Нэгдсэн төсвийн зардлыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Нэгдсэн төсвийн зардлыг нэмэгдүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг авч хэлэлц­лээ. Одоогоор хоёр бүлгийн ажлын хэсгүүдээс гаргасан саналаар төс­вийн зардал өргөн баригдсанаасаа даруй 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгд­жээ. Засгийн газраас төсвийн алдагдлыг нэг оронтой тоонд барих ёстой гэсэн зарчмын санал гаргаж байгааг харгалзан, тус бүлэг төсвийн алдагдлыг 9.8 хувиас хэтрүүлэхгүй байх нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ нь нэгдсэн төсвийн зардал 93 тэрбум төгрөгөөр л нэмэгдэнэ гэсэн үг аж. Мөн энэ­хүү 93 тэрбум төгрөгт багтаан бүлгүү­дээс гаргасан саналуудаа алийг нь оруулахаа хоёр бүлгээс байгуулагдсан ажлын хэсгүүд ярилцаж, нэгдсэн саналд хүрэх юм байна.

Хүний хөгжил сангийн тухай хуульд заасны дагуу ирэх жил иргэн бүртээ сар тутамд 21 мянган төгрөг, жилдээ 252 мянган төгрөгийг бэлнээр өгөхөөр тусгасан. Энэ нь инфляцийг хөөрөгдөж болзошгүй гэдэг үүднээс тус бүлэг энэхүү бэлнээр тараах мөнгийг сонголттой болгоё гэж үзжээ. Нэг үгээр хэлбэл, иргэд энэ мөнгийг сар тутамд бэлнээр авах, эсвэл хоршоод жижиг, дунд үйлдвэр байгуулах чиглэлд тоног төхөөрөмж худалдан авахдаа зориулж, ваучер хэлбэрээр авах сонголтыг хийж болох ажээ.

Бүлгийн дарга ч.Сайханбилэг “Тухайлбал, 3000 хүн амтай сум байлаа гэж бодоход нийтдээ 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бололцоо гарч ирнэ. Жижиг оврын мөхөөлдөс үйлдвэрлэх машин худалдаж авъя гэхэд 2.5 сая төгрөг хэрэгтэй. Хоёр өрх гэр бүлээрээ нийлээд энэхүү тоног төхөөрөмжийг худалдан авъя гэхэд үндсэндээ 2.5 сая төгрөг бүрдчихнэ. Энэ нь эргээд бодит эдийн засагт дэмжлэг үзүүлнэ. МАХН-ын бүлэг манай бүлгийн саналыг хүлээн авах болов уу” гэсэн юм.
Түүнээс сэтгүүлчид дараах асуул­тад хариулт авлаа.

-Ажлын хэсгээс ямар саналыг эцэслэн гаргаад байгаа вэ?

-Олон санал бий. Бүлгийн хувьд хүүхдийн мөнгийг сар тутамд 10 мян­ган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох,  жижиг, дунд үйлдвэрийг бай­гуулах санд мөнгө байхгүй, түүнд 150 тэрбум төгрөг төсөвлье гэсэн. МАХН-ын бүлэг дээр бас маш олон санал гарсан байгаа. Эдгээрийг ний­­лүү­лэхээр төсвийн зардал 500  тэр­бум төгрөгт хүрч байгаа учраас төсвийнхөө алдагдлыг нэг оронтой тоонд барина гэсэн тэр зарчмын дагуу ажиллах шаардлага тулгарч байгаа. Нөгөө талдаа бид 93 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэрийг олох ёстой. Тодорхой саналууд тусгасан, хоёр намын бүлгийн ажлын хэсгүүд ярилцана.

-Танай бүлгийн зарим гишүүн “Олоогүй байгаа орлогоос иргэддээ бэлэн мөнгө өгнө гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл болоод байна” гэдэг байр суурийг илэрхийлэх боллоо. Бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Хоёр намын хамтран ажиллах гэрээнд иргэдэд олгох хувь хишгийг олсон орлогоос өгнө гэсэн үг байдаг. Нөгөө талаасаа Хүний хөгжил сангийн тухай хуульд стратегийн орд газруудын урьдчилгаа төлбөр, зээлээс сангийн эх үүсвэр бүрдэнэ  гэсэн эрх зүйн зохицуулалт бий. Хоёр улстөрийн хүчний хооронд бай­гуулсан гэрээ  өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж бай­гаа Монгол Улсын хууль хоёр эрх зүйн чадамжын хувьд  аль нь хүчтэй вэ гэдэг дээр маргаан үүсэх биш. Хуулийнхаа заалтын дагуу явна, хууль зөрчөөд байгаа асуудал байхгүй. 

-Төсвийн зардалд суух 93 тэр­­бум төгрөгийн орлогын эх үүс­вэрийг хаанаас бүрдүүлнэ гэж тоо­цоолсон бэ?

-Ажлын хэсгийн төвшинд дөрөв, таван арга бий. Түүнээс хамгийн найд­вартай нь,  ордуудыг ашиглах хэлэл­цээрийн явцад хийх урьдчилгаа төлбөрөөс шийдэх бололцоотой гэж үзсэн. Энэ чиглэлээр Засгийн газарт чиглэл өгч ажиллах нь зүйтэй хэмээн бүлэг бас үзсэн. Ажлын хэсэг дээр бусад арга замын эрэлхийллийг ярьж таарна.

-МАХН-ын бүлэг зэсэнд ног­дуулах Өсөн нэмэгдэх рояальтын татварыг 15 хувиар тогтоох нэгдсэн саналд хүрсэн. Танай бүлэг ямар байр суурь барьж байгаа вэ?

-Энэ асуудлыг эргээд ярих ёстой. Бид орлогын эх үүсвэр хайж, нөөцийн төлбөрийн татварыг хөдөлгөх юм бол эргээд хүссэн хүсээгүй 68 хувийн татварын орчин руугаа  буцаад орчи­хож магадгүй гэсэн болгоомжлол байгаа. Тийм учраас дахин судална.

-Мөн дээрх бүлэг “Засгийн газар Онцгой албан татварын тухай хуулийн төслөө татаж авах шаардлагатай” гэсэн саналаа хүр­гүүлчихээд байгаа. Танайх санал нэг дэмжиж байга юу?

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр өргөн барьсан хэд хэдэн хуулийн төсөл бий. Бүлгийн хувьд Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төсөл дээр иргэнд ирэх ачаа нэлээн хүндрэх нь, тиймээс төсвийн орлогыг 7.5 тэрбум төгрөгөөр буу­руулъя гэсэн. Авто машины Онцгой албан татварын тухай хуулийн төслийг бүлэг “Хэлэлцэх ёстой” гэсэн байр суурь барьсан.

-Монголбанкны зүгээс “Нэгдсэн төсвийн төслийг ирэх жил инфляци 20 хувьд хүргэх аюултай” төсөл гэж мэдэгдээд байгаа. Инфляцийг бууруулах чиглэлээр бүлэг ямар шийдвэрт хүрсэн бэ?

-Инфляци 20 хувьд хүрч бол­зошгүй гэх бодит болгоомжлол байгаа учраас бэлэн мөнгөний том урсгал дээрээ ажиллах нь зүйтэй юм аа хэмээн үзсэн. Жишээ би татсан даа, иргэдээ жижиг, дунд үйлдвэртэй болоход нь дэмжлэг үзүүлэх зэргээр  бодлогын хувьд төдийгүй зохион байгуулалтын талаас нь дэмжих шаардлагатай.  Ингэснээр инфляцийг 20 хувьд хүртэл хөөрөгдөхгүй байх боломж бүрдэнэ гэж үзсэн.

-Танай бүлгийн зарим гишүүн “Бэлэн мөнгө тараах нь инфляцийг хөөрөгдөнө” гэсэн байр суурийг илэрхийлээд байна?

-Бүлгийн төвшинд амин хувийн асуудлаар бус ажил төрөл, улс орны хөгжлийн асуудлаар маргалдах зүйл гардаг. Ер нь Ардчилсан намын бүлгийн хурал амьд хурал болдог. Асуудлаа бид нухацтай ярьдаг, эмоцитой ярих тохиолдол ч бий. Тийм учраас өчигдөр ажлын чиглэлээр яг л ийм маргаан гарсан. Зарим гишүүн бэлэн мөнгө тараах нь буруу гэсэн, зарим гишүүн хоёр намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийнхөө дагуу зайлшгүй энэ ажлыг хийх шаардлагатай гэж үзсэн. Ярьж, ярьж байгаад иргэдийнхээ үүсгэл санаачлагыг дэмжсэн, хөгжлийнхөө бодлогыг дэмжсэн зөв зохицуулалт дээр очъё гэдэг олонхийн шийдвэр гарсан. Энэ саналыг бүлгийн гишүүд санал нэгтэй баталсан. Энэ нь өөрөө бүлгийн шийдвэр. Хувь гишүүн ямар байр суурьтай байсан нь нэг их сонин зүйл биш болов уу л гэж бодож байна.

-Батлан хамгаалахын сайд Д.Болд Засгийн газрын гишүүнээс гарах өргөдлөө өгч магадгүй гэх мэдээллийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр хийлээ. Энэ асуудлыг бүлэгт танилцуулсан уу?

-Нухацтай асуудал хэлэлцэж байхад сураг ажгаар ийм зүйл яримааргүй байна. Л.Болд сайд өчигдөр бүлгийн хуралдаанд оролцоогүй. Ерөнхийлөгчийн айлч­лалтай цуг Япон яваад ирсэн. Албан ёсоор Засгийн газрын гишүүнээсээ гарах тухай асуудал байхгүй.

-Гол нь Батлан хамгаалахын салбарт зориулж ирэх жилийн төсөв 900 гаруй сая төгрөг тусгасан нь ажил хийх бололцоогүй болгож байна гэсэн үндэслэлийг гаргаж тавьсан юм биш үү?

-Энэ дагуу бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг санал гаргаад явж байгаа.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж