С.Эрдэнэ: Н.Алтанхуяг намайг зүхсэн

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Н.Алтанхуяг намайг зүхсэн

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ яг одоо Төрийн ордны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өчигдөр юунаас болж, завсарлага авсан талаар мэдээлэл өгч буй юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнөөг хүртэлх хугацаанд би асуудалд хүлээцтэй хандаж ирсэн, тэвчээр барагдлаа. Бүлгийн хуралдаанаар өчигдөр улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж байсан. Бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг би танилцуулсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Н.Батбаяр гишүүн хоёр маргасан. Энэ үед намын дарга Н.Алтанхуяг орж ирсэн. Тэгээд Н.Батбаяр гишүүн бид хоёр руу гар занган “Та муу хоёрыг гаргуулна шүү” гэж зүхсэн. Ингээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Н.Алтанхуяг ширээ цохисон, юм шидсэн, орилсон. Түүнээс би Н.Алтанхуягийг цохиж аваад, Ц.Нямдорж шиг боож унагасан юм болоогүй. Хэнийг ч би дээрэлхэж байсан удаагүй.  Өнгөрсөн хугацаанд намайг хэвлэлүүдээр байнга бусдыг дээрэлхдэг, юм болгон дээр овгор загнадаг юм шиг бичиж ирлээ. Би хэнд ч овгор загнаж ирээгүй. Ямар ч албан тушаалтанд айхгүй үгээ хэлж ирсэн. Түүнээс юм болгон дээр дарангуйлдаг нь би биш.

Тэгээд ч би өчигдөр УИХ-ын даргад хандаж албан бичиг өгсөн. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан дээр Н.Алтанхуяг дарга намайг “Чи Н.Энхбаяртай есөн удаа уулзсан. Түүнээс санхүүжилт авч, намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Тагнуулын ерөнхий газарт миний талын хүн байгаа шүү” гэж хэлсэн. Энэ асуудлыг би УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор шалгаж өгөхийг хүсч, УИХ-ын даргад хандсан” гэлээ.

Мөн тэрбээр “Өдөр алгасахгүй Н.Энхбаярыг газар доор ортол нь бичиж байна. Хэнийг яллах гээд байгаа юм. Н.Энхбаяр гэдэг хадны мангаа гаргаж ирээд, дургүй хүн болгоноо наагаад, жишээ нь намайг Н.Энхбаяртай есөн удаа уулзсан мэтээр ойлголт өгөөд, ардын дайсан болгож, яллах гэж байна” гэлээ.
 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж