100 жилийн дараах 11-р сарын 18

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

100 жилийн дараах 11-р сарын 18

Тиймээ, 100 жилийн давтамжтай 11-р сарын 18. Одоогоос 100 жилийн өмнө олноо өргөгдсөний 1912 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Богд хааны гарын үсэгтэй нэгэн бичиг  их Наран улсын чиглэн замдаа гарсан ч  ороо бусгаа цагийн эрхээр  Шанхайд очоод гацчихжээ. Хэдийгээр 200 гаруй жил ноёрхсон Манжийн дарангуйллаас  Монгол Улс салж  тусгаар тогтнолоо зарласан ч Хятадын  хараа хяналтан дор  байсан 100 жилийн өмнөх тэр өдөр.  Монгол Улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж найрсаг харилцаа тогтоохоор Богд хаан мутраа хайрлаж тэр бичгийг Япон улсад илгээсэн нь  гайхалтай. Гайхалтай төдийгүй энэ бол түүхэн үнэн. Тухайн үед  хүрэх газартаа очиж амжаагүй  төрийн бичгийг   100 жилийн дараа XXI зуунд  тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн  ардчилсан Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы парламентад авч очлоо.  Гэхдээ бүр 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын төсвөө халуухан хэлэлцэж байсан Японы парламентыг завсарлага авахуулан байж  хурлын дарга Нишиока Такэод гүн хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө. 2005 оноос хойш гадны ямар ч хүнээр үг хэлүүлээгүй Японы парламент  дээд доод танхимтайгаа  Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийн үгийг алга ташин сонслоо. Энэ ертөнц дээр нэгэн нарны дор   адилхан тамгатай төрдөг, тэнгэрт  тэтгэгдсэн харилцаатай байдаг хоёр ард түмний нэгнийх нь Ерөнхийлөгч  Японы парламентын танхимд ард түмэнд нь хандаж хэлсэн үг улстөрчидийнх нь  сэтгэлийг нэлээд хөдөлгөсөн. Японы NHK телевиз  шууд тусгай нэвтрүүлэг хийж цацсан.  Мөн айлчлалын жолоо хумих өдөр  сэтгүүлчидтэй хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ч энэ үг үнэ цэнээ алдаагүй байсан мэдрэгдсэн.  

Ноён Ерөнхийлөгчийн үгийг   парламентын гишүүд  нь дуу алдан, үе үе алга нижигнүүлэн сонссон нь урьдаас тааварлаагүй гэнэтийн бэлэг байлаа. Тухайн өдөр тэд улсын төсвөө хэлэлцэж ширүүхэн маргаан өрнүүлж  байсан бөгөөд Засгийн газрын хоёр ч сайдыг огцруулахаар  улайрч байсан гээд улс төрийн хувьд халуухан парламент манай Ерөнхийлөгчийг хүлээж авсан.

Гэвч парламентад ноёлж байсан хатуу уур амьсгалыг эрс өөрчилж халуун дулаан, найрсаг  орчинг бий болгож чадсан нь улсаа төлөөлж очсон Ерөнхийлөгчийн чадвар бас нэр хүнд  байлаа. Мөн 40 жилийн дипломат харилцааны түүхтэй   Монгол, Японы хувьд Монголоос  анхны ардчилсан Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байгаа нь ч тэднийг хөл алдахад хүргэсэн ч биз.   Үүнээс өмнө 1991 онд  манай анхны Ерөнхийлөгч  П.Очирбат  одоогийн цог жавхлант эзэн хаан Акихитог хаан ширээнд залах ёслолд оролцсоныг төрийн айлчлалд тооцдог. Түүнээс хойш Монголын ардчиллын 20 жилийн түүхэнд манай орны төр засгийн удирдлагуудаас төрийн айлчлал хийсэн удаа байхгүй. Энэ онд монголчууд  ардчиллын 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаатай давхцан   бүх ард түмний сонголтоор анхны Ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон, мөн   Японы урилгаар тус улсад анхны төрийн айлчлал хийж байгаа зэрэг нь тухайн айлчлалын нэр хүндийг өргөж өгсөн юм. Бас Азийн орнуудаас анхны стратегийн түншлэл байгуулах хамтарсан мэдэгдэлд    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Наото Кан нар  гарын үсэг зурсан нь дэлхийн хэмжээнд Монголын нэр төрийг өргөх алхам болсон гэдгийг онцлох хэрэгтэй.  Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн төрийн айлчлалыг гурван бүлэгт хувааж үзэж болох юм. Нэгдүгээрт, Японы парламентад  хэлсэн үг болон дээд, доод танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан уулзалт, хоёрдугаарт, Японы цог жавхлант эзэн хаан Акихито, эрхэм дээд хатан Мичико нарт бараалхаж хамтдаа зоог барьсан, гуравдугаарт, айлчлалын оргил хэсэг буюу Японы Ерөнхий сайд Наото Кантай уулзаж хэлэлцээр хийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан явдал байлаа.  Тиймээс энэ удаа зөвхөн парламент дээр хэлсэн үг дээр нь  тогтож  бичсэн нь зөв байх.  Ерөнхийлөгчийн  үгийн  “Сүүлийн 20 жилд Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлсэн бүх орон, олон улсын байгууллагынхаас Япон Улсын тусламж дэмжлэг бүх үзүүлэлтээрээ илүү гардгийг та бид сайн мэднэ. Харин Японы ард түмэн, Засгийн газраас Монгол Улсад өгч ирсэн, өгч байгаа тусламж дэмжлэгт өөр нэг чухал онцлог байдаг юм. Энэ бол манайхны хэлдгээр Япон Улсын тусламж дэмжлэг “нүдээ олдогт” оршдог. Монгол орон зуухандаа галгүй болох аюул тулгарсан үеүдэд Япончууд нүүрсний уурхай, дулааны болон цахилгаан станцад нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хийдэг. Монголд нийтийн тээвэр зогсож, төв суурин газрын хүмүүс хөл дүүжлэх унаагүй болох үед Японы Засгийн газар унаагаар хангадаг. Хот суурин руу чиглэсэн нүүдэл суудлаас шалтгаалаад Монголын олон арван мянган хүүхэд цэцэрлэг, сургуулиар дутагдахад Япон Улс тусалж дэмжиж олон цэцэрлэг, сургуулийг өөрийн татвар төлөгчдийн хөрөнгөөр засч, барьж өгсөн. Бас барьж байна. Эмнэлгийн түргэн тусламжийн машинууд хуучирахад, манай гал командын машинууд зогсоход, нэн шаардлагатай эм тариа дутагдахад Японоос тэдгээрийг цаг тухайд нь олж ирүүлдэг. Зуд, гамшиг тохиоход бид хамгийн түрүүнд Япон Улсад ханддаг.

Ийм жишээг Монгол, Японы харилцаанд олон салбарт олон арваар нь дурьдаж болно. Ийм тусламж дэмжлэгийг зөв бодлого, нүдээ олсон тусламж дэмжлэг гэхгүй юм бол өөр юуг тэгж нэрлэх юм бэ. Үүнийг товчоор монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярилцдаг. Энэ бол яах аргагүй үнэн гэсэн  энэ хэсэг япончуудад ихэд таалагдсан. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн энэ үг шиг “Бусдын тусыг мартаж болохгүй эргэн санаж” байгаа энэ үг  тэдний сэтгэлийг нэлээд хөдөлгөөд авсан. Бас “ Монгол, Японы харилцаа өнөө үед чанарын шинэ түвшинд гарч байна. Тийм боломжууд ч нээгдэж байна. Энэ нь Монгол Улс Япон Улстай олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэж байгаад оршино. Монгол оронд байгалийн баялаг байна. Япон Улсад өндөр технологи байна гэж бид олон жил ярьсан. Одоо энэ байгаа хоёр боломжийг харилцан ашигтай ашиглах цаг ирлээ. Монгол дахь Японы хөрөнгө оруулалтын хэмжээ, хоёр орны худалдааны үзүүлэлт тийм  ч өндөр биш байна. Харин эдгээрийг эрс нэмэгдүүлэх “цагийн сэрүүлэг” дуугарч эхэллээ. Монгол Улсад хөрөнгө оруулах, Монголтой худалдаа хийх, харилцан ашигтай ажиллахыг сонирхож байгаа Японы ажил хэрэгч хүмүүст хандаж би “Цаг боллоо, сэрцгээ” гэж хэлэхийг хүсч байна.

Нэгэн үе төдийлөн танил бус зах зээл, улс орон руу “Орох нь эхлээд орог, харж байж болъё” гэдэг арга зөв байсан байх. Одоо бол Япон Монголын харилцаанд энэ арга тохирохгүй. Одоо Монгол руу яардаг цаг. Нэг үе хууль дүрэм нь хуучин юм, дэд бүтэц нь сул, бодлого нь ойлгомжгүй байна гэж буурай, шинээр нээгдэж байгаа орныг хардаг хандлага байсан. Одоо бол тэнд сайжруулах хэрэгтэйг нь хамтарч сайжруулж, хийх шаардлагатайг нь хамтарч хийж, харилцан ашиг бүтээдэг шинэ цаг ирж байна.” гэсэн энэ үгийг Ерөнхийлөгч бараг бүх уулзалтдаа онцолж байсан.   Ялангуяа “Нэгэн үе төдийлөн танил бус зах зээл, улс орон руу “орох нь эхлээд орог, харж байж болъё” гэдэг арга зөв байсан байх. Одоо бол Япон Монголын харилцаанд энэ арга тохирохгүй. Одоо Монгол руу яардаг цаг. “ гэж тэр гоё бөгөөд үнэн хэлсэн. Байнга шахам тусламж гуйж,  тэтгүүлж өргүүлж явсан өнөө муу Монголыг нь дэлхий  хэдийнэ өөр нүдээр хараад  эхэлсэн. Одоо байнга юм гуйдаг  биш харин  энэ тэнцүү түнш байх хэмжээнд санал тавьж байна,  яараарай, тэгэхгүй бол оройтлоо шүү  гэж  тун эелдэгхэнээр тэр сануулсан, япончуудад.  Бурханаас Монголд заяасан байгалийн баялгийн хувьд Монголоос өөр хэн ч давуу эрх эдлэхгүй бүгд хуулийн дагуу тэгш эрхтэйгээр оролцох ёстойг ч нөхөрсгөөр анхааруулсан. Монгол, Японы харилцаа бол манай улсын хувьд асар их ач холбогдолтой гэдгээ байнга илэрхийлсээр байсан.  Хоёр орон улс төрийн харилцааны хувьд нягт ажилладаг ч  эдийн засаг, хөрөнгө оруулалтын  хувьд учир дутагдалтай байгааг аль аль талаасаа анхаарч засч залруулах шаардлагатай байгааг ч тодотгосон.  Орос, Хятад хоёр бол тэртээ тэргүй мөнхийн хөрш хойно манай улстай харилцан ашигтай ажиллахаас өөр гарцгүй. Харин Япон бол өөр. Тэд манай гуравдагч хөрш байж чадна. Манай улсын  төрийн бодлого ч гуравдагч хөршийн орон зайг илүүтэй эрэлхийлж байгаа энэ цаг үед 40 жилийн түүхэн харилцаатай, өнгөрсөн 20 жилийн туршид манай улсад үзүүлсэн тусламж тэтгэлгээрээ  тэргүүлж буй Япон улсад “ногоон карт” авах эрх ойрхон байж мэднэ. Ерөнхийлөгчийн айлчлалын туршид хэлж байсан үг, бодлого энэ цэгт төвлөрсөн. Үүний хамгийн том тэсрэлт нь Японы парламентад хэлсэн үг байлаа. Үнэхээр 100 жилийн дараах  11-р сарын 18 бол ер бусын байсаан.

Үргэлжлэл бий

Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж