Ц.Нямдорж: Яваандаа гэрээт цэрэг хил хамгаалдаг болно

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Яваандаа гэрээт цэрэг хил хамгаалдаг болно

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаврын чуулганы угтал болсон анхны  хуралдаанаараа Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ч мэргэжлийн байгууллага ч цагдаагийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. Өнөөгийн цагдаагийн байгууллагын зэвсэг хэрэглэл, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэхэд  88 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа аж. Гэтэл тийм хөрөнгө байхгүй. Тиймд эхний ээлжинд цагдаагийн байгууллагыг шинэчлэхэд 3,2 тэрбум төгрөг хэрэгтэй хэмээн оруулж иржээ. Хэрэв 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал шиг зүйл болж Сүхбаатарын талбай дээр 10 мянга, 100 мянган хүн цугларч, эмх замбараагаа алдвал өнөөгийн цагдаагийн байгууллага түүнийг зохицуулахад хүч хүрэхгүй гэж ЦЕГ-ын дэд дарга Н.Энх-Амгалан хэлж байлаа.
Гишүүн Х.Тэмүүжин нэлээд олон зүйлийг шүүмжлэв. “Цагдаагийн төв байгууллагын дарга Хууль зүй, дотоод хэргийн сайдын өмнө ажлаа тайлагнадаг. Гэтэл түүнийг Ерөнхий сайд ажилд томилж, чөлөөлдөг. Яагаад түүнийг сайд нь томилж, чөлөөлж болдоггүй вэ. Цагдаад хариуцлага тооцоход Засгийн газар бүхэлдээ хариуцлага хүлээх үү. Бүх юм дээшээ явахаараа хариуцлага тооцож болдоггүй. Удирдлагын томилгоон дээр анхаарвал ямар вэ. Цагдаа гэдэг том нэрээр холион бантан болж байна. Хэв журам сахиулах, хэрэг мөрдөх ажлыг салгамаар байна. Үл ойлгогдох бүтэцтэй байж таарахгүй. Долдугаар сарын 1-ний дараа цагдаа галт зэвсэг хэрэглэсэн үү, үгүй юү гэсэн асуудал гарч ирсэн. Гэтэл цагдаагийн дотоод хяналт ажиллахгүй байна. Гаднаас хамаагүй хянаж болохгүй. Ингээд ямар ч хяналтгүй цагдаатай боллоо” гэж тэрбээр хэлж байсан юм. Тэрбээр мөн хилийн цэргийн асуудлыг хөндлөө. “Хилийн цэргийг яах вэ. Хилийн цагдаа юм уу, эсвэл зэвсэгт хүчин үү. Хилийн цагдаа болгох гэж байгаа бол хуульд оруулах ёстой. Хилчид бие биеэ бууддаг. БХЯ-ныхан манай бүтцэд байсан бол ингэхгүй байсан гэдэг” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хариулснаар бол Цагдаагийн удирдлагыг томилохдоо яамнаас Засгийн газарт санал оруул­даг аж. Ингээд Засгийн газар томилж чөлөөлдөг байна. Сайдын хэлснээр хил хамгаалах байгууллагыг ааж­маар гэрээт хил хамгаалах чиглэл рүү шилжүүлж буй юм байна. Хилийн талаар төрөөс баримтлах бодлогод ингэж тусгажээ. Ингэснээр хугацаат цэргийн албан хаагч биш гэрээт цэрэг хил хамгаалдаг болох ажээ. Үүнийг бүрэн хэмжээгээр шийдэхэд асар их хөрөнгө хэрэгтэй гэдгийг ч сайд хэлж байлаа. Харин хилийн цагдаа болгох гэхээр гадна, дотно аль ч талдаа ойлгодоггүй гэнэ. Цаг­даа гэдэг үгийг гэмт хэрэг гэдэг ойл­голттой хамтатгаж ойлгодгоос тэр аж.
Төслийг хэлэлцэх үеэр цагдааг илүү иргэнлэг болгох хэрэгтэй гэсэн санал
цөөнгүй гишүүнээс гарч байсан юм. Гишүүн Ж.Энхбаяр “Төр, иргэний харилцаа хөндий, тусдаа байдаг. Үүний тод илрэл нь цагдаа, иргэний харилцаа. Аймаг, орон нутгийн дарга нарын хууль бус үйлдлийг тухайн орон нутгийн цагдаа нар хамгаалж хаацайлдаг. Иргэд, цагдаа хоорондоо дайсагнасан байдалтай байгаа өнөөгийн байдлыг зохицуулах уу, хуулийн төслийг хэтийн хөгжлийг харж гаргаж байгаа юу” хэмээн асууж байв. Мөн Эрүүгийн хуулийн хүнд, хөнгөний талаарх асуудал ч хөндөгдлөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ж.Энхбаяр гишүүний асуултад хариулахдаа “Энэ төслийг баталбал одоог ирээдүйтэй холбох болно” гэв. Харин Эрүүгийн хуулийн тухайд одоо мөрдөж буй хууль дөрөв дэх үед хамаарах бөгөөд хүндрүүлсэн гэж үзэж болох ганц нэгхэн зүйл бий гэнэ. Ц.Нямдорж сайдын хэлснээр эдгээрийн тоонд хүнд хэрэг үйлдсэн хүнийг тэнсэхгүй гэсэн зүйл багтдаг юм байна.
Гишүүн Ж.Сүхбаатар нийгмийн хэв журам сахиулах, мөрдөн байцаах албадыг салгах нь зүйтэй гэж байв. Мөн өөрөө хуульч хүний хувьд цаг­даа­гийн байгууллагын удирд­лагад алдаа байдаг гэж үздэгээ хэллээ. Дандаа мөрдөн байцаах ажил эрхэлж байсан хүмүүс цагдаагийн байгуулллагыг удирддаг учир иргэний талаас асуудлыг шийдэж чаддаггүй аж. Тиймээс асуудлыг олон талын өнцгөөс харж сурахыг тэдэнд хандан хэллээ. Тэрбээр мөн хууль боловсруулах хүчин чадлаа Хууль зүй, дотоод хэргийн яам нэмэх хэрэгтэй байгааг, хууль зүйн нэр томъёо байх хэрэгтэйг, албаны гэм буруу, хувийн гэм бурууг ялгаж салгаж сурах ёстойг хэлж байсан юм. Гишүүн Р.Гончигдорж “Цагдаагийн ажилтны чиг үүргийг  нарийвчлан тогтоомоор байна. Иргэний цагдааг орон нутгийн иргэдийн дундаас сонгодог байж болох юм. Харин гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй нь тусдаа байхаас гадна  олон нийт оролцсон томоохон арга хэмжээнд тэднийг  дайчлах маягаар ажиллуу­лаад эргээд тараан байршуулдаг зэрэг чиг үүргийг орон нутгийн нөхцөл байдалд уялдуулан ялгаж салгаж өгөх хэрэгтэй” гэлээ.  Сайд Ц.Ням­дорж сайд энэ санааг дэмжээд одоо­гийн байдлаар манай орон нутагт ажиллаж байгаа цагдаа нар универсал маягаар  бүх зүйлийг хавс­ран гүйцэтгэдэг. Мөрдөн байцаагч амралтаа авсан үеэр ноцтой хэрэг гарвал амралтаа хаяад л ажилдаа орох болдог хэмээв.  ЦЕГ-ын дэд дарга  Н.Энх-Амгалан үүнийг шийдэж болох ч гагцхүү орон тоо, төсөв мөнгөний асуудал гарч ирнэ гэж байлаа. Хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанд оруулахыг дэмжсэнээр байн­гын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж