Гэр хорооллын нөхцлийг сайжруулах 15 төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын нөхцлийг сайжруулах 15 төсөл хэрэгжинэ

Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотноо шилжин ирэгсэд гол төлөв гэр хорооллын шинэ бүс үүсгэн суурьшиж байгаа. Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэний зэрэгцээ энэхүү шинээр үүсч буй эмх замбараагүй гэр хорооллын шинэ бүсэд худаг, халуун ус, ахуйн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн үйлчилгээ дутмаг, иргэдийн эрүүл орчинд аж төрөх, сурч боловсрох асуудал хүнд байдаг. Харин энэхүү хүндрэлтэй байдлаас гарахад НҮБ-ын хот байгуулалт, орон сууцны асуудлыг хариуцсан агентлаг болох ХАБИТАТ-аас дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцлийг оршин суугчдын нь оролцоотойгоор сайжруулах” төслийг хэрэгжүүлж, эхлээд байгаа. Өнгөрсөн оноос эхэлсэн төслийн эхний ээлжинд нийслэлийн дөрвөн дүүргийн таван хэсгийн иргэдэд орчноо хэрхэн тохижуулах талаар сургалт зохион байгуулсан. Харин төслийн бүтээн байгуулалтын ажлаа удахгүй эхлэх гэж буйгаа ХАБИТАТ-ын техникийн асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Бижэй Кармачиря өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяртай уулзах үеэрээ илэрхийллээ. Төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн гэр хорооллуудад 15 төсөл хэрэгжүүлэх агаад иргэдийн өөрсдийн нь оролцоотойгоор гэр хорооллын 50 орчим мянган оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах ажээ.

Нийслэлийн зүгээс аливаа ажлыг хийхдээ иргэдийн оролцоог илүү түлхүү оруулж өөрсдийнх нь юу хийх гэж байгаа санал санаачлагыг харгалзан үзэж дэмжин ажиллах бодлого баримталдгийн хувьд энэхүү ажлыг бүрэн дэмжиж, нийслэлийн тэр дундаа гэр хорооллын хүн амын оршин суух нөхцөл бололцоог сайжруулахын төлөө анхаарал хандуулан ажиллаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн иргэдийн сайн сайхан амьдралд чиглэсэн энэхүү том төслийн талаар томоохон уулзалт зохион байгуулж, танилцуулга хийхийг хүссэн байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж