-”Хүний хөгжил сан”-гаас иргэдэд хишиг тараах ажил ямар шатандаа явж байна?
-Бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Энэ ажилд манайхаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газар \УБЕГ\ хамтран ажиллаж байна. УБЕГ-аас энэ сарын 22-нд бичиг баримтын зөрчилгүй иргэдийн нэрсийг манай байгууллагад ирүүлсэн. Одоогоор энэхүү нэрсийг давхар шалгаж, дахин тулгалт хийн аймаг, сум, дүүргүүдэд явуулахаар бэлтгэж байна. Удахгүй орон нутаг руу энэ нэрсээ явуулна.
-Манай иргэд хаягийн давхардалттай байдаг. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Хаягийн давхардалтад УБЕГ хяналт тавих бүрэн боломжтой гэдгээ хэлсэн. Манай байгууллага энэ ажлын хүрээнд УБЕГ-тай санамж гэрээ байгуулсан. Тэднийх иргэдийн бичиг баримтын зөрчил, бүртгэл тооллогын үед иргэдийг идэвхтэй оролцуулахын тулд нэг сарын аян зарлаж ажилласан. Урьд нь ийм ажил зохион байгуулж байсан учир хүндрэл бага гарсан байх.
-Иргэд энэ сарын 1-нээс мөнгөө авна гэж ярьж байна. Энэ хугацаандаа олгох боломж байгаа юу?
-Одоогоор хадгаламжийн дэвтэр болон маягтуудаа орон нутагт хүргээд байна. Ирэх сарын 5-ны өдрөөс эхлэн дэвтрийг нээж, мөнгө байршуулах ажлыг хийнэ. Манай ажилтнууд Сангийн яамтай ярилцаж тохиролцон, орон нутгийн банкуудад мөнгө байршуулах ажлыг хийж байна. Аливаа хүндрэл асуудал үүсэхгүй бол ирэх сарын 15-наас иргэдэд мөнгийг тарааж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ө.ЧИНЗОРИГ
Ирэх сарын 15-наас 70 мянган төгрөгийг олгож эхэлнэ
“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт эх орны хишиг тараах ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжинд сар шинийн өмнө хүүхэд, хөгшид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 70 мянган төгрөг олгоод байгаа билээ. Энэ удаад үлдсэн иргэдэд Хүний хөгжил сангаас 70 мянган төгрөг олгох ажил ямар шатандаа явж байгаа талаар Халамж үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодрууллаа.