Паралимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавынд зочдын хөл татраагүй л байна. Ээжийнх нь төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумаас гурван ч хүн ирчихсэн хөдөөгийн сониноос хуучилж, суухтай таарав. Ах Д. Баатарсүрэн нь бас хүндтэй зочдынх нь нэг байлаа. Дүүгээ гадаад руу тэмцээнд явах бүрийд гаргаж өгч, ганзагыг нь мялаадаг ах энэ удаад Бээжин руу мордуулж өгч чадаагүй гэнэ. Гэхдээ миний дүү "Чадаад ирсэн шүү" гэж бахархаж суусан. Одоо уншигч та бүхэндээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавтай ярилцсанаа хүргэе.
-Монгол Улсдаа олимпийн гурав дахь алтан медалийг авчирсанд юуны өмнө танд баяр хүргэе. Гэртээ ирээд тавтай сайхан амарч байна уу?
-Та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. Гэртээ ирээд сайхан амарч байна. Эх орондоо ирээд эх орныхоо агаараар амьсгалаад, тавтай амрах сайхан байдаг юм байна аа.
-Хүн зоны хүндлэл гэж их том ачаа, үүрэг хариуцлага болж буй нь дамжиггүй. Таныг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд буусан тэр мөчөөс өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд ард түмэн хүндэлсээр, хайрласаар, бахархсаар, гоёсоор л байна шүү дээ?
-Энэ их алдар гавьяанд хүрчихээд, Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж, ард түмэнтэйгээ уулзаад зогсч байх тэр мөчид "Би ямар их агуу ард түмний иргэн болж төрөө вэ. Миний ард ямар сайхан ард түмэн байдаг юм бэ гэдгийг мэдэрч, би бахархаж, баярлаж байлаа.
-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат цол хүртээд, Ерөнхийлөгчийн зарлигийг сонсох тэр мөчид танд юу бодогдож байсан бэ?
-Маш их тулгамдсан, хэлэх ч үг олдоогүй. Хөгшчүүл ярьдаг шүү дээ, бахархмаар ч юм шиг, уйлмаар ч юм шиг гэдэг шиг… Үнэхээр гоё санагдаж байсан.
-Та одоо юу хийхээр төлөвлөж байгаа вэ. Ард түмэн танд алдар цол өгсөн шигээ бас илүү их амжилт гаргахыг хүсч байгаа?
-Тийм ээ, би бас ард түмэндээ ихийг бүтээж өгье гэж бодож байгаа. Мэдээж би үргэлж тамирчнаараа байхгүй нь ойлгомжтой. Тийм учраас тив дэлхийд нэрээ гаргасан шилдэг ирээдүйн тамирчин төрүүлэхийн төлөө монгол үрсийн нуугдмал авьяасыг илрүүлж, хөгжүүлэхийн төлөө ажиллана гэж бодож байгаа даа.
-Энэ нь зодог тайлна гэсэн үг биш биз дээ?
-Зодог тайлна гэсэн үг биш ээ.
-Тамирчин хүн цаг хугацаанаас хамаарч зодог тайлдаг. Таны хувьд энэ тухай бодох хугацаа хараахан биш гэж ойлгож болно биз?
-Тэгэлгүй яах вэ. Харин энэ эрч, хүчийг тэр чигээр нь хадгалж, цаашид амжилт гаргахыг л хичээж байна даа.
-Тамирчин хүнд амралт гэж бараг байдаггүй. Гэхдээ гаргасан амжилтаа бодоод хэсэг хугацаанд амрая гэж санагдах юм уу?
-Тамирчин хүн цаг үргэлж бэлтгэлтэй байх ёстой. Мэргэжлийн тамирчны хувьд хэлэхэд, бие организм цаанаасаа бэлтгэл сургуулилтаа шаардаад эхэлдэг. Ерөнхий биеийн хүчний дасгал хийхэд булчин шөрмөс чангарч, зангирах. Зүүд нойронд хүртэл бэлтгэл сургуулилт "ороод" ирдэг л дээ. Тийм болохоор үргэлж л байнгын бэлтгэлтэй байх ёстой.
-Та өчигдөр, өнөөдөр бэлтгэлд гарсан уу?
-Өнөөдөр ерөнхийдөө биеийн хүчний дасгал хийгээгүй. Тусгай, тусгай техникийн давталтыг толинд харж байгаад хийсэн.
-Тамирчин хүний хувьд бэлтгэл сургуулилтаас гадна, техникийн бүрэн бүтэн байдал их нөлөөлдөг гэж үздэг. Яагаад энэ асуултад хариулт авах гээд улайна вэ гэхээр паралимпод явахын өмнөх бэлтгэл сургуулилтын үеэр таны нум тасарсан гэж сонссон. Амжилт гаргахад нумын хүч байв уу. Эс бөгөөс та авах ёстой юм аа л авсан уу?
-Ерөөсөө ямарваа нэг юм чинь уялдаатай байдаг л даа. Би ганцаараа бэлтгэл сургуулилт хийгээд амжилт гаргачихаж байгаа юм биш. Хэрэглээний спорт учраас тухайн хэрэглээг шүтэх, тохируулах. Дасгалжуулагч багш, найз нөхөд, гэр бүл, биднийг хянаж байдаг эмнэлэг, спонсорын асуудал гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Нэг үгээр хэлбэл, энэ бүхэн цогц бүрэлдэж байж тамирчин хүн амжилт гаргадаг.
-Алтан медаль авахын өмнөх тоглолтод та дөрвөн оноогоор дутуу явсан. Тэр тоглолтод мөнгөн медаль авах маань баталгаатай боллоо. Энэ дээрээ баттай зогсоё гэж бодсон уу. Эсвэл алт авна даа гэж "шунав" уу?
-Тамирчин хүнд бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээнд орж байхад элдэв юм бодох зав гардаггүй юм. Учир нь юу гэвэл тухайн техник, хийх ёстой давтамж, тухайн булчингийн хяналт тэр бүгдээ хянасаар байгаад л дуусдаг. Бүх зүйл болоод өнгөрсний дараа л өөрийнхөө алдаа оноог дэнслэх нь бий. Юу хийж чадав, мэргэжлийн түвшинд өөрийгөө бэлтгэж чадаж уу, үгүй юу гэдэг төгсгөлийн сумны дараа л гардаг. Тийм болохоор би өөртөө бас дасгалжуулагчдаа, хэрэглэл, материалаа хамтдаа хийж байсан хүүдээ, хамтран бэлтгэл сургуулилт хийсэн найз нөхөддөө маш их баярлаж байна. Тэдгээр хүмүүсийн дэмжлэг туслалцаатайгаар л би энэ амжилтыг гаргалаа.
-Алтан медалийн төлөө өрсөлдөх тоглолтын өмнөх шөнө та тавтай амарч чадсан уу?
-Манайх бусад спортыг бодвол онцлог л доо. Бокс байна, манайх байна. Энэ хэдэн төрлийн спорт маш олон хоног үргэлжилдэг. Нэг өдөр л нэг хүнтэй "үзнэ". Тийм болохоор дөрөв, таван хоног харвадаг. Олимп нээгдэхэд, эхлээд, олимп хаахад дуусдаг. Тийм болохоор тухайн өдрүүдэд бэлтгэл, сургалт, дэглэмээ барих том шаардлага тамирчин хүнд тавигддаг.
Өөрөөр хэлбэл, тамирчин хүн биеэ хэчнээн сайн төгс бэлтгэж чадсан байна. Тэр хэрээр сэтгэл зүй өндөр байдаг. Тийм учраас сэтгэл зүйг авч явна гэдэг техник мэргэжлийн дасгал буюу дасгалжуулалтын системийг зөв хийсэнтэй л холбоотой байдаг л даа.
-Монгол Улсын Засгийн газар танд амласан 120 сая төгрөгөө маргааш өгөх болж байна. Энэ тухай мэдээг та сонссон биз?
-Сонссоон.
-Мөнгөө та яаж зарцуулах вэ. Энэ тухай мэдээлэл хүмүүст хамгийн сонирхолтой санагдаж мэдэх юм?
-Журмын дагуу тамирчин хүн дасгалжуулагч багш, бусад хүмүүстэй гэрээ байгуулсан байдаг. Түүнд заасны дагуу зарцуулна гэж бодож байна. Үлдсэн хувийг тодорхой зүйлд зарцуулна аа.
-Гэхдээ энэ мөнгө, нөгөө утгаараа таны хөлс хүчээр л орж, ирж байгаа шүү дээ. Дээжийг нь та яах вэ. Төлөвлөсөн үү?
-Ямар ч байсан шагналынхаа дээжээс буяны газар очиж, бүх ард түмнийхээ сайн сайхны төлөө ном хуруулна гэж бодож байна. Дараа нь аав дээрээ очно. Цааш төлөвлөсөн юм байна аа, ээжийн маань унасан газар, Чингис хааны төрсөн нутаг, Дэлүүн болдог, Гурван нуурын амралт энэ бүх газарт очиж, баярласан, талархсанаа илэрхийлж дээжээс нь өргөнө. Ингээд л дараа дараагийн төлөвлөсөн зүйлүүдэд зарцуулах болов уу.
-Аваргын найрыг хүлээсэн хүмүүс олон байх шиг. Танд энд, тэнд тэмдэглэе гэсэн төлөвлөгөө байна уу?
-Энэ талаар бас бодож байгаа. Өмнөх олимпийн баатрууд ямар хэмжээнд тэмдэглэв. Хөдөлмөрийн баатар хүн найраа яаж тэмдэглэдэг юм гэдгийг би сайн мэдэхгүй шүү дээ. Дунд сургуульд байхад хөдөлмөрийн баатар гэж нэг их том хүн байдаг л гэж боддог байсан. Өөрт тулаад ирэхээр их хэцүү юм. Ямар ч байсан гэр бүл, ах дүү, найз нөхөдтэйгээ зөвлөлдөж байгаад зохицуулна аа.
-Таныг паралимпээс алтан медаль авсан тухай мэдээ телевизээр цацагдахад манай өвөө "Энэ залуу монголын мянга, мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнд маш том итгэл өглөө. Сэтгэл зүйн хувьд хүн өөрийгөө бэлтгэж чадвал амжилтад хүрдэг юм байна гэдгийг харуулсан том жишээ боллоо" гэж хэлээд нулимсаа арчиж байлаа. Таны амжилт бусдад тань хэр урам зориг итгэл өгсөн бол?
-Уучлаарай, хүнд бодож, санаж, эмзэглэж явдаг зүйл байдаг л даа. Хүн хөгжлийн бэрхшээлтэй болсноороо өөрийгөө "доош" нь хийж, эцэг, эх, ах дүүгээ зовоох шаардлага байхгүй. Би бодсон юм. Би заавал хүнээс юм аваад л төр, засгаар тэтгүүлээд л, эхнэр, хүүхдээ зовоох учиргүй гэж.., Намайг энэ спортод ороход ах дүү нар маань ч их тусалсан. Тэдний маань тэсвэр хатуужил, сонирхож явсан спорт нь надад нөлөөлсөн. Тэгж байтал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт бий болж, тэр спортод би ороод хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар амжилтад хүрдэг юм. Үүнийг би яагаад манлайлаад явж болдоггүй юм гэдэг зорилго өөртөө тавьсан. Тэгээд бэлтгэл, сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцох болсон. Цаашид өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо гэж шантарч болохгүй нь ээ гэдгийг ойлгосон. Одоо нэг үеэ бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан хуулиуд олноор батлагдах боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн хууль ч гарсан. Тийм болохоор нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ цаашид эр хүн шиг хичээгээрэй л гэж хэлэх байна даа.
-Дорнод аймгийн Дашбалбар сумынхан таныг хүлээж авахаар бэлтгэлээ базааж байна гэх сураг дуулдсан?
-Дорнод аймгийн Дашбалбар сум аавын маань нутаг. Тэнд бас би төрж, өссөн. Тийм болохоор төрсөн нутгийнхаа ах дүү, ард иргэдтэй баяраа хуваалцана аа.
-Эргэж ирээд та юу хийх вэ?
-Үндсэн ажил буюу бэлтгэл, сургуулилтдаа орно доо. За мөн саяхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт даргатай уулзахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт хороо байдаггүй юм. Үүнд та туслаач гэж хүссэн. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт клуб байгуулж өгье гэсэн. Маш их баярлаж байгаа.
-Таныг клуб байгуулах нь ээ гэж яриад байсан. Энэ клубыг хэлсэн юм болов уу. Эсвэл та найз нөхөдтэйгээ хамтран байгуулах клубын тухай яриа байсан юм болов уу?
-Өмнө нь би энэ тухай найзуудтайгаа ярьж байсан. Тамирчид заавал өөр хоорондоо өрсөлдөх хэрэгтэй юм байна, гэж. Өнөөдөр маш цөөхөн клуб хичээллэдэг. Клуб шинээр нэмж байгуулагдсанаар өрсөлдөх тамирчны тоо олон болно. Энэ санаагаа л нийслэлийн захирагчид хэлсэн хэрэг л дээ. Үүнийг маань дэмжиж, туслахаар болсон.
-"Таван сум" клубынхээ тухай дурсахгүй өнгөрч болохгүй болов уу?
-Анх би "Таван сум" клубыг байгуулсан юм. Өүлэн эхийн сургаал, ард түмний эв нэгдлийг билигдэж, "Таван сум" гэж нэрлэсэн. Нэг спортын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэе гэж… Энэ клубыг Төв аймгийн харьяат Монгол Улсын дэлхийн анхны аварга Д.Дэмбэрэл, мөн энэ аймгийн Баянцагаан сумын харьяат Л.Жамьяансүрэн манай Монгол Улсын хоёр гавьяат байдаг. Нэг нь тамирчин, нөгөө нь дасгалжуулагч. Тэдгээр хүмүүсийн алдрыг мөнхжүүлж, хийж бүтээснийг нь үргэлжлүүлэе тэдний дайтай тамирчид бэлтгэе гэсэн зорилгоор л энэ клубыг байгуулж байлаа.
-Хичнээн тамирчин энэ клубт бэлтгэл сургуулилт хийж байна вэ?
-Би бүх клубт очиж тэдэнтэй хамтарч бэлтгэл хийдэг. Тийм болохоор тамирчид олон. Одоо шинэ, залуу тамирчид олон болох байх. Тэднийгээ мөдхөн шинэ гэртээ угтаж авна даа.
-Монгол Улсад хөгжиж байгаа байт харваа дэлхийн хэмжээнд хүрчээ гэдгийг та харуулж чадлаа. Түүнийг дагаад эцэг, эхчүүд хүүхдээ байт харваагаар хичээллүүлэхээр танд шавь оруулахаар эрэл сурал болж байж магадгүй. Танд хэчнээн хүүхдийг сургах бололцоо, нөөц байна вэ?
-Манайд одоогоор бэлтгэл, сургуулилт хийх танхим хомс. Гэвч бид түүнд түүртээгүй. Зохих ёсны клуб бий. "Нийслэл өргөө", "Алдар" хороонд нэг клуб бий. Төв аймагт "Таван сум" клуб мэтчилэн. Хамгийн гол нь бидэнд байнгын бэлтгэл хийх гадаах талбай маш бага байна. Түүнийг ирэх жил шийдчих болов уу. Материаллаг баазаа сайжруулчихвал олон хүүхдийг энэ спортоор хичээллүүлэх боломжтой.
-Ер нь байт харваагаар хүссэн хүн бүр хичээллэж болох спорт уу. Эсвэл төрөлхөөс заяасан бие галбирын давуу тал байх ёстой юу. Тухайлбал, харвахад гар урт байх ёстой гэх ч юм уу стандарт шаарддаг уу?
-Хүнд авьяас ганц хувь заяадаг, 99 хувь нь хөдөлмөр байдаг. Хүн бүрт нуугдмал авьяас бий. Авьяасаа хөгжүүлж, зөв хичээллэж чадвал амжилтад хүрнэ л дээ.
-Байт харваагаар хичээллэж эхэлсэн үеэс танд шантрах үе байв уу. Бие өвдөх ч юм уу, энэ үед?
-Шантрах үе байгаагүй. Байх ч үгүй. Ийм зүйлийг би бүрдүүлэх ч үгүй.
Яагаад вэ гэвэл, би АНУ-д тэмцээнд оролцоод настай тамирчинтай орчуулагчаараа дамжуулан ярилцаж суухад тэрбээр "Байт харваа гэдэг өттэй болсон хүн үхтлээ энэ өтөнд идэгддэг юм. Тийм болохоор ямар ч нөхцөлд шантарч, нумаа хурааж чаддаггүй юм аа" гэж ярьж байсан. Тэр үгээр л байх болов уу.
-Танай гэр бүлийнхэн спортын хүмүүс. Та нэг үе боксоор хичээллэж байсан. Харьцуулахад бокс, байт харваа хоёрын аль нь илүү эр зоригийн спорт юм бэ?
-Бокс бол хүнийг ямар хүн болох вэ, ямар амьдрах вэ гэдгийг төлөвшүүлдэг спорт. Хүн сэргэлэн, сэтгэж, чадаж байж сэргэлэн бодож байж өрсөлдөгчөө ялдаг. Түүний нэгэн адил байт харваа тухайн байдлын орчин, салхи, нарны тусгал, салхины хурд, агаарын температур зэргийг бүгдийг тооцож байж, харвадаг учраас оюунлаг тал руугаа гэж хэлж болох юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгч танд шагнал гардуулахдаа "Хөдөлмөрийн баатраа баатрын дайны амьдруулна аа" гэж хэлж байсан. Энэ үгийг та ямар утгаар ойлгосон бэ?
-Манайд олимпийн аваргууд төрлөө. Тэднийгээ бүгдээрээ хайрлаж, хүндэлж яваарай гэсэн үг юм болов уу л гэж ойлгосон доо.
-Та аавтайгаа тухтай уулзаж чадсан уу?
-Ер нь тухтай уулзаж бараг чадаагүй дээ. Аавтай уулзахад аав минь баярлаад маш их уйлсан. Та яагаад уйлаад байгаа юм бэ" гэж асуухад "Ийм л юм үзэх гээд аав нь үхэхгүй байсан юм байлгүй дээ" гэж хэлсэн. Хэлэх ч үг олдоогүй. Үнэхээр эцэг хүн гэдэг үр хүүхдийнхөө төлөө өтөлсөн ч гэсэн анхаарал тавьж явдаг юм байна лээ.
-Та аавдаа хамгийн сүүлд хэзээ алгадуулсанаа санадаг уу?
-Их ойрхон санагддаг юм аа. Би багадаа их сахилгагүй байлаа. Гэр орондоо туслахгүй, гадуур тэнэж явж ирээд дүүтэйгээ хоёулаа зодуулж байсан юм. Тэр үед манай аав их сайхан, залуухан байж… Хаалгаар гартлаа өшиглүүлж байсан юм шүү. Тэр дурсамж одоо хүртэл санаанаас гардаггүй шүү.
-Тэр үед хэдэн настай байсан бэ?
-Зургаа, долдугаар ангид л сурч байсан юм болов уу даа.
Зургаа, долдугаар анги хүртлээ аав, ээждээ зодуулаад явна гэдэг бас сайхан л даа. Манай аав улсын начин хүн. Эртний тэнхээтэй. Одоо ч шөрмөстэй байх шиг байгаа юм. 90 гарчихаад явж байгаа. Хоёр жилийн өмнө цөсний чулуугаа авхуулсан. Тэр үед хагалгаанд орчихоод 24 цагийн дараа бие засъя гээд босоод явж байсан.
Хагалгаа хийсэн эмч бидний найз л даа. Тэгээд "Бид энэ өвгөнийг мэс заслын ширээн дээр алдчих болов уу" гэж их айж хагалгаа хийсэн. Тэгтэл босоод явж байх юм. Амь бөхтэй хөгшин юм аа" гэж ярьж билээ. Тэгээд би миний аав ямар агуу тэнхээтэй хүн бэ гэж биширч байлаа.
-Өнөөдөр хүү тань өөдөөс чинь хараад сууж байна. Нөгөө талаас таны өрсөлдөгч. Хүү, өрсөлдөгч хоёрыг хайрлахын ухаан ямар байдаг вэ?
-Эцэг, хүүгийн хайр гэдэг гэр бүлийн харилцаан дээр байдаг байх. Түүнээс тамирчин хүн өрсөлдөөний талбарт эцэг нь ч байна уу, хүү нь ч байна уу. тэр бүгдийг тэвчиж, ялж л чадвал миний хүү тамирчин болно доо.
-Хэр сайн тамирчин болох бол?
-Өрсөлдөгчийн хувьд их мундаг болчихоод байгаа шүү. Энд тэнд явахад нь сэтгэл зүйн дайн хийх гэх мэтээр сорьдог л доо. Түүнийг давж гарч чадвал миний хүү тамирчин болж байна л гэсэн үг.
-Та дасгалжуулагчтайгаа ямар байдлаар харилцдаг вэ. Өрсөлдөгч байдлаар уу, эсвэл өөрөөр үү?
-Нэг хэсэг бид хоёр өрсөлдөгч явсан. Манай Ц.Бадамхатан ОХУ-д Биеийн тамирын дээд сургууль төгсөөд ирсэн, шаггүй тамирчин, маш сайн дасгалжуулагч. Бид хоёр нэг үе нэг багийн тамирчин байлаа. Дараа нь хүүтэйгээ гурвуулаа баг бүрдүүлээд улсын рекордыг их олон тогтоосон доо. Бие дааж ч өрсөлдсөн, өгөө аваатай л явлаа. Явцын дунд би Ц.Бадамхатандаа хэлээд хоёулаа багш, шавь хоёр болсон. Өдий хүртэл хамтдаа явж байна даа. Одоо бол дасгалжуулагчаа юу хэлэх гэж байгааг нь нүдний хөдөлгөөнөөр гадарлана шүү. Би дасгалжуулагчаа их хайрлаж явдаг юм аа.
-Таныг хурцалдаг зүйл юу вэ, дасгалжуулагчийн зүгээс. Таны хорыг малтах тусам хурцлагдах уу. Урам өгөхөд хүч нэмдэг үү?
-Ер нь би шартай хүн шүү дээ. Буриадууд шартай, зөрүүд улсууд байдаг юм. Анх намайг байт харваанд орход Монгол Улсын гавьяат дасгалжуулагч н. Жамьяансүрэн гэж хүн надаар хоёр, гурван сум харвуулж үзээд. Тэгэхэд би байгаа онож, "Буриад хүн болохоороо оночихлоо" гээд уулга алдсан чинь "Чам шиг хөлдүү буриад юм онодоггүй юм аа" гэж шар малтсанаас болоод би байт харваанд орсон хүн шүү дээ. Тэрэнтэй адилхан манай найз нар надад ойлгуулахдаа шар малтдаг. Тэгснийх нь дараа надад юу гээд хэлчих вэ гэж бодож, маргааш нь очоод найз нөхөдтэйгээ зөвлөдөг.
-Амьдрал дээр хор шар хэрэгтэй юм байна уу?
-Ер нь бол хүн хор шар, тэмүүлэлтэй байж, үр дүнд хүрнэ шүү. Хүн болгоны хэлснээр боол болоод явах юм бол юманд хүрэхгүй. Тийм болохоор хүн жаахан шартай, адтай л байх хэрэгтэй.
-Таны хүү хэр шартай вэ?
-Намайг дуурайсан шартай шүү. /Инээв/ Зөрүүдийн хүүхэд зөрүүд л байдаг юм байна.
-Хоёр зөрүүд яаж учраа олох вэ?
-Хэсэг хугацаанд хоёр тийшээ хараад суучихна. Дунд нь бас менежер хэрэгтэй. Ээж нь бид хоёрын дунд менежер болж зохицуулалт хийнэ л дээ.
-Төр Ц.Бадамхатан дасгалжуулагчийн хөдөлмөрийг үнэлсэнгүй гэж хүмүүс шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Дасгалжуулагчгүйгээр тэр тамирчин ямар ч амжилтанд хүрэхгүй. Сод, гоц авьяастай байсан ч… Хэзээ ч амжилтад хүрэхгүй. Сэтгэл дундуур байгаа. Бас нэг юманд би харамсч явдаг. Миний найз Л.Ундралбат саяхан гавьяат боллоо. Муулж хэлж, байгаа юм биш шүү ард түмэн зөвөөр ойлгоорой. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа жирийн нэг монгол бүсгүй байсан. Тэр бүсгүйд авьяас байж болно л доо. Тэр бүх авьяасыг тордож,үзүүрлэж, зоригжуулж, амжилтад хүргэсэн хүн Л.Ундралбат. Тамирчин нь гавьяат болчихоод байхад дасгалжуулагч нь гавьяат болоогүйд би маш их харамсч байсан. Манай Л.Ундралбат маш их хөдөлмөрч залуу. Оюутан байхдаа ч хөдөлмөрч байсан. Шинэ юм их гаргадаг.
Олимпт явахынхаа өмнө тэрбээр "Миний тамирчин алт уу, мөнгө үү медаль авна аа. Та нар хүлээж байгаарай" гэж хэлсэн. Би цочсон шүү тэр үед. Бусад тамирчдын дасгалжуулагч багш нар энэ тухай үг хэлээгүй байхад…
Дараахан нь Бээжинд очсон хойно уулзсан "Хийх зүйлээ бүгдийг хийсэн. Гагцхүү гай газар дороос гэгчээр техникийн саатал гарчихлаа" гэж байсан даа. Түүнээс биш анхны алтан медалийг авах байсан юм шүү дээ. Тийм болохоор би Л.Ундралбатаараа их бахархдаг юм.
-Тамирчинд аз дутах гэж байх юм аа тийм ээ?
-Байлгүй яах вэ. Тамирчин болгонд байдаг зүйл шүү дээ. Би Афины олимпод оччихоод шөвгийн наймд үлдэж байлаа. Маргааш нь очоод харвах болтол бейсполын талбайн дугуй хэсэг талбай таарчихаад өрсөлдөгч Хятадын тамирчин нөмөр газар, би болохоор хоёр талаасаа салхинд цохиулаад байдаг. Онооны хувьд харьцангуй өндөр. Бэлтгэл сургуулилтынхаа хувьд ч архаг. Үзээд байсан, үзээд байсан. Ердөө гурван оноо л авчих ёстой байсан. Орой нь уйлж байлаа. Гуравхан оноо авч чаддаггүй мастер байх даа яах вэ дээ гэж… Дасгалжуулагч маань сэтгэл засаад "Юм нэгээр дуусахгүй. Бээжингийн олимпоос л хоёулаа даагаа нэхнэ ээ " гэж хэлсэн юм даа. Нэхэж чадсандаа одоо ч нэг л итгэхгүй яваа шүү.
Танд амжилт хүсье
Ч.Чулуунцэцэг, Г.Нэргүй /2008.09.25/