Х.Болдбаатар: Цагаанбаатар биднийг шоконд оруулсан

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Х.Болдбаатар: Цагаанбаатар биднийг шоконд оруулсан

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатартай ярилцлаа.

-Гавьяат дасгалжуулагч цол хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Та гавьяат тамирчин цолтой байж байгаад гавьяат дасгал­жуу­лагч боллоо. Өмнө нь тань шиг гавьяат тамирчин, дасгалжуулагч төрж байсангүй. Н.Түвшинбаярыг олимпийн аварга болгосныхоо дараа төр засгаас ийм цол авна гэж бодож байв уу?

-Үнэндээ бодож байсангүй ээ. Анх­ны гавьяат тамирчин, дасгалжуу­лагч болсондоо үнэхээр баяртай бай­на. Гэхдээ би ийм цол авсандаа баяр­лаж онгирсонгүй. Гавьяат тамирчин цолыг намайг барилдаж байхад, гар­га­сан амжилтыг л үнэлж өгсөн. Харин гавьяат дасгалжуулагч цолыг дэл­хийн хэмжээний тамирчин бэлдэж, ам­жилт гаргуулсныг минь үнэлж өг­лөө. Хоёр өөр утгатай цол шүү дээ. Миний араас ийм цолтон олон төрөх байх гэж бодож байна. Сайн тамирчин байгаад сайн дасгалжуулагч болсон хүн Монголд олон байгаа.

-Дасгалжуулагч болоод хэдэн жил болж байна вэ. Хэд дэх жил­дээ дасгалжуулагч хийж байж энэ цолыг авав?

-1999 онд анх “Аварга” биеийн та­мирын дээд сургуульд тамирчин дас­галжуулагчаар орж байлаа. Түүнээс хойш хоёр жил барилдаад зодог тайл­сан. Харин шигшээ баг дээр 2005 оноос хойш ажиллаж байна. Үндсэн­дээ есөн жил дасгалжуулагч хийжээ.

-Та Японд жүдогийн дасгал­жуу­лагчийн сургууль төгссөн ганц мэр­гэжилтэн байх аа?

-Яг сургууль бас биш юмаа. Курс юм. Үндсэндээ найман сар л Японд мэргэжил дээшлүүлсэн. Гэхдээ миний төгссөн курс Япон төдийгүй дэлхийд алдартай.

-Мэдээж энэ курс, сургуулиасаа дасгалжуулагчийн эрдэмд багагүй суралцсан байх?

-Мэдээж тэндээс дасгалжуулаг­чийн онолын талын мэдлэг суралгүй яа­хав. Гэхдээ дасгалжуулагч боло­ход хамгийн их тус болсон гол их сур­гууль минь өөрийн бэлтгэл сур­гуулилт байсан болов уу гэж би бод­дог. Ид барилдаж байхдаа олон оронд очиж бэлтгэл сургуулилт хийдэг бай­лаа. Японд олон очсон. Нэг очихдоо дор хаяж гурван сараар бэлт­гэл хийнэ. Европод ч бас олон сар бэлтгэл хийдэг байв. Энэ бүхэн одоо надад тамирчин бэлтгэхэд их тус болж байна.

-Таны гол өрсөлдөгч Кензо Накамураг бас дасгалжуулагч бол­сон гэж сонссон. Түүнтэй одоо холбоотой байгаа юу?

-Миний үеийн жүдочдын олонхи нь дасгалжуулагч болсон байна лээ. На­камура гэхэд л Японы залуучуу­дын шигшээ багийн дасгалжуулагч бол­сон байх жишээтэй. Бас Европын хэ­дээс шигшээ багаа авч ирсэн нь ч бий.

-Бээжинд үү?

-Тийм.

-Олимпийн үеэр тамирчдаа та дэвжээн дээр авч гарч байсан. Н.Түвшинбаярыг ч та дэвжээн дээр авч гарсан. Олимпийн аварга тө­рүүл­сэн юм чинь тэр хэдтэйгээ маадгар уулзаж байсан биз?

-Үгүй яах вэ. Нэгэн үе өрсөлдөгч байсан андуудтайгаа аварга төрүүл­чихээд уулзахад сайхан л юм билээ. Тааралдсан болгон баяр хүргээд л.

-Бээжингийн олимпод явахын өмнө монголчууд их шуугисан. Мон­голын тамирчдаас аварга тө­рөх ёстой. Цаг агаар нь бараг ижил, цагийн зөрүү байхгүй гээд л. Дээр нь том зорилт тавьж явсан. Энэ үед ямар сэт­гэгдэл төрж байв. Мэдээж энэ нь том дарамт болж байсан биз?

-Монголд ойр болж байгаа. Цаг агаар, цагийн зөрүү байхгүй гээд ашиг­тай тал байсан. Гэхдээ ингэж ярих тусам бидэнд дарамт маш их ирж байлаа. Бараг л нутагтаа болж байгаа юм чинь амжилт гаргахгүй бол Монголын тамирчид дахин олимпод ороод хэрэггүй гэх ухааны юм ярьж байсан. Дасгалжуулагч нарт энэ да­рамт нөлөөлж байхад тамирчид дээр яаж туссаныг хэлэх илүүц биз. Сүүл­дээ бид телевиз радио үзэж, со­нин хэв­лэл уншихаас айдаг байлаа. Та­мирч­дадаа ч хэвлэлээс хол бай­хыг зөвлөж байв. Ингэж чадсаны хү­чинд л бид амжилт гаргаж ирлээ шүү дээ.

-Олимпод явахын өмнө жүдо­гийнхны бэлтгэл хэр хангагдсан байсан бэ?

-Манай багийнхны хувьд бэлтгэл ерөнхийдөө сайн байсан. Харин ганц асуудал нь Х.Цагаанбаатарын бэртэл байлаа. Явахаас хориод хоногийн өмнө Цагаанбаатарын бэлтгэл үнд­сэндээ бүрэн ханасан. Гэтэл гай болж бэртэл авчихсан. Биднийг шоконд оруулсан даа.

-Х.Цагаанбаатарын бэртэлийг янз бүрээр л ярьж байсан. Яг ямар бэртэл авсан юм бэ?

-Арваннэгдүгээр хавирганы үзүү­рийн мөгөөрөс нь хугарсан. Бэлтгэл дээр даралтаас гарах гэж биеэ хүчлэн муш­гиснаас болж тийм гэм­тэл авсан юм.

-Хэт их хүчлэснээс болж тийм гэм­тэл авчихсан юм уу. Эсвэл өөр шалтгаан нөлөөлсөн үү. Спортын эмч нар үүнийг олон янзаар тайл­барласан байсан?

-Минийхээр яг ийм юм. Олон хоног жин хассанаас болж бие ор­ганизм нь уураг тэжээлийн дутагдалд орж бодисын солилцоо идэвхгүй бол­сон. Үүний улмаас ясны үенд өөрч­лөлт гараад гэмтчих шиг болсон. Түү­нээс биш, бэлтгэл нь тийм сайн бай­сан тамирчин амархан гэмтэл авах учиргүй.

-Хоёр хавирга нь хугарсан гээд байсан?

-Тийм юм болоогүй ээ. Арваннэг­дү­гээр хавирганы мөгөөрсний ху­гаралт.

-Энэ хүнд гэмтэл үү?

-Тэгэлгүй яахав. Хавирганы бэр­тэл гэдэг хорон эд дээ. Би өөрөө та­мирчин байхдаа хавиргаа гэмтээж бай­сан болохоор ямар хэцүүг нь мэднэ.

-Тэгвэл хүнд гэмтсэнийг нь мэдсээр байж яах гэж олимпод барилдуулсан юм бэ?

-Бид шоконд орох шахсан гэж тү­рүүн хэлсэн. Х.Цагаанбаатарыг бэр­тэл авлаа гээд доогуур дээгүүр их гүйсэн. Ингэж явсаар нэг гарц олсон юм.

-Ямар?

-Манай жүдо бөхийн холбооны техник хариуцсан захирал Б.Пагва “Сонгодо” эмнэлгийн захирлыг сайн таньдаг юм билээ. Тэр хүн нь 1988 оны Сөүлийн олимпод Солонгосын баг дээр ажиллаж байсан турш­лага­тай нэгэн байв. Түүнээс зөвлөгөө ава­хад надад үенд хийдэг маш хүчтэй тариа бий хэрэглэх эсэхээ өөрсдөө шийд гэв. Ингээд бид тариаг авахаар болсон. Тэр эмч тариагаа өгөхдөө барилдахаас нь тав хоногийн өмнө хийгээрэй гэж захисан. Тийм том доктор профессор хүн хэлсэн боло­хоор бид зөвлөгөөг нь дагаж өнөөх тариаг нь хийхээр боллоо. Ингээд олимпод явахаас дөрөв хоногийн өмнө өнөөх тариаг нь хийлээ дээ. Яагаад олимпод явахаас дөрөв хоногийн өмнө хийсэн гэхээр Х.Цагаанбаатар нээлтийн мар­гааш дэвжээнд гарах байсан. Тариагаа ч хийлээ. Гэсэн тариа айхтар нө­лөөл­сөн. Бараг л үхэх сэхэх дээ­рээ тул­сан. Бид ч их сан­дарсан. Яав ийв, болохгүй бүтэхгүй юм тариад та­мирчнаа алчихлаа даа гэж санаа зовсон. Х.Цагаан­баатар гурав хоног бараг ухаан мэдрэлгүй байж маш их реакци өгсний эцэст тэмцээнд ява­хын өмнөх өдөр гайгүй болсон. Тэр их реакцийг давж Х.Ца­гаанбаатар босч ирсэн. Үнэхээр гайхалтай өөртэйгөө тэмцэж чаддаг агуу тамирчин гэдгийг тэндээс мэдэж авсан даа. Ингээд л олимпод явсан.

-Нээлтийн маргааш Х.Цагаан­баа­тар Монголын тамирчдын салхийг хагалан барилдсан. Тухайн үед ард түмэн түүнийг бэртэлтэй байс­ныг мэдээгүй. Түүнийг ялагдсаны дараа их бухимдах шиг болсон. Дараа нь Д.Нямхүү хүрэл меда­лийн төлөө барилдаад хоосон хоцорсон. Ин­гээд сүүлчийн найд­вар болсон Н.Түвшинбаяр үлдсэн. Хэрвээ тэр хоосон хоцорвол жү­дочид хэ­цүүхэн байдалд орохоор байлаа. Тэр үед сэтгэлзүй ямар байв?

-Нуулгүй хэлэхэд Х.Цагаанбаа­тарын бэртлээс эхлээд бид хүнд байдалд орж эхэлсэн. Д.Нямхүү хүрлийн төлөө барилдаад ялагддаг орой холбооны ерөнхийлөгч Х.Бат­тулга бид хэд шөнийн 02 цаг хүртэл ярьж суусан. Одоо яах вэ. Хоосон хоцорлоо гээд л. Маргааш нь бидэнд алдах эрх байгаагүй. Бүх л зүйлийг зөв дүгнэж яс хийх хэрэгтэй болов. Манай холбооныхон олимпод ява­хынхаа өмнө ганц хүн дээр тогтож ажиллаагүй. Массыг хамарч анхаа­рал тавьж байсан. Ингэж байж л бид амжилтад хүрсэн гэж боддог. Ингээд манай сүүлийн найдлага дэвжээн дээр гарах болоход бид яг л урьдынх шигээ бултаараа хэ­лэлц­сэн. Ядаж байхад Н.Түвшинбаярын эхний учраа дэлхийн хэмжээний бөх байсан учир тэгж хэлэлцэхээс аргагүй байлаа.

 -Сузукитэй барилдахын өмнө та юу гэж захиж дэвжээн дээр гаргасан бэ. Н.Түвшинбаярыг тэр агуу тамирчныг ялна гэдэгт та дотроо итгэлтэй байсан уу?

-Нуулгүй хэлэхэд айж л байлаа. Гэхдээ би түүнийг дэвжээн дээр га­рахынх нь өмнө Сузукигийн барьцыг нь яасан ч өгч болохгүй шүү л гэж хэл­сэн. Сузуки зүүн өрж зогсдог ба­руун энгэр, зүүн ханцуйн барьц авдаг. Зүүн гараараа баруун энгэ­рийн барьц авчихвал ямар ч хүнээс оноо салгаж чаддаг бөх л дөө. Ихэнх­дээ өрсөл­дөгчөө цэвэр ялчихна. Ингээд Н.Түв­шинбаяр дэвжээнд гарлаа. Миний захисныг сайн биелүүлсэн. Барьцыг өгөхгүй байж байгаад ямар сайхан мэх хийж, яаж ялсныг нь хүмүүс үзсэн дээ.

 -Н.Түвшинбаярын аль өрсөл­дөг­чөөс нь та илүү айж байсан бэ?

-Касимовоос л айж байлаа. Яа­гаад гэхээр урьд нь Н.Түвшинбаярыг хэд хэд ялчихсан бөх. Гэтэл аз болоход Касимов Германы бөхөд эхний тойрогтоо ялагдчихсан.

-Аваргын төлөөх барилдааны өмнө Н.Түвшинбаярыг унтаад өгсөн гэсэн?

-Хэсгийн аваргын төлөөх ба­рилдаанаа дуусангуут нь бид хэнийг ч ойртуулахгүйгээр нэг өрөөнд оруу­лаад түгжчихсэн. Ер нь тэгээд тамирчин хүн сайн амарч байх ёстой байдаг.

-Тэгвэл аваргын төлөөх ба­рилдаанаа хийхийнх нь өмнө юу гэж захиж дэвжээнд гаргасан бэ?

-Яаж барилдах ёстойг нь л хэл­сэн. Түүнээс биш чи илүү, зоригтой байгаарай, энэ тэр гэж хэлээгүй. Ийм үг сэтгэл санааг нь тогтворгүй болгох муу талтай. Тэгэхээр тэгж барил­даарай л гэсэн. Яг л хэлснээр барилдсан, ялсан, аварга болсон.

-Казакстаны бөхийг ялчихаад босч ирэхдээ Н.Түвшинбаяр шо­конд орчихсон юм шиг харагдсан. Дэвжээнээс үсэрч бууж ирснээ таныг тэврээд авахад уйлаад эхэлсэн?

-Шоконд орох биш ээ. Түвшээ эхний барилдаанаас авахуулаад тайван байж чадсан. Алтан медаль автлаа тэр байдлаа хадгалж чадсан. Нэг ч алдаа гаргаагүй. Ялсныхаа ч дараа тайван байж чадсан шүү дээ. Үүнийхээ хүчээр тэр аварга болсон доо. Магадгүй тэр тийм тайван байж чадаагүй бол цаг дуусах мөчид алдаа гаргаад алтан медалиа тавиад туучих байсан ч юм бил үү, хэн мэдлээ.

-Н.Түвшинбаярыг дэвжээнд га­рахаас нь өмнө ам руу нь нэг юм хийж өгөөд байсан гэсэн. Өнөөх Чехийн витамин байсан уу, тэр?

-Тийм. Зөвхөн Чех, Словакийн тамирчдын бэлдмэл л дээ. Олон улсад зөвшөөрөгдсөн эд. Ачаалал авахаас арван минутын өмнө уулгах заавартай юм. Түүнээс биш, Азер­байжан, Казахуудын яриад байгаа допинг биш шүү дээ.

-Н.Түвшинбаяр хэзээ хамгийн сүүлд допингийн шинжилгээ өгсөн бэ?

-Барилдаанаа дуусаад.

-Олимпод явахаас нь хоёр хоногийн өмнө Н.Түвшинбаяртай уулзахад баруун хөл до-тогшоо нугарчих гээд байгаа. Тэр бэртэл гайгүй бол хичнээнэ ээ гэж байсан. Хэдийд авсан бэртэл юм бэ?

-Хоёр жилийн өмнө авсан хуучны бэртэл байгаа юм. Зөөлөн эдийн холбоос нь гэмтчихсэн. Удахгүй эмчилгээнд явах байх аа. Өвдгөнд нь хагалгаа хийх хэрэгтэй гэж Тайванийн эмч нар хэлсэн.

-Аваргыг медалийн тавцангаас буугаад ирэхэд л Испанийн баг хоёр сая ам.доллар амлаад ир­гэнээ болгоё гэсэн санал тавьсан гэж сонссон?

-Тэр дээгүүр л яригдсан юм шиг байна лээ.

 -Та анхны олимпийн цикльдээ ажиллаад аварга төрүүллээ. Аваргыг төрүүлсэн багшийг хэр­хэн харж үзэж байна вэ?

-Хүмүүс намайг л аварга тө­рүүл­лээ гээд байх юм. Тэгэхэд өнөөдөр шигшээ баг дээр таван багш ажиллаж байна шүү дээ. Энэ бол хамтын бүтээл. Би ганцаараа төрүүлчихсэн юм биш. “Аварга”-д анх над дээр ирсэн нь үнэн. Гэхдээ яг олимпод явахад нь таван багш бэлдлээ. Надтай адил хоёр гавьяат бий, тэнд. Дээр нь Ч.Насантогтох багш биднийг зангидан ажиллаж байна.

-Гэхдээ л та анхны багш нь. Бас хамаг л эрдмээ зааж өгсөн. Дэвжээнд хүртэл авч гарч байсан шүү дээ?

-Тэр яахав дээ.

 -Тэгвэл аварга төрүүлсэн таван багшийн амьдрал сайжрав уу?

-Яваандаа болох биз. Энэ талаар яримааргүй байна. Ер нь бол мөрөөдөл минь биелсэн шүү дээ. Би барилдаж байхдаа олимпоос медаль авч чадаагүй. Гэтэл миний мөрөөд­лийг шавь минь биелүүлсэнд би баяртай байгаа.

2008 оны 9 сарын 12

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж