
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооныхон энэ онд Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал бүрэн тогтворжсон хэмээн дүгнэж байгаа аж. Улмаар ирэх онд эдийн засаг эрчимтэй өсөх хандлагатай байна хэмээн өчигдөр болсон хурлын үеэр мэдээлсэн юм. Энэ жилийн хувьд инфляци төсөөлж байснаас нэмэгдэж, 11.3 хувьд хүрсэн. Үүний гол шалтгааныг он гарсаар олон тооны мал зудад хорогдож, махны үнэ нэмэгдсэн явдал хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Засгийн газраас энэ асуудалд анхаарлаа хандуулан авах арга хэмжээг хэлэлцээд махыг хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх, үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг онцолсон. Ингэснээр ирэх онд хүнсний үнийн өсөлтийг хазаарлах боломжтой болох гэнэ.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн бодит өсөлт ирэх онд 8.2 хувьд хүрнэ хэмээн ҮХШХ-ыхон таамагласан байна. Харин 2013 оноос уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн өсөлт 20.8 хувьд хүрнэ хэмээх тооцоог гаргаад байгаа юм байна. Мөн инфляцийн түвшин 2011-2013 онд жилд 8.7-9.7 хувь буюу нэг оронтой тоонд байна хэмээн төсөөлж байгаа ажээ. Ирэх онуудад уул уурхайн томоохон орд газруудыг эргэлтэд оруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах ажлууд чухал зорилт болгосон. Улмаар томоохон төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа. Ашигт малтмалын ордуудын түүхий эдийг эх орондоо боловсруулан экспортод гаргахын тулд “Сайншанд” хүнд аж үйлдвэрийн цогцолбор барихаар шийдвэрлэсэн. Уг цогцолбор ашиглалтад орсноор манай улсад уул уурхайн салбараас олох орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Одоогийн байдлаар “Сайншанд” цогцолборыг байгуулах ажил цаасан дээр, судалгааны шатандаа явж буй. ҮХШХ-ны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Ганбаатар “Цогцолборыг байгуулахад олон төрлийн судалгаа хэрэгтэй. Одоогийн байдлаар уг төсөлд хамтарч ажиллах гадаадын хоёр төрлийн зөвлөхийг сонгон шалгаруулах ажлыг хийж байгаа. Ингэснээр олон улсын туршлагаас судлах, зөвлөгөө авах боломжтой болно” гэлээ.
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Г.Батхүрэлээс зарим асуултад хариулт авлаа.
-Ирэх жилд эдийн засгийн үзүүлэлт сайжирна хэмээн төсөөлж байгаа юм байна. Та бүхний төсөөлсөн үзүүлэлт биелэх магадлал хэдэн хувьтай байна вэ?
-Төсөөлж байгаа тоон үзүүлэлтүүд биелэх магадлал өндөр байгаа. Гэхдээ зарим хүчин зүйлээс болж инфляци нэмэгдэх эрсдэл гарч болно. Жишээ нь, ирэх онд “Хүний хөгжил сан”-аас иргэн бүрт бэлэн мөнгө олгоно.
-Монголбанкнаас ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан “Энэ төсвийг баталбал ирэх онд инфляци 20 хувьд хүрнэ” хэмээн мэдээлсэн?
-Монголбанк мөнгөний нийлүүлэлт ихсэнэ хэмээн үзсэний үндсэн дээр тэгж дүгнэсэн байх. Ирэх онуудад аж үйлдвэрийн салбарт өсөлт гарна. Засгийн газраас үнийг тогтвортой байлгахад анхаарч байгаа. Тиймээс инфляци нэг оронтой тоонд байх магадлал өндөр.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөний биелэлт сайн байгаа хэмээн мэдээлж байгаа. Хууль, эрх зүйн хүрээнд зарим шинэчлэлийг хийсний зэрэгцээ бизнес эрхлэхэд тулгардаг шат дамжлагыг цөөлөх тал дээр арга хэмжээ авсан. Төлөвлөгөөний биелэлт сайн байгаа гэж хурлын үеэр хэлсэн юм. Харин хувийн хэвшлийнхэн, ажил олгогчдын зүгээс төлөвлөгөөний биелэлт муу байгаа хэмээж байгаа билээ.
Б.Арвинбаяр: ТӨРИЙН ХИЙЖ БАЙСАН 15 ЧИГ ҮҮРГИЙГ ХУВИЙН ХЭВШИЛД ШИЛЖҮҮЛСЭН
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хувийн хэвшил, инновацийн бодлогын хэлтсийн дарга Б.Арвинбаяраас энэ талаар тодрууллаа.
-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас төр, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллана гэдэг асуудал цаасан дээр л хэрэгжиж байна гэж байна лээ?
-Засгийн газраас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөг боловсруулахдаа хувийн хэвшил, ажил олгогчдын саналыг сонссон. МҮХАҮТ-ынхан МХЕГ, Татварын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудаар орж шинэтгэлийн жилийн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлсэн талаар нь танилцаж болно. Төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж байгаа. Шинэтгэлийн жилийн хүрээнд хийх зүйлс бол ганцхан жилийн дотор өрнүүлэх кампанит ажил биш. Ирэх онуудад үргэлжилнэ.
-Яг юун дээр хамтарч ажиллаж байгаа юм бэ?
-Төрийн байгууллагын хэрэгжүүлдэг 15 чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлсэн байна. Ер нь төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ “Үүнийг та нар хий” гээд л болчихдог юм биш. Судалгаа, шинжилгээ, төлөвлөгөө хэрэгтэй.
Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин
Зочин 2010-11-23 119.119.234.152
ene ingehed yu hiideg gazar yum ve yarij baigaag ni tui chirt