Олоогүй орлогоос мөнгө тараах гэрээ байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Олоогүй орлогоос мөнгө тараах гэрээ байхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүл­гийн өчигдрийн үдээс өмнөх хуралдаан ширүүн уур амьсгал дунд болж, хэлэлцсэн асуудлаа дуусгаж чадалгүй завсарласан юм. Бүлгээр энэ үед Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн төслийг авч хэлэлцэж байсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн дуу чангарлаа.  Энэ талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс тодруулахад “Бүлгийн хуралдаанд гишүүд маргаж, мэтгэлцэх зүйл байдаг. Юун зодоон цохион бэ” гэсэн хариулт өгсөн бол УИХ-ын гишүүн З.Энхболд дараах тайлбар хийлээ.
-Танай бүлгийн хурал ширүүн уур амьсгалд боллоо.  Гар зөрүүлц­гээв үү гэж бодогдмоор?
-Гар зөрүүлээгүй. Дуугаа өндөрс­гөн маргасан. Маргаан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэн бүрт 21 мянган төгрөгийг олгох уу, үгүй юү гэдгээс үүдэлтэй юм. Хэрвээ ирэх онд иргэн бүрт 21 мянган төгрөг өгөх юм бол инфляци 20 хувьд хүр­нэ гэсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Жавхлангийн мэдэг­длийн талаар ярилцсан. Ардчилсан намын гишүүдийн хувьд ирэх жил мөнгөний ханш 20 хувиар унахыг мэдсээр байж,  олоогүй орлогыг тарааж өгөх нь буруу гэсэн эсрэг байр суурьтай байгаа.  
-Та энэ тухай саналаа өнгөрсөн долоо хоногт хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд хэлж байсан, хүлээж аваагүй хэрэг үү?  
-Үндэсний зөвлөлдөх хороо энэ асуудлыг тоогоогүй. Тийм  учраас бүлгийн хуралдаан дээр энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Хамтарсан Засгийн газрын гэрээнд олсон орлогоосоо мөнгө тараана гэж байгаа болохоос биш олоогүй орлогоос мөнгө тараана гэсэн үг байхгүй.
-Засгийн газраас нийт 805 тэрбум төгрөгийг иргэдэд бэлнээр тараана гэсэн. Үүний хэд нь бэлэн байгаа юм бэ?
-Нийт 805 тэрбум төгрөгийг тараах юм. Гэтэл 10 орчим тэрбум төгрөг л байна. Түүнийгээ тараая, бусдыг нь ваучер, карт маягаар тараая гэж ярьж байна. Аль болох Эрээн хот руу явуулчихгүй байдлаар тараах нь зүйтэй байна даа.        

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж