээс энэ арга хэмжээг авч байна. Онцгой байдлын хэлтэс, орон нутгийн удирдлагууд тухайн голомтод хорио цээр тогтоон, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат

-Энэ сарын 20-нд Баянжаргалан, Баян сумдын нутаг дэвсгэрт  нутаглаж буй малчдын 19 хонь, нэг үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр “О” хэвшлийн шүлхий мөн болох нь батлагдсан тул өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өчигдрөөс Баянжаргалан, Баян, Баянцагаан, Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Зуунмод, Сэргэлэн  зэрэг 11 сумдад  вакцинжуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Шүлхийн голомт үүссэн нутаг дэвсгэр нь саяхан Говьсүмбэр аймгийн шүлхийн голомт илэрсэн сумтай хил залгаа юм. Иймээс  малын бэлчээр, нүүдэл суудал, зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй бол цаашид даамжирч болзошгүй гэдэг үүднээс хөдөлгөөнт болон явуулын постыг ажиллуулж байна

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж