Португалид юу болоод өнгөрөв өө

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Португалид юу болоод өнгөрөв өө

Лиссабоны уулзалт гэхээр хоёр ч зүйл хамгийн анхаарал татах асуудал болж харагдаж байна. Нэгдүгээрт, мэдээж НАТО гэдэг байгууллага цаашдаа ямар зорилго барих тухай асуудал юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Орос улс энэ уулзалтад ирсэн явдал. Учир нь НАТО бол хүйтэн дайны үед Зөвлөлтийн “колонийн” эсрэг зогсож байсан цэргийн хүчин харин ОХУ бол түүнийг сөргөлдөгч тал буюу ЗХУ гэж байсан гүрний “өрнөдийнхний” эсрэг “харшлыг” өвлөж авсан чухал гүрэн болж байна.
Тэгвэл НАТО яагаад ОХУ-ыг чуулга уулзалтдаа урив гэдэг асуулт гарч ирэх биз. Мэдээж албаны олон тайлбарыг дурдаж болох авч бодит байдлыг түшсэн мэдээллүүдийг барьж ойлгохыг хичээсэн нь дээр байх. Асуудал уг нь бол маш энгийн. Магадгүй хэрэв энэ НАТО-ийн чуулга уулзалтаас өмнө францын Довилль хэмээх хотод НАТО-ийн зонхилогч орнууд болох Франц, Герман хоёр орны засаглалыг баригч нар ОХУ-ын ерөнхийлөгчтэй харилцан ойголцлын төвшинд уулзалдаагүй бол ийм урилгын асуудал гарахгүй ч байж болох байсан юм. Учир нь энэ гурван орон Европт аюулгүй байдлыг тогтоохын тулд хамран ажиллах бололцоо, боломжийнхоо талаар санал солилцсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүйтэн дайны үеэс хойш Европ тивийн аюулгүй байдалд Оросын бодит нөлөө маш их гэдгийг өрнөдийнхөн албан ёсоор нэлээд хүндэтгэж үзсэн бараг анхны илрэл энэ байсан байх.
Тэгвэл НАТО үндсэндээ Европын аюулгүй байдлын талаар гол санаа тавигч нь хэмээн хүлээн зөвшөөрөгдөх статусыг олж авахаар чармайж байгаа байгууллагын хувьд дээрхи уулзалтын дараа Оросыг их чуулга уулзалтдаа урих нь зайлшгүй болж ирсэн гэхэд болно. Тэгээд ч Европын улс төрийн амьдрал дахь хүчирхэг тоглогч нар болох энэ хоёр субьект сүүлийн хорин жилд энэ талбар дээр хэн нь ч хүссэнээ хийх чадвартай гэдгээ харуулж байсан түүхтэй гэдгийг нь бас мартаж болохгүй юм. 1999 онд НАТО өөрийн харьяаллын бүсэд огт хамаарахгүй Балканын орнуудын хямралд (Боснийн дайн) “гар дүрж” байсан бол 2008 онд Орос улс Гүржийн армийн эсрэг цохилт өгч байсан түүхтэй. Аль ч тохиолдолд нь эдгээр талууд харилцан бие биенийхээ цэргийн үйл ажиллагаанд саад болох санаачилга төдий л гаргаагүй байдаг.
Одоо байдал ямар болсон бэ гэвэл юуны өмнө НАТО-ийн гишүүн орнуудын зонхилох хэсэг нь Европын орнууд бөгөөд өмнө нь ч одоо ч тэр аюулгүй байдлынх нь гол асуудал Оросын цэрэг зэвсгийн хошуу хаашаа чиглэхээс хамаарсан хэвээр байгаа гэж тэд бодсон хэвээр. Тэгэхдээ үнэн хэрэгтээ Оросын пуужингууд Европт унах нь магадлал багатай гэдгийг тэд ойлгосны дээр асуудал нь террорист халдлага болон өмнө нь тусгаар орнуудын бүрэлдэхүүнд байсан шинэ тулгар хөгжиж ядан байгаа Гүрж, Киргизстан зэрэг орнуудын тогтворгүй байдлаас нэн түрүүн үүсэж болзошгүй гэсэн болгоомжлол төрөх болсноос Оросыг энэ асуудалд сайн түнш болно гэж найдаж байгаатай ч холбоотой биз.
Бас нэг зүйл нь үнэндээ Оросын пуужин нислээ гэхэд илүү том бөгөөд хол байг чиглэх сонирхолтой гэж европчууд цаанаа бол ойлгож байгаа нь лав. Тийм болохоор Орос энэ уулзалтад ирснээр нэг тивд амьдарч байгаа орнуудын хувьд нэгдсэн нэг дайсантай гэдгээ харилцан ойлголцож болж өгвөл хамтарсан үйл ажиллагааны нэгдэлд орохыг хүсэж байгаа нь лав.
Тийм ч учраас кибер аюулгүй байдлыг хүртэл авч хэлэлцсэн Лиссабоны дээд хэмжээний чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлын эхнийх нь тус байгууллагын ирээдүйн стратеги юу байх вэ гэдэгт хариу олох байлаа. Чуулга уулзалт эхлэхээс өмнө НАТО-ийн стратеги гэдэг нь үндсэндээ АНУ-ын стратеги байсаар ирлээ гэсэн шүүмжит дүгнэлт хийгдэж, улмаар цаашдаа ямар зорилтот чиглэл барих вэ гэсэн асуултад хариу авах байсан юм. Франц-Герман-Орос гурвын уулзалт гээд НАТО-г зөвхөн  Европын аюулгүй байдалд санаа тавиулах байгууллага болгох стратеги бүхий дорвитой эхлэл ч гарч эхэлсэн билээ.Тийм ч учраас тухайлбал Герман болон Франц улсууд НАТО-д газар нутгийн маргаантай улс орныг гишүүнээр элсүүлэхгүй гэсэн НАТО-ийн журмыг хатуу барьж байлаа.

Энэ утгаараа АНУ-ын “лобби”-дож байгаа Гүрж улсыг НАТО-д элсүүлэхийн эсрэг санал өгч байсан нь саяхан. Гэвч энэ байр суурь хэр удахыг хэлэхэд бас эрт байгаа аж. Учир нь уулзалтын эцсийн дүнд эдгээр орнууд бага зэрэг дарамт амсаж эхлэв бололтой байна.
Удаах асуудал нь Европын аюулгүй байдлыг сахин хамгаалах пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах тухай асуудал байв. Оросыг энэ системд хамруулах тухай ч яригдаж байсан боловч үнэн  хэрэгтээ энэ бол харин ч тухайлан Оросуудын цэргийн стратегийг хязгаарлах зүйл гэдгийг захын шинжээч хэлж өгч чадна. Дээр хэлсэнчлэн энэ систем Европыг чиглэсэн гэхээсээ АНУ-ын сонирхлын бүс рүү илгээж болзошгүй пуужинг агаарт устгах зорилготой гэж тооцоолж байгаа билээ. Бас Иран зэрэг цөмийн зэвсгийг эрчимтэй сонирхож байгаа орнуудаас ирэх довтолгооныг хаана гэж тусгажээ. Тиймээс энэ системд Оросыг нэгтгэвэл Ираны эмзэг сэдэв болох цөмийн хөтөлбөрийн эсрэг гайгүй хамгаалалт болно гэж санаж байгаа бололтой.
Харин гурав дахь гол асуудал нь магадгүй Монгол Улсад ч хамаатай болно. Энэ бол Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагааны ирээдүй юм. Тийм ч амжилттай бус урт хугацааны цэргийн оролцооны дараа АНУ болон түүний холбоотнууд тус улсаас цэргийн хүчээ бүрэн гаргаж улмаар тус орны асуудлыг өөрт нь үлдээх асуудал 2014 он гэхэд шийдэгдэх аж. Харин тэр хооронд АНУ болон НАТО-ийн цэргийн хуягт техникүүд зэрэг ачааны цувааг нэмэгдүүлэх тэгэхдээ эдгээрийг Оросын нутгаар дамжуулан гаргах асуудал хөндөгдсөн байна. Үүний цаана магадгүй нэгэнтээ Оросын ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр хэлсэн шиг Афганистаны хурцадмал байдлыг шийдэхэд тус улсын оролцоог нэмэх санаа зорилго ч хамт тээгдэж очиж болох юм.
Бас бидний анхаарлыг татсан нэг зүйлийг энд дурдахгүй өнгөрч болохгүй мэт. Энэ нь Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий  командлагч болон батлан хамгаалахын сайд нар НАТО-ийн чуулга уулзалтад оролцож байгаа явдал юм. Одоогоор өрнөдийнхний ерөнхий удирдлага доор энхийг сахиулах хүчний жагсаалд цэргүүд нь нэгдсэнийх нь хувьд энэ уулзалтад уригдсан бол үндсэндээ АНУ болон НАТО-ийн нөлөөллийн хүрээнд оролцож байгаа хэмээн харагдаж байгаа болов уу. Гэхдээ нөгөө талаараа дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэх Монголын батлан хамгаалах салбарын оролцоо цаашид тухайлан Афганистанд үргэлжлэх эсэхийг багцаалж байгаа бол магадгүй Оросын байр суурийг ч анзаарах зорилготой явсан байж болно. Харин хойд хөрш асуудал ингэж тавигдвал хэрхэн хандах бол гэдэг сонирхолтой юм. Ямар боловч энэ талаар албан тайлбар хийх үед тодорхой болж магадгүй юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж