Зэсэнд ногдуулах татварыг 15 хувь байхаар дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Зэсэнд ногдуулах татварыг 15 хувь байхаар дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Энэ талаарх мэдээллийг бүл­гийн дарга Д.Лүндээжанцан хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төсөлд эрдэс баялгийг алт, зэс, нүүрс гэж гурав хуваасан байна. Ха­рин үүнийг бүлгийн гишүүд алт, зэс, нүүрс гэдгээр биш, хүдэр, зэсийн баяж­малаар ангилах шаардлагатай гэжээ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэнэтийн ашгийн татвар хүчингүй болох тул “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд татварын дарамт багасч, тэр хэрээр энэхүү татвар өөрсдөд нь орлого болж үлдэнэ. Гэвч төсвийн орлогод нөлөөлөх болж буй. Тиймээс төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор зэсэнд ногдуулах Өсөн нэмэгдэх рояльтын татварыг 15 хувь байхаар тогтоох боломжтой. Ингэснээр 207 тэрбум төгрөг төсөвт орж ирэх боломж гарна гэж бүлэг үзжээ. Мөн бүлгийн гишүүд Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг яаралтай хэлэлцэх шаард­лагатай хэмээн үзэж, энэ асуудлыг Засгийн газар 14 хоногийн дотор баг­таан, УИХ-д оруулж ирэх даал­гавар өгчээ. Дээрх даалгавартай холбоо­тойгоор хяналт тавих ажлын хэсгийг ч томилсон байна.
Эдгээр асуудалтай холбогдуулж, бүлгийн даргаас дараах асуултад хариулт авлаа.

-Нэгдсэн төсвийг хугацаанаас нь өмнө батлах шаардлагатай байдаг. Ийм үед Эрдэс баялагийн талаар баримтлах бодлогыг чуул­ганаар хэлэлцэх нь цаг хугацаанд шахагдсан асуудал болох юм биш үү?
-Эрдэс баялгийн талаар баримт­лах зарчмын бодлого гарч байж, юуг нь татвараар дэмжих, юуных нь татварыг нэмэгдүүлэх, орлогыг яаж олох юм гэдэг олон асуудал тодорхой болно. Энэ агуулгаар бү­лэг асуудлыг харж байна. Мөн энэ­хүү бодлогын баримт бичигтэй хол­боотойгоор Оюутолгойн хөрөнгө оруулал­тын гэрээнд заасан заалтууд ч хөндөгд­сөн. Тухайлбал, Оюутолгойн ор­дын эзэмшлийн 34 хувиа манай тал хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувьд хүргэх ёстой. Энэ заал­тын дагуу ямар зүйлүүдийг хийвэл гэрээнд заасан хугацаанаас урьтаж 50 хувьд хүргэх бололцоо байна вэ гэдгийг судлах ажлын хэсэг байгуулж, саналаа  бүлэгт оруулж ирэх даалгаврыг мөн өглөө.
-Зэсэнд 15 хувийн Өсөн нэмэгдэх рояльтын татвар ногдуулна гэхээр Гэнэтийн ашгийн татвараас хэр бага тусах вэ?
-Дэлхийн жишгийг харахад ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ экс­портын татвар дээр өндөр татвар ногдуулдаг. Манайх өөрийн орны онцлогийг харгалзан зэсэн дээр л энэ татварыг тавьж байна. Зэсэнд 68 хувийн татвар ногдуулдаг бай­хад “Эрдэнэт” үйлдвэр маш их хэмжээ­ний татварыг улсад төлж байсан. Түүнээс бол хэд дахин бага тусна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрт 300 гаруй тэрбум төгрөг үлдэхээр байгаа л даа.
-Оюутолгойн орд бол 40 мянган тонн зэстэй. Тус ордод Өсөн нэмэг­дэх рояльтын татвар үйлчлэх үү?   
-Бүтээгдэхүүнээ гаргаад ирэхэд ярих л асуудал.
-Нэгдсэн төсвийн төсөлтэй хамт өргөн баригдсан Онцгой албан татварыг танай бүлэг буцаасан бай­на лээ. Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа бол, санал солилцсон уу?
-Ардчилсан намын бүлгийн шийд­вэрийг бид мэдээгүй байна. Сууд­лын авто машины татварыг бу­цаая, Засгийн газар татаж авах ёстой гэдэг саналыг Засгийн газарт тавь­сан. Засгийн газар яаралтай хуралдаж, энэ асуудлыг шийдвэрлэх байх. Харин хүнд даацын 20 тоннын ачааны авто машины татварыг авч хэлэлцэх нь бол зөв гэж үзсэн.
 -Тэмдэгтийн хураамжийн тө­сөлд бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Тэмдэгтийн хураамжийн хувьд маш их өөрчлөлт орж байгаа. Хуу­лийг бол батална. Гэхдээ жирийн иргэд, жижигхэн ТҮЦ, жижиг аж ахуй эрхэлдэг хэсэгт ирэх дарамтыг багасгасан байдлаар төслийг батлах ёстой гэж бүлэг үзсэн. Засгийн газ­раас оруулж ирсэн төслөөр 19 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэр байгаа. Иргэдэд очих дарамтыг багасгахаар орлогын эх үүсвэр багасч таараа. Түүнийг нь тооцох даалгаврыг аж­лын хэсгийнхэнд өгсөн. Гол нь жирийн иргэдэд тусах хураамжийн хэмжээг маш бага, 200-500 төгрөг байхаар зохицуулах явдал юм. Одоо бол Тэмдэгтийн хураамжийн тухай хууль байхгүй,  байгууллага бүр өөрсдийн дураар хураамж тогтоодог. Тиймээс нэг журманд орох нь зөв гэдэг утгаар бүлгийн гишүүд төслийг дэмжсэн.
-Нэгдсэн төсвийг ирэх сарын 1-нээс өмнө УИХ баталж чадах уу?
-Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг хугацаанд нь батлахаар УИХ графикийн дагуу ажиллаж байна. Маргааш /өнөөдөр/ чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулна, дараа нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдана, Төсвийн байнгын хороо хуралдана, лхагва, пүрэв гаригт нэгдсэн төсвийг батлахын төлөө ажиллана.
-Одонтой эхчүүдийн мөнгөн тэт­гэм­жийг нэмэгдүүлэх тухай асууд­лыг авч хэлэлцсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
-Төсөвтэй холбоотойгоор одон­той эхчүүдийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг бүлэг орууллаа. Өөрөөр хэлбэл, 200 мянган төгрөгийг 400 мянган төгрөгт хүргэх тухай юм. Төсөвт эх үүсвэрийг хэрхэн тусгах вэ гэдэг асуудлыг ярилаа. Мөн бид  ажилгүйдлийг арилгах талаар мэдээлэл сонслоо. Ирэх жилийн тухайд  ажлын байр нэмэгдүүлэхэд зориулж 178 тэрбум төгрөг төсөвт болон бусад эх үүсвэрээр сууж байгааг задалж ярилаа. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 21 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр 31 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын хүрээнд 510 тэрбум төгрөг төсөвт сууж байна. Хөрөнгө оруулалтын хүрээнд 10 хувьд нь ажлын байр бий болдог гэдэг олон жилийн дунджыг үндэслээд 53 тэрбум төгрөг, Япон улстай сая байгуулсан гэрээний дагуу жижиг, дунд үйлдвэрийн хоёр дахь зээл 73 тэрбум төгрөг,  хөдөө аж ахуй болон бусад салбарын сангуудад байрших ажлын байр бий болгох хөрөнгийн хувьд авч үзэхээр  нийтдээ 178 тэрбум төгрөгийн санхүүжилт ирэх жил тусах нь. Хэрвээ нэг ажлын байрыг нэг сая төгрөг гэж үзвэл 178 мянган хүн ажлын байртай болж, ажилгүйдэл багасах тоо гарсан. Бодит амьдрал дээр үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг олон талаас нь  ярилцлаа. Статистик бол нэг сая төгрөг нэг ажлын байр гэж үздэг, гэтэл амьдрал дээрээ үр дүн нь ямар байна вэ. Үүнийг  зөв менежмэнт,  зөв удирдлага, зөв  зохион байгуулалт, гэж үзсэн. Банкуудаар зээлийг хэрхэн дамжуулах, сангаар яаж дамжуулах вэ гэдэг асуудал хөндөгдлөө. Мөн энэ асуудлыг Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж хөнгөн үйлдвэрийн яамд хариуцдаг. Энэ бүх асуудлыг зохицуулж, тухайн аймагт хэдэн ажлын байр бий болов гэдгээр авч үзэх нь чухал гэж үзсэн.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж