
Хотын төв замуудаар бага оврын автобус явахыг хориглож, зөвхөн их багтаамжийн автобусаар нийтэд үйлчлэх болсоор удаж байна. Энэ хугацаанд их багтаамжийн автобусны хүрэлцээ муу байгаа талаар иргэд гомдоллох нь нэмэгдсэн. Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн газраас зорчигчдын хүсэлтийг харгалзан өнөөдрөөс эхлэн М:13 буюу “Шархад-3,4-р хороолол”-ын чиглэлд үйлчилдэг автобусны тоог нэмэхээр болжээ. Ингэснээр Шархадны чиглэлд ажлын өдрүүдэд 16, амралтын өдрүүдэд 14 автобус явах юм байна. Тус чиглэлд “Автобус-1” компани үйлчилдэг ажээ.
Мөн иргэдийн санал хүсэлтийг судалж үзээд “Автобус-3” компанийн үйлчилдэг М:20 буюу “Бэлх-Дарь эх-Вокзал” чиглэлийн автобуснуудыг өглөө хамгийн эрт эцсийн буудлаас зорчигчоо авдаг болгоод байгаа гэнэ. Ажлын өдрүүдэд Бэлхийн автобус 6 цаг 34 минутаас, дараагийнх нь 6 цаг 38 минутаас зорчигчоо авч хот руу хөдөлж байгаа гэнэ. Бэлхээс Вокзал руу 16 автобус хоорондоо 4-5 минутын зайтай, Бэлхээс Мишээл экспо руу 14 автобус долоон минутын зайтай явдаг юм байна.
Д.Цээнэ