Төрийн албан хаагчийг ийм ноцтой хэрэгт буруутган олны өмнө мэдээлэл хийсэн нь урьд үзэгдээгүй хэрэг тул тэр эмэгтэй хэн бэ гэх асуулт хамгийн их сонирхол татаж байна. Түүнийг Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын өмгөөлөгч С.Ганчимэг гэх яриа байгаа ч үсний засалт, дуу хоолой нь арай өөр байна гэх хүмүүс ч байгаа юм.
Тэр эмэгтэй анх Мөрдөн байцаах газарт өргөдөл гаргасан байна. Харин тэр өргөдлөө сэтгүүлчдэд тараахдаа хэрэг болсон өдрийн тов, өөрийн оршин суух хаяг, утас нэр гэх мэт мэдээллээ хар бэхээр дарсан байсан юм. Өргөдөлдөө “2010 оны II сарын 26-нд Э.Амарбат намайг хүчирхийлсэн “ гэж бичсэн атлаа нэг сарын дараа өргөдлөө авчирч өгчээ.
Мэдээлэл хийсэн үл таних эмэгтэйг өмгөөлөгч С.Ганчимэг болохыг хууль хяналтын байгууллагынхан ярьж байгаа бөгөөд “Хүмүүсийн хоорондох асуудалд өртөж хохирох вий, ноцтой асуудалд хамаагүй хандаж болохгүй, эцэстээ ажил, амьдралгүй болно” гэж сануулсан хэмээн ярих хуулийн байгууллагын албан тушаалтан ч байна. Хэдийгээр тэр хар шил зүүж, амны хаалтаар царайгаа нуусан ч С.Отгонбаярын талаар мэдээлэл хийсэн өмгөөлөгч мөн гэж үзэх хүмүүс олон байгаа аж.
Түүний хэлсэн ярьсан нь нотлогдохгүй бол төрийн албан хаагчийг хүнд хэрэгт гүтгэсэн хэргээр эрүүгийн хэрэгт татах бололтой. Монголын өмгөөлөгчдийн холбооныхон дээрх мэдээлэл хийсэн эмэгтэйг МӨХ өмгөөлөгч С.Ганчимэг мөн эсэхийг мэдээгүй байгаа аж. Албаны эх сурвалжаас өмгөөлөгч С.Ганчимэгийг МӨХ-ны Ёс зүйн хорооны хурлаар оруулж, өмгөөлөл явуулах эрхийг нь цуцлах тухай хурал болох гэж байгаа тухай мэдээлэл ирсэн юм. Энэ тухай МӨХ-ны Сахилгын хорооны Нарийн бичгийн дарга Н.Батболдоос тодруулахад “ Өнөөдөр энэ хүнтэй холбоотой гомдол ирээгүй байна. Гомдол ирсэн үед хариуцлага тооцох хурал хийдэг. Гэхдээ С.Ганчимэг өмгөөлөгчийн тухай олон зүйл яригдаж, ёс зүйн алдаа гаргасан тухай мэдээлэл гарсаар байгаа учир бид судалж, шалгаж байгаа” гэсэн юм.
С.Отгонбаярын өмгөөлөгч С.Ганчимэг 9912… дугаарын утастай юм байна. Харин тэр өчигдрийн турш утсаа авсангүй
Хэвлэлийн бага хурал дээр мэдээлэл хийсэн эмэгтэйг хамгаалж ирсэн гэж өөрийгөө танилцуулсан УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Хэн нэгэнд утас, оршин суугаа хаягийг нь өгөхгүй байхыг тэр эмэгтэй хүссэн” гэж байсан юм.
Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд Э.Амарбаттай холбоотой хэрэг шилжин ирсэн бөгөөд хэргийг шалгаж эхэлсэн гэнэ. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгээгүй гэж албаны эх сурвалж хэллээ. Хүчиндсэн гэдгийг нотлох баримт байгаа эсэх талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэнэ. Учир нь хүчингийн хэрэг хүний хувийн нууцтай холбоотой байдаг учир Хувь хүний нууцын тухай хуулиар мэдээлэл тараахыг хориглодог байна. Энэ төрлийн гэмт хэргийн шүүх хурал ч хаалттай болдог. Иргэний гаргасан гомдлыг эцэслэн шалгах ёстой гэж хуульд заасны дагуу шалгах ажил эхэлжээ. Хэргийг шалгах явцад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Амарбатыг албан ажлаас нь түдгэлзүүлэх шаардлага байхгүй гэнэ.
Хууль хяналтын байгууллага Э.Амарбатыг шалгахаас гадна дээрх мэдээллийг тараагч нь хэн бэ гэдгийг тогтоох ажлыг эхлүүлэх аж. Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярыг энэ хэрэгт холбоотой хэмээн комиссар Э.Амарбат хэвлэлийн бага хурал хийхдээ онцолж байсан. Энэ нь хэр үндэслэлтэйг мэдэхгүй ч өчигдөр 13 цагт С.Отгонбаяр хэвлэлийн хурал зарласан боловч тодорхойгүй шалтгаанаар цагийн дараа цуцалсан байна.
Ийм нэгэн ээдрээтэй хэрэг явдал олны анхаарлыг татаад байна. Өмнө нь Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, Эрчим хүч эрдэс баялгийн дэд сайд асан н.Энхтайван нар УИХ-д нэр дэвших тойрог булаацалдсанаас утсаар бие биенээ “Ална, амиа хайрлаж яваарай” хэмээн заналхийлсэн гэх хэрэг гарч, хэвлэлүүд баахан шуугисан ч хавтаст хэрэг үүсгэлгүй тэгсхийгээд намжсан. Харин энэ шуугиан юугаар дуусах бол. С.Отгонбаяр хүн гүтгэхэд турхирсан хэрэгт унах уу. Эсвэл…?
Х.СҮрэн