Ирландад 80-90 тэрбум еврогийн зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Ирландад 80-90 тэрбум еврогийн зээл олгоно

Еврозонд тулгараад буй өрийн хямрал хагас жилийн дотор хоёр ч улсыг зээл авахаас өөр аргагүй байдалд оруулсан байна. Европын орнуудын Сангийн сайд нар ням гаригт хуралдаж, Ирланд улсын санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэд зөвшөөрсөн хариулт өгчээ. Одоогоор хэдий хэмжээний зээл авах нь тодорхойгүй байгаа ч ойролцоогоор 80-90 тэрбум евро байж болзошгүй гэж эдийн засагчид тооцоолж байна. Үүнд Еврозоны орнуудаас гадна Их Британи, Швед улсууд нэгдэж байгаа аж. Гэхдээ арваннэгдүгээр сарын сүүл гэхэд зээлийн нөхцөлийг тодорхой болгосны дараа л хэлэлцээр дуусгавар болох юм.
Ирландын хамгийн гол асуудал нь банкны салбарт байгаа юм. Харин үүнээс болж Еврозоны 16 оронд энэ хямрал нь нөлөөлж болзошгүй байсан тул санхүүгийн туслалцаа олгох шаардлагатай гэж үзсэн байна.
Ирландын Ерөнхий сайд Брайн Ковен Дублин хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Европын эрх баригчид бидний хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн. Албан ёсны хэлэлцээр удалгүй болох юм. Энэ хөтөлбөрийн агуулга болон нөхцөлийг манай Засгийн газар Европын коммисс болон Олон улсын валютын сантай хамтран Европын төв банкаар дамжуулан хийх юм. Санхүүжилт ойрын хэдэн долоо хоногийн дотор шийдэгдэнэ гэж би бодож байна” гэж хэлсэн байна.
Санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу улсын төсөвт таналт хийж, татварыг нэмэгдүүлэх аж. Засгийн газраас одоо төсвийн алдагдлаа багасгах дөрвөн жилийн хөтөлбөр боловсруулж байгаа юм.
“Ирландын банкуудын үйл ажиллагаа мэдэгдэхүйц багасна. Ингэснээр эдгээр банкууд өөрсдийн хөл дээрээ дахин зогсох боломжтой болох юм”  гэж ноён Ковен хэлжээ.
Ням гаригт тус улсын Сангийн сайд Брайн Ленихан мөн мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр Ирландын банкны салбарт асар их хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа гээд төсөвт дэмжлэг хэрэгтэй гэсэн байна.
Түүнчлэн Грек улсын 2009 оны төсвийн алдагдал тооцоолж байснаас муу гарч, Евро бүсдээ хамгийн муу үзүүлэлттэй улс болсныг хамгийн сүүлийн статистик баримт харуулжээ. Өнгөрсөн жилийн төсвийн алдагдал эдийн засгийн 15,4 хувьтай тэнцэж байгааг Евростат мэдэгдсэн нь эдийн засагчдын тооцоолж байсан 13,6 хувиас хамаагүй их байгаа юм.     Төсвийн шинэчлэл хийсний дараа Грекийн Засгийн газрын зүгээс 2010 оны төсвийн алдагдал 9,4 хувь байна гэж хэлж байгаа. Тус улс төсвийн алдагдлыг бууруулах цуврал арга хэмжээ авч байгаа ч үйлдвэрчний эвлэлүүдээс үүнийг эсэргүүцсэн жагсаалууд зохион байгуулсан билээ.
Грекийн эрх баригчидтай Европын холбоо болон Олон улсын валютын сангийн удирд-лагууд даваа гаригт уулзалт хийж, дахин санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх талаар ярилцсан байна. Засгийн газрын зүгээс эдгээр байгууллагуудаас тавдугаар сард авахаар болсон 110 тэрбум еврогийн тусламжийн гурав дахь хэсгийг авахаар оролдож байгаа юм. Сангийн сайд Жорж Папанрью амралтын өдрүүдэд өр барагдуулах хугацааг сунгахыг хүсэхэд хүрч болзошгүй байгаа талаар мэдэгдсэн билээ.
Грек улсад олгосон 110 тэрбум еврогийн санхүүжилт нь Еврозон байгуулагдсанаас хойш яаралтай тусламж үзүүлсэн анхны тохиолдол байсан юм.
Одоогийн байдлаар Ирланд улс 45 тэрбум еврогийн зээлийг маш хайхрамжгүй байдлаар олгосон банкны системийг бараг л төрийн мэдэлд аваад байгаа юм. Ирланд улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2008 оноос хойш маш муу байдалтай байгаа. Байрны үнэ 50-60 хувиар унаад байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас хариуцлагагүй байдлаар 40-50 тэрбум еврогийн зээл олгосон банкны системийг бараг л төрийн мэдэлд аваад байгаа юм. Тус улс 2014 он гэхэд төсвийн алдагдлыг гурван хувь хүртэл бууруулна гэж Европын холбоонд амласан билээ. Одоогоор алдагдал ДНБ-ий 32 хувьтай тэнцэж байгаа юм.
Европын удирдлагуудын хэлс­нээр Грек, Ирланд хоёрын асуудал хоорондоо эрс ялгаатай аж. Грекийн хувьд санхүүгийн буруу бодлого, найдваргүй статистик мэдээлэл болон олон нийтийн салбар дахь авилгаас болж ийм асуудалтай байгаа бол Ирланд улсын банкны системийн буруутай үйл ажиллагаа хямралын шалтгаан болсон юм.
Ямартай ч Ирланд улс Европын холбооноос санхүүжилт авах бол­сонтой холбогдуулан хөрөнгийн биржүүд дээрх хувьцааны үнэ өсч, еврогийн ханш чангарлаа. Евро одоо 1.376 ам.доллартай тэнцэж байгаа бол Японы “Nikkei” биржийн индекс 0.9 хувиар өсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж