Гаднаас нь түгжээд шатаажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Гаднаас нь түгжээд шатаажээ

Есөн хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Уг хэрэгт одоогоор Гансүх гэх эрэгтэйг сэжигтнээр татан шалгаж буй. Тэрбээр гэрийн эзэгтэй Баярмаагийн салсан нөхөр нь бололтой. Манай сонины сурвалжлах хэсэг  хэрэг гарсан дүүргийг зорnлоо.
14.30  цагт  Биднийг хэргийн газарт очиход  Сонгинохайрхан дүүргийн  VI хороо   Тоосгоны үйлдвэрийн ойролцоо жалганаас буйдхан зайд таван ханатай гэрийн шатаж харласан буйр харагдав. Гэрийн буйрыг тойрч жаахан хүүхдийн хавар, намрын тал шатсан гутал, тоглоомон гар утас, саяхан зурсан бололтой хүүхдийн зурсан зурагны шатсан хэсэг гээд эд юмс энд тэндгүй хөглөрнө. Хэдхэн хоногийн өмнө энд хүүхдийн дуу хуур цалгисан цагаан гэр бөмбийж байсан бол одоо шатаж харласан буйр үлджээ. Биднийг очих үед цагаан өнгийн автомашинтай хэдэн залуус түүгээр эргэлдэж, ойр хавиар явсан  хүмүүсээс үг унагаах гэж буй бололтой харагдав. Бидний таамгаар тэд тагнуул, цагдаагийн ажилтнууд бололтой. Шатсан айлын ойролцоо хаяа дэрлэн гурван гэр байх ч эзэнгүй байв. Юутай ч өмнөх мэдээллийг эргэн сөхвөл тус дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны  гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлага Шуурхай удирдлагын төвд энэ сарын 20-ны өдөр 18.24 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26-р ангийнхан очиход иргэн Б-ийн таван ханатай гэр шатаж дууссан байсан аж. Уг гал түймрийн улмаас нас, хүйс нь мэдэгдэхгүй дөрвөн том хүн, таван хүүхэд амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байсан юм. Тиймээс гал сөнөөгчид цагдаагийн байгууллагад мэдээлэл өгчээ. Уг мэдээллийн дагуу ЭЦГ, УМБГ, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт очиж  анхны үзлэг хийж, цогцсуудыг шүүх эмнэлэгт хүргэжээ. Одоогоор ямар шалтгаанаар гал гарч энэ олон хүн амиа алдав гэдгийг тодорхой хэлэх боломжгүй талаар албаны эх сурвалжууд мэдээлж байгаа. Зарим сонин хэвлэлээр гэрийн эзэн Баярмаа гэдэг эмэгтэй, нөхөр хоёр хүүхэд, нэг хэвтрийн хөгшний хамт амьдардаг бөгөөд галын улмаас бүгд амь үрэгдсэн гэх мэдээлэл гарсан. Мөн цогцсуудад хийсэн эмчийн анхны үзлэгээр гэрт шатаж нас барсан найман хүнийг хоёроос дээш удаа хутгалсан байжээ гэсэн мэдээлэл ч гарсан билээ.
Хэргийн газарт очиход байдал арай өөр, зарим эх сурвалжийн мэдээллээр гэрийн эзэгтэй гал гарах үед гэртээ байгаагүй бололтой. Уг хэргийн талаар зургадугаар хорооны оршин суугч Н гэдэг эмэгтэйгээс дараахи мэдээллийг авлаа.

-Галд өртөж амь насаа алдсан гэр бүлийнхнийг та таньдаг байсан уу?
– Баярмаа эгчийнх энд нүүж ирээд нэг жил болж байгаа. Манай аав хаяа орж усны тэргийг нь авдаг байсан юм. Өнөөдөр сонин хэвлэлээр Баярмаа эгчийг хүүхэдтэйгээ шатаж үхсэн гэж аймаар бичсэн байна лээ. Өчигдөр /уржигдар/ Баярмаа эгч ирээд баахан уйлж байгаад явсан гэсэн. Нөхөр нь нэг хүүхэдтэйгээ галд өртөж амиа алдсан юм гэнэ лээ. Гал гардаг өдрөөс хэд хоногийн өмнө Баярмаа эгч Дэнжийн мянга руу явсан  гэсэн шүү. Нөхөртэйгээ маргалдаад яваад өгсөн юм билээ.
-Яг гал гарах үеэр өөрөө байсан уу. Гэрт нь ямар хүмүүс амьдардаг байсан бэ?
-Гал гарах үеэр би байгаагүй. Уг нь Баярмаа эгч нөхрийнхөө 14 настай  хүү, өөрийн хоёр настай хүүгийн хамт амьдардаг байсан юм. Саяхан  гуч гаруй насны нэг эмэгтэй                                 12 настай хүүтэйгээ тэднийд нүүж ирсэн гэсэн.
-Тухайн  осол гардаг өдөр хэвтрийн нэг хөгшин галд өртөж нас барсан юм биш үү?
-Үгүй тэр эмээ аль эрт хөдөө явсан шүү дээ. Сүүлийн хэдэн сар харагдахгүй байсан.
-Эхнэр, нөхөр хоёр их маргалддаг байсан уу. Тэднийд ямар хүмүүс орж гардаг байсан бол?
-Мэдэхгүй, маргалдахыг нь сонсоогүй юм байна. Харин хүмүүс их цугларч архи уудаг байсан. Өнгөрсөн зун их архиддаг байсан. Харин одоо хүн ирэх нь цөөрсөн.
-Хаанахын, юу хийдэг хүмүүс байх вэ?
-Найзууд нь гэсэн. Дэнжийн мянгад амьдардаг хүмүүс л ирдэг юм гэсэн. Ихэнх нь барилгын туслах ажил хийдэг. Эрэгтэйчүүд нь 30 гаруй насныхан ирнэ. Харин эмэгтэйчүүд цөөн ирдэг байсан даа.
Эх сурвалжийн мэдээллээр гал гардаг өдөр буюу энэ сарын 20-ны өдөр Баярмаагийнд хэд хэдэн эрэгтэй гаднаас ирж, нэлээд хэрүүл шуугиан үүсч, эмэгтэй хүний орилох дуу гарч байсан гэнэ. Харин гал гарсан даруй зэргэлдээ айлынх нь эмэгтэй дуудлага өгсөн бөгөөд Тоосгоны үйлдвэрийн ажилтнууд гэрийн амбаарын хаалгыг онгойлгох гээд дийлээгүй байна. Учир нь гаднаас нь түгжсэн байсан бололтой. Гал дүрэлзэх үеэр хүүхдүүдийн орилох дуу чанга сонсогдож байжээ. Бид тус дүүргийн хорооны хэсэг рүү очиж Баярмаагийн талаар тодрууллаа. Биднийг очиход Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга эзэнгүй байсан тул  тус хорооны иргэний бүртгэлийн ажилтан Д.Гэрэлт-Одоос тодруулга авлаа
-Танай хорооны Тоосгоны задгайд амьдардаг Баярмаагийнх амь бүл хэдүүл вэ?
-Түр оршин суугчид байсан юм билээ. Манай хороонд хамаагүй шүү дээ.
-Яагаад хамаагүй болчихдог билээ?
-Сая Хүн амын тооллогоор Баярмаагийнд  зургаан хүн тоолуулсан гэсэн. Хаана ямар айл нүүж ирж, хэний хашаанд түр амьдарч байгааг бид яаж мэдэх билээ дээ. Саяхан нүүж ирсэн юм байлгүй.
 Хэдийгээр ажил хийдэггүй архи уудаг ч гэсэн  нэгэн гэр бүл, тэр дундаа гэм зэмгүй таван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан байхад хорооны ажилтан бүсгүй тоосон шинжгүй “Бидэнд огт хамаагүй” гэх маягтай сууж байсан нь сэтгэл эмзэглүүлснийг энд дурдахгүй өнгөрч болсонгүй. Хэдийгээр гэмт этгээдийг саатуулсан гэх ч хэргийг өмнө нь дээрх гэр бүлийнхэнд өширхсөн этгээдүүд бүлэглэн үйлдсэн байхыг ч зарим эх сурвалж үгүйсгэхгүй байгаа юм. Хэргийг ЭЦГ-т үргэлжүүлэн шалгаж буй бөгөөд талийгаачдын задлан шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж