Есөнбулаг суманд хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Есөнбулаг суманд хөл хорио тогтоожээ

Говь-Алтай аймгийн хүн амын дунд вируст гепатит өвчин дэгдэлт хэлбэрээр гарч,  энэ сарын 11-ний байдлаар 384 тохиолдол бүртгэгджээ. Тус аймагт халдварт шарын дэгдэлт их байгаатай холбогдуулан өнгөрсөн сарын 17-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас  уг өвчний эсрэг шуурхай арга хэмжээ авахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу Эрүүл мэндийн яамны мэргэжлийн эмч нарын баг Говь-Алтай аймагт ажиллан, тандалт судалгаа хийжээ. Говь-Алтай аймгийн хувьд цэвэр усны хүрэлцээ муу, усан хангамжийн системийг ариутгадаг төхөөрөмж 2008 оноос хойш ажиллаагүй, усан хангамжийн есөн эх булгийн 55,5 хувьд нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн гээд халдварт өвчин гарах эрсдэл их байгаа аж. Түүнчлэн айл өрхүүдийн  хувьд хашаандаа хог хаягдал ихтэй, төвийн орон сууцны хороололд бохир усны халилт гурван газарт үүссэн, халдваргүйтгэл хийгдээгүй, сургууль, цэцэрлэгийн хувьд бохир ус цэвэрлэх байгууламж нь ажилладаггүй, орчны ариун цэвэр муу, хүүхдийн байгууллагын ажилчдын мэдлэг муу, ариутгалын бодис хүрэлцээгүй, хэрэглэж буй бодисын  идэвхитэй хлор нь 16-18 хувьтай шаардлага хангахгүй байсан зэрэг олон зөрчил илэрчээ. Энэ талаар тус аймгийн хэвлэлийн төлөөлөлч Б.Мөнхзаяагаас дараах тодруулгыг авлаа.

-Танай аймагт халдварт шар гарах болсон шалтгааныг орчны бохирдол, усны хүрэлцээгүйгээс болсон гэж байсан. Одоо ямар арга хэмжээ авч байна вэ?

-Одоогоор өвчний голомт бүхий сум орон нутгийн төвлөрсөн хог хаягдлыг цэвэрлээд байна. Мөн аймгийн Мэргэжлийн Хяналтын газар , Есөнбулаг сумын ЗДТГ, сумын цагдаагийн тасагтай хамтран өнгөрөгч ням гаригаас эхлэн Шинэ-Алтай нэгдсэн зах дээр ажиллах удирдамжийн дагуу үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.  Энэ хугацаанд өдөр бүр захын гадуур мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээг ил задгай заруулахгүй байхад анхаарч байгаа.

-Халдварт шар өвчний дэгдэлт ихтэй сумдыг хэлэхгүй юу?

-Он гарсаар эхний арваннэгдүгээр сарын байдлаар халдварт өвчний нийт 607 тохиолдол бүртгэгдсэнээс 384 буюу 62.7 нь халдварт шар  өвчин байгаа. Энэ нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад  гурав дахин ихэссэн үзүүлэлт юм. Үүнээс аймгийн төвд бүртгэгдсэн 272 тохиолдол нь есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 13-ны хооронд гарсан байна. Дээрх тохиолдлын 154 –д нь  сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өвчилж, вируст гепатит оноштой нийт хүүхдийг 74,5 хувьд  хепатитын А вирус буюу халдварт шараар өвчилсөн болох нь тогтоогдсон. Зөвхөн Есөнбулаг сумын хэмжээнд гэхэд 477 халдварт өвчин бүртгэгдсний 267  буюу 55.9  хувийг  вируст гепатит эзэлж байна. Есөнбулаг сумын өвчлөлийг багаар нь авч үзвэл, Баянхайрханд 87, Баяншанд 44, Харзатад 72, Жаргалант багт 67  тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Дарви суманд 47, Тонхил суманд 21 тохиолдол гараад байна.

-Өвчний голомт бүхий сум, багт чиглэсэн ямар арга хэмжээ авч байнав вэ?

-Аймгийн Эрүүл мэндийн газраас гэдэсний халдварын дэгдэлтийг бууруулах,  голомтыг цомхотгох зорилгоор Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, Есөнбулаг суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, одоогоор V цэцэрлэгийг хаагаад байна. Халдварын голомтыг  устгах зорилгоор төсвийн тооцоо гаргаж, аймгийн онцгой комиссын даргад гамшгийн сангаас хүсэлт гаргасан. Мөн халдваргүйтгэлийн бодис, шаардлагатай эм урвалжийг төвлөрүүлэх, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх  зорилгоор ДЭМБ, Норвегийн тусламжийн байгууллага, ДЗМОУБ-д нийтдээ 20 гаруй сая төгрөгийн төслийн санал хүргүүлээд байна. Сурагчдын амралтын үеэр ариутгал халдваргүйтглийн ажлыг сайтар хийж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж