Нийслэлд хогийн сав “тарья”

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Нийслэлд хогийн сав “тарья”

Хаврын урь орж, Улаанбаатарын утаа багасан, цаг наашилж байгаа ч зовлонгоос салдаггүй нийслэл энэ өдрүүдэд өвөлжин нуугдсан хур хогондоо дарлуулж эхэллээ. Хаврын хавсарга салхи дэгдэхийг андахгүй хотын хог новш утаанд туйлдсан Улаанбаатарыг ундууцуулж байна.
Өвлийн улиралд гэр хорооллын айлуудын хог, хаягдлын 60 хувийг түлээ, нүүрсний үнс эзэлдэг гэдэг. Түүнийг нотлох гэсэн юм шиг хайлсан цас үнсэн саарал “үер” болон урсаж, хотын гудамжны хаа сайгүй хог, хаягдал ил гарч эхэлжээ. Хоггүй зам талбай, гудамж, гарц ховор тул хаврын зөөлөн агаараас хамар цоргисон эхүүн үнэр ханхийж байна. Хөрсний бохирдлоос үүдэж, гэдэсний халдварт өвчин, балнад, цусан суулга, сүрьеэ, бурцеллез, халдварт шар тархах аюултай ч хүйтний ам цаашилсан энэ өдрүүдэд хүүхдүүд адаглаад л хор, хог нэвчсэн элс шороон дээр тоглох гэж яарах юм.
Уг нь гэр хорооллын айлуудын хогийг сард хоёр удаа ачдаг. Нэг ачихдаа 2500 төгрөг хураах ёстой ч хогоо мөнгө төлж цэвэрлэх дургүй монголчууд хашаа хорооноос зайдуух гуу жалга руу хэдийнэ зөөчихдөг гэмтэй. Энэ хавар ч хэвээрээ. Ер нь хэзээ ч энэ зуршил арилахгүй байх. Долоон буудал, Хайлааст, Баянхошуу гээд нийслэлийн гэр хороолол төвлөрсөн хэд хэдэн хорооллуудаар явж үзлээ. Хаа сайгүй хогон овоо.
Хотын төвд ч ялгаагүй. Уг нь хамгийн бага цалинтай ТҮК /Тохижилт үйлчилгээний компани/-ийнхэн өглөөнөөс орой хүртэл зогсоо зайгүй ажиллах юм аа. Тэглээ гээд нийслэл цэвэрхэн, гоё болчихсон нь алга. Чихрийнхээ цаасыг, тамхиныхаа ишийг…Юу хүссэнээ, хэрэггүй гэж бодсон бүхнээ хармаанаасаа гаргаад чулуудчихдаг зуршилтай болохоор нийслэл цэвэр байх боломж хувь хүн бүрээс хамаарч байна. “Хогоо ил битгий хаяач ээ” гэсэн хэн нэгний шаардлагад хүмүүс “Хогийн сав хаа байна” гэсэн асуултыг эргүүлж тавих аж. Нийслэл хогноосоо салдаггүй, салах боломжгүй байдгийн нэг том шалтгаан нь мэдээж ХОГИЙН САВ байж таарна.
Хогоо саванд л хийчихэд болох тийм амархан үйлдлийг хийхэд харамсалтай нь хогийн сав хүрэлцдэггүй, хаа сайгүй байдаггүй нь юун түрүүн саад болдог бололтой. Тиймээс холбогдох хүмүүсээс “Хогийн сав” сураглалаа. Нийслэлийн захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн албаны мэргэжилтэн О.Оджаргал “Хогийн савны эрэлд” гэж тодорхойлмоор дараах асуултад ийм хариулт өгч байна.
-Нийслэлийн хэмжээнд нийт хэчнээн хогийн сав байдаг юм бол. Иргэд бол Улаанбаатарыг “хогийн савгүй” хот гэж тодорхойлох нь их байна?
-Бид нийслэлийн хэмжээнд жил бүр 400 гаруй хогийн савыг 100 метрийн зайтайгаар байрлуулдаг. Ингэхэд өмнөх жилийнх нь савнуудаас дийлэнх  нь эвдэрч, алга болсон байдаг. Ер нь бол одоогийн байдлаар нийслэлд 900 гаруй хогийн сав байгаа. Хогийн сав байхгүй биш боломжийн тоотой байгаа гэж бодож байна. Харин бид хогийн савыг ямар материалаар хийж байрлуулахаа гайхаад сууж байна. Төмөр сав тавихаар энд тэнд тушаах гээд хуу татаад авчих юм. Ер нь манай монголчууд “Хот муухай байна, шороо, тоос, утаа тортогтой байна” гэж яриад байдаг мөртлөө өөрсдөө нийслэлийнхээ өнгө төрхөд санаа зовдоггүй. Та бүхний нүдэнд харагдаад байгаа хогийг хүмүүс өөрсдөө л хаяж, өөрсдөө л ийм орчин бий болгож байгаа шүү дээ. Монголчууд хогийн саваа ашиглаж мэддэггүй. Эсвэл эвдээд хаячихна, нэг бол хулгайлаад аваад явчихна. Ямар хогийн савны манаач гэж гаргалтай нь биш дээ. Аргаа ядаад хогийн савыг бетоноор хийх тухай ярьж байна шүү дээ.
-Хотын төвийн аль ч хэсэгт ил задгай хог их байх юм. Хогны машин манайд хүрэлцээтэй байдаггүй бололтой?
-Орон сууцны айл өрхийн хогийг бараг өдөр бүр ачдаг. Дүүрэг бүрийн хогны машиныг нэмэгдүүлсэн. Түүнээс хойш хог ачихгүй уддаг байдал багасч байгаа. Харин гэр хорооллын айлуудын хогийг сард 1-2 удаа ачдаг. Манайхан хог шороогоо гэрээсээ гаргаж, нүднээсээ холдуулж л байвал цаад хор уршгийг нь боддоггүй. Орцондоо бөөгнүүлээд хаячихна, эсвэл цонхоороо гаргаад шидчихдэг. ТҮК-ийн ажилтнууд нэг цэвэрлэсэн газраа өдөржингөө л эргэж тойрч цэвэрлэдэг шүү дээ. Тэгэхээр бидний зүгээс нийслэлийн хог хаягдал их байгаа нь хувь хүн бүртэй л холбоотой, хамаатай зүйл гэж хэлмээр байна гэлээ.
Хогны асуудлыг хариуцдаг бүхэл бүтэн алба нийслэлийн Захирагчийн албанд байдаг. Тэд хогийн сав, хогны тухай асуултад ийм хариулт өгч байна. Холбогдох албаны ажилтнуудын хийсэн судалгаанаас харахад, Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт дунджаар /зуны улиралд/ 800 грамм хог хаягдал гаргадаг бөгөөд нийслэл хотоос өдөр бүр 1000 тонн хог ачиж, Нарангийн хогийн цэгт аваачдаг юм байна. ӨДӨРТ 1000 ТОНН ХОГ.
Энэ тоог хүн бүхэн цээжлээд авчихад гэмгүй байх гэж бодож байна. Өнөөдөр нийслэлд 900 ширхэг хогийн сав байгаа гэж албаны хүмүүс хэлж байгаа ч тэр хэмжээний хогийн сав байгаа эсэхийг тоолох боломжгүй юм. Тэгээд ч 100 метр тутамд байрлуулсан гэх хогийн сав нийслэлийн төв хэсгээс бусад газарт байдаггүй бололтой, хотын хойд хэсэг болох 100 айл, Баянбүрд орчим болон баруун, зүүн дөрвөн замын ойролцоо /Хүн амын хөдөлгөөн ихтэй хэсэгт/ хогийн сав тийм ч хангалттай харагдсангүй.
Хоггүй, цэвэрхэн хоттой байхын тулд ХОГИЙН САВ-ыг зөв боловсон ашигладаг хэрэглээнд суралцвал яасан юм бэ? Хогийн сав нь хангалттай олон байдаг, түүнийг нь хүмүүс эвддэггүй, мулталж аваад төмрийн хог болгочихдоггүй, зөвхөн хогоо л хаядаг тийм сав олон байх тусмаа л хэрэгтэй байна шүү дээ.

  • Хүн өдөрт дунджаар 800 грамм хог хаягдал бий болгодог
  • Нийслэл хотоос өдөрт 1000 тонн хог цэвэрлэдэг
  • Гялгар уут бүрэн усттал 50-400 жилийн хугацаа шаардлагатай
  • Хөнгөн цагаан лааз 100 жилийн хугацаанд хүчилтөрөгч болон борооны үйлчлэлээр задардаг
  • Шилэн лонх сав хэдийгээр байгаль орчинд ноцтой хор хөнөөл учруулалгүй явцдаа уусан шингэдэг боловч 4000 жил орчмын дараа л сая задардаг байна

Ц.Хишиг-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж