Япончууд Хятад, Оросын гарцыг хоёуланг нь сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Япончууд Хятад, Оросын гарцыг хоёуланг нь сонирхож байна

Монгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт Япон улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр зохион байгуулсан Монгол Японы бизнесийн чуулга уул­залт анхаарал татсан хам­гийн гол сэдэв байлаа гэвэл хилсдэхгүй. Анх Ерөн­хийлөгч Н.Энхбаяр санаачлан 2007 онд анхны чуулга уулзалтыг зохион байгуулснаас хойш анх удаа хамгийн олон бизнесмэнийг цуглуулж чадсан уулзалт болсон юм. Гадаадын хө­рөнгө оруулалтын газар, Японы гадаад худалдааг дэмжих Жетро /Japan Exsternal Trade Researsh Organization/ байгууллагаас хамтран зохион байгуулсан энэ удаагийн чуулга уулзалтад зөвхөн Монголын талаас 100 гаруй, Японы талаас 200 гаруй компанийн төлөөлөл оролцсон. Чуулга уулзалт үндсэндээ хөрөнгө оруулалт болоод банк санхүүгийн системийн шинэчлэл гэсэн хоёр үндсэн чиглэлээр явсан.
Чуулга уулзалтад оролц­сон Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Монголбанкны дэд тэргүүн Х.Золжаргал нар оролцож, Японы банкны удирдлагуудтай уулзалт хэлэл­цээрүүдийг хийсэн. Ярианы сэдэв мэдээж хэ­рэг хоёр орны банкны систем хооронд холбоо тогтоох, хамтарч ажиллах тухай байсан. Хоёр тал эх­ний ээлжинд банкуудын төл­бөр тооцооны системийг нэгдсэн системд оруулах, үүн дээр Японы талаас ноу хау, технологийн тусламж авахаар ярилцсан байна. Учир нь банкны систем дээр техникийн шийдлээ анх­наасаа буруу сонгох юм бол үүнийхээ үр дагаврыг урт удаан хугацаанд туулдаг гэд­гийг бидний өнгөрсөн 20 жилийн туршлага харуулсан. Тухайлбал, саяхан бол­тол манайд “Голомт” банк­ны харилцагч ХХБ-ны тооцооны машинаар үйлч­лүүлж чаддаггүй байсан. Харин сүүлийн үест Мон­гол­банкнаас арилжааны бан­куудад шаардлага тавьж, тоо­цооны машинуудыг нэг системд оруулснаар одоо­гоор Хадгаламжийн банк­наас бусад нь нэгдсэн нэг системд ороод байгаа гэ­сэн эерэг мэдээллийг Монголбанкны дэд тэргүүн өгч байлаа. Цаашлаад өнөөг хүртэл тус тусдаа явж ир­сэн нийгмийн даатгал, хө­рөнгийн бирж, банкуудын төлбөр тооцооны системийг нэгдсэн нэг системд оруулах ажлыг хийх бөгөөд үүн дээр Японы талаас ноу хау, техник технологийн туслалцаа ава­хаар чуулга уулзалтын үеэр Японы талтай харилцан тохиролцжээ.
Манайд банкны хоёр шатлалт систем бий болоод дөнгөж хориодхон жилийн нүүр үзэж байгаа. Харин Японд энэ шатлал 200-300 жилийн туршид оршин тогтносон тул хөгжлийн төв­шин ялгаатай байх нь то­дорхой. Ялангуяа сүүлийн хэдэн жилд Монголын банк­ны системд бий болсон за­рим нэг гажуудлаас болж хоёр орны банкуудын хооронд үл ойлголцох байдал үүсээд байсныг зал­руулахаар ярилцсан бай­на. Японы Марубени кор­парацитай байгуулсан зээлийн өр болоод Со­лонгосын Номаранг компа­ниас авсан зээл эргэн төлөг­дөөгүй зэрэг асуудлаас болж Монголын банкуудад итгэх итгэл багасаад байсныг засч залруулах, харилцан зөв мэдээлэлтэй болох талаар тэд ярилцсан аж. Тухайлбал, олон улсын жишигт төв банкуудын валютын нөөц 6 долоо хоног байдаг атал манайд өнөөдөр бүхэл бүтэн зургаан сарын нөөц бий болоод байгаа аж. Монголын эдийн засагт огцом өөрчлөлт гарч байгаа энэ үед олон улсын төвшинд зургадугаар категорид үнэлэгдэж байгаа Монголын банкуудын зэрэг­лэлийг ахиулах асуудал ч мөн яригдсан байна.
Харин хөрөнгө оруу­лал­тын асуудлаар мэ­дээж Монголын говьд ашиг­лагдаж эхлээд байгаа кокс­жих нүүрсний томоохон орд япончуудын сонирхлыг ихээр татаж байгаа. Одоогоор Тавантолгойн ор­дод хамгийн их хөрөн­гө оруулаад байгаа үндэс­ний компаниудын нэг “МСS” компанийн захирал Д.Оджаргал чуул­га уулзалтын үеэр Японы талтай тодорхой төв­шинд хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн гэдгээ Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ танилцуулсан. Япон­чууд ч уг ордод хөрөнгө оруулах сонирхлоо нэлээд эртнээс илэрхийлж, хам­тар­сан консерциумыг байгуулан тендерийн шалга­руулалтад оролцохоор бэлт­гэж байгаа. Мөн тус тусдаа саналаа илэрхийлж байгаа компаниуд ч бий гэсэн. Тэдний хувьд ан­хаарал татаж байгаа нэг асуудал нь тээвэрлэлт буюу төмөр замын дэд бүтэц. Тухайлбал, “Мобиком”-д хө­рөнгө оруулсан Японы “Сумимото” корпораци гэхэд коксжих нүүрсийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан авах сонирхолтой байгаа бол Мицуй Буссан компани Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан авах хүсэлтэй байгаа гэнэ. Мицуй Бус­сан компанийг ТЭЦ-4-т техникийн шинэчлэл хий­сэн, олон жилийн хам­тын ажиллагааны турш­лагатай гэдгээр нь монголчууд мэдэх болсон.
Япончуудын сонирхож буй бас нэг түүхий эд бол уран болоод газрын ховор элемент. Өмнөх жи­лүү­дэд япончууд газ­рын ховор елементийг Хя­тадаас импортолдог бай­сан ч өнгөрсөн жил тус улс экспортоо зогсоож, дэл­хийн зах зээл дээр да­хин нийлүүлэхгүй гэдгээ зар­ласнаас хойш Монголоос энэ төрлийн түүхий эдийг ава­хаар сонирхож байгаа юм байна. Харин харамсалтай нь манайд газрын ховор элементийг үнэлэх үнэлэмж одоо хэр нь гараагүй байгаа. Одоогоор зөвхөн алт, зэс, нүүрс гурав дээр дэлхийн зах зээл дээр борлуулах жишиг үнийг тогтоогоод бай­гаа юм байна.
Гэсэн хэдий ч энэ удаа­гийн айлчлалын үеэр хоёр тал нэг чухал зүйлийг тохи­ролцсон нь тус улстай эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулах явдал. Уг асуудлаар хоёр улсын Зас­гийн газрын төвшинд аж­лын хэсгүүдийг мөн бай­гуулсан. Түншлэлийн гэрээг ирэх оны эхний улиралд багтаан байгуулж чадвал хоёр улсын хооронд хийх гадаад худалдааны эргэлт эрс нэмэгдэнэ хэмээн тоо­цоолж, үүнд хамгийн их ач холбогдлыг өгч байгаа юм. Тухайлбал, уг асуудлаар тохиролцоонд хүрс­ний маргааш Малайз бо­лон гадаадын зарим орны хэвлэлд “Монгол, Японы хоо­ронд чөлөөт худалдааны хэлэцээр байгуулах гэж бай­на, уг асуудал 2011 оны эхээр шийдэгдэх юм байна” хэмээн мэдээлсэн байна.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж