Хатуу өвлийн цасан зудыг залгуулаад хахир хаврын ширүүн шуургатай зэрэгцэн “хариуцлагагүйн зуд” нүүрлэж эхэллээ.
Түүх сөхвөл 2000-2001 оны зуднаар бид 11 сая толгой малаа алдаж байсан гэдэг. Одоо монголчууд түүнээс ч илүү хохирол амсах нь нэгэнтэй тодорхой боллоо. Нийт нутгийн 60 гаруй хувь нь өнөөдрийн байдлаар битүү цасанд хучигдчихаж.
Засгийн газрын комисс өнгөрсөн нэгдүгээр сард 11 аймгийн 65 сумыг гамшгийн хэмжээнд бүртгэн авч байсан бол өдгөө бүх аймагт байдал хүндэрч, нийт аймгаас хамгийн бага хохирол амссан нь 8000 орчим малаа алдаад байна. Байдал хэцүүдлээ. Гэсэн хэдий ч Засгийн газрын хоёр дахь удаагийн комиссынхны мэдээлж буйгаар хаваржилт 15 аймгийн 80 сум гамшгийн, 17 аймгийн 95 сум зудтай буюу хүндрэлтэй байдалтай болоод байна. Гэхдээ энэ тийм ч бодит мэдээлэл биш бололтой. Учир нь сумын удирдлагууд хорогдсон малынхаа тоог гаргаж чадахгүйд хүртлээ нөхцөл байдал дорджээ.
Малын хорогдлыг зогсоох гэсэн мөнгөний урсгалын зарлага ч тоймоо алдаж гүйцсэн байна. Өнгөрсөн оны 7-12 сарын хооронд 1 тэрбум 817.7 сая төгрөгийг өвөлжилтөд зарцуулахаар шийдвэрлэсэн байх юм. Дээр нь он гарсаар Засгийн газрын шийдвэрүүд гарч өвс, тэжээлийн үнийг 50 хямдруулан борлуулах, шатахуунаас гадна шаардлагатай бусад зардал зэрэгт нийт 4 тэрбум 991.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Гэтэл үр дүн нь эсрэгээрээ гараад байгаа нь хачирхалтай. Хөдөө орон нутгаас авсан мэдээллээр нэг боодол өвсний ханш 12-14 мянган төгрөг болтлоо өссөн сурагтай.
Дээр нь өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, үүссэн нөхцөл байдлын эрсдэлийг бууруулахад зориулж Засгийн газраас найман удаагийн шийдвэрээр нийт 6808.7 сая төгрөг зарцуулаад байгаа юм.
Харин гадаад улс орнууд, дотоодын байгуулагуудаас мөнгөн хандив 828.7 сая, эд материалын хандив 2.6 тэрбум нийт 3.4 тэрбум төгрөгийн хандив цугларч үүнээс 2.8 тэрбум төгрөгийн тусламжийг хоёр удаагийн цуваагаар 21 аймагт хүргүүлсэн гээд найман оронтой тоотой их хэмжээний тусламжийн мөнгө цуглажээ. Тэгвэл энэ их мөнгөний данс улайхад ойрхон болоод байгаа гэнэ. Одоо л хаврын хахир улиралд зудын хүндрэл дээд хэмжээндээ хүрдэг. Гэтэл дээр дурдсан тэр их хандив, тусламжаас ердөө л 533.7 сая төгрөг л үлдээд байгаа ажээ.
Үнэн хэрэг дээрээ малчдад тэр их хэмжээний тусламж хүрч чадсан эсэхийг яг тодорхойлоход бэрх байна. Зарим нэгэн суманд ердөө л гурваас дөрөвхөн боодол өвс хуваарилагдаж ирсэн гэх үнэн худал нь мэдэгдэхгүй үгс малчдын дунд амнаас ам дамжиж байна.
Зуд болоход нохой зоолно гэгчээр өвс, тэжээлийн бизнес хөдөөд ид цэцэглэж бүр тусламжийн өвс, тэжээлийг дамлаж байгаа талаар ч шуугиж эхэллээ. Аргаа барсан малчид арай гайгүй үнэтэйг нь бодож хорогдсон ямаагаа гэсгээн, арьсыг хуулан тушааж байгаа тухай ч Дорнод, Баянхонгор аймгаас мэдээлэв.
Зудад нэрвэгдсэн малчиддаа туслах гэж нийслэлийнхэний өдрийнхөө талхны мөнгөнөөс хугаслан байж цуглуусан өвс тэжээл, эд зүйлс, харьд суугаа элэг нэгт монголчуудын болон гадаадын доноруудын хэдэн тэрбумаар тоологдох тусламжийн тухай мэдээлэл тэр бүр сонсогдохгүй өнгөрч байна.
Банкины барьцаанд орсон 60 гаруй мянган малчин өрхөөс хэд нь өрөнд өгөх малаа тавиад туусныг хэлэх боломж алга. Ямар ч гэсэн Монголын малчид 60 гаруй тэрбум төгрөгийн өртэй гэдгийг банкныхан байнга сануулж, цөхөрсөн малчдыг улам сөхрүүлсээр л. Эрх баригчдын хоосон амлалт, хуурамч царайд итгээд хамаг малаа банкны барьцаанд тавьсан малчид одоо амьдрахын эрхэнд амласан мөнгөө өгөхийг эрх баригчдаас хүсч байна.
Аливаа гамшгаар ашиг олж хэтэвчээ зузаатгагдагсад зудыг ч ялгаагүй сурамгай ашиглаж байгаа нь зудын хохирлыг саармагжуулах гэсэн төр, засаг, түмэн олны үйлдэл бүрт мэдэгдэх боллоо. Хөдөө рүү хаяглан урсгаж байгаа мөнгөний урсгал, тусламж сэлтэд хэн хяналт тавьж байна вэ. Тойрог руугаа тусламж илгээж байна гээд нэг хэсэг маадгар алхаж явсан эрхэм гишүүд одоо өөрийг нь саначих вий гэсэн шиг өрөөл бусдаас нуугдах боллоо. Хүндэрсэн аймгуудад Засгийн газрын нөөц хөрөнгөөс хуваарилсан 230 сая төгрөгийг авсан Засаг ноёд тэр мөнгийг хэрхэн юунд, хэнд яаж энэ зарцуулснаа тайлагнах цаг болж байна шүү. Асуудал улам бүр хурцадсаар л байна. Энэ янзаараа монголчууд хамаг малаа зуданд алдаад, үлдсэнээр нь өрөө дарж, банкинд өгөөд хотын төвлөрлийг хоёр дахин нэмэх л үлдлээ.
Л.НАРАНТӨГС
Зудад дайсан мөнгө яав?
Долоохон хоногийн дотор хорогдсон малын тоо 738,5 мянгаар нэмэгджээ. Ингэснээр хорогдсон малын тоо өчигдрийн байдлаар 5 сая 67,4 мянга болов. Одоогийн байдлаар Монголын нийт малын 11.5 хувь нь хорогдоод байна.