Д.Зоригт, “Бороо гоулд” хоёр хэзээ учраа олох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Д.Зоригт, “Бороо гоулд” хоёр хэзээ учраа олох вэ?


Уул уурхайн анхны шан татсан “Бороо гоулд” компа­нийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаад ирэв. Эднийх 250 ажилтнаа цом­хотгохоос өөр аргагүй бол­лоо гэж хэвлэлийн бага хурал хийж байсныг нь санаж бай­гаа байх аа. Ганц сайдын гарын үсэг дутуугаас болж бүхэл бүтэн компани цааш­лаад хөрөнгө оруулагчид Монгол Улсад үл итгэх бай­далд хүрч болзошгүй болоод байгаа аж. “Бороо гоулд” компанийнхан эрээд, сураад олддоггүй Эрдэс баялаг, эр­чим хүчний эрхэм сайд Д.Зо­риг­тын ажлын өрөөнийх нь гадаа суулт зарлахаар бол­жээ.    

МУУР, ХУЛГАНА БОЛЖ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙХ ЗУУР МОНГОЛ УЛС АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ БОЛОВ

Байгаль орчны үнэлгээ, мэргэжлийн хяналтын газрын зохих бүх зөвшөөрөл нь ол­гогдсон байхад сайд Д.Зоригт гарын үсгээ зурахгүй “бултаж” гүйгээд байгаагийн цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ? Учир нь байнгын хороо­ны хурлаар “Бороо гоулд”-ын Нуруулдан уусгах шинэ тех­нологийг ашиглахыг зөв­шөөр­­­сөн тогтоол хэдийнэ гарчээ. Өнгөрсөн 2008 оноос хойш хийгдэж байгаа туршил­тын хугацаанд байгаль ор­чинд халгүй болох нь нот­логдсон байна. Манай улсад үндсэн орд буюу хад чулуун дотроос алт ялгаж олбор­лодог хуруу дарам цөөн ком­панийн нэг бол “Бороо гоулд”-ынхон. Тэднийх Сэ­лэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Нуруулдан уусган бо­ловсруулах төслөө хэрэг­жүүлж агуулга багатай шо­роог дахин боловсруулж бай­на. Өнөөгийн уул уурхайд алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр уулыг тал бол­тол ухаж сэндийлчихээд сор­чилж тэр чигээр нь зөнд хаях байдал хэрээс бүр хэтэрсэн. Ийм үед Бороогийн алтны үндсэн ордод түшиг­лэн бай­гуу­лагд­сан боловс­руу­лах үйлдвэр улсад сард нэг тэр­бум төгрөгийн татвар төлж, хаягдлыг боловс­руулж ажил­лахаар болсон нь сайшаал­тай юм. Өнөө үеийн­хэнд үүцээ саяхнаас нээсэн Монго­лын энэ их баялгийг туйлах эрх байхгүй билээ. Тиймээс шинээр орд газар ашиглах зөвшөөрөл олгохоо­соо илүү­тэй хуучин ашигла­сан тал­бай­даа дахин боловс­руулалт хийхэд анхаарах болсон. Үүний эхлэлийг “Бо­роо гоулд” компани хийж эхэллээ. Асар их шороон дундаас хам хум алтыг ялгаж авсан болоод эргээд ашигла­даггүй өнөө үед нуруулдан уусгалт бол яах аргагүй цагаа олсон үр дүн­тэй төсөл. Гэтэл гэдгэр сай­дын ганц гарын үсэг энэ бүх­нийг гацаачихаад бай­гаа аж. Бороогийнхон хаягдал бол­сон агуулга ба­гатай хүдрийг дахин боловс­руулж эдийн засгийн эргэлтэд дахин оруулъя гэж байхад Төр засаг дэмжсэн ч ганц гэдрэг сайд “боож” орхив. Олон яам, төр засгийн бай­гууллагын гарга­сан шийд­вэрийн эсрэг ган­цаар сөрөн зогсоо сайд Д.Зо­риг­тыг хүнд суртал гаргаж байна гэхээс хэлэх өөр үг алга. Хэрэв энэ тө­сөлд шаард­­лагад нийцэхгүй зүйл байвал хэлээд аль, дутагдлаа засаад ирье гэж “Бороо гоулд”-ынхон ханда­хад сайд маань завгүй, ажил ихтэй гэж уулзахаас татгалз­саар ирсэн гэнэ. Га­рын үсэг зурах завгүй муур, хулгана болж хөөцөл­дөж яваа сайд Д.Зоригт, “Бо­роо гоулд” ком­пани хоё­рын явд­лаас болж жирийн ажилт­нууд хохирч эхлэх нь болол­той. Нэгэнт энэ төсөл хийгдэж эхлэхгүй бай­гаа тул ирэх ар­ванхоёр­дугаар сарын 1-нээс “Бороо гоулд”-ынхон 250 ажилтнаа цомхотголд оруу­лахаар бол­жээ. Гэнэт халагд­саны мөнгө төгрөгөө ком­паниасаа гар­гуулж авч байгаа ч цаашид ажилгүйчүүдийн эгнээг нэгэнт тэлэх нь тодор­хой. Бороогийн уур­хайд хөрөн­гө оруулалт хийж буй “Сентерра Гоулд” корпораци гадаад дотоо­дын хувь­цаа эзэмшигчдээс бүрддэг. Монго­лын нэг сай­дын гэдийл­тээс болж хувь­цааны үнэ буурах, Монголд цаашид хийг­­дэх хөрөнгө оруу­­лалт зогсох эрсдэл га­рах­гүй гэх баталгаагүй юм. Ямартаа ч Монгол Улсад алдагдал бо­лон ирж байгаа хариуц­ла­гагүй энэ байдлыг сайд Д.Зо­ригт хүлээх биз ээ?  

НУРУУЛДАН УУСГАХ ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ МОНГОЛД АСАР ИХ БИЙ

Нуруулдан уусгах төслийг уншигчдадаа илүү ойлгомж­той болгох үүднээс тайлбар­лая. Олборлолт хэдийнэ явуулж хаягдал шахуу болоод байгаа агуулга багатай хүд­рийг дахин боловсруулах гэсэн санаа юм. Хөрсөнд үл нэвчих байдлаар олон дав­хар нягтаршил давхарлалт, нуруулдалт хийсний дараа­гаар өнөө агуулга багатай хүдрээ цианитын уусмалд нэвчүүлж дотроос нь алт ял­гаж авах арга гэж бас хэлж болно. Манайхан Дархан-Уул аймгийн Хонгор сумын цианитын хор хөнөөлөөс улбаалж энэ талын эсрэг мэ­дээлэлтэй болж үлдсэн. Циа­нит гэдэг нь тамхинд хүртэл тодорхой агууламжаар хадга­лагдаж байдаг химийн нэг элемент. “Бороо гоулд” ком­па­нийн “Нуруулдан уусгах” төслийн ажилтнууд тамхи­наас ялгарах цианитын хэм­жээг бидэнд зориуд сонир­хуулав. Цианитын хэмжээг то­дорхойлох багажийг ажилтан бүр биедээ авч явах бөгөөд цианит их, бага байгааг нь тэр дор нь тогтоочихоор аж. Там­хи сорж утааг нь цианитыг мэдрэгч багаж руу хэд хэд үлээхэд шууд тэр дороо там­хинд байгаа цианитын хэм­жээ гараад ирэв. Цианит то­дор­хой хэр хэмжээнээс хэт­рээгүй л бол хаана л бол хаа­на байдаг химийн элемен­тийн нэг аж. Харин хэр тун­гаасаа ихдээд ирэхээр аюул болдог гэдгийг Хонго­рын явдал би­дэнд сануул­сан. Бороо­гийн­хон цианитыг шо­хой­той хольж шүлтлэг болгож уус­гадаг учир агаар болон хөрс, байгальд ямар нэгэн хор хө­нөөл учруула­хааргүй ашиг­лаж болох шил­дэг төсөл бо­ло­хыг нь сонсов. Мэр­гэж­лийн хяналтын ерөн­хий газар бо­лон Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас шалгаж байгальд халгүй төсөл боло­хыг нь тогтоосон байна.

ХУУЛЬ ХЭНД ҮЙЛЧИЛЖ БАЙНА ВЭ?

Манай сурвалжлах хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас хөдөлж Мандал сумыг зорьсон юм. Хөрөнгө оруу­лагч Канадын “Сентерра Гоулд” корпорацийн охин компани сүүлийн арав гаруй жил хайгуул хийснээр Га­цуур­тын алтны үндсэн ордыг нээж илрүүлжээ. Байгаль орч­ны нөлөөлөх байдлын на­рийв­чилсан үнэлгээ хийхэд Гацууртын ордын талбайд химийн хортой бодис ашиг­лан баяжуулалт хийхгүй, хаягд­­­лын далан сан байгуу­лахгүй гэж гарсан байна. Энэ газарт өмнө нь өөр бусад компаниуд шороон ордын олборлолт хийгдсэн тул да­хин нэмж олборлолт явуу­лахгүй. Харин Бороогийнхон нөхөн сэргээлтийг хийж, нэ­гэнтээ үүсээд байгаа гадар­гын усны бохирдлыг орчин үеийн технологиор саармаг­жуулан ажиллахаар болжээ. Шороон ордын олборлолт хийгдсэн Гацууртад үндсэн ордын олборлолт хийхэд ямар нэгэн сөрөг дүн гарахгүй гэж үзэж байгаа аж. Учир нь ухаж төнхүүлсэн уг газрын хаягдал болсон овоолго дун­даас ашиглах, баяжуулан боловсруулах гэх мэтээр бай­галь орчинд нөлөөлөлгүй ажиллах боломжтой аж. Хө­рөнгө хүчээ хаяж хайгуул хийсэн боловч өнгөр­сөн жил “Ойн сангийн тухай” хуулиар тус газарт үйл ажил­лагаа явуулах боломжгүй болж бай­гаа юм байна. Хуульд захи­рагдаж ажиллах учраас хү­лээн зөвшөөрч бай­гаа боловч уг хуулийг дагалдан гарах журам өнөөдөр болтол ойл­гомжтой байдлаар гараагүй байна. Тэр бүү хэл байгаль орчин хамгаалах төлөвлөгөө нь ч батлагдаагүй байна. Ойн сан газар гэж аль хэс­гийг хамруулж байгаа нь алагч­лалтай гарсан гэнэ. Хэрэв журам нэг мөр бат­лагдчихвал Бороогийнхон хууль, жур­манд нийцүүлж бактерийн аргаар алт бая­жуу­лах тех­нологи болон уулын баяжуу­лах байгаль орчинд халгүй гэсэн хоёр аргаар ашиглах боломжтой гэж үзэж байгаа аж. Хуулийн дагуу зохих зөв­шөө­рөлтэйгээр үйл ажил­лагаа явуулахыг эрхэм бол­годог “Сентерра Гоулд Мон­голия” ХХК хэрэв ойн санд хамаарч хориглогдож байгаа бол лицензийн нөхөн төлбө­рөө улсаас авах гэнэ. Нэгэнт их хэмжээний хөрөнгө зарж хайгуул хийсэн тул нө­хөн төлбөрөө шаардах нь зүйн хэрэг биз ээ.           

ТӨР ЗАСГИЙН БОДЛОГО ТОДОРХОЙ БАЙХЫГ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ШААРДАЖ БАЙНА

Монголын уул уурхайн салбарт өнөөдөр Төр засгийн бодлого тодорхой байх шаард­лага нэн тэргүүнд та­вигдаж байна. Улсад тэрбум, тэрбумаар нь татвар төлж ирсэн уул уурхайн компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах эсэх нэг сайдын сай­хан, муухай аашнаас хамаа­ралтай болж таарах нь. Мон­голын төр засагт ажиллаж байгаа албан тушаалтны хариуцлагагүйгээс ард түм­ний дунд уул уурхай муу гэдэг дүн хэдийнэ тархсан гэцгээж байв. Нинжа болон эргээд хариуцлага үүрүүлэх боломж­гүй, тодорхойгүй компа­ниу­дад ажиллах эрх олноор ол­гос­ноос сөрөг үр дагавар гарч байгааг бид харж байгаа. Эмх замбараагүй хяналтгүй ли­ценз олгосны гайг одоо цуц­лаг­дах болоод байгаа 250 гаруй компанийн лицен­зээс харж болно. “Бо­роо гоулд” компани бол хө­рөн­гө оруу­лагчид Монголд итгэл үзүү­лээгүй бай­сан аль 1998 оноос хойш өнөөг хүртэл хариуц­лагатай уул уурхайг хөгжүү­лэхийн төлөө тууштай ажил­лаж ир­сэн. Тэд­нийх манай улсын хамгийн өндөр татвар төлөг­чөөр шалгарч байсан. Өдөрт л 200 сая төгрөгийн татвар төлдөг улсын онцгой ач хол­бог­­дол­той уул уурхайн ком­панийн нэг. Бас ажилч­дадаа хамгийн өндөр цалин олгодог нь. Энэ оны арав­дугаар са­рын байдлаар нэг ажилчны дундаж цалин нэг сая 200 мянга хүрсэн. Ка­на­дын “Сентерра Гоулд” ком­па­нийнх гадаадын хөрөн­гө оруу­лалт­тай ч ажилчдаа 100 хувь монголчуудаас бүр­дүүл­дэг. Эхний байдлаар 250 ажилтан цомхотголд орж бай­гаа бол Төр засгийн тодор­хойгүй бодлогын харгайгаар да­раа дараагийн ажилчид ажил­гүйчүүдийн үүд хаалгыг татах цаг ирэх нь.  

Б.ДОЛЗОДМАА.



 Эх сурвалж Өдрийн сонин.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж